Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/02160

 

 

 

 

 

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З,Доржнамжин даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Боржигон овогт Д...ийн Б...,

Хариуцагч:Говьсүмбэр аймгийн ... тоотод оршин суух хаягтай боловч ... оршин суух, регистр ..., Б... овогт Б...ийн Ц...,

Нэхэмжлэлийн шаардлага:25 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Б..., хариуцагч Б.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б... нь Б.Ц...т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би хүүгийнхээ орон сууцыг зарахаар зар тавьсан бөгөөд зарын дагуу манай хүүтэй Их Засаг сургуульд хамт суралцаж байсан Г... гэх хүний эгч байр хайж байна гэж хэлсэн, үүний дагуу Г..., хариуцагч, хариуцагчийн дүү, дүүгийнх нөхөр нь ирж орон сууцыг үзэж, авахаар болсон.Тухайн үед Г... би мөнгөний талыг, талыг нь манай эгч Б.Ц... өгнө гэж хэлсэн.Тэрээр надад хариуцагчийг манай эгч хөдөөнөөс хотод орж ирсэн.Олон нялх хүүхэдтэй орох оронгүй гудамжинд амьдрах гээд байна гэж хэлсэн тул зөвшөөрсөн.Г... нь эгчийг өнөө маргаашгүй орон сууцад оруулъя, эгч сарын дараа тал мөнгийг нь өгнө би ч удаахгүй гэж хэлсэн тул орон сууцын түлхүүрийг хариуцагчид өгсөн.Б.Ц... 25 000 000 төгрөгийг 2 хувааж, надруу шилжүүлсэн.Г...ээс хүүгээрээ дамжуулж үлдэх мөнгийг авъя гэхэд өгнө гэж хэлсэн байсан.Мөнгийг өгөхгүй байхаар нь танай дүү яагаад мөнгөө өгөхгүй байна вэ гэж хариуцагчаас утсаар лавлахад Г... Б.Ц... нар эгч дүүс биш харин Г... нь Б.Ц...аас орон сууцын урьдчилгаа болгож 25 000 000 төгрөг авсан компанийн менежер болж таарсан.Хариуцагч тэр компаниас хүүхэдтэйгээ очиж мөнгөө нэхэж, хэрүүл хийсэн юм шиг байгаа юм.Гаргалгаа хайж байтал Г... манай орон сууцны зарыг олж, манай хүүтэй холбогдсон юм байна лээ.Манай орон сууцыг авах өдрөө Б.Ц... Г... нар эгч дүүс болж ирсэн.Би тэрэнд нь итгэсэн бөгөөд үлдэгдэл мөнгөө авъя гэж нэхэх үед л эгч дүүс биш гэдгийг нь мэдсэн.Үүний дагуу хариуцагчаас учир шалтгааныг нь тодруулахад 2018 онд Б.Ц...аас орон сууцын урьдчилгаа болгож 25 000 000 төгрөгийг авсан компани Б.Ц...ыг хулхидсан болж таарсан бөгөөд тэр компанийн менежер нь Г... болж таарсан бөгөөд надад эгч дүүс биш гэдгээ битгий мэдэгдээрэй гэж хариуцагчид хэлсэн байсан.Би тэрийг мэдээд Б.Ц...аас мөнгөө нэхэхэд би Б... буюу хариуцагчийн мөнгийг авсан байгууллагын захирлын араас явж байна гэх хариу хэлж байсан.Би Б.Ц...т сайхан сэтгэлээр хандсан, түүнийг орон сууцдаа 2 жил гаруй хугацаанд суулгасан, би байраа Б.Ц... зарсан гэж ойлгож байгаа тул хариуцагчаас 25 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би 2018 онд Т... ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн, охиндоо орон сууц авах зорилгоор орон сууцаа зарж тус байгууллагад 25 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн.Тэр байгууллага орон сууцаа бариагүй бөгөөд арматураа залилуулсан гэж ярьсан.Би ч хүлээцтэй загнаж бас л 2 жил шахуу хугацаанд хүлээсэн.Би 5 хүүхэдтэй, сүүлдээ Т... ХХК-ийн оффист нь хүүхэдтэй очиж байрласан.Би Г...тэй хуйвалдаагүй, та нар миний 25 000 000 төгрөгийг өгчих, өөр орон сууц захиална, хүлээж тэсэхгүй нь хүүхдүүд зутарч байна гэж сар шахуу хугацаанд хөдөө ажлаа хаяж Т... ХХК-ийн оффист 3 хоног байрласан.Т... ХХК-ийн захирал болох Б... 98099808 гэх утасны дугаартай бөгөөд хааяа утсаа авдаг байсан боловч сүүлдээ авахаа больсон.Тухайн үед Г... нь манай найзын аав Д.Б... 50 000 000 төгрөгийн үнэтэй, 1 өрөө орон сууц зарах гэж байгаа юм байна, та 25 000 000 төгрөгийг нь өг, бид нар 25 000 000 төгрөгийг нь өгнө гэж хэлсэн.Би 25 000 000 төгрөгийг 2 хувааж нэхэмжлэгчид өгсөн.Нэхэмжлэгчийг үлдэх мөнгөө Т... ХХК-иас авах ёстой гэж үзэж байна.Би Т... ХХК-д 25 000 000 төгрөгөө өгсөн, нэхэмжлэгч Д.Б...д ч 25 000 000 төгрөгөө өгсөн,  Би Т... ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууцны хөнгөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг Т... ХХК-д өгсөн тул би нэхэмжлэгчид 25 000 000 төгрөг төлөхгүй, Т... ХХК өгнө гэв.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, Х... банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас:Т... ХХК-иас 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Д.Б...д хүрүүлсэн мэдэгдэл, Т... ХХК-ийн Н.Х....тай 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууцны хөнгөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээ, өрөөний зохион байгуулалтын схем зураг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Т... ХХК-ийн Б.Ц...тай 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууцны хөнгөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээ, өрөөний зохион байгуулалтын схем зураг, Н.Х..., Н.Н..., Н.Э... нарын төрсний гэрчилгээний хуулбарыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Би Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаа Б.Ц...т 50 000 000 төгрөгөөр худалдсан, 25 000 000 төгрөгийг авсан, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг Б.Ц...аас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Би Т... ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууцны хөнгөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг Т... ХХК-д өгсөн тул би нэхэмжлэгчид 25 000 000 төгрөг төлөхгүй, Т... ХХК өгнө гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн Х... банкин дах дансны хуулга, Т... ХХК-иас 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Д.Б...д хүрүүлсэн мэдэгдэл, Т... ХХК-ийн Н.Ху...тай 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууцны хөнгөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээ, өрөөний зохион байгуулалтын схем зураг, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, Т... ХХК-ийн Б.Ц...тай 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууцны хөнгөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээ, өрөөний зохион байгуулалтын схем зураг, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б.Ц... нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.

Хариуцагч Б.Ц... нь тухайн орон сууцны үнийн үлдэгдэл 25 000 000  төгрөгийг би төлөхгүй, Т... ХХК нь нэхэмжлэгч Д.Б...д төлнө гэж тайлбарлан маргаж байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Б.Ц... нь Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчээс хүлээн авч, 25 000 000 төгрөгийг төлж, эзэмшиж байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байх тул тухайн хөрөнгийн үлдэгдэл үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б... нь Т... ХХК-тай хэлцэл хийгээгүй бөгөөд Б.Ц...ын худалдан авсан байрны үнийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийг Т... ХХК нь Д.Б...д төлөх үүрэггүй байна.

Нөгөө талаар Б.Ц...ын Т... ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан гэрээний дагуу төлсөн 25 000 000 төгрөгийг  2019 онд Д.Б...аас худалдан авсан орон сууцны үнэ гэж үзэх боломжгүй юм.

Харин Б.Ц... нь Т... ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ тухайн байгууллагаас шаардах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.Ц...аас 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан Д.Б...д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Ц...аас 282 950 980 төгрөг гаргуулж Д.Б...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН