Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

хохирогч Г.Э*******,

шүүгдэгч О.О******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О*******т холбогдох эрүүгийн 2515000130027 дугаартай, 304/2025/0050/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт О*******ын О*******, Булган аймгийн Булган суманд 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “*******” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг,

урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 28 настай, эрэгтэй, / *******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.О******* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18-19 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна байрлах авто зогсоол дээр хохирогч Г.Э*******ыг тээврийн хэрэгслээ холдуулсангүй гэж маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000130027 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.О******* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18-19 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна байрлах авто зогсоол дээр хохирогч Г.Э*******ыг тээврийн хэрэгслээ холдуулсангүй гэх шалтгаанаар  маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О*******ын өгсөн: 2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед хохирогч Г.Э******* нь миний машины ард машинаа тавьчихсан байсан. Би очоод ахаа гэртээ хүүхдээ харах хүнгүй үлдээчихсэн машинаа холдуулаад өгөөч гэсэн надад чадахгүй гэж хэлэхээр нь би урдаас П-ээр эхэлсэн үг хэлээд буцаад явж байсан Г.Э******* ах миний ардаас П-ээр эхэлсэн үг хэлээд намайг цохиж миний нүүрийг маажсан. Би ахыг цохих гэсэн манай дүү миний гарыг татаад болиулаад машиндаа суух гэсэн Г.Э******* ах миний урдаас инээгээд байсан гэх мэдүүлэг,

2.Хохирогч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед миний машины хажуу талаар гараад явчих зай байсан. Цагдаа дуудна гэсэн та дуудаж байхгүй юу гээд машиндаа сууж байгаад цагдаа ирэхээс өмнө зугтаад явчихсан. Т.О*******тай цуг явж байсан дүү нь хохирогчийн машины ард байсан машин дотроос нэг ахыг дуудаж салгасан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Худлаа мэдүүлэг өгч байна. Т.О******* нь намайг заамдаж аваад хойш нь түлхэж байгаад миний дээрээс зөндөө цохисон. Би прокурортой уулзах гээд очсон прокурор хүлээж авч уулздаггүй юм байна лээ. Тухайн хэрэг болсон орой эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Нармандах байцаагч миний эсрэг ажиллаж байна намайг хүлээж авахгүй байсан. Т.О*******ыг өмөөрөөд тэр чинь урд нь хэрэг үйлдэж байсан юм байна, банкны зээлтэй юм байна гээд яваад байсан, сэтгэл санааны хохирол бензений зардлаа  нэхэмжлэнэ гэв.

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Э*******ын өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ны орой 18 цагийн үед Булган сумын 5-р багт байрлах “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрийн авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 70-39 УЕХ улсын дугаартай приус-20 маркийн автомашин дотор сууж байтал. Цагаан өнгийн приус-30 маркийн 65-54 улсын дугаартай машинд хүмүүс суугаад хөдлөх үедээ миний машинд тулж ирээд “ухраач” гэж хэлээд жолооч талаас нэг залуу бууж ирээд хэлэхээр нь би “ард машин тулсан байна, хажуу тийшээ дараад гарчихаа” гэсэн чинь миний хаалгыг “яадаг муу гөлөг вэ” гэж хэлээд хүчтэй савж хаасан. Би “яаж байгаа юм бэ” гэтэл -эргэж ирээд машины хаалга онголгож миний хувцаснаас заамдаж аваад нүүр рүү гараараа хэд хэд цохиж, миний хөл рүү хөлөөрөө өшиглөж зодох үед нэг танихгүй залуу ирж салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу цагдаа ирэхээс өмнө машиндаа суугаад явчихсан. ...Намайг машинаа хөдөлгөж ухарсангүй гэдэг шалтгаанаар цохиж зодсон, хажуугаар дараад гарчих зай байсан. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Харин хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна гомдолтой байна. Миний эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг бэлнээр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Миний бие одоо эдгэчихсэн байгаа. ...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. ...О******* надаас уучлалт гуйж бид хоёр учир зүйгээ олсон. Мөн миний эмчилгээний зардалд гарсан төлбөрийг төлж барагдуулсан тул надад гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56, 59-60 дахь тал/,

4.Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10/28 дугаартай албан бичиг түүний хавсралт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

5.Иргэний нэхэмжлэгч Б.Ар*******ын өгсөн: “...хохирогч Г.Э******* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 37,082 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна. ...Тухайн хэрэгт буруутай этгээд болох О.О******* нь эрүүл мэндийн даатгалын санд 37,082 төгрөгийг төвлөрүүлж, хохирлоо бүрэн барагдуулаагүй тул уг мөнгийг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

6.Гэрч О.А*******ийн өгсөн: “...ахын машиныг таглаад нэг приус зогсчихсон байсан. Тухайн үед машин дотор жолоочтой байсан ганц машин нь ахын машины ард байсан приус-20 маркийн машин байсан. Тэгээд ах машинаа ухраагаад сигналаа дарсан чинь нөгөө приус-20 маркийн машины жолооч ах тоохгүй байсан. Би бас гараараа дохиод “та ухраад өг” гэсэн чинь бас л тоохгүй байсан. Тэгтэл ах машинаа буцаж бага зэрэг урагшлуулаад нөгөө машин дээр очоод хаалгыг нь онгойлгоод “ухарчих” гээд хэлсэн чинь ухрахгүй байсан. Тэгээд би машин дотроос хараад сууж байсан чинь ах нөгөө машины хаалгыг нь онгойлгоод ноцолдоод эхэлсэн. Би маш хурдан машинаас буугаад ахын зүүн гараас нь татаад нөгөө машинаас ахыг холдуулах хооронд нөгөө машины жолооч ах миний гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед зогсоол дээр 2 эрэгтэй хүн явж байхаар нь би дуудаад “салгаад өгөөч” гэсэн чинь нөгөө 2 ирээд ахыг салгаад “одоо зодолдохоо боль” гэж хэлсэн. Тэгтэл О******* ах машиныхаа хажууд очоод зогссон, би машин дотор ороод суучихсан. ...Манай ах О******* нь тэр жолооч ахыг баруун гараараа 1 удаа нүүр рүү нь цохиж байхыг харсан. Тэр жолооч ахын нүүрийг сайн анзаараагүй. Ахыг арай гэж тэр жолооч ахын машинаас холдуулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

7.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 10 дугаартай “...Г.Э*******ын биед доод уруулын дотор шарх, уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уруулын шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Магадлуулагч Г.Э*******ын биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,

8.Яллагдагч О.О*******ын өгсөн: “...Би тухайн тогтоолтой уншиж танилцлаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...Би эмчилгээний зардалд 1 сая төгрөг бэлнээр өгсөн. ...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч О.О******* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18-19 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна байрлах авто зогсоол дээр хохирогч Г.Э*******ыг тээврийн хэрэгслээ холдуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Э*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан  нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.О*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

О.О*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн О.О******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч О.О*******ын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч О.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчиж авсан нотлох баримт болох хавтаст хэргийн 59-60 дугаар талд авагдсан хохирогч Г.Э*******ын дахин өгсөн мэдүүлэг болон хавтаст хэргийн 197-198 дугаар талд авагдсан шүүгдэгч О.О*******аас дахин сэжигтнээр авсан мэдүүлгүүдийг тус тус нотлох баримтаар тооцоогүй болохыг тэмдэглэе.

Шүүгдэгч О.О******* нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй тул түүний гаргасан хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдъя.

 

Хохирлын талаар:

Шинжээчийн 1104 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Э*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг 1 дүгээр зэрэглэлээр тогтоожээ.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцов.

Гэмт хэрэг 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр үйлдэгдсэн тул хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны  өдрийн 12 дугаар тогтоолоор баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан 660.000 төгрөгөөр 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр  тооцож 3,293,400 төгрөгийг

Түүнчлэн бензиний зардалд 187,200 төгрөг нийт 3.480.600 төгрөгийг шүүгдэгч О.О*******аас гаргуулж хохирогч Г.Э*******т олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн шатанд шүүгдэгч О.О******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 37,082 төгрөгийг төлсөн болохыг дурдъя.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.О*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч О.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгч О.О*******  болон хохирогч Г.Э******* нар тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч О.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 76-95 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.О******* нь Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “*******” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч О.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х******* овогт О*******ын О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч О.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч О.О*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт авагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О*******аас сэтгэл санааны хохиролд 3.293.400 төгрөг, шатахууны зардалд 187.200 төгрөг нийт 3.480.600 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 40-123 тоотод оршин суух Шарнууд овогт Гончигийн Э******* /РД:ГЮ58100375/-т олгосугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ