Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/115

 

   

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,

            орчуулагч, хэлмэрч Т.Х,

            улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-,

            шүүгдэгч Ө.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.у овогт Ө-ийн А-д холбогдох эрүүгийн 2513000000060 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 55 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...оны ..дүгээр сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д- суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Д- сумын ... дүгээр /Хөх толгой/ багт оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжээр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгэзр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжээр буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.у овогт Ө-ийн А-, регистрийн дугаар БЮ......;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12:00 цагийн орчимд тус аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт шалтаг шалтгаангүйгээр иргэн Т.А-ы эзэмшлийн .... УНН дугаартай “Kia grandbirdзагварын тээврийн хэрэгслийн урд их шилний баруун хэсгийн гараараа цохиж, зүүн талын шил арчигчийг гараараа хүчтэй татаж тус тус хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул бусдад төлөх төлбөргүй байна” гэв.

2. Шүүгдэгч Ө.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулна” гэв.

3. Хохирогч Т.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч нь надад 300,000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн шинжийг хангахгүй байна” гэв.

 

Эрүүгийн 2513000000060 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

5. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

7. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-25-0021 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

8. Яллагдагч Ө.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

9. Гэрч К.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

10. Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

11. Хохирогч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

12. Шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Я.С-, хохирогч Т.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

13.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Хэргийн үйл баримт:

15. Шүүгдэгч Ө.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12:00 цагийн орчимд тус аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт шалтаг шалтгаангүйгээр иргэн Т.А-ы эзэмшлийн .... УНН дугаартай Kia grandbirdзагварын тээврийн хэрэгслийн урд их шилний баруун хэсгийн гараараа цохиж, зүүн талын шил арчигчийг гараараа хүчтэй татаж тус тус хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

16. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

17. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

18. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-25-0021 дугаартай “Хохирогч Т.А-ы эззмшлийн .... УНН дугаартай “Kia grandbird” загварын тээврийн хэрэгслийн урд их шил 400,000 төгрөг, шил арчигч 30,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

19. Яллагдагч Ө.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний 12 цагийн орчимд Д- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр иргэн А.Ж-ын хүнсний дэлгүүрийн урд Т.А-ы автобуснаас хүмүүс ачаа буулгаж байсан. Тэр үед надад дансанд мөнгө шилжүүлэх шаардлага гарч бэлнээр Т.А-д 200,000 төгрөг өгч дансандаа шилжүүлж авсан. Тэгээд автобуснаас ачаа буулгаж байгаа хүмүүст туслах санаатай уг автобуснаас хэд хэдэн шуудай байцаа, лууванг өргөж, дамжуулж өгч тусалсан. Тэр үед хүмүүс болон Т.А- ачааг доороос өргөж авч байсан ба би автобусны дотор байж байгаад дээрээс өгөөд байсан. Тэр үед би нэг шуудай байцааг Т.А-д өгөхдөө түүнд хүчтэй шидэж өгсөн мэт надад санагдсан. Тэр үед Т.А- над руу хандаж “чи яагаад над руу шидэж өгөөд байна, чи туслахаа боль” гэж хэлсэн. Т.А- урд нь надад албан ёсоор анхнаасаа туслаарай гэж хэлээгүй. Би өөрийн санаачилгаараа ачаа буулгаж байсан бусад залууст туслах зорилгоор очсон. Тэгээд Т.А- бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсээд эхлэх үед миний хажууд байсан Айдос гэх залуу бид хоёрыг Т.А- машин дотор оруулж түгжээд хаалгыг хаасан. Тэр үед би А-д машинаас буух талаар хэлэхэд биднийг буулгаагүй түгжээтэй байлгасан. Тэр үед би машин дотор сууж байгаад хаалгыг тайлаагүйд уурлаад урд шилийг гараараа тогшиж байхдаа урд салхины шил хугарсан. Машин дотор хүйтэн байсан тул буухын тулд урд салхины шилийг цохиж А-д дохио өгсөн юм. Тэгээд нэг мэдэхэд хаалгыг нээсэн. Тэр үед би уурандаа машины шил арчигчийг гараараа татсан. Тэр үед хугарсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан хүчтэй татсан. Тэгэзд Т.А- надад “шил арчигч хугаллаа” хэмээн уурлаад бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүссэн. Тэгээд бид хоёр тийшээ салаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

20. Гэрч К.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байсан. Тэр үед надад миний төрсөн ах К.С- хүнд туслаад ачаа буулгаад ирье гэж хэлснээр бид А-ы машин байсан газарт нь очсон. Биднийг очиход тухайн газарт А-ы автобус байсан ба уг автобуснаас хүмүүс ачаагаа буулгаад дуусаж байсан. Тэгээд үлдсэн ачааг нь буулгахад туслаад байж байхад тэнд байсан Ө.А- архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай тэнд бийсан хүмүүст шуудайтай байцаа, лууванг шидэж өгч хэвийн бус байдалтай байхагр нь А- боль гэж хэлсэн. Тэр үед Ө.А- болон А- нар хоорондоо зууралдсан ба би ахтайгаа нийлээд уг хүмүүсийг салгах гэж оролдоход Ө.А- заамдсан гараа тавихгүй танхайраад байсан. Тэгж байхад Ө.А- нь машины урд цонхны шил арчигчийг гараараа татажхугалсан. Тэр үед А- түүнийг машины дотор хэсэгт оруулаад хаалгыг гаднаас нь түгжсэн. Тэр үед Ө.А- нь дотор байж байгаад машины урд цонхыг гараараа хүчтэй цохиж танхайрсан ба тэр үед машины урд шил цууралт өгч хагарсан. Тэр үед хүмүүс ирж Ө.А-г машинаас буулгаад тэгээд хэдэн тийшээ тарсан. Ө.А-г тухайн газар хэрүүл маргаан гаргаад танхайрч байхад түүний хажууд Х.Айдос байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

21. Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байсан. Улмаар Т.Ажархын над руу утсаар холбогдож ачаа буулгахад таслаарай гэж хэлснээр Д- сумын 9 дүгээр баг иргэн А.Ж- дэлгүүрийн урд очсон. Тухайн үед би өөрийн төрсөн дүү К.Н-ын хамт очсон. Биднийг очиход тухайн газарт А-ы автобус байсан ба уг автобуснаас хүмүүс ачаагаа буулгаад дуусах дөхөж байсан. Тэгээд үлдсэн ачааг нь буулгахад туслаад байж байхад тэнд байсан тус сумын 9 дүгээр багт оршин суух иргэн Ө.А- архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байсан. Уг Ө.А- гэх залуу соггуурсан байдалтай хүмүүст шуудайтай байцаа, лууванг шидэж өгч хэвийн бус байдалтай байхаар нь А- боль гэж хэлсэн. Тэр үед Ө.А- болон А- нар хоорондоо зууралдаад Ө.А- нь машины цонхны шил арчигчийг гараараа татаж хугалсан. Тэр үед А- түүнийг машины дотор хэсэгт оруулаад хаалгыг гаднаас нь түгжээд хаясан. Тэр үед Ө.А- нь дотор байж байгаад машины урд цонхыг гараараа хүчтэй цохиж танхайрсан ба тэр үед машины урд шил цууралт өгч хагарсан. Тэр үед хүмүүс ирж Ө.А-г машинаас буулгаад тэгээд хэдэн тийшээ тарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

22. Хохирогч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ө.А- ирээд надаас бэлэн 200,000 төгрөг өгье та нэг данс руу 200,000 төгрөг шилжүүлээд өгчих гэхээр нь надад дансанд мөнгө байхгүй хүнээс асууя гээд найз руугаа залгаж нэг данс явуулъя чи 200,000 төгрөг явуулчих би чамд уулзахаараа бэлэн мөнгийг нь өгье гээд Ө.А-гийн хэлсэн данс руу 200,000 төгрөгийг шилжүүлээд түүнээс бэлнээр 200,000 төгрөгийг авсан. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа Ө.А- нь ачаа буулгаж байсан хүмүүст нэг шуудай төмс шидэж өгөхөөр нь би боль гэхэд тэрээр надтай хэрүүл маргаан хийсэн тэгээд хэрэлдэж байгаад эхлээд миний автобусны шил арчигчийг гараараа татаж хугалсан тэгэхээр нь түүнтэй хэрэлдэж ноцолдож байгаад түүнийг машинд оруулаад хаалгаа цоожилсон тэр үед урд салхины шилийг цохих үед шил цуурсан. Тэгэхээр нь машинаа онгойлгожтүүнийг гаргасан тэр үед тэрээр машинаас гараад жолооч талын жижиг цонхоор харж байтал тэрээр миний нүүр рүү нэг удаа цохисон гэхдээ тэр нь хүчтэй цохигдоогүй тул миний биед ямар нэгэн хохирол учраагүй, тэгээд би цагдаад дуудлага өгөөд байж байхад сумын цагдаа ирээд бид хоёрыг дагуулаад хэсгийн байр руу авч явсан тэр үед би гомдол гаргасан болсон явдал энэ юм. Ө.А- нь Д- суманд ачаа буулгах үед нэг л шуудайтай төмс автобуснаас газар руу шидсэн, өөрөөр тусалсан зүйл байхгүй. Тэрээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Ө.А- надтай утсаар ярьж уучлалт гуйсан би хохиролд ямар нэгэн мөнгө төгрөг барагдуулж аваагүй. Гэхдээ уучилсан. Учир нь, тэрээр өмнө нь бас хэрэгт холбогдож шалгагдсан байсан учраас түүнийг өрөвдөөд ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, өөрөө өөрийнхөө машины салхины шил, шил арчигчийг сольж авах болно. Би уг .... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос хүнээс 14,500,000 төгрөгөөр худалдан авч байсан нэр шилжүүлээгүй, өмнөх хүний нэр дээр байгаа тэрийг ирэх сардаа л багтааж нэр дээр шилжүүлж авах бодолтой байгаа, одоогоор уг ажлыг хөөцөлдөж явах зав муутай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт.

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

24. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3. “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заажээ.

25. Шүүгдэгч Ө.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12:00 цагийн орчимд тус аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт шалтаг шалтгаангүйгээр иргэн Т.А-ы эзэмшлийн .... УНН дугаартай “.......” загварын тээврийн хэрэгслийн урд их шилний баруун хэсгийн гараараа цохиж, зүүн талын шил арчигчийг гараараа хүчтэй татаж тус тус хагалж, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

26. Тодруулбал Ө.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн идэвхтэй үйлдлээр иргэн Т.А-ы эзэмшлийн .... УНН дугаартай “.......” загварын тээврийн хэрэгслийн урд их шилний баруун хэсгийн гараараа цохиж, зүүн талын шил арчигчийг гараараа хүчтэй татаж тус тус хагалсан нь тогтоогдож байх ба хохирогч Т.А-д учирсан хохирол шүүгдэгч Ө.А-гийн гэм буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

27. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгодог байна.

28. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.А-ы эд хөрөнгөд 430,000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байх ба энэ нь дээрх хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол юм.

29. Шүүгдэгч Ө.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.А-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

30. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ийн: “..Хохирогч нь надад 300,000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн шинжийг хангахгүй байна” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-25-0021 дугаартай “Хохирогч Т.А-ы эзэмшлийн .... УНН дугаартай “Kia grandbird” загварын тээврийн хэрэгслийн урд их шил 400,000 төгрөг, шил арчигч 30,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/ гарсан ба уг дүгнэлтийг мөрдөгчөөс шүүгдэгч Ө.А-д танилцуулж гарын үсэг зуруулж авч байсан ба зөвшөөрөхгүй байгаа талаар ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй байна. Мөн нөгөө талаар хохирогчоос “шүүх хуралдаанд 300,000 төгрөг хохирол учирсан” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж шинжээчийн хуульд заасан журмын дагуу гаргасан дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

31. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ө.А-г согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдыг дээрэлхэх нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

32. Шүүгдэгч Ө.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.А-д 430.000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-25-0021 дугаартай “Хохирогч Т.А-ы эззмшлийн .... УНН дугаартай “Kia grandbird” загварын тээврийн хэрэгслийн урд их шил 400,000 төгрөг, шил арчигч 30,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/-ээр тогтоогджээ.

33. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан. 

34. Шүүгдэгч Ө.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.А-д 430.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон боловч хохирогч Т.А- нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

35. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар, 05 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 05 /таван/ хоногийн хугацаагаар тогтоох дүгнэлтийг,

36. Шүүгдэгч Ө.А-гаас “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг,

37. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн санал болгосон ялыг багасгаж, 6 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

38. Шүүхээс шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

39. Шүүгдэгч Ө.А- нь хувийн байдлын хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 55-71 дэх талд авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгэзр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна.

40. Шүүхээс шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

41. Шүүгдэгч Ө.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүний хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

42. Шүүгдэгч Ө.А- нь тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар, 05 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Дарханбекийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ялын тооцоо /хавтаст хэргийн 74 дэх тал/-оор тогтоогдож байна.

43. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.А-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар, 05 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 05 /таван/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.

44. Шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 05 /таван/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Д- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, шүүгдэгч Ө.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 05 /таван/ хоногийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Д- суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

45. Хэрэв шүүгдэгч Ө.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.

46. Шүүгдэгч Ө.А- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

47. Шүүгдэгч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.у овогт Ө-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.А-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар, 05 /таван/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 05 /таван/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 05 /таван/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Д- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ө.А- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ө.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК