| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Х.У*******,
шүүгдэгч Л.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б*******д холбогдох эрүүгийн 2415001530202 дугаартай, 304/2025/0032/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Чо******* овогт Л*******н Б*******, Орхон аймгийн Б******* суманд 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн Б******* сумын *******,******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 29 настай, эрэгтэй, /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.У*******тай маргалдаж улмаар түүний биед халдан зодож тархины доргилт, нугасны мэдрэлийн угийн үрэвсэл, бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415001530202 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэр эгч Х.У*******тай маргалдаж улмаар түүний биед халдан зодож тархины доргилт, нугасны мэдрэлийн угийн үрэвсэл, бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б*******гийн өгсөн:Тухайн хэрэг маргаан дээр миний бухимдаж гомдож байгаа зүйл нь хохирогч У******* эгчийн мэдүүлсэн шиг үстэж чирч цохиж зодсон зүйл байхгүй байхад тийм мэдүүлэг өгсөнд нь бухимдаж гомдож байна. Өмнөх шүүх хуралд дээр гаргаж өгсөн бичлэг дээр болсон зүйл процесс миний өгсөн мэдүүлэгтэй зөрөхгүй таарч байгаа. Ганц зөрж байгаа зүйл нь У******* эгч мэдүүлэгтэй нохойг минь дайрч санаатай алсан гэж мэдүүлдэг. Уг бичлэг дээрээс нохойг дайраад гэмтээгээд нохой үхсэн зүйл надад харагдаагүй. Би биеэ хамгаалж аргагүй хамгаалалт хийж үснээс нь зулгаасан. Түүнээс биш зодож нүдсэн зүйл надад байхгүй. Утсан дээр байгаа зураг бичлэг нь хэргийн хангалттай нотлох баримт болж чадахгүй хэргийн дараа хийсэн бичлэг. Бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, би санаатайгаар гэмтэл учруулаагүй гэх мэдүүлэг,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.У*******гийн өгсөн: 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэртээ үнээгээ сааж дуусаад гэртээ орж ирээд сүүгээ машиндаад сууж байтал Б******* ирсэн. Манай нөхөр Т хэдэн гүүндээ туулга хийчихээд ирье гээд явсан байсан. Б*******, Т хоёр Б*******гийн азарганд гүү хураалгах гэсэн азарга нь гүүгээ хураахгүй манай урдуур дээшээ доошоо зөндөө явсан. Б******* манайд ирчихээд буцаад явах гэж байхад нь манай нохой Б******* лүү дүүлж байгаад алдуураад Б******* лүү дайрсан. Манай нөхөр нохойгоо барьж аваад уячихаад адуундаа явсан. Тэгсэн Б******* яваагүй мотоциклоо сүүний песитикийг налуулж тавьж байгаад нохойг маань нүдээд эхэлсэн. Миний хажуу талаас мод авах гэж ирэхээр нь юунд уурладаг юм бэ миний дүү гэсэн тун удалгүй мотоциклоо унаад яваад өгсөн. 5-10 минутын дараа Б******* машинаа унаад шороо маналзуулж хүрч ирээд нохойг маань уяан дээр нь дайраад унагаачихсан. Дахин дайрах оролдлого хийгээд нохой маань зугтаад байхаар нь песитикний урдаас мод авах гээд ирэхэд нь тайвшир миний дүү юунд уурладаг юм гэж хэлж байсан. Б******* модоор нохойны маань гинжин дээр тэгнүүлж тавьсаар байгаад нохой маань хөдлөх газаргүй болчихоор нь би нохойгоо харсаар байгаад алуулчихгүй юмсан гээд яваад очсон. Б******* өөрөө тэр нохойг бид хоёрт өгсөн нохой их тэжээдэг хүн. Нохой маань төв газар өссөн болохоор хүн мал руу дайрдаг. Дайрдаг нохой болохоор байнга уяатай байдаг. Тэгээд би явж очоод гинж нь тасарчихсан гээд гинжийг нь харуулсан над руу уурлаад машинаасаа бууж ирээд миний үснээс зулгаагаад авсан. Би Б*******г намайг зодно гэж ёстой бодоогүй. Би Б*******г уурлуулах нэг ч үг хэлээгүй юунд уурладаг юм миний дүү гэсэн намайг цохиод авсан. Миний үснээс зулгаагаад толгойг минь доош нь дарчихсан. Т гэртээ ирээд намайг харчихаад мотоциклоо унаад Б*******гийнх рүү явсан. Урьд нь Б*******, Т хоёр зодолдоод Б*******, Тийг зодчихсон болохоор зодоон хийчих байх гэж бодоод Тийн араас машинаа унаад явсан. Би Б*******гийн гадаа очоод машинаасаа буугаагүй Б******* худлаа ярьж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр Б*******гийн үгийг шүүгч, прокурор, өмгөөлөгч нар 2, 3 цаг сонссон намайг маш их үг хэлээр доромжилсон. Одоо Б*******гээс эмчилгээний зардал 1,932,000 төгрөг, мах сүүний мухлаг ажиллуулдаг байсан түүний сарын орлого 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирлыг 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 12,99% үржүүлээд 8,573,400 төгрөг, мөн намайг Япон улсад байхад шүүх хуралд заавал ирж оролц намайг оргон зайллаа гэж дарамтлаад байсан болохоор Монголд ирсэн замын зардал 1,418,500 төгрөг, өмнөх шүүх хурлаас хойш мэдүүлэг өгөх нэмэлт ажиллагаанд ирж оролцсон бензин шатахуун 80,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
3. Хохирогч Х.У*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "2024 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн орчим нөхөр Л.Т бид хоёр үнээгээ сааж орж ирээд сүүгээ машиндаад сууж байтал нөхрийн дүү болох Л.Б******* мотоцикльтой ирсэн. Тэгээд явах гээд хөдөлтөл манай уяатай байсан нохойны гинж нь тасраад давхиж очтол Л.Б*******гийн унаж байсан мотоцикл унах үед Л.Б******* нь зогсож байхад манай нөхөр нохойгоо дуудаж уясан. Тэгтэл дүү нь уурлаад нохойг чинь "ална" гээд мотоциклоо сүүдрэвч түшүүлж тавиад урт мод /шургаагаар/ авч очоод нохойг минь цохиж зодож байгаад гэр лүүгээ яваад өгсөн. Тэр үед манай нөхөр адуундаа явсан. Тэгээд удалгүй нөхрийн дүү машинтайгаа ирээд уяатай нохойг минь машинаараа дайрч бас том том модоор цохиж зодож эхэлсэн. Тэр үед би сүүгээ машиндаад сууж байгаад эргээд харахад машинаараа дайрч байгаад мод авахаар бууж ирэхээр нь би "Юунд уурладаг юм бэ" одоо тайвшир гэж хэлсэн. Тэгээд арваад минут болсны дараа сүүний машинаа зогсоогоод дүүг тайвшруулах гэж очсон боловч намайг шууд машинаасаа бууж ирээд үснээс зулгааж аваад машинаа мөргүүлсэн. Тэгээд үсдэж байгаад нүүр, толгой, хүзүү, нуруу, гар луу минь цохиж өшиглөж зодож байхдаа "Янхан" авгай гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад үснээс зулгаасан чигээрээ машиндаа суугаад намайг 5 метр орчим газар чирэх үед би үсдүүлсэн толгой доош байгаа болохоор хоёр гараараа барих юм хайж байгаад машины дохионы эрчакыг нь хугалчихсан чинь машинаа зогсоож байгаад зодсон тэгээд дахиад машинаараа 3 метр орчим газар үснээс зулгаасан чигээрээ чирсэн, тэгээд "би тавиач гэсэн чинь намайг чи өөрөө тавиач гэхээр би чи үснээс зулгаасан байна тавиач гэж хэлсэн чинь намайг зулгаасан үснээс тавьсан чинь салаад үлдсэн юм..." гэх мэдүүлэг /хaвтаст хэргийн 12-14, 17-18 дахь тал/,
4. Гэрч Л.Тийн өгсөн: "... гэртээ иртэл манай эхнэр У******* уйлсан байдалтай үс нь зөндөө тасарч унасан, баруун гарын бугалга хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би эхнэр У*******гаас юу болсон талаар асуухад Б******* намайг зодчихоод явлаа гэж хэлсэн. Ингээд би Б*******тэй уулзах зорилгоор гэрт нь очсон. Гэрт нь очиход гэрт нь манай ээж Жавзанхорол, Б*******, эхнэр Оюунжаргал нар байсан. Би Б*******гийн эхнэр Оюунжаргалд намайг байхгүй байх хооронд У******* эгчийг чинь зодчихоод ирсэн байна гэж хэлсэн. Тэгтэл Б******* наад балай авгайгаа өмөөрч байгаа юм уу үзэх үү хоёулаа би хоёр хүүхдээ далд хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм хэлээд ойлгохгүй юм байна гэж бодоод орхиод явсан. Ийм л зүйл болсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
5. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Магадлуулагч Х.У*******гийн биед тархины доргилт, нугасны мэдрэлийн угийн үрэвсэл, бугалгын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байна. Тухайн хэрэг болсон гэх 2024 оны 05 дугаар сарын 18 ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Магадлуулагч Х.У*******гийн биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархины доргилт, нугасны мэдрэлийн угийн үрэвсэл гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бугалгын цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-47 дахь тал/.
6. Шинжээч эмч Б.Эын өгсөн: “... толгойтой үснээс татах зулгаах, сэгсрэх үед нугасны ёзоорын мэдрэлийн үрэвсэл өгч тархи доргих гэмтэл үүсч болно. Гарын бугалга хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь гарын бугалга хэсгээс хүчтэй атгах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
7.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 801 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Хишигжаргалын У*******гийн сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
8. Яллагдагч Л.Б*******гийн өгсөн: “...манай бэр эгч У******* уурлаж над руу дайраад нүүр нүдгүй цохиод байхаар нь би Х.У******* эгчийг өөрөөсөө холдуулах биеэ хамгаалах зорилгоор үснээс нь зулгаасан гэдгээ сайн санаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Л.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэр эгч Х.У*******тай маргалдаж улмаар түүний биед халдан зодож түүний эрүүл мэндэд тархины доргилт, нугасны мэдрэлийн угийн үрэвсэл, бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б******* нь өөрийгөө хамгаалахын тулд цохисон, санаатай цохиогүй гэж гэх буруугийн талаар маргаж оролцсон.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.У******* нь шүүгдэгч Л.Б*******г зодож гэмтэл учруулсан гэж тогтвортойгоор эх сурвалжаа заан мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан гэрч Л.Тийн мэдүүлэг, зөөврийн флаш дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.У*******гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж, шүүгдэгчийг цагаатгаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.У*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Б*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Б*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Мөн Л.Б******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Л.Б******* нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Л.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй тул түүний гаргасан хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдъя.
Хохирлын талаар:
Хохирогч Х.У******* нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ болон бензиний зардалд 1.932.500 төгрөг, ажилгүй байсан хугацааны зардалд 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8.573.000 төгрөг, Япон улсаас ирсэн тийзний зардалд 1.418.500 төгрөг, бирвазны зардалд 145.000 төгрөг нийт 15.069.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэсний дагуу хохирлыг дараахь байдлаар тогтоов.
Шинжээчийн 801 дугаартай дүгнэлтээр хохирогч Х.У*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоожээ.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцов.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан 660.000 төгрөгөөр 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3.960.000 төгрөгийг шүүгдэгч Л.Б*******гээс гаргуулж хохирогч Х.У*******д олгохоор,
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд 1,375.000 төгрөг, бензиний зардалд 513.820 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул хангаж, нийт 5.848.820 төгрөгийг шүүгдэгч Л.Б*******гээс гаргуулж хохирогч Х.У*******д олгохоор,
бирвазны зардалд нэхэмжилсэн 145.000 төгрөг мөн Япон улсаас ирсэн тийзний зардал 1.418.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.
Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хэднээс хэдний хооронд бирвазны төлбөр гэж 145.000 төгрөгийг зарцуулсан болох нь тодорхойгүй, бирвазаар гарсан гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүгдэгч Л.Б*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Япон улс руу зайлшгүй зорчин явах шалтгаан үүссэн, зайлшгүй шүүх хуралдаанд ирэх болсон гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Л.Б*******д холбогдох хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр товлон зарлаж хохирогч Х.У******* цахимаар оролцож 2026 оны 01 дүгээр сард Монгол улсад ирнэ, дараагийн хуралдаа цахимаар оролцох талаар мэдэгдэж, шүүх цахимаар оролцох боломжоор хангасан бөгөөд зайлшгүй шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн гэж үзэх боломжгүй, шүүх зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх талаар шийдвэр гаргаагүй, энэ талаараа удаа дараагийн шүүх хуралдаанд хохирогч болон шүүгдэгч нарт мэдэгдсэн байна.
Хохирогч Х.У******* нь эмчилгээ хийлгэж байх хугацаандаа ажилгүй байсан, олох ёстой байсан орлого 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан эсэх, хүн амын орлогын албан татвар төлдөг байсан эсэх талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:Шүүхээс шүүгдэгч Л.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлбөр төлөх талаар санаачилсан сэтгэл гаргасан зүйл байгаагүй. Өөрийгөө гэм буруугүй үзэж маргаж ирсэн. Шүүгдэгч Л.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг,
Шүүгдэгч Л.Б******* болон хохирогч Х.У******* нар тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Л.Б*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлөөгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж уг ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 77, 79-86 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Б******* нь Булган аймгийн Б******* сумын *******,******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чо******* овогт Л*******н Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Булган аймгийн Б******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Л.Б*******гээс 5.848.820 /таван сая найман зуун дөчин найман мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.У*******д олгохоор, ажилгүй байсан хугацааны орлого болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Л.Б*******гээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалахыг, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ