Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0877

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П****ийн Э***, /РД:******/ 

Нэхэмжлэгч: С***-ийн М****, /РД:*****/

Нэхэмжлэгч: Х*****-ийн Ма*****, /РД:*****/

Нэхэмжлэгч: Э****ын А*****, /РД:*****/

Нэхэмжлэгч: Ч****ын Т*****, /РД:*****/

Нэхэмжлэгч: Г*****-ийн Э******, /РД:Н***/                                                 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М****, Э.А*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*****, Д.Э****, Б.Н*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Анх иргэн П.Э****, С.М****, Х.М****, Э.А*****, Ч.Т*****, Г.Э**** нараас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “№13, №20, №25, №30, №31, №32, №45 тоот мэдэгдэх хуудаснуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж,

Хамгийн сүүлийн байдлаар буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины 7 ширхэг тоосгон гараашийг буулгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, учирсан нийт хохирол 95.629.000 (ерэн таван сая зургаан зуун хорин есөн мянга) төгрөгийг гаргуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжаар “Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар батлав...” гэжээ.

Уг албан бичгийг дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/315 дугаар захирамж болон А/316 дугаар захирамж тус тус гарч Топаз төвийн урд байрлалттай 20 ширхэг гарааш, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 234 дүгээр цэцэрлэгийн урд талд байрлалтай 25 ширхэг гараашийг албадан буулгах захирамж гарсан байна. Ингээд дээрх захирамжийн биелэлтийг хангаж Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гарааш эзэмшигч нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны  “№13, №20, №25, №30, №31, №32, №45 тоот мэдэгдэх хуудаснуудыг эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... П.Э**** би 2005 онд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гараашны зориулалттай 18 м.кв газрыг нэгж талбарын 18643312694674, 3х6 хэмжээтэй гараашны хамт иргэн н.Ц****-оос худалдан авсан. Хот төлөвлөлт эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 442 дугаар албан бичгээр миний өмчлөлийн гараашинд 33/2 гэсэн дугаарыг олгосон ба 32 гэж дугаарлагддаг. н.Ц**** нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн барилгын байршил тогтоох, газар ашиглах, эзэмших эрх олгох тухай 23 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмших, ашиглах эрхтэй болсон байдаг.

С.М**** би дээрх байршилд 13, 25 тоот гараашийг өмчилж, газар эзэмшдэг ба гараашийг 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн А.С*****аас 1.200.000 төгрөгөөр 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр И.Алтансүхээс 5.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1. “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасны дагуу эзэмших, мөн хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу П.Э****, С.М**** бид хоёр газар, гараашны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нар юм.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын гарын үсэгтэй 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 44 мэдэгдэх хуудаст “...Газрын тухай хуулийн 27.1, 27.4 дэх хэсгийг зөрчсөн тул 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор газрыг чөлөөлөх эс тохиолдолд мөн хуулийн 57.4 дэх хэсэгт зааснаар газрыг албадан чөлөөлнө” гэж  гараашны үүдэнд наасан байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан байдаг. Гэтэл эрх бүхий этгээдийн шийдвэр зөвшөөрөлгүйгээр иргэнийг Газрын тухай хуулийн 27.1, 27.4-д заасныг зөрчсөн гэдгийг шүүх тогтоогоогүй буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр иргэний хувийн өмчид халдаж, нураах шийдвэр гаргаж үүнийгээ мэдэгдэх хуудсаар мэдээлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж, иргэний өмч хөрөнгийг эвдэн сүйтгэж өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгээд байгаа тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1. “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. “Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”.

Х.М**** би 20 гараашийг газрын хамт “С****” ХХК-аас шилжүүлэн авсныг тус компанийн 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21/02 дугаар албан бичиг тодорхойлно. Би 2016-2020 оны газрын төлбөр 587.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд төлсөн.

Э.А***** би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 33 дугаар байр 10 тоот орон сууцыг 45 гарааш газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн авсан.

Ч.Т***** би 30 дугаар гараашийг бусдаас худалдаж авсан ба энэ тухай гэрээ нь байдаг. Одоогоор гаргаж өгөх боломжгүй байгаа ч шүүхийн шатанд нэмэлт баримтуудаар гаргаж өгнө.

Г.Э**** би 31 гараашийг 2007 онд бусдаас газрын хамт худалдан авч байсан. Үүнтэй холбоотой гэрээ бичиг баримтууд байгаа боловч одоогоор гаргаж өгөх боломжгүй байна. Шүүхийн шатанд баримтуудыг гаргаж өгнө.

Иймээс иргэд бид өөрсдийн хувийн өмчийг төрийн байгууллагын хууль бус халдлагаас хамгаалах, газрын эрхийг хууль бусаар цуцлахаас хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд  “№13, №20, №25, №30, №31, №32, №45 тоот мэдэгдэх хуудаснуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Э****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед гараашнуудын хаалган дээр мэдэгдэх хуудас наасан байсан. Тухайн мэдэгдэх хуудсыг хүн болгонд өгч, доод хэсгийг ураад, урсан хэсэгт гарын үсэг зуруулан авах ёстой байдаг. Гэтэл гараашнуудын хаалга дээр наагаад орхисон байсан. Бид үүнийг хууль бус гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/383 дугаар захирамжийн дагуу газар чөлөөлсөн гэдэг хариулт өгсөн. Бид энэ асуудлаар очиж уулзахад тухайн захирамжийн хавсралтад манай гараашнууд ороогүй байсан. Энэ талаар хэлэхэд бид хугацааг нь хойшлуулна гэсэн. Энэ хооронд бид анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс захиргааны хэрэг үүсгэсэн. Гэтэл захиргааны байгууллага энэ талаар харгалзаж үзээгүй. Тухайн үед гараашнуудыг буулгах тухай ямар нэг захирамж гараагүй байсан. Захирамжийг сүүлд гараашнуудыг буулгах өдрийн өмнөх орой гаргасан. Тиймээс үүнийг хууль ёсны бус гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байсан хэр нь гараашнуудыг шууд буулгасан. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/315, А/316 дугаар захирамжуудаар гараашнуудыг буулгах шийдвэр гараад 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр буулгасан байдаг.

Хоёрдугаарт, тухайн гараашнуудыг зөвшөөрөлгүй барьсан гэдэг. Гэтэл уг гараашнуудын газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Барилгын байршил тогтоох, газар эзэмших эрх олгох тухай” гэсэн захирамжаар олгосон байдаг. Энэ захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн захирамж одоог хүртэл гараагүй байна. Уг захирамж хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тиймээс зөвшөөрөлгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн Газрын албанаас эзэмшүүлсэн кадастрын зургийг хэрэгт хавсаргасан. Тухайн гараашнуудыг барилгын номер дугааруудыг албан ёсоор авсан. Үүгээр хүчин төгөлдөр гэдэг нь харагдаж байна.

Гуравдугаарт, дээрх нотлох баримтууд байсан байхад хууль бусаар нураасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр мэдүүлсэн. Одоогийн тухай зах зээлийн үнэлгээгээр 95 сая төгрөг гэж үнэлээд нэхэмжлэл гаргасан” гэв.

6. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Э****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гараашнууд нь Хот төлөвлөлтийн дагуу тухайн үеийн дарга нарын шийдвэрийн дагуу баригдсан. Гэхдээ гарааш эзэмших гэрчилгээ нь өгөгдөөгүй байдаг. Үүнийг гараашнуудыг буулгах үндэслэл гэдэг тайлбар хэлсэн. Энэ тайлбар дээр Газрын тухай хуулийн 27.4-т заасныг зөрчин улсын мэдлийн газар дээр гарааш барьсан гэж үзээд мэдэгдэх хуудас гаргасан Төр, Захиргааны байгууллагуудын шийдвэр хоорондоо уялдаагүй байна. Нэг байгууллагын шийдвэр бичгээр гараад ард иргэд итгээд худалдаж авсан. Газар нь улсынх учир бүрэн эзэмших гэрчилгээг олгодоггүй гэсэн тайлбарыг тухайн үедээ тавьж байсан. Бүх гараашнууд энэ зарчмаар олгогдож байгаа гэж бид итгэсэн. Явцын дунд гэрчилгээгүй гэдэг ганцхан шалтгаанаар нураана гэж мэдээгүй. Бидний эд хөрөнгө тухайн гараашийг барьсан газар биш. Энэ нь улсын газар гэдгийг бид хүлээж зөвшөөрч байгаа. Одоо тухайн газар зогсоол болсон буруу гэж хэлэхгүй. Гэхдээ бидний гомдолтой байгаа зүйл нь бид эд хөрөнгөөрөө хохироод байна. Энэ нь бидний дур мэдэн барьсан гарааш биш юм. Ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан, Газар зохион байгуулагч, Нийслэлийн хот төлөвлөлт зэрэг байгууллагуудын харилцан, уялдаа холбоо байхгүйгээс үүссэн асуудал бидэнд хохирол бий болгож байна. Үндсэн хуульд иргэний эрхийг хамгаалсан. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хөндөж болно гэснийг зөрчиж байна. Өмч хөрөнгийг сүйтгэж өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан байдаг. 3 дахь хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан байна. Эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр Газрын тухай хуулийн 27.1, 27.4-т заасныг үндэслээд хүчин төгөлдөр бус мэдэгдэх хуудас наасан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргана гэхэд тэр хамаагүй гэж байсан. Ямар ч хугацаа өгөлгүй 5 хоногийн дотор нураасан. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүсгэсэн гэдгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хэлсэн. Бид энэ шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж ойлгосон. Дотор байсан машины эд ангиудыг авах боломжгүй байдлаар хаалга, үүдийг эвдэж, түрэмгий байдлаар нураасан байсан. Энэ байдалд бид маш их гомдолтой байгаа. Газрын эрхтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй гэж үзэж байгаа. Гэхдээ газраас салгаж болохгүй тул газрын эрхээр маргаж байгаа гэж хэлж болно. Гараашнуудыг нураасантай холбогдуулан Үндсэн хуулийн 16.14-т заасан бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэсэн өмчийн эрхийнхээ төлөө маргаж байна. Үүнийхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

7. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/315, А/316 дугаар захирамжийн хүрээнд тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Топаз төвийн урд байрлалтай газар эзэмших зөвшөөрөлгүй 20 ширхэг тоосгон гарааш, 234 дүгээр цэцэрлэгийн урд байрлалтай газар эзэмших зөвшөөрөлгүй 25 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газар чөлөөлсөн. П.Э****, С.М****, Х.М****, Э.А*****, Ч.Т*****, Г.Э**** нарын иргэд нь гараашны зориулалтаар эзэмших эрхгүй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байсан бол Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ханган ажилласан болно. Иймд дээрх иргэдийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. П.Э****, С.М****, Х.М****, Э.А*****, Ч.Т*****, Г.Э**** нарын 6 иргэнээс гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжаар “...Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралт ёсоор баталж” шийдвэрлэсэн.

3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/315 дугаар захирамжаар “...дүүргийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч Газрын тухай хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй байгаа тул тус дүүргийн 10 дугаар хороо, Топаз төвийн урьд талд байрлалтай 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчлийг арилган, газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд зохион байгуулахыг холбогдох албан тушаалтанд даалгаж” шийдвэрлэсэн.

4. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/316 дугаар захирамжаар “... дүүргийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч Газрын тухай хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй байгаа тул тус дүүргийн 10 дугаар хороо, 234 цэцэрлэгийн урд талд байрлалтай 25 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчлийг арилган, газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд зохион байгуулахыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд даалгаж” шийдвэрлэсэн.

5. Эдгээр шийдвэрүүдийн хүрээнд нэр бүхий нэхэмжлэгч нарыг гараашны зориулалтаар газар эзэмших эрхгүйгээр тухайн газрыг эзэмшиж байсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4. “энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна”, 57 дугаар зүйлийн 57.3. “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4. “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг нааж, хүргүүлж, улмаар нийт 7 гараашийг албадан буулгасан хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын газрын үйлдэл хууль зөрчөөгүй байна.

6. Учир нь шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн дагуу нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй эсэх, эсхүл тухайн маргаан бүхий газар дээр буй үл хөдлөх хөрөнгүүд эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх талаар баримтуудыг шаардахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр “...иргэн Д.Э***** /*****, С.М**** /******/, Х.М**** /*****/, Э.А***** /*****/, Ч.Т***** /*****/, А.Ц**** /****/ нарын өмчлөлд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 69 дүгээр цэцэрлэгийн урд талд /Их тойруу 33/2/ байрлах хаягаар гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдэж байгаагүй” гэж ирүүлсэн нь газар эзэмших, өмчлөх эрхтэй болохоо нотолж байж буюу газар эзэмших, өмчлөх эрхийн дагуу түүний дээр байрлах эд хөрөнгийн эрх үүсэх, улмаар бүртгэлээр баталгаажих үйл баримт нэхэмжлэгч нарын хэн алинд нь байхгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

7. Нэхэмжлэгч Э.А*****ын зүгээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7 хороолол 33 байр 10 тоот хаягтай 11 м.кв 2 өрөө орон сууц нь Монгол Улсын иргэн Б*** овогтой Э****ын А**** /РД:*****/, Б**** овогтой Э*****ын М**** /РД:****/ нарын хоёр иргэний өмч гэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г, нэхэмжлэгч П.Э****ын зүгээс “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай гараашны зориулалттай барилгад Их тойруу -33/2 гэсэн дугаар олгож байна гэсэн 442 дугаар албан бичиг”-ийг, нэхэмжлэгч Х.М****ын зүгээс “С****” ХХК-аас гарааш худалдан авсан тухай гэрээ, нэхэмжлэгч С.М****аас нэр бүхий иргэдээс гарааш худалдан авсан тухай нотариатаар батлуулсан гэрээ, орлогын ордер, кадастрын зураг зэргийг нотлох баримтаар гарган өгч, Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийн эрхийг хязгаарласан балмад үйл ажиллагаа болсон зэргээр тайлбарласныг,

8. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ”Барилгын байршил тогтоох, газар ашиглах, эзэмших эрх олгох тухай” 23 дугаар захирамжийн В хэсэгт иргэн Б.С****ын 15 машин, иргэн н.Ц****-ийн 3 машины гараашийг Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 69 дүгээр цэцэрлэгийн урд талд байрлуулан 0,027 га, 0,005 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байх үүнийг нэхэмжлэгч тухайлбал, П.Э****аас “газар эзэмшүүлэхээр олгосон эрх, хүчин төгөлдөр хэвээр байгаа тиймээс зөвшөөрөлгүй гарааш барьсан гэсэн нь үндэслэлгүй” зэргээр тайлбарласныг,

9.  Тус тус хүлээн авах үндэслэлгүй, маргааны зүйл нь газар эзэмших эрхийн асуудал бөгөөд хариуцагчийн зүгээс дээд шатны албан тушаалтан болох дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлж, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Нийслэлийн Архивын газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  04/767 тоот албан бичгээр “тус архивд хадгалагдаж буй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар ”Барилгын байршил тогтоох, газар ашиглах, эзэмших эрх олгох тухай” захирамжийн хадгалагдан үлдсэн эхний нүүр хуудсыг хуулбарлан ирүүлсэн”-ээс үзвэл, нэхэмжлэгч П.Э****аас өөр этгээдэд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн, уг захирамжид хугацаа заагаагүй, газар эзэмших, ашиглуулах эрхийг шилжүүлсэн талаарх шийдвэр байхгүй байгаа нь тухайн маргаан бүхий гарааш бүхий газрын эзэмших эрхийн талаар хуулийн хүчин төгөлдөр эрх бүхий албан тушаалтны шийдвэр гэж үнэлэх боломжгүй байна.

10. Иймд хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан бүрэн эрхийг, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналтыг хэрэгжүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрийн дагуу, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас өгч, гараашнуудыг албадан буулгасан хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн, энэ утгаараа захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 95 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

12. Нэхэмжлэгч нь маргаан бүхий гараашнуудыг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган газар чөлөөлөх талаарх дүүргийн Засаг даргын захирамжтай маргаагүй болохыг, түүнчлэн  эрхийн доголдолтой гараашийг худалдсан талаарх, эсхүл бусад байдлаар иргэний журмаар хохирлоо нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 44.1-д: “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э****, С.М****, Х.М****, Э.А*****, Ч.Т*****, Г.Э**** нараас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “...№13, №20, №25, №30, №31, №32, №45 тоот мэдэгдэх хуудаснуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины 7 ширхэг тоосгон гараашийг буулгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, учирсан нийт хохирол 95.629.000 (ерэн таван сая зургаан зуун хорин есөн мянга) төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг нийт 421200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН