| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/01843/И |
| Дугаар | 102/ШШ2022/2092 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2022/2092
| 2022 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2022/02092 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, ***ХХК-ийн /РД:***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод байрлах, *** ХХК-д /РД:***/ холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,516,580 /нэг сая таван зуун арван зургаан мянга таван зуун ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *** ХХК 2020.08.18-ны өдөр 136,600 төгрөг, 2020.09.03-ны өдөр 268,850 төгрөг, 2020.09.08-ны өдөр 439,380 төгрөг, 2020.09.23-ны өдөр 175,120 төгрөг, 2020.10.06-ны өдөр 172,000 төгрөг, 2020.10.13-ны өдөр 159,630 төгрөг, 2020.10.20-ны өдөр 159,000 төгрөг буюу нийт 1,510,580 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалж аваад төлбөр тооцоог төлөөгүй тул нотариатын зардал 6,000 төгрөгийн хамт нийт 1,516,580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүхэд нэхэмжлэгчээс 7 удаагийн бараа хүлээлгэн өгсөн зарлагын баримтууд, Мэдэгдэл, нотариатын төлбөрийн баримтыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
***ХХК нь *** ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,516,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2020.08.18-ны өдрөөс 2020.10.20-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр 1,510,580 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.
Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь худалдан авагчийн өмчлөлд бараа шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд баримтуудаа нотариатаар батлуулж, 6,000 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *** ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,516,580 төгрөг гаргуулан, ***ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 39,220 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 39,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Хариуцагчийн төлөөлөгч С.***д нэхэмжлэлийн хувийг 2022.05.19-ний өдөр гардуулан, эрх үүрэг тайлбарласан, хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
Түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** ХХК-иас /РД:***/ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,516,580 /нэг сая таван зуун арван зургаан мянга таван зуун ная/ төгрөг гаргуулан, ***ХХК-д /РД:***/ олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 39,220 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 39,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ