Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 09

 

А.Оийн нэхэмжлэлтэй Б.Дд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Дд холбогдох

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 100.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Ды гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч А.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Анх бид гэр бүл болоход тус тусын хуваарьт эд хөрөнгөө нийлүүлээд 100 толгой малтай айл гэр болж байсан ба хамтын хөдөлмөрөөр өсгөн үржүүлж 2017 он гэхэд 1150 толгой малтай, мянгат малчин болсон ба малаас өөр машин, мотоциклиос эхлээд өчнөөн эд хөрөнгийг бий болгосон.

Иймд 2009 оноос 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хамтын хөдөлмөрөөр бий болгосон нийт 159.196.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс миний асрамжид байх Д.Мөнхжин, Д.Зол-Эрдэнэ, Д.Лхам-Эрдэнэ болон надад ногдох хэсэг болох нийт 127.356.800 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө ногдож байгаа ба уг хөрөнгөнөөс Д.Дгийн бидэнд өгсөн 60 ишиг, өнгөрсөн жилийн төл эр ямаа 60, хонь 20, жижиг гэр 1 ширхэг 300.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийн эд хөрөнгийг хасаад 119.856.800 төгрөгийн үнэлгээтэй дундын эд хөрөнгө авахаас 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Дтай гэр бүл болсоноос хойш бий болсон эд хөрөнгөнөөс өөрийн болон хүүхдүүдэд ногдох хэсгийг авахаар нэхэмжилсэн. Хэдийгээр хариуцагч нь зарим эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, эвдэрч хэмхэрсэн гэх боловч Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар байхгүй байгаа эд хөрөнгөнүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Мал эд хөрөнгийг зарж борлуулсан бол түүний үнийг шинжээчийн дүгнэлтэд зааснаар гаргуулах хуулийн зохицуулалт байгаа тул үнийг гаргуулах хүсэлтэй байгаа юм.

Гэрээсээ явах үедээ нэхэмжлэгч нь Б.Дгаас 4 ханатай илүү гэр 1 ширхэг /300.000/, 200 толгой мал буюу 6.600.000 төгрөгийн эд хөрөнгийг авсан байдаг юм. Иргэний хуулийн 108.3 дахь хэсэгт гэр бүлийн гишүүн нь дундын эд хөрөнгөө бусдад шилжүүлэх зэргээр захиран зарцуулах эрхтэй, ийнхүү захиран зарцуулах бол хамтран өмчлөгчдөө мэдэгдэх үүрэгтэй гэсэн байна. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүддээ мэдэгдэх үүргээ Б.Д нь биелүүлээгүй байна. Хариуцагчийн 5 ханатай гэр нь түүний аав, ээжээс өвлөгдөн ирсэн боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгч нь гэр бүл байх хугацаанд бий болсон хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэг буюу үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлээр шаардах эрх нь тодорхойлогдож байна. Хуульд дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт ногдох эд хөрөнгөө салгаж авах, ийнхүү авах үед эд хөрөнгийн зориулалт алдагдахаар бол ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

Мөн гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хүүхэд төрсөнөөр эцэг эх хүүхдийн хооронд үүрэг үүснэ гэсэн байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд гэр бүлийн гишүүдийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлсон. Энэ дагуу бол А.О нь өөрийн асрамжид байгаа 3 хүүхдэд ногдох эд хөрөнгөө шаардаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа гэр бүлийн нийт гишүүдийн хөрөнгийг тодорхойлж өөрийн үнэлгээг гарган эд хөрөнгөнөөс нэг гишүүнд ногдох хэсгээ тодорхойлж гаргасан. Тиймээс гэр бүлийн гишүүдийн хэн алинд нь эд хөрөнгийг тэнцүү хуваах ёстой гэж үзэж байгаа. Хуулиас давсан зөвлөмж, тогтоол гэж байхгүй тул эд хөрөнгийг нийт гишүүдэд тэнцүү хувааж ногдох хэсгийг шинжээчийн үнэлгээний дагуу хуваалгахаар нэхэмжлэл гаргасан. Зохигчдыг хамтран амьдарч байхад дээрх мал эд хөрөнгө бий болсон юм. Одоо эд хөрөнгө байхгүй байгаа нь хөрөнгө хуваахад ач холбогдолгүй юм.

Учир нь үнийг гаргуулах боломжтой гэж үзэж байгаа. Мал тооллогын баримтаар Б.Д нь 2016 онд 1550 толгой мал тоолуулаад 800 толгойг нь 2017 онд бусдад шилжүүлсэн, 100 толгойг нь худалдсан зэргээр өөрчлөлт орсон байдаг. Эндээс үзвэл хариуцагч нь гэр бүлээ цуцлуулах боллоо гэдгийг мэдээд өөрийн хөрөнгөө нуун дарагдуулж, үрэгдүүлсэн байна. Энэ ч утгаараа ХААН банкны Б.Дгийн дансны мэдээлэлээр их хэмжээний мөнгийг бусдаас малын үнэ нэрээр өөрийн дансанд шилжүүлэн авч байснаас харагдаж байгаа юм. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.Дд шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00914 дүгээр шийдвэрээр Б.Д надаас 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулан А.От олгож Б.Д, А.О бид хоёрын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн билээ. Шүүхийн шийдвэр гарсанаас хойшхи 3 хүүхдийн тэтгэлгийн мөнгийг 2019 оны 5 дугаар сар хүртэл өгсөн. Дундын эд хөрөнгөнөөс 200 толгой мал, гэр 4.000.000 төгрөг өгсөн. Одоо надад өгөх зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч А.Оийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагч Б.Д анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би А.От 4 ханатай шинэ гэр, тавилгатай нь өгсөн. Мөн 200 толгой мал өгсөн. А.О нь хуучин, муу гэр өгсөн гэснийг зөвшөөрөхгүй байна. Тэрээр өөрөө ирээд үзэж хараад ачаад явсан, одоо өөрөө амьдарч байгаа. Мал тооллогын хувьд би 2016 онд 1150 толгой мал тоолуулсан. Гэвч энэ тоо бол бодитой биш юм. Учир нь надад 600 гаруй толгой мал байсан. Ингээд би мянгат малчин болох гээд өөрийн ах, эхийн малыг нэмж тоолуулан 1150 толгой гэж тоолуулж, мянгат малчин болсон юм. 2017 онд бол би 350 толгой мал тоолуулсан. Бид хоёр гэр бүл хөндийрч үл ойлголцох үед А.О нь цагдаад өгөөд би аймгийн төвд 2-3 сар болсон. Энэ үед гантай байсан учир төл аваагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Дгаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тэмээ 1 үнэ 700.000, адуу 20 үнэ 7.000.000, үхэр 6 үнэ 2.400.000, хонь 25 үнэ 2.250.000, ямаа 124 үнэ 9.920.000, мотоцикль үнэ 950.000, нарны толь, дэлгэц үнэ 200.000, 20/А цэнэг зохицуулагч 75.000, 100/А зай хураагуур үнэ 190.000, зөөврийн хөлдөөгч үнэ 500.000, супер портер автомашин үнэ 4.500.000, таван ханатай гэрийн иж бүрдэл тавилга 750.000 төгрөг нийт 29.435.000 төгрөгийн эд хөрөнгө, үнийг гаргуулж нэхэмжлэгч А.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70.565.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 305.125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.От олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Д би Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00168 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч А.О нь Б.Д надаас дундын эд хөрөнгө 100.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд түүнээс 29.435.000 төгрөгийн эд хөрөнгө үнийг гаргуулж нэхэмжлэгч А.От олгож нэхэмжлэлийн шаардлагаас 70.565.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингэхдээ 2017 оны 12 дугаар сард тоолуулсан 350 толгой малыг хуваасан, мөн бусад хөрөнгө гэсэн 7 төрлийн хөрөнгө хуваасан. Бидний хувьд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ цуцлуулан энэ үед 350 толгой мал тоолуулсан бөгөөд түүнээс хойш зуданд үхэж үрэгдэн 65 толгой малтай үлдсэн талаарх нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүхээс үнэлээгүй. Малын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үзлэг хийлгэн байгаа малдаа мэргэжлийн шинжээч томилон үнэлгээ гаргуулахаар, бусад хөрөнгө гэх зүйлийг мэргэжлийн шинжээчээр газар дээр нь очиж үзлэг хийлгэн үнэлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаж шийдвэрлээгүй.

Мөн шүүхээс 350 толгой мальг үнэлэхдээ шүүх өөрөө бод баг малуудыг нас гүйцсэн малын үнэлгээгээр үнэлсэн хамт амьдарч байх хугацаандаа зарж мөнгийг нь хувааж хэрэглэсэн гэр бүлийн ахуй хэрэгцээнд ашигласан портер автомашины үнийг ч хувааж шийдвэрлэсэн. Иймд Б.Д би миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Дд холбогдуулж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 100.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж анхан шатны шүүх хариуцагч Б.Дгаас нийт 29.435.000 төгрөг буюу эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 70.565.000 төгрөг буюу эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тухайлбал: Хавтаст хэргийн 196-197-р талд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг “...нийт 119.856.800 төгрөгийн үнэлгээтэй дундын эд хөрөнгө авахаас тэмдэгтийн хураамж төлөх чадваргүйн улмаас 100.000.000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж төлж нэхэмжилсэн, хариуцагч дээрх эд хөрөнгөнүүд тухайн үед байсан боловч одоо байхгүй гэдэг учраас тухайн эд хөрөнгөнүүдийг мөнгөн дүнд шилжүүлэн тооцож нэхэмжилж байгаа болно. Бидний хувьд ногдох эд хөрөнгийг биет байдлаар нь буюу мал, малын ашиг шим, бусад эд хөрөнгийг хариуцагч өгөх боломжтой бол авахад татгалзах зүйлгүй...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа 100.000.000 төгрөгөөс 19.856.800 төгрөгөөр илүү хөрөнгийн тооцоо гаргаж нэмэгдүүлэн, хөрөнгөө нэг бүрчлэн бичиж тодруулсан байхад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулж, энэ талаар хариуцагчаас тайлбар аваагүй, илүү гарсан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх эсхүл чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлгүйгээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваан шийдвэрлэсэн нь буруу юм.

Хариуцагч Б.Дгаас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “малдаа үзлэг хийлгэх, шинжээч томилж үнэлгээ гаргуулах, Д.Ч, С.О, Б.М нарыг гэрчээр асуулгах” /хх-ийн 93-94-р тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваагаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймгийн Архивын тасгаас Б.Дгийн 2016, 2017 онуудын мал тооллогын дэлгэрэнгүй баримтыг гаргуулах, тус шүүхийн архиваас Б.Дд холбогдох 2017 оны 135 тоот шийтгэх тогтоолтой хэргээс Б.Дгийн мал тооллогын А дансны хуулбар болон шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргуулах, иргэн н.Б, А.Ж, н.Ц, С.А нарыг гэрчээр асуулгах, Б.Д, А.О нарын хамтын хөдөлмөрөөр 2009 оноос 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бий болсон гэх мал болон бусад эд хөрөнгөнүүдэд шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасан байна. /хх-ийн 110-112-р тал/

Уг хүсэлтүүдийг Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШЗ2018/02524, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШЗ2018/02690 дугаартай шүүгчийн захирамжуудаар /хх-ийн 99-101, 121-123-р тал/ бүхэлд нь буюу зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн атлаа Б.Дд холбогдох эрүүгийн хэргээс мал тооллогын А дансны хуулбарыг гаргуулан хэрэгт хавсаргаагүй, мөн Б.М, н.Ц, С.А нарыг гэрчээр асуулгүй орхигдуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж шийдвэрлэжээ.

Түүнчлэн тус хэрэгт шинжээчээр томилогдон үнэлгээ гаргасан “Энх нахиа” ХХК болон үнэлгээчин Л.Наранцэцэгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн үнэлэлт дүгнэлт өгч, уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

Гэтэл хавтаст хэргийн 164-165 дугаар талд авагдсан “Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ” нь хуулбар хувь байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “...Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө....” гэсэн заалтыг зөрчсөн нотлох баримтыг шүүх үнэлж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас үнэлгээ хийлгэх талаар хүсэлтийг гаргаж байхад шүүх хүлээн авч шийдвэрлээгүй шалтгаан нь тодорхой бус атлаа нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээ хийлгэх хүсэлтийг ханган шийдвэрлэсэн нь талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хариуцагч Б.Дгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.125 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар

зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7

дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.125 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, хариуцагч Б.Дд буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

          ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                    М.МӨНХДАВАА