| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч П.Т*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Т*******өд холбогдох эрүүгийн 2515000000055 дугаартай, 304/2025/0070/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж******* овогт П*******ийн Т*******, 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт, Булган аймгийн ******* сумын Т******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, 48 настай, эрэгтэй,
урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:*******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Т******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000000055 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч П.Т******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргээгдээгүй байх хугацаандаа буюу 2025 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Булган аймгаас ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ амьсгалд 2.47 хувийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан Б.Цэрэннамжилын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл, уг согтуурал хэмжих драгер багажид үзлэг хийсэн тэмдэглэл, амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүрийн физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, гэрч Ж.Мөнхзул, Т.Баттөмөр, Б.Цэрэннамжил, Д.Оюунгэрэл нарын өгсөн мэдүүлэг, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, яллагдагч П.Т*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч П.Т*******ийн амьсгал дахь спиртийн агууламж 2.47 промил гарсан болох нь эрх бүхий албан тушаалтан Б.Цэрэннамжилын 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар П.Т*******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан байна.
Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч П.Т*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Т******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч П.Т*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч П.Т*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 мянган төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял дээр урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 8 /найман/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4000 (дөрвөн мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Т******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.Т*******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 8 /найман/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж******* овогт П*******ийн Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4000 (дөрвөн мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Т*******ийн урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 22 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ялын нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 2 /хоёр/ жил 8 /найман/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т*******өд оногдуулсан 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Т*******өд сануулсугай.
6. Шүүгдэгч П.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т*******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 8 /найман/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч П.Т******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ