Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 213/МА2000/00000

 

Ө.Оргилмаагийн нэхэмжлэлтэй А.Даваад

                                                                            холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ,  Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны  03 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2019/00201 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Өлзийсайханы Оргилмаагийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч Алтанхуягийн Даваад холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч А.Даваагийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Оргилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, хариуцагч А.Даваа, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Н.Гантулга  нар оролцов. 

Нэхэмжлэгч Өлзийсайханы  Оргилмаагаас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Даваа бид хоёр 2011 онд танилцаж, 2012 оны 2 дугаар сард гэр бүл болж
гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 04 дүгээр сарын 06 ны өдөр охин Д.Ариунзул, 2015 оны
04 дүгээр сарын 04 ний өдөр хүү Д.Ариунэрдэнэ нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд
эвтэй сайхан байсан. А.Даваа нь 2017 оноос эхлэн архи ууж найз нөхөдтэйгөө гадуур
яван, гэртээ ирж хонохгүй болж, ааш зан нь өөрчлөгдөн надад гар хүрч зоддог
болсон. Энэ байдлаас болж 2018 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байгаа.  Цаашид бид 2 хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Д.Ариунзул, хүү Д.Ариунэрдэнэ нарыг эх миний асрамжид үлдээж. Эцэг А.Даваагаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Оргилмаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Эвлэрэх боломжгүй. Хамтын амьдралтай байх 6 жилийн хугацаанд би болох бүтэх гэж их хичээсэн, одоо эргэж нийлэх боломжгүй гэж үзэж байгаа. Архи уусан согтуу үедээ намайг олон удаа зодож байсан. Хүүхдүүдийн дэргэд хүртэл зодож байсан. Эмнэлэгт үзүүлж байсан баримт байгаа. Тусдаа амьдрах болсон шалтгааны хувьд нөхөр А.Даваа нь гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэж өөр хүүхэнтэй холбогдож тэр хүүхэнтэйгээ удаан хугацаанд дотно харилцаатай  байсан тул би гэрээсээ явсан.

Одоо би Баянхонгор сумын Шинэ төгөл гэх газар эгчийндээ 2 хүүхдийн хамт нэг өрөөнд нь амьдарч байгаа, энэ байшин нь 2 давхар хаус орон сууц тул 2 давхарт нь хүүхдүүдийн хамт амьдарч, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь өөрийн биеэр хүргэж өгч, авч өөрөө Их номгон худалдааны төвд ажиллаж байна.  Цаашдаа ажлаа сайн хийж мөнгө хурааж хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлэх, орон гэртээ болох зорилготой байгаа. Би эх хүний хувьд хүүхдүүдийн асрамжийг өөртөө авахыг хүсэж байна. Гэр бүл цуцлах шалтгаанаар эх хүний эрхийг хасаж, хоёр хүүхдээс минь хөндийрүүлэхгүй байхыг хүсэж байна. Би цаашид хоёр хүүхдээ эцэгтэй нь уулзуулж байх болно. Гэрлэлт цуцлаж, хүүхдүүдийн асрамжийг надад тогтоож, хариуцагчаас тэтгэлэг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч А.Даваа шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2012 онд Ө.Оргилмаатай гэр бүл болж бидний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр охин Ариунзул, 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү Ариун-Эрдэнэ нар төрсөн. Манай эхнэр Ө.Оргилмаа нь 2018 оны 03 сард ямар ч шалтгаангүй намайг хаа хамаагүй хүнтэй хардаж маргаан үүсгэн гэрээсээ явсан. Би түүнээс гэрээсээ явснаас хойш эвлэрч амьдармаар байна гэж байнга гуйж араас нь ярьдаг боловч эхнэр эвлэрэхгүй гэдэг. Охин Д.Ариунзул, хүү Д.Ариун-Эрдэнэ нар Ө.Оргилмааг гэрээсээ явснаас хойш буюу 2018 оны 03 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд миний асрамжид амьдарч байгаа.  Би эхнэр хүүхэддээ муухай ааш зан гаргаж, ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж хүчирхийлж зодож байсан удаа байхгүй. Ө.Оргилмаа бид 2 т гэрлэлт цуцлуулах ямар ч шалтгаан байхгүй. Эхнэр Ө.Оргилмаа гэртээ ирчих юм бол би 2 хүүхдийнхээ хамт халуун ам бүлээрээ сайхан амьдрах боломжтой  гэжээ.

Хариуцагч А.Даваа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэгэнт Ө.Оргилмаа нь эвлэрэхгүй гээд байгаа тул би гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Би 2 хүүхдээсээ салмааргүй байна. Амьдралынхаа хугацаанд эхнэр Ө.Оргилмаа нь орифлем гэх ажил хийж байгаа нэртэй өглөө гараад орой орж ирдэг байсан, хүүхдүүд болон надад халамж анхаарал тавьдаггүй байсан. Ө.Оргилмаа нь 2018 оны 03 сард хоёр хүүхдээ орхиод гэрээсээ явсан. Энэ хугацаанд 2-3 удаа л хүүхдүүд дээрээ ирсэн. Одоо болохоор хүүхдүүдээ байнга эргэж тойрч асарч хандаж байсан гэж байгаа нь худлаа юм. Бидний хувьд гэр бүлийн таарамжгүй харьцаа байснаас би зодож хүчирхийлж байсан зүйл байхгүй. Миний хувьд алт шороогоор явдаг учир гэртээ хонохгүй байх үе цөөхөн байсан. Одоо бол засварын газарт ажиллаж байгаа, өглөө хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд орой авч, хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж, сургуулийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог. Цаашид хүүхдүүдээ харж хандаад өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа. Ө.Оргилмаа нь  аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг нэг залуутай дотно харьцаатай болсон байсан. Иймд хоёр хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү  гэжээ.

Шүүх:  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасныг тус тус баримтлан Боржигон овогт Алтанхуягийн Даваа, Бэсүд овогт Өлзийсайханы Оргилмаа нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Д.Ариунзул, 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Ариун-Эрдэнэ нарыг эх Ө.Оргилмаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Д.Ариунзул, 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Ариун-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг А.Даваагаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Даваагаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Оргилмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар А.Даваагаас улсын тэмдэгтийн хураамж 52.255 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч  А.Даваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Миний бие Ө.Оргилмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдийн асрамжийг эхийнх нь асрамжинд үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь 2018 оны 03 дугаар сард Ө.Оргилмаа нь гэрээсээ өөрөө явсан. Ингэхдээ 2 хүүхдийг маань надад үлдээгээд явсан. Үүнээс хойш хүүхдүүдээ огт хайхраагүй, эх хүний сэтгэлээр хандаагүй. Ганц нэг удаа 2-3 хоногоор авч байсан. Би хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөж хамтдаа сайхан амьдарч байсан. Одоо миний хүүхдүүд надтай байх сонирхолтой бөгөөд охин маань намайг ирж аваачээ гэж үргэлж ярьдаг. Ээжтэйгээ хамт байхгүй гэдэг. Гэтэл шүүхээс хүүхдүүдийн маань өерсдийнх нь хүсэл сонирхлыг харгалзалгүйгээр эхийнх нь асрамжид үлдээж байгаа нь хүүхдийн эрхийн тухай хууль зөрчиж байна гэж үзэж байна. Хүүхдүүд анхан шатны шүүх хурлын дараа над дээр ирээд ээжтэйгээ хамт явахгүй гэж уйлаад байхад нь Ө.Оргилмаа хүчээр загнаж зодоод аваад явсан. Ө.Оргилмаа нь хамтран амьдрагчтай болсноос гадна айлд амьдардаг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй бөгөөд хүүхдүүд маань өнөөдрийн байдлаар айлд амьдарч байна.

Иймд дээрхи шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний хүү Ариун-Эрдэнэ. охин Ариунзул нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өлзийсайханы Оргилмаагаас хариуцагч Алтанхуягийн Даваад  холбогдуулж, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ө.Оргилмаа, хариуцагч  А.Даваа нар нь 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ.

Гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаанд 2012 онд охин Д.Ариунзул, 2015 онд хүү Д.Ариун-Эрдэнэ нарыг төрүүлж ам бүл 4 үүл амьдарч байгаа болно. 

 Гэрлэгчид нь хоорондоо таарамжгүй, гэр бүлийн хүчирхийлэл, дарамт байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал  /хх-ийн 24-25 дугаар тал/ нэхэмжлэгч Ө.Оргилмаагаас  “…намайг үргэлж муухай үгээр доромжлоод, зодоод их бага хэмжээгээр гэмтэл учруулдаг байсан..” гэсэн тайлбар,

/хх-ийн 8 дугаар тал/ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч  Д.Ганзоригоос үзлэг хийгээд бичсэн “…Ө.Оргилмаа нь зүүн нүдний доод зовхи шанаа хавдаж хөхөрсөн эмзэглэл ихтэй байлаа. Зүүн өвдөгний гадна хавдаж хөхөрсөн,  бэлэг эрхтэний их бага уруул хөхөрч хавдсан, зүүн сарвууны ар хөхөрсөн..”  гэсэн тодорхойлолт,

/хх-ийн 42-49 дүгээр тал/ гэрч Ө.Юндэрмаа, М.Өлзийсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийж үзвэл нэхэмжлэгч Ө.Оргилмаад гэр бүлийн хүчирхийлэл дарамт байсан гэдэг нь тогтоогдож байна.

Иймд гэрлэгчид нь хоорондоо таарамжгүй, гэр бүлийн хүчирхийлэл, дарамт байдаг,  салаад хоёр тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзаж  гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч тал ч гэрлэлтээ цуцлуулахыг  зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх охин Д.Ариунзул, хүү Д.Ариун-Эрдэнэ нарыг эхийнх нь асрамжинд үлдээж хуульд заасны дагуу хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч А.Даваа нь охин Д.Ариунзул, хүү Д.Ариун-Эрдэнэ нарыг өөрийнхөө асрамжинд авахаар гомдол гаргаж байгаа боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хүүхдүүдийн насны онцлог, эхийн хайр халамж, нэхэмжлэгч, хариуцагч нарын хувийн байдал, амьдрах орчин, хүүхдүүдийн хүмүүжилд анхаарал тавих нөхцөл, сурч боловсорч хүмүүжих нөхцөл зэргийг харгалзаж үзээд хүүхдүүдийг эх Ө.Оргилмаагийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Баянхонгор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон байна. Шинжээчдийн багийн дүгнэлтэд /хх-ийн 75 дугаар тал/ “…охин Д.Ариунзул нь аавдаа илүү ээнэгшил дасалтай байгаа, харин хүү Д.Ариун-Эрдэнийг аав, ээжийн аль аль нь асран халамжлах боломжтой байна..”  гэсэн шинжээчийн дүгнэлт,  мөн  охин Д.Ариунзул, хүү Д.Ариун-Эрдэнэ нар нь 2018 оны 3 дугаар сараас эхлэн аавтайгаа амьдарч байгаа гэж тайлбарладаг зэргийг үндэслэн хүүхдүүдийн асрамжийг өөрчилж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Даваагийн охин Д.Ариунзул, хүү Д.Ариун-Эрдэнэ нарыг эцэг миний асрамжид үлдээж өгнө үү гэсэн давж заалдах  гомдлыг хангах  үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч А.Даваагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны  өдрийн 131/ШШ2019/00201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  А.Даваагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч А.Даваагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг   төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

    ДАРГАЛАГЧ 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

      ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ  

                                                                                                           Г.УЛАМБАЯР