| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/00176/И |
| Дугаар | 102/ШШ2022/02150 |
| Огноо | 2022-06-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2022/02150
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, ...4 тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Э...ны Э...гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Т... овогт Б...гийн Б...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Д...ын Н...,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, ... байранд байрлах, Н... газар нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.Э...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н..., хариуцагч Б.Б..., Д.Н... /цахимаар/, Н... газар газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П..., М.Б.., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г...ББСБ, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М..., Ц.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Э.Э... нь хариуцагч Б.Б..., Д.Н..., Н... газар газарт холбогдуулан Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би Нийслэлийн ... албанд 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2016 онд манай ажлаас ажилчдын орон сууцаар хангах, залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг, ... тоот 80,29 м.кв орон сууцыг суурийн ажил эхлэж байх үед урьдчилгаа 50 хувь болох 50 000 000 төгрөгийг гүйцэтгэгч И... ХХК-д төлж барагдуулсан байсан.Өөрийн ээж Д.Н... болон эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг ... тоот 2 байранд амьдарч байсан учир өрх тусгаарлан эхнэр хүүхдийн хамт тусдаа гарахаар өөрийн цалингийн зээл, эхнэрийн цалингийн зээлийг уг байрны урьдчилгаанд өгсөн.Ингээд байр ч ашиглалтанд орох болж үлдэгдэл төлбөр 50 хувийг бүрдүүлж өгөх боломж олдохгүй явж байтал ээж Д.Н...н найз Б.Б... эгч нар нь ажил дээр ирж уулзан дээрх миний захиалсан байрны худалдан борлуулах үнэ 1 м.кв нь 3 000 000 төгрөг байсан.Б.Б... нь барилгын материал барилгын компаниудад нийлүүлдэг бартериар хямд байр олоод өгье, уг байрыг чинь 1 м.кв-ыг нь 3 000 000 төгрөгөөр бодож авах хүн байна эгч нь эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаад байна оронд нь барилгын материал нийлүүлсэн төлбөрт ирэх Хан-Уул дүүрэг Н... центрийн хажууд баригдаж байгаа ... барилгаас 3 өрөө орон сууц авч өгье гэсэн.Ингээд би Б.Б... эгч, ээж Д.Н... нарт итгэн байрны гэрчилгээ шилжүүлэх эрх олгож 2019 оны 2 дугаар сард Б.Б...тай болзол тавьж хийсэн хэлцэл байгуулсан, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ээжийн найз Б.Б... уг байрыг миний мэдэлд шилжүүлж байгаа баталгаа бичиж өгсөн байдаг.Ингээд 2020 оны 1 сард Баянгол дүүрэг, 9 хороо, Ард Аюушын өргөн чөлөө, ... тоотод байрлах байрыг батераар Б.Б...ын Б... ХХК-иас ээж Д.Н...н нэр дээр шилжүүлж өгсөн байдаг.Үүнээс үүдэн би эхнэр хүүхдээ тусдаа гарган авч чадахгүй өдийг хүрсэн.Ээж Д.Н...н нэр дээр тус байрыг бүртгүүлсэн гэрчилгээтэй боловч миний мэдлийн бидний гэр бүлийн эд хөрөнгө юм. Гэвч ээж Д.Н... нь бидэнд огт мэдэгдэлгүй Г... ББСБ, ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд тавьж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг битүүмжилж, байраа алдахад хүрээд байна.Ээж Д.Н...н энэ үйлдлийг би ердөө мэдээгүй, 2021 оны 12 дугаар сард гэрт очтол мэдэгдэл ирэхэд л мэдэж байна. Шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл авах боломжгүй явсаар өдийг хүрсэн.Ингээд бусад хүмүүсийн авч хэрэглэсэн мөнгөний өрөнд би орон байраа хураалгах болсноо одоо л мэдэж байна. Ээж Д.Н... надаас түүнийгээ нуугаад хэлэлгүй яваад өдий хүрсэн байна.Одоо тус байранд Б.Б... эгч амьдарч байгаа юм. Гэтэл дээрх эд хөрөнгийг НШШГГ мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” захирамжаар ээж Д.Н...гээс 62.965.987 төгрөгийг гаргуулж Г... ББСБ, ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хэргийн гүйцэтгэлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд байгаа, уг нь миний байрыг барьцаалж надад мэдэгдэхгүйгээр тус мөнгийг авч хэрэглэсэн хүн нь Д.Н..., Б.Б... нар болно.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулах үүрэгтэй гэж үзэж байна.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоосон баримт биш, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д “...Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ...” гэж зааснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь хууль зөрчиж хууль ёсны өмчлөгч миний болон бидний хүүхдүүдийн өмчлөлийн байрыг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 122 зүйлийн 122.3-т “...Энэ хуулийн 44.3, 63.4-т заалтаар шүүхэд гомдол гаргах эрх олгосон заалт гэж ойлгож байна.Иймд миний өмчлөх эрх, эд хөрөнгийн эрхийг хамгаалж, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай, ... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Д.Э... болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Иргэн өөрийнхөө ямар нэг эрх ашгийг зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандаж, шийдвэрлүүлэх эрхтэй, уг эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлийнх, тус орон сууцын уг үндэслэл нь юунаас үүдэлтэй вэ гэж нэхэмжлэгчийн үндэслэлээ гаргасан. Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоёрыг хооронд нь хольж тайлбар гаргаж байна.Миний хувьд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа.Хариуцагч Д.Н..., Б.Б... нар нэхэмжлэгчийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх замаар өмнөх хэлцлүүдийг байгуулсан.Нэхэмжлэлийн шаардлагадаа үнийн дүн зөрүүтэй гэж байна.Угаасаа орон сууцын метр квадратад зөрүү гардаг.Гол нь нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөрөө өгч чадахгүй байдалд хүрэхэд хариуцагч Д.Н..., Б.Б... нар бид ямар ч зээлийн гэрээгүйгээр орон сууцыг авч, оронд нь гэрчилгээ гарсан орон сууц өгье гэж талууд тохиролцсон.Болзол тавьж хийсэн хэлцэл болон бусад хэлцлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу байгуулсан.Гол нь хариуцагч Д.Н..., Б.Б... нарын Г... ББСБ, ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаад Э.Э...гийн орон сууцыг тавихдаа анхнаасаа нэхэмжлэгчийг төөрөгдүүлж, гэрээ байгуулсан.Зээлийн гэрээний үүрэг хэдий хэвээр байх ч тус барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, 85А тоот нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, өөрийн өмчлөлд тухайн орон сууцыг бүртгүүлэх гэж шүүхэд хандсан юм гэв.
Хариуцагч Д.Н... хариу тайлбартаа:Би Б.Б...тай Говь-Алтай аймагт 10 жил хамт суралцаж төгссөн найзууд ба Б.Б... хар, цагаан замаск, өрлөг шалны тор хийж барилгын компанид бартер хийдэг гэхэд нь би барилгын тухай асууж, хүү Э...гийн захиалсан байрны тухай ярьж байсан. Б.Б... 2019 оны хавар надтай уулзаж, бартераар хямдхан байр авдаг тухай ярьж, хороололд Б... компанийн барилгад хар, цагаан замаск нийлүүлж, 64 м.кв байр авахаар бартер хийж байгаа, энэ компанийн захирал танай хүүгийн байрыг зарчих гээд гуйгаад байна, би танай хүүд Н... центрийн орон сууцнаас 3 өрөө байр бартераар аваад өгөх боломж байна гэж ярихад нь би үүнийг мэдэхгүй, Э...той уулз гэж хэлсэн, маргааш нь Э...той уулзуулаад өгөөч гэж ирэхээр нь Э...гийн ажил дээр нь очиж уулзуулсан, орой би хүүтэйгээ ярилцаад, Э...гийн захиалсан байрыг Б.Б...д өгч, Б.Б... нь Э...д Н... центрийн орон сууцны барилгаа 3 өрөө орон сууц бартераар авч өгөхөөр болж, Б.Б..., Э... нар хэлцэл хийж, тохиролцсон тул Э...гийн нэхэмжлэл үндэстэй.Э.Э...гийн захиалсан орон сууцыг ... дэх орон сууцыг авах хүртэл Баянгол дүүрэг дэх орон сууцыг шилжүүлж өгье гээд шилжүүлсэн, Г...ББСБ, ХХК-д төлөх төлбөрийг хариуцагч Б.Б... бид хоёрт төлөх боломж бий.Шийдвэр гүйцэтгэгч уг хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр буюу мэдээгүй байхад ажиллагаа явуулж, дуудлага худалдаа явуулсан байсан, Г... ББСБ, ХХК-д хариуцагч Б.Б... эхний ээлжид 35 000 000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг графикаар төлье гэж очсон байсан.Ингэж төлөх боломж байсан тул хоорондоо ярилцаж, төлбөрийг төлөх боломжтой байх гэж бодож байсан гэв.
Хариуцагч Б.Б... хариу тайлбартаа:Э.Э...гийн ээж Д.Н...тэй 10 жилийн нэг ангийн найзууд бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажилладаг ажлаас нь ажилчдыг орон сууцаар хангах, залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн ... тоот, 80,29 м.кв талбайтай орон сууцыг суурийн ажил эхэлж байх үеэс урьдчилгаа 50 000 000 төгрөгийг гүйцэтгэгч И... ХХК-д төлсөн.Тухайн үед Д.Н...н хүү байранд орох гэтэл үлдэгдэл төлбөр байхгүй гэж байсан, би байрыг нь зараад бартераар зээлгүй байр олоод өгье гэж хэлсэн, Д.Н... бид хоёр Э.Э...той уулзаад байрыг нь бэлэн авах хүнд зараад, зээлгүйгээр байр олоод өгье гэж хэлсэн, байрных нь оронд Хан-Уул дүүргийн ... хажууд баригдаж байгаа ...ын барилгаас 3 өрөө орон сууц авч өгье гэж 2019 оны 2 дугаар сард Э.Э...той болзол тавьж хийсэн хэлцэл байгуулсан.Х...ын байрны ажил хойшлогдсон тул Э.Э...г түр өөр 3 өрөө байр авч байгаач эгч нь удахгүй зохицуулаад өгнө гээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн ... тоотод байрлах байрыг Б... ХХК-иас Д.Н...н нэр дээр шилжүүлж өгсөн.Би Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар очиж дуудлага худалдаанд орсон, би өөрөө зүтгэж 80 000 000 төгрөгөөр авах гэж дуудлага худалдаанд оролцсон, өөрийн амьдарч байгаа орон сууцыг Б... ХХК-ийн хийсэн ажлын хөлсөнд авсан.Х... ХХК-тай хийсэн гэрээ удаашраад байсан тул Э.Э...д ордер нь гарсан орон сууцыг өгөхөөс гэж ярьсан.Э.Э...гийн захиалсан орон сууцыг Б... ХХК авч оронд нь надтай гэрээ хийж тухайн орон сууцыг Э.Э...д өгөх юм шүү гэж гэрээ хэлцэл байгуулсан гэв.
Хариуцагч Н... газар газар хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар Д.Н...гээс 62 956 987 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 271 490 төгрөгийг гаргуулж, Г... ББСБ, ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Н...д шүүхийн шийдвэрийг биелүүлэхииг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Баянгол дүүргийн ... Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ... тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 2021 оны 7 дугаар өдрийн ... дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2021 дугаар сарын 20-ний дотор төлөхийг мэдэгдсэн.Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн .../10 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Н... үний санал ирүүлээгүй тул 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ... дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар тогтоолгоход 110.930.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авсан.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн ..., ... тоот албан бичгээр төлбөр төлөгчийн оршин суух хаяг болон хорих ... дугар ангид ял эдлэж байгаа Д.Н...д мэдэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны дуудлага худалдаанд дэнчин ирээгүй гэсэн үндэслэлээр худалдан борлогдоогүй.2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ... дугаар тогтоол, 4-... дугаар мэдэгдэлийг төлбөр төлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н...т мэдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 80 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай мэдэгдэлийг төлбөр төлөгч болон түүний итгэмжлэгдсэн албан бичгээр мэдэгдсэн.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Э.Э...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г...ББСБ, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М... тайлбартаа:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаа үйлдэл гэж гуравдагч этгээдийн зүгээс дүгнэж байгаа.Хариуцагч Н... газар байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч сая дурдлаа. Барьцаа хөрөнгийн дуудлага худалдаанд оролцогч этгээд буюу дуудлага худалдаанд ялагч этгээд тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Б.Б... гэх этгээд юм.Тэрээр орон сууцыг 80 000 000 төгрөгөөр худалдаж авсан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана.Э.Э... болзол тавьж хийсэн хэлцлийн дагуу Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах, орон сууцыг миний өмчлөлийн хөрөнгө гэж нэхэмжлэл гаргасан.Хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст байх болзол тавьж хийсэн хэлцэл бий.Тус хэлцэлд нэхэмжлэлд дурдагдсан орон сууц огт дурдагдаагүй, үүнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр М... Тауны урд талд байрлах Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын ажилчдын 90 айлын орон сууцад 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... тоот захиалгын гэрээний дагуу Э.Э... өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон А блокийн ... хаалганы 75.68 метр квадрат 3 өрөө орон сууцыг Б... ХХК-ийн захирал Б.Б...ын барилгын материалын төлбөрт авахаар тохиролцсон.2019 оны 12 дугаар сард ашиглалтад орох Хан-Уул дүүргийн Н... центрт байх барилгаас 60.93 метр квадрат 3 өрөө орон сууцаар солилцох харилцааг зохицуулахад оршино гэж байна.Гэрээнд дурдагдсан 2 орон сууц, гэрээний дугаар хэрэгт авагдсан ямар ч баримтад байхгүй, энэ 2 хүний хэрэг үүсгэхийн тулд хийсэн гар бичмэл байгаа. Огнооны хувьд хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, 2019 оны 10 дугаар 26-ны өдрийнх. Үүнд Б.Б... байгаа болохоос Б... ХХК ямар ч хамааралгүй гэх албан тоот үйлдэгдсэн байдаг.Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууц өөр хаягтай байна.Э.Э... орон сууцын захиалга хийдэг Төрийн албан хаагч байх шиг байгаа юм.Үүнээс харахад 2016 онд бас л Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 220 айлын цогцолбор хотхоны ... дугаар байрны ... тоот дахь 80.29 метр квадрат гэх өөр орон сууцыг гарч ирсэн байна.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оноос 2019 оны 5 дугаар сарыг хүртэл урьдчилгаа 50 хувийн төлбөр болох 500 000 000 төгрөгийг гүйцэтгэгч И... ХХК-д төлж барагдуулсан гэж дурдсан байсан.Хавтаст хэргийн 12 дугаар хуудаст И... ХХК-тай байгуулсан захилга гүйцэтгэх гэрээ авагдсан байгаа.Тус гэрээнд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 7 дугаартай гэрээ бий. Гэтэл хариуцагч Б.Б..., нэхэмжлэгч Э.Э...гийн болзол тавьж хийсэн хэлцэл өөр огноотой, ... 3 дугаартай захиалгын гэрээ байна.Ийм хоорондоо ямар ч авцалдаагүй гэрээнүүд байна.Тус 7 дугаартай гэрээнд нийт үнийн дүнг 110 398 000 төгрөг гэж байгаа.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орон сууцын 50 хувийн төлбөр буюу 50 000 000 төгрөгийг төлсөн гэж байгаа.Гэтэл захиалгын гэрээний 2.1-т захиалагч нь нийт орон сууцын үнийн дүнгээс урьдчилгаа төлбөрт 78 755 750 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 31 821 000 төгрөг гэж байгаа.Хэрэгт хоорондоо авцалдаагүй баримт өгч иргэний хэрэг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаа нь тогтоогдож байна.Н... центрээс барилга авна гэж дурдсан боловч Б... ХХК болон Х... хоёрын хооронд байгуулсан гэрээ хэлцэл байхгүй, үүнтэйгээ холбоотойгоор нөхцөл заадаггүй, хоорондоо байгуулсан гэрээ нь тамга тэмдэг, нотариатаар батлуулсан зүйл байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг хавсарган иргэний хэрэг үүсгэсэн.И... ХХК-ын барилга яасан нь мэдэгдэхгүй.Э.Э... орон сууцыг зарсан уу, бусдад шилжүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н...гээс Н.Н...т өгсөн итгэмжлэл өгсөн.Мөн хариуцагч Б.Б... манай байгууллагатай болон Н... газар ажилтантай ч уулзаж байсан.Тухайн барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцож шилжүүлье гэх хүсэлт ирүүлсэн нь хэрэгт авагдсан.Хариуцагч Б.Б... өнөөг хүртэл тухайн орон сууцад оршин суудаг.Б... ХХК-иас гэрчилгээ гарснаас 2 өдрийн дараа орон сууцыг Д.Н...н нэр дээр шилжүүлж манай байгууллагаас зээл авсан. Э.Э...гийн эрх ашиг нь хөндөгдөж байсан бол өнөөдрийг хүртэлх хугацаанд хаалт хийлгэх, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх эрх нь нээлттэй байсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:Н.Н...т олгосон итгэмжлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүрэг, ... тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Б...ын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан батламж, Н... газар газрын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт, Э.Э...гийн И... ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгчийн Х... банкин дах дансны хуулга, нэхэмжлэгчийн Б.Б...тай 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хийсэн хэлцэлийг шүүхэд өгсөн./хх 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-16, 17-20, 21-22/
Хариуцагч Н... газар газар:Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, Б... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай ... дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар захирамж, Г... ББСБ, ХХК-ийн хүсэлт, Г... ББСБ, ХХК-тай Д.Н...н 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Н... газар газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Н... газар газраас Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан хүсэлт, Д.Н...н өмчлөлийн Баянгол дүүрэг, .. тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай, ... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, Г... ББСБ, ХХК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлт, Н... газар газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан, Н... газар газраас Д.Н..., Г... ББСБ, ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн тогтоол, дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн тогтоол, Д.Н..., Г... ББСБ, ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлүүд, Д.Н...гээс Н.Н...т олгосон 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Н... газар газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, албадан дуудлага худалдааны зар, хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Н... газар газраас Д.Н...д явуулсан мэдэгдэлүүдийг шүүхэд өгсөн./хх 68-111, 112-134, 136-164/
Хариуцагч Д.Н..., Б.Б... нараас шүүхэд баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Миний захиалсан Хан-Уул дүүрэг, ... тоотод байршилтай, 80,29 м.кв талбайтай, урьдчилгаа 50 000 000 төгрөгийг гүйцэтгэгч И... ХХК-д төлсөн байрыг Б.Б... авч, оронд нь Хан-Уул дүүрэг Н... центрт баригдаж байгаа Х...ын барилгаас 3 өрөө орон сууц авч өгөхөөр тохирч болзол тавьж хийсэн хэлцэл байгуулсан.
Б.Б... уг байрыг миний мэдэлд шилжүүлж байгаа баталгаа бичиж 2020 оны 1 сард Баянгол дүүрэг, ... тоотод байрлах байрыг ээж Д.Н...н нэр дээр шилжүүлж өгсөн байдаг.
Гэтэл ээж Д.Н... нь надад мэдэгдэлгүй Г... ББСБ, ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд тавьж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг битүүмжилж, байраа алдахад хүрсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 122 зүйлийн 122.3-т “...Энэ хуулийн 44.3, 63.4-т заалтаар шүүхэд гомдол гаргах эрх олгосон гэж ойлгож байна.Иймд Баянгол дүүрэг, ... тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай, ... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Д.Э... болохыг тогтоож өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч Д.Н... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд:Э.Э...гийн захиалсан байрыг Б.Б...д өгч, Б.Б... нь Э.Э...д Н... центрийн орон сууцны барилгаас 3 өрөө орон сууц бартераар авч өгөхөөр болж, Б.Б..., Э.Э... нар хэлцэл хийж, тохиролцсон тул Э.Э...гийн нэхэмжлэл үндэслэлтэй.Э.Э...гийн захиалсан орон сууцыг Х...ын Н... центр дэх орон сууцыг авах хүртэл Баянгол дүүрэг дэх орон сууцыг шилжүүлж өгье гээд шилжүүлсэн гэж тайлбарласан.
Хариуцагч Б.Б... нэхэмжлэлийг дэрээх үндэслэлээр зөвшөөрсөн.Үүнд:
Э.Э... Хан-Уул дүүргийн ... дугаар байрны 1002 тоот, 80,29 м.кв талбайтай орон сууцыг захиалж, суурийн ажил эхэлж байх үеэс урьдчилгаа 50 000 000 төгрөгийг гүйцэтгэгч И... ХХК-д төлсөн байсан, байрандаа орох гэтэл үлдэгдэл төлбөр байхгүй гэж байсан, би байрыг нь зараад, оронд нь Хан-Уул дүүргийн Н... центрийн хажууд баригдаж байгаа Х...ын барилгаас 3 өрөө орон сууц авч өгье гэж 2019 оны 2 дугаар сард Э.Э...той болзол тавьж хийсэн хэлцэл байгуулсан.
Х...ын байрны ажил хойшлогдсон тул Э.Э...г түр өөр 3 өрөө байр авч байгаач гээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн ... тоотод байрлах байрыг Б... ХХК-иас Д.Н...н нэр дээр шилжүүлж өгсөн.
Х... ХХК-тай хийсэн гэрээ удаашраад байсан тул Э.Э...д ордер нь гарсан орон сууцыг өгөхөөс өөр арга алга гэж ярьсан.Э.Э...гийн захиалсан орон сууцыг Б... ХХК авч, оронд нь надтай гэрээ хийж тухайн орон сууцыг Э.Э...д өгөх юм шүү гэж гэрээ хэлцэл байгуулсан гэж тайлбарласан.
Хариуцагч Н... газар газар нэхэмжлэлийг дэрээх үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар Д.Н...гээс 62 956 987 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 271 490 төгрөгийг гаргуулж, Г... ББСБ, ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Н...д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүрэг, .... тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Б...ын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан батламж, Н... газар газрын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт, Э.Э...гийн И... ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгчийн Х... банкин дах дансны хуулга, нэхэмжлэгчийн Б.Б...тай 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хийсэн хэлцэл, Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай ... дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар захирамж, Г... ББСБ, ХХК-ийн хүсэлт, Г... ББСБ, ХХК-тай Д.Н...н 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Н... газар газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Н... газар газраас Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан хүсэлт, Д.Н...н өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушын өргөн чөлөө, ... тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай, ... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, Г... ББСБ, ХХК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлт, Н... газар газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол, Х... төв ХХК-ийн үнэлгээний тайлан, Н... газар газраас Д.Н..., Г... ББСБ, ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн тогтоол, дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн тогтоол, Д.Н..., Г... ББСБ, ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Н... газар газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, албадан дуудлага худалдааны зар, хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Н... газар газраас Д.Н...д явуулсан мэдэгдэлүүд, зохигч талуудын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э.Э..., Б.Б... нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн “Болзол тавьж хийсэн хэлцэл”-д...”Энэхүү хэлцэл нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр М... таун хотхоны урд талд баригдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилчдын 90 айлын орон сууцанд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн... тоот захиалгын гэрээний дагуу Э.Э...гийн өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон А блокны 10 давхарт 10 Б хаалганы 75.68 м.кв, 3 өрөө орон сууцыг Б... ХХК-ийн захирал Б.Б...ын барилгын материалын төлбөрт авахаар тохиролцсон 2019 оны 12 дугаар сард ашиглалтд орох Хан-Уул дүүрэг, Н... центрт баригдаж буй барилгаас 69.93 м.кв, 3 өрөө орон сууцаар солилцох харилцааг зохицуулана, Э.Э...гийн өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон А блокны 10 давхарт 10 Б хаалганы 75,68 м.кв, 3 өрөө орон сууцны нэг мкв-ийн үнийг 3 000 000 төгрөгөөр тохиролцсон, Э.Э...гийн өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон А блокны 10 давхарт 10 Б хаалганы 75,68 м.кв, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарах үед Б.Б...ын нэр дээр шилжүүлж өгнө, Б.Б... 2019 оны 12 дугаар сард ашиглалтад орох Хан-Уул дүүрэг, Н... центрт баригдаж буй барилгаас 69,93 м.кв, 3 өрөө орон сууцны захиалгын гэрээг Э.Э...гийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон” гэжээ./хх 21-22/
Б.Б...ын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан батламжид-Би Э.Э...той хийсэн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр болзол тавьсны дагуу Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... тоотыг миний эзэмшлийн Б... ХХК-ийн нэрээс Э.Э...гийн ээж Д.Н...д шилжүүлж өгөхөөр уг баталгааг гаргасан болно.Болзол тавьж хийсэн хэлцлийн дагуу үүргийн гүйцэтгэлд тусгасан байрыг Э.Э...д шилжүүлэх хүртэл энэ байрыг Э.Э...гийн өмчлөлд шилжүүлж байна” гэжээ./хх 9/
Дээрх Э.Э..., Б.Б... нарын хооронд хийгдсэн хэлцэл болон Б.Б...ын батламжаас үзэхэд Э.Э...гийн урьдчилгаа 50 000 000 төгрөг төлж, И... ХХК-д захиалсан байрны гэрчилгээг гарахаар Б.Б...д шилжүүлж өгөх, Б.Б... нь Хан-Уул дүүрэг, Н... центрт баригдаж буй барилгаас 69,93 м.кв, 3 өрөө орон сууцны захиалгын гэрээг Э.Э...гийн нэр дээр шилжүүлж өгөх, энэхүү хэлцлийн баталгаа болгож Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрхийг Д.Н...д шилжүүлэхээр тохирсон байна.
Түүнээс Б.Б... нь Э.Э...гийн И... ХХК-д захиалсан байрны оронд Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушын өргөн чөлөө, ... тоот хаягт байрлах, 64 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Э.Э...д шилжүүлж өгнө гэж тохироогүй байна.
Б.Б... Э.Э... нарын хооронд хийгдсэн Иргэний хуулийн 39 дугаар зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал түүнийг хүлээн авснаар тохиролцож, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх бөгөөд Б.Б... нь Э.Э...г төөрөгдүүлж, эсхүл хууран мэхэлж дээрх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай, ... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Н... бүртгэгдэж, гэрчилгээ нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байна./хх 132/
Хан-Уул дүүрэг, Н... центрт баригдаж буй барилгаас 3 өрөө орон сууцны захиалгын гэрээг Э.Э...гийн нэр дээр шилжүүлж өгөх хүртэл баталгаа болгож Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрхийг Д.Н...д шилжүүлсэн гэх үйл баримт нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Н..., Б.Б... нарын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Б.Б... нь Хан-Уул дүүргийн Н... центрт баригдаж байгаа барилгаас 3 өрөө орон сууцны захиалгын гэрээг Э.Э...гийн нэр дээр шилжүүлж өгөх хүртэлх хугацаанд баталгаа болгож, Баянгол дүүрэг, ... тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрхийг Д.Н...д шилжүүлснээр Э.Э...д дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэхгүй юм.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... тоотод байршилтай орон сууцыг эзэмших эрх Э.Э...д үүсээгүй бөгөөд мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар өмчлөгч гэж тооцогдох үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байна.
Иймд хэлцлээр болон хуульд заасан үндэслэлээр Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрх Э.Э...д шилжээгүй байхад түүний өмчлөх эрхийг хариуцагч нар зөрчсөн байх боломжгүй байна.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хийж, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... тоотод байршилтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байгааг нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард Аюушын өргөн чөлөө гудамж, ... тоотод байршилтай, орон сууцны өмчлөгөөр тогтоолгох тухай Э.Э...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН