Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл

улсын яллагч M.Сайнзаяа,

хохирогч Н.Б*******,

шүүгдэгч Ш.С*******, түүний өмгөөлөгч Г.Ганбат нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ш.С*******од холбогдох эрүүгийн 2515000410050 дугаартай, 304/2025/0065/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Булган аймгийн Г******* суманд 1985 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, Булган аймгийн Г******* сумын Тогоо 1 дүгээр багт оршин бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 40 настай, эрэгтэй

урьд Булган аймгийн Прокурорын газрын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг яллагдагч, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, А******* овогт Ш*******ын С******* РД:*******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

Шүүгдэгч Ш.С******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Булган аймгийн Г******* сумын Тогоо 1 дүгээр багийн нутагт оршин суух Н.Б*******ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, түүний биед халдан зодсоны улмаас баруун хацар ясны нумын сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000410050 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.С******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22 ны өдрөөс 23-нд шилжих шөнө Булган аймгийн Г******* сумын Тогоо 1 дүгээр багийн нутагт оршин суух Н.Б*******ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, зодсоны улмаас баруун хацар ясны нумын сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.С*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

2. Шүүх хуралдаанд хохирогч Н.Б*******ийн өгсөн: 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Г******* сумын Тогоо багийн Наран гэх газарт гэртээ Ш.С*******той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж зодуулсан байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Биеийн байдал хэвийн болсон хаяа толгой өвддөг  гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч Н.Б*******ийн өгсөн:  “... Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хадам ах болох С*******той 2 шил 0.5 граммын Хараа архи хувааж уугаад байж байтал намайг “чи битгий давраад байгаарай” гээд гэнэт намайг юугаар цохисныг бол мэдээгүй дээр гараад 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би болиоч гэсэн чинь болиод гараад яваад өгсөн. Тэгээд би унтаад өгсөн, тэгээд маргааш өглөө нь С******* өөрөө орж ирээд намайг хараад “2-уулаа сумын төвийн эмнэлэгт очъё толгойг чинь оёуулъя” гээд эхнэрээ дуудаад бид гурав Г*******ийн эмнэлэг дээр ирээд миний толгойд 12 оёдол тавиулаад шууд хотод ирээд Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтээд гарч ирээд хувийн "Гэгээн манал" гэх нэртэй эмнэлэгт мөн гурав хоног хэвтэн эмчлүүлсэн юм. Тухайн үед бид хоёр их уусан байсан юунаас болж зодсон талаар үнэхээр санахгүй байна. Ямар ч байсан С******* намайг зүүн нүдэнд гараараа 3 удаа цохисон миний толгойг яг юугаар хагалсныг бол үнэхээр мэдэхгүй байна. Тухайн хэрэг үйл явдал 2025 оны 01 дүгээр сарын 22 ны өдрөөс 23-нд шилжих шөнө болсон манай эхнэр тухайн цаг хугацаанд хотод байсан учраас сайн санаж байна. С******* бид хоёр манайд хоёулаа  хоёр шил архи уугаад уул нь нээх маргалдах зүйл болоогүй. С******* намайг “чи давраад байгаа шүү” гээд 2-3 цохих шиг болсон. Би ямар ч байсан чи болиочээ гэсэн. Тэгсэн С******* больсон тэгээд би С*******ыг “чи миний нүдийг таглаад хаячихлаа” гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд толгойгоо гараараа бариад үзсэн чинь гар цус болоод байсан, тэгээд би унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 23-нд С******* гэрт орж ирээд Г*******ийн эмнэлэг аваад явсан. Намайг өглөө босоход ширээний хулдаас мөн шалны хулдаас, дээл зэрэг цус болсон байсан, ямар нэг эвдэрч, хэмхэрч, хагарсан зүйл байгаагүй. Тухайн хэрэг болох үед С******* 2 сая гаран төгрөг эмчилгээний зардал эмнэлэгт төлсөн байгаа өөр надад нөхөн төлбөр төлөөгүй байгаа. Надад цаашид ахиад нэг толгойны зураг авхуулна тухайн зурагнаас шалтгаалж эмчилгээ хийлгэх байх одоогоор эмчилгээ хийлгэсэн зүйл алга байна хааяа толгой өвдөөд байгаа одоо мал төллөж дуусаад хот явж толгойны зураг авхуулна. Би тухайн асуудлаа хуулийн дагуу шийдүүлж хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа, би цаашид эмчилгээ хийлгэх 10 сая төгрөг нэхэмжилж байгаа Улаанбаатар хот руу явна толгойны нарийвчилсан зураг авахуулах, хоол хүнс, буудал зэргээс өгсүүлээд их эмчилгээний зардал гарна. Надад сэтгэл санаанд учирсан хохирол гаргуулах шаардлага байхгүй хэвийн байгаа. Би зөвхөн цаашид эмчлүүлэх зардлаа С*******оос гаргуулж авна, өөрөөр бол С*******од ямар нэг гомдол санал алга байна... Миний эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг орчмыг өгсөн ба би тухайн зодуулсан өдрөө Г******* сумын эрүүл мэнд төвд яаралтай тусламж, үйлчилгээ авсан... Одоогоор миний биеийн байдал хэвийн болсон байгаа. Бид хоёр хоорондоо эвлэрч учир зүйгээ олсон. С******* нь манай хадам ах тул цаашид намайг эмчилгээ хийлгэх шаардлагатай бол эмчилгээний зардлыг гаргана гэж тохиролцсон. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 7-8, 11-12 дахь тал/,

2. Иргэний нэхэмжлэгч Б.А*******ын өгсөн:  “... 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас Н.Б******* нь нийт 3,588,627 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна... гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулагдсан нийт зардлыг нэхэмжилж байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...”гэх мэдүүлэг, баримт /хавтаст хэргийн 19-20, 25-26 дахь тал/,

3.Гэрч Х.Э*******ийн өгсөн: “... 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би ээлжийн ажилтай байхад өглөө 11 цагийн үед Б******* гэх залуу манай эмнэлэг дээр толгой нь баруун дух хэсэг хагарсан байдалтай цус гарсан Б гэх эмэгтэй дагуулж орж ирсэн. Тэгээд би үзлэг хийхэд толгойн баруун дух хэсэг талд нийлээн том хагарсан, зүүн талын нүд хөхөрсөн тагларсан байдалтай орж ирсэн. Тэгээд би 12 оёдол тавиад явуулсан. Б*******ийг Б гэх эмэгтэй сугадаад өөрөө хөлөөрөө алхаад орж ирсэн ухаан санаа эрүүл байсан. Тухайн залууд эмчилгээ хийхэд архи үнэртэж байсан. Би Б*******өөс ямар шалтгааны улмаас гэмтэл авсан талаар асуухад би мотоциклоос унасан гэж байсан. Тэгэхээр нь би “битгий худлаа яриад бай наадах чинь зодуулснаас үүссэн шарх байна” гэтэл Б гэх эмэгтэй “за эгээ манай нөхөр болох С*******той муудалцаад зодолдоод ингээд гэмтсэн байна” гэсэн. Тэгээд би 12 оёдол тавьж өгөөд Улаанбаатар хот явахыг зөвлөөд би өөрөө цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

4. Гэрч У.О*******ийн өгсөн: “... Би тухайн үед Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан юм тэгтэл 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа манай нөхөр болох Б******* манай ээжийн төрсөн дүү болох С*******од зодуулсан гэж утсаар ярьсан. Тухайн үед би байгаагүй болохоор өөр мэдэх зүйл алга. Надтай анх уулзахад манай нөхрийн баруун дух нь оёдол тавиулсан сорвитой их эвгүй байдалтай байсан. Намайг хотоос гэртэй ирэхэд ширээний хулдаас болон шалны хулдаас өмсөж байсан ягаан өнгийн дээл цус болсон ямар нэг эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Тэгээд би угаагаад цэвэрлэсэн юм. Тухайн хэрэг болох үед манай гэр Булган аймгийн Г******* сумын Тогоо 1 дүгээр багт байсан одоо манайх Архангай аймгийн Өгийнуур сум руу хаваржаандаа 2 сард буусан байгаа. Манай нөхөр болох Б******* одоогоор эмчилгээ хийлгээгүй байгаа ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа. Цаашид Улаанбаатар хотод очиж нарийвчилсан зураг авхуулна тухайн зургаас цаашид ямар эмчилгээ хийлгэх нь тодорхой болох байх. Б******* надад хэлэхдээ С******* бид 2 байсан гэж ярьсан өөр хүн бол байгаагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37-38 дахь тал/,

5. Гэрч Б.Бийн өгсөн: “... Би тухайн он сарыг сайн санахгүй байна 2025 оны 01 дүгээр сарын 23-нд Б*******ийг ямар ч байсан Улаанбаатар хот авч яваад үзүүлсэн. Би тухайн өдөр хөдөө гэртээ байгаагүй сумын төвд байрлах гэртэй байсан юу болсон талаар мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

6. Гэрч Б.Гын өгсөн: “... Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хариуцсан сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өдөр 13 цагийн үед манай сумын Эрүүл мэндийн төвөөс Э******* эмч залгаад “манай эмнэлэг дээр зодуулсан хүн эмчилгээ хийлгэхээр ирлээ” гэх дуудлага өгсөн. Тэгээд би Эрүүл мэндийн төвд дуудлагаар иртэл Б******* гэх зодуулсан байдалтай толгой нь хагарсан байж байсан. Намайг дуудлагаар очиход хохирогч Б******* болон С*******, түүний эхнэр болох Б мөн эмчлэгч эмч Э******* нар байсан. Би тухайн үед байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад “С******* надад хандаж өчигдөр би Б*******тэй цуг хоёулаа архи уусан юмаа. Тэгээд бид 2 маргалдсан юм шиг байна би юу ч санахгүй байна” гэсэн. Мөн эхнэр болох Б нь “манай нөхөр болох С*******, Б******* 2 өчигдөр хамт архи уугаад маргалдаад ийм зүйл болсон байна” гэж хэлж байсан. Тухайн үед хохирогч Б******* согтуу байсан надад гомдол санал байхгүй гээд болсон хэргийн талаар ярихгүй байсан. Тэгээд Б******* толгойдоо оёдол тавиулаад С*******, Б нар хот руу аваад явсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/2645 дугаартай шинжээчийн “... Н.Б*******ийн биед баруун хацар ясны нумын сэлтэрсэн хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, зовхи, дух, зулайн баруун урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-59 дэх тал/,

8. Шинжээч эмч Б.Бын “Б*******ийн зүүн нүдний ухархай дотор доод ханын ясны цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэргийн хөнгөн, баруун хацар ясны нумын сэтэрсэн хугарал гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна, духанд үүссэн 10 см шарх нь хөнгөн зэрэгт хамаарна бусад зөөлөн эдийн гэмтэл нь дээрх гэмтэлтэй холбоотой учраас тус тусдаа ясны гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/,

9. Яллагдагч Ш.С*******ын өгсөн: “... Би Н.Б*******өөс уучлалт гуйж бид хоёр учир зүйгээ олсон. Мөн Б*******ийн эмчилгээний зардалд гарсан бүх мөнгийг би төлж барагдуулсан. Эмчилгээний зардалд 2,500,000 орчим төгрөг төлсөн. Мөн цаашид гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн тохиолдолд тухайн зардлыг би төлөх болно. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Ш.С******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө Булган аймгийн Г******* сумын Тогоо 1 дүгээр багийн нутагт оршин суух Н.Б*******ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, зодсоны улмаас баруун хацар ясны нумын сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/2645 дугаартай шинжээчийн “... Н.Б*******ийн биед баруун хацар ясны нумын сэлтэрсэн хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, зовхи, дух, зулайн баруун урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР хохирол гэж ойлгох бөгөөд учруулсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ш.С*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Ш.С*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Ш.С******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.С*******ын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар  гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.С******* нь хохирогч Н.Б*******ийн эмчилгээний зардалд 2.500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд  төлсөн, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Н.Б******* нь гомдол саналгүй гэх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.Б*******ийн эмчилгээний зардал учирсан 3.558.627 төгрөгийг шүүгдэгч Ш.С******* нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн тухай баримтыг хэрэгт гаргаж өгсөн болохыг дурдъя.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.С*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 128-132 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.С******* нь Булган аймгийн Г******* сумын Тогоо 1 дүгээр багт оршин бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.Сэр-одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийн төрөл хэмжээнээс 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж  чөлөөлүүлэх саналыг,

Шүүгдэгч Ш.С*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбатын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.С*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж дүгнэв.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.С******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Ш.С*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.С******* нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А******* овогт Ш*******ын С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Ш.С******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Ш.С*******оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Б******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ