Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч С.О*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.О*******д холбогдох эрүүгийн 2415002480052 дугаартай, 163/2025/0066/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С******* овогт С*******ын О*******, З******* аймгийн Ц******* суманд 1975 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр баг, Х******* тосгон, Га тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******н” ХХК-д үржүүлгийн ажилтан ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг,

Урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, эрэгтэй, 50 настай РД:*******,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч С.О******* нь серийн 2 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацаа дууссан, хугацааг хэтрүүлж, мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Х******* сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг Хандгайт гэх газрын “т” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг босоо мод хөрөөдөж, 2.95 м3 шинэс төрлийн нойтон мод хэрэглээний зориулалтаар бэлтгэж, улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр баг Х******* тосгон руу тээвэрлэж байгаль экологид 1,421,523 төгрөгийн шууд хохирол, 4,264,569 төгрөгийн шууд бус хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415002480052 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О******* нь серийн 2 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацаа дууссан, хугацааг хэтрүүлж, мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Х******* сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг Хандгайт гэх газрын “т” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг босоо мод хөрөөдөж, 2.95 м3 шинэс төрлийн нойтон мод хэрэглээний зориулалтаар бэлтгэж, улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр баг Х******* тосгон руу тээвэрлэж байгаль экологид 1,421,523 төгрөгийн шууд хохирол, 4,264,569 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэгч Ж.Батдоржийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.Нямдорж, Э.Пүрэвсүрэн, Д.Хүрэлбаатар, Б.Түмэн-Өлзий, С.Сүрэнхорлоо, В.Отгонбат нарын өгсөн мэдүүлэг, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2896 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Ан” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ОРА:1001888 дугаартай шинжээчийн дүгнэлт, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай акт, яллагдагч С.О*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч С.О******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж  буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.О*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас 4,264,569 төгрөгийн хохирол байгаль орчинд  учирсан бөгөөд шүүгдэгч  С.О******* нь 4,264,569 төгрөгийг төлсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч  Ж.Батдорж нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.   

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч С.О*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай бор ногоон өнгийн загварын тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий шар өнгөтэй, хуучин хэрэглэж байсан цахилгаан моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай 7 ширхэг, 2 метрийн урттай 9 ширхэг буюу 2.95 м3 шинэс төрлийн хэрэглээний бөөрөнхий шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С******* овогт С*******ын О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О*******г 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О*******д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд  сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчилэн төлүүлэхээр  тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.О*******д сануулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч С.О******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай бор ногоон өнгийн загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 7 ширхэг, 2 метрийн урттай 9 ширхэг буюу 2.95 м3 шинэс төрлийн хэрэглээний бөөрөнхий модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

7.Шүүгдэгч С.О*******гээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт оруулсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ