Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01782

 

 

 

 

                        

 

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, ... тоотод оршин суух, ЙГ 87032317, Б... овогт Э...гийн Э...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, ЧЕ 85010207, Ц... овогт Д...ын А...,

Нэхэмжлэлийн шаардлага:13 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгч Э...ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М..., хариуцагч, Д.А..., түүний өмгөөлөгч А.Б...р, гэрч Ч.Т..., Б.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э... нь Д.А...д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би Б.А...гийн нөхөр О.Э...нийг Х... тавилгын үйлдвэрт 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр мужаанаар авч, О.Э...нийн ажиллах хугацааны цалинд 3 557 000 төгрөг өгч, мөн өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай приус-20 маркийн машиныг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр О.Э...нийн эхнэр болох Д.А...гийн нэр дээр шилжүүлж худалдах, худалдан авах талаар тохиролцож худалдсан.Уг авто машин тухайн үед Б... ХХК-д барьцаанд байсан, барьцааны төлбөрийг би төлж, Д.А...гийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргаж байсан.Иймд Д.А...гаас машины үнэ 13 500 000 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би Э.Э...тай гэрээ хийгээгүй, энэ хүн манай нөхрийг манайд ажиллаад өгөөч гэж удаа дараа гуйсан, манай нөхөр өөрөө компанитай, үйл ажиллагаа нь эхэлчихсэн байсан тул татгалзаж байсан боловч маш их ашигтай санал тавьж байсан.Манай нөхөр өөрөө ашиг орлого олох бүрэн боломжтой байгаа учраас доод тал нь 5,000,000 төгрөгийн цалин өгнө гэж тохирвол тодорхой хугацаанд хамтран ажиллаж болно гэж хэлсэн.Тэгэхэд Э.Э... найзад нь бэлнээр шууд өгөх мөнгө байхгүй.Харин приус 20 маркийн машин байна, энэ машиныг хөлсөнд авч болно гэж хэлсэн.Ингээд манай нөхөр өдрийн талд нь Э.Э...гийн ажлыг хийгээд талд нь өөрийнхөө ажлыг хийж илүү цагаар ажиллахгүй гэж амаар тохиролцсон.Тухайн машиныг 7 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлж авах байсан боловч чадаагүй.Учир нь Э.Э... манай дүү машиныг унаад хөдөө явсан байна дараа нь шилжүүлье гэсэн.Гэтэл маргааш нөгөө машин нь зам тээврийн осолд орчихсон байсан.Ингээд манай нөхөр тэр үед цаашдаа ажиллах боломжгүй, угаасаа би өөрөө машинтай гэж хэлэхэд, Э.Э... найз нь машины засварын мөнгийг хасаад өгье гэсэн ингээд цааш хамтран ажиллаж машиныг хүлээн авахад тэр машиныг бид хоёр өөрсдийн мөнгөөр боломжоор нь засаж янзалсан. Би  Э.Э...тай машин авахдаа анх удаа уулзсан.Манай нөхөр амжихгүй байна намайг очоод уулзчих гэсэн.Тэгээд Э.Э... нэгэнт нэг гэр бүл учраас миний нэр дээр машиныг шилжүүлж өгсөн, энэ машиныг миний нөхөр О.Э...нэтэй хамтран ажиллах гэрээг амаар тохирч гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:Э.Э... Ч.Т... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б... ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Э.Э...ы гаргасан хүсэлт, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс авсан баримтууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн бүртгэл, Б... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Э..., Ч.Т... нарын Хаан банкин дах дансны хуулгууд, Э.Э...гаас Т.М...д олгосон итгэмжлэлийг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас:Д.А..., О.Э...нэ нарын Х... банк болон Т... банкин дах дансны хуулга, О.Э...нийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.А... Б.Б... нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хийгдсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, зарлагын баримт болон тухайн тээврийн хэрэгсэлд засвар хийлгэсэн гэх баримтууд, Д.А...гийн эмнэлгийн магадалгаа болон эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээний баримтууд, Геологийн төв лаборатори О.Э...нэ нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн “Жааз худалдах, худалдан авах” гэрээ, тавилгын зургууд, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Д.А...гийн иргэний үнэмлэх, байнга оршин суух хаягийн лавлагаа, Д.А...гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, О.Э...нэ Д.А... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, М... Мебель ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Т...н банк О.Э...нэ нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хийгдсэн барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, машины журмын хашааны баримт гэх кассын орлогын ордер болон  тухайн тээврийн хэрэгсэлд засвар хийлгэсэн гэх баримтууд, “...” групп чатын баримтууд, Д.А...гийн эмнэлэгт үзүүлсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Б... ХХК-иас ирүүлсэн баримтууд 4 хуудас, Х... банкнаас ирүүлсэн баримт 9 хуудас, гэрч О.Э...нийг асуусан тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай приус-20 маркийн машиныг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.А...д худалдсан, машины үнэ 13 500 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Би Э.Э...аас ... улсын дугаартай приус-20 маркийн машиныг худалдаж аваагүй, энэ машиныг манай нөхөр О.Э...нийн ажлын хөлсөнд тооцож өгсөн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б... ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Э.Э...ы гаргасан хүсэлт, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс авсан баримтууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн бүртгэл, О.Э...нэ Д.А... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Э... нь амаар хэлцэл хийж, приус-20 маркийн ... улсын дугаартай  авто машиныг Д.А...д худалдсан гэж, машины үнэ 13 500 000 төгрөг шаардаж байхад би Э.Э...ыг танихгүй, машин худалдаж аваагүй, манай нөхөр тэр машиныг шилжүүлээд ав гэж надад хэлсэн, нөхөр О.Э...нийн ажлын хөлсөнд тооцож авсан гэж хариуцагч Д.А... маргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэтэл зохигчдын хооронд тухайн хөрөнгийг худалдах, худалдан авах яриа болсон, хөрөнгийн үнийн талаар хэлэлцэн тохиролцсон болох нь тодорхойгүй байхад тэдний хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т “Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж зааснаар тухайн хөрөнгийн үнийг тодорхойлох арга хэрэгслийн талаар тохироогүй байна.

Харин Д.А...гийн нөхөр О.Э...нэ нь Э.Э...ы компанид ажиллаж байсан тухай үйл баримтад талууд маргахгүй байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн үнэ төлөх нөхцөлийг нэхэмжлэгч нь О.Э...нэтэй тохирсон байх боломжтой гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл энэхүү тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр Д.А...д шилжүүлсэн, үнэ өртгийг нь төлөх нөхцөлийг хэнтэй хэрхэн тохирсон болох нь  нотлогдоогүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн Б... Б... ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэн зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн байна гэж үзэх боломжгүй бөгөөд зохигч талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн тухай үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад үнийг шаардах нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Д.А...гаас 13 500 000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Э.Э...ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                         

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН