Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/296

 

                                            Б.Б..ж, Б.Б..с нарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Б.Б..сүх,

шүүгдэгч Б.Б..сүх, Б.Б..жаргал нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б..сүх, Б.Б..жаргал, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б..ж, Б.Б..с нарт холбогдох эрүүгийн 2005 02627 1413 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, ..........-ын харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-д сантехникийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамжны .. тоот оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

2. Х б овгийн Б-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ................-ын харьяа зүүн түгээх төвд машинист ажилтай, ам бүл 2, эхийн хамт .................. дүүргийн .. дүгээр хороо, ............. дүгээр гудамжны .... тоот оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

 

Шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нар нь бүлэглэн ........... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппорогийн автобусны буудлын орчим 2020 оны 8 дугаар сарын 28-ны шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн С.Б, хохирогч Б.Б, Э.Б нарт хүч хэрэглэн, бүлэглэн хохирогч Э.Б-н нүүр, биен тус газарт цохиж, өшиглөн, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, нүдний салстад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б..ж, Б.Б..с нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б..ж, Б.Б..с нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нарыг тус тус 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нарт шүүхээс оногдуулсан тус тус 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нараас тус бүр 766.435 төгрөг гаргуулж, хохирогч Э.Б-т олгож, хохирогч Э.Б нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б..ж тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие байцаалтын эхний өдрөөс хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн билээ. Би эхнэр, 7 сартай хоёр охины хамт Баянгол дүүрэгт амьдардаг. Эхнэр маань ажил хийх боломжгүй хүүхдүүдээ хардаг. Миний бие .............-ын харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-д сантехникийн засварчнаар ажиллаж, ар гэрийн санхүүгийн асуудлаа шийдэхээс гадна, автомашины явдаг ломбардад сарын 450.000 төгрөг, банк бус утасны зээл сарын 65.000 төгрөг, нийтийн байрны түрээсэнд сард 400.000 төгрөг тус тус төлдөг. Өөрийн болчимгүй үйлдлээс болж ар гэрээ давхар шийтгэж, ямар ч орлогогүй маш хүнд байдалд үлдээж байгаадаа харамсаж байна. Би хийсэн хэрэгтээ маш ихээр харамсаж, гэмшиж байна. Иймээс миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Б..сүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2020 оны 8 дугаар сарын 28-ны шөнө болсон өөрийн гэмт үйлдэлд гэмшиж байгаа билээ. Улмаар би хэргийн бүхий л шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан юм. Давж заалдах гомдол гаргасан шалтгаан нь:

  1. Хохирогч Э.Б-н биед учруулсан хохирол нөхөн төлбөрийг бүрэн гүйцэд барагдуулаад байгаа билээ.
  2. Миний эх Н нь савны хорт хавдраар 2020 онд хагалгаанд орж, саваа авахуулснаар би ажил хийж, өөрийн өрхийн амьжиргааг залгуулдаг ба төрсөн эхийн хамт хоёулаа амьдардаг билээ.
  3. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа юм.

Иймээс дээрх дурдсан шалтгааныг харгалзан үзнэ үү хэмээн өргөдөл гаргаж байгаа билээ. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б..с.., Б.Б..ж.. нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

... Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд “шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” талаар санал гаргасан ч шүүх хүлээж авалгүй хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл учруулсан хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлан хорих ял оноох бус харин зорчих эрх хязгаарлах ял оноох боломжтой байсан гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тэдэнд оноосон хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү гэж хүсэж байна.

Үүнд: 1. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлыг харвал Б.Б..ж, Б.Б..с нар нь иргэн С.Б-А /хохирогч Б.Б-У, Э.Б нарыг бусадтай андуурч биед нь халдаж зодох шалтгаан болсон байхыг үгүйсгэх аргагүй байна.

Учир нь, хохирогч Э.Б “2020 оны 8 дугаар сарын 28-ны орой Саппорогийн автобусны буудал дээр явж байхад нэг намхан хар савхин куртиктай махлагдуу халзан, дугуй нүүртэй, онигор, өргөн шанаатай, эрэгтэй миний урдаас хурдтай алхаж ирээд миний эрүүн тус газар өөрийн духаараа мөргөөд нэг удаа намайг заамдаж авсан. Тэгэхэд ардаас нь 180 см өндөр туранхай залуу хүрч ирээд миний хамар луу гараа зангидаж байгаад духаараа мөргөсөн, намхан залуу миний зүүн өвдөг орчимд хэд хэдэн удаа өшиглөсөн” гэж мэдүүлжээ.

Б.Б..ж, Б.Б..с нар нь хэрэг болсон өдрийн маргааш буюу 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ хэн аль нь “ТМТ” пабад ажлынхантайгаа архи ууж байгаад гэртээ харихаар явж байхдаа Саппорогийн автобусны буудлын ард 4-5 залуустай муудалцаж зодуулсан” талаараа мэдүүлсэн байдаг. /хх 13-14/

Мөн Б.Б..с яллагдагчаар “Тухайн өдөр ажлынхаа хэдэн хүнтэй архи ууж байгаад 21 цаг өнгөрөөж гарч ирээд автобус хүлээнгээ тамхи татаад зогсож байтал Б.Б..ж-тай хэдэн залуучууд маргалдсан. Тэгээд бид хоёрыг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Бид хоёрыг зодчихоод зугтаахаар нь бид хоёр араас нь хөөж байгаад 3 хүнийг барьж авсан, тэгээд тэр гурвыг зодсон” /хх З6/ гэж, Б.Б..ж.. яллагдагчаар “...цүнхтэй хувцсаа үүрэх гэж байгаад тэр цүнхээрээ үл таних залууг цохисноос болж хоорондоо маргалдсан. Тэгээд тэр залуучууд Б.Б..с.. бид хоёрыг зодсон, бид хоёр зодуулчаад босож ирээд бид хоёрын ойролцоо байсан гурван залууг барьж аваад зодсон. ...” /хх 39/ гэж тус тус мэдүүлжээ.

Мөн гэрч Х.Н “...Б.Б..с.. надад хэлэхдээ би найзын хамт автобусны буудал дээр хэсэг хүмүүстэй маргаад тэдгээрт зодуулсан. Тэгээд босож ирээд тэнд байсан хамааралгүй хүнийг зодчихсон байна лээ гэж хэлж байсан. ... /хх 20/ гэж мэдүүлж байжээ.

Эдгээр мэдүүлгээс харахад шүүгдэгч нарыг хамт архи уун согтуурахдаа ямар ч шалтаг шалтгаангүй хэн дуртайгаа барьж авч цохиж зодож, бусдыг үл тоомсорлон басамжлан доромжилж, өөрсдийн хүч чадалтай, зориг зүрхтэй болохоо харуулахаар олон нийт рүү чиглэсэн үйлдлийг хийх санаа зорилгоор хохирогч нарт шууд халдсан гэж үзэх боломжгүй байна.

Харин шүүгдэгчид нь тухайн үед тэнд явж байсан хохирогч дээр шууд очин заамдан барьж авч байгаа нь хохирогчийг бусадтай андуурсан гэж үзэхэд хүргэж байгаа бөгөөд ийнхүү цохиж зодохдоо олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжтой юм.

2. Хувийн байдлын хувьд Б.Б..ж, Б.Б..с нарын хэн аль нь урьд нь гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй, хамт МСҮТ-ыг сантехникч мэргэжлээр төгсөж, хоёулаа эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа, зан төлөвийн хувьд ч эвдрээгүй, хүнтэй нийтэч, хүнлэг, элдэв муу зуршилгүй дөнгөж амьдралд хөл тавьж буй залуус байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тодорхойлолтоор Б.Б..ж.. нь тус байгууллагад сантехникийн засварчнаар ажилладаг бөгөөд сарын 765.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон /хх 71/ бол Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Зүүн түгээх төвийн тодорхойлолтоор Б.Б..с.. нь тус төвд машинистаар ажилладаг бөгөөд сарын 756.000 төгрөгийн цалинтай болохыг тус тус тодорхойлжээ. /хх 74/

Мөн Б.Б..ж, Б.Б..с нарын хувийн байдлыг тодруулах үүднээс гэрч Х.Н-с мэдүүлэг авахад “Б.Б..с.. Улаанбаатар орон сууцны хөгжлийн төвд ажилладаг, ээжтэйгээ амьдардаг. Б.Б..с-н сайн тал нь үнэн ч, шударга, сэргэлэн, муу тал нь түргэн ууртай болохоос биш сайн залуу” гэж мэдүүлсэн /хх 20/ бол Б.Б..ж-н хувийн байдлын талаар гэрч Б.Б “Б.Б..ж.. нь 2016 онд МСҮТ төгссөн, сантехникч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байгаа, даруухан дөлгөөн зан араншинтай, төрх нь ширүүн мөртлөө зан харьцаа сайтай, хүнтэй нийтэч сайн залуу” гэж мэдүүлсэн байна. /хх 21/

3. Гэм буруугийн асуудал дээр шүүгдэгч нар нь анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирсэн байна. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүсэж байжээ.

4. Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч нар нь шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй, хохирогчийн зүгээс 5.000.00 төгрөг шаардсан тул шүүхээс тогтоосон төлбөрийг төлөхөөр шийдсэн гэх бөгөөд харин анхан шатны шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн 1.532.870 төгрөгийг хувь тэнцүү буюу тус бүр нь 766.435 төгрөгийг төлж хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Хохирогч Э.Б-н хувьд ч хохирол төлбөр бүрэн барагдуулсан тул Б.Б..ж, Б.Б..с нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн байна.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Шүүх хуульд заасан эдгээр ялаас чухам аль ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудаас шалтгаалдаг.

Дээр дурдснаар шүүх хорих ялыг сонгон оноох болсон үндэслэлээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой гэж мэдүүлж байгаа зэргийг харгалзсан гэж дүгнэсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг бүрэн дүүрэн харгалзаж үзээгүй байна гэж үзэж байна.

Шүүх ийнхүү хорих ял сонгож шийдэхэд шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломж нөхцлийн талаар хууль эрх зүйн зөвлөгөө туслалцаа аваагүй, зөвхөн “буруугаа хүлээж байна” гэхээс өөрөөр хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийн талаар тодорхой мэдүүлж, өөрийгөө бусдад бүрэн илэрхийлж чаддаггүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйгээс гадна хувийн байдлын талаарх баримт мэдээллээ шүүхэд мэдүүлээгүй, гаргаж өгөөгүй, дутуу орхигдуулсан зэрэг нь шүүхээс хорих ял онооход тэдний хувийн байдлыг харгалзан үзэх боломжгүй байсныг үгүйсгэх аргагүй байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Б..ж-н хувьд хэрэг үйлдэх үедээ болон хэргийг шүүхээр шийдвэрлэх үед эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ Баянгол дүүргийн 22 дугаар хороонд түрээсийн байранд амьдарч байжээ. Б.Б..ж.. нь хоёр ихэр охин хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь 2020 оны 6 дугаар сарын 23-нд төрсөн одоо 7 сартай, Б.Б..ж-г хоригдсоноос хойш ээжийн хамт гурвуулаа амьдарч байгаа бөгөөд эхнэр З.Заяабилэг нь гэртээ бага насны хоёр хүүхдээ хардаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул хүүхдийн нэмэлт тэжээл зэрэг хоол хүнс, ихэр охин хүүхэд тул живх зэрэг хүүхдийн асаргаанд зайлшгүй шаардлагатай эд зүйлсээр хангагдаж чадахгүйд хүрч маш хүнд нөхцөл байдалд байна.

Мөн Б.Б..ж нь цалингийн зээлтэй, мөн ломбарданд авто машинаа барьцаалсан зээлтэй сар бүр банканд 250.000 төгрөг, ломбарданд 430.000 төгрөг, мөн амьдарч байгаа байраа 430.000 төгрөгөөр хөлсөлдөг байна.

Б.Б..ж.. нь хорих ялыг биечлэн эдэлснээр ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болж, ялаа биечлэн эдэлж гарч ирсний дараа ажил олгогч нь эргүүлэн авч ажиллуулах эсэх нь эргэлзээтэй юм.

Мөн хорих ялыг биечлэн эдлүүлснээр 7 сартай хоёр хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэж чадахгүйд хүрч, тэжээн тэтгүүлэх, эрүүл аюулгүй орчинд эрүүл саруул өсч торних хүүхдийн эрх давхар зөрчигдөж эхэлсэн ба цаашлаад банкнаас авсан цалингийн зээлэнд хүү торгууль нэмэгдэх, ломбарданд автомашинаа хураалган өр төлбөрт улам бүр орох, эхнэр хүүхдүүд нь цар тахлын энэ хэцүү цаг үед байрны түрээсээ төлж чадахгүйд хүрч байрнаасаа гарах бодит эрсдэл үүсжээ.

Харин Б.Б..с-н хувьд ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд ээж Б.Н нь савны хорт хавдартай, хагалгаанд орсон, байнгын эм тариа ууж эмнэлэгийн хяналтанд байдаг, ар гэрийн байнгын асаргаа шаардлагатай хүн ажээ. Баянзүрх дүүргийн товчооны ойролцоо айлын хашаанд гэрт амьдардаг бөгөөд байнгын асаргаа шаардлагатай учраас энэ жил ээжтэйгээ байр түрээслэн амьдарч байгаа юм байна.

Мөн цалингийн зээлтэй бөгөөд хорих ял авснаар ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болж байгаа бөгөөд хэрэв ажил олгогч ажилтныг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажилгүй, орлогогүй, өвчтэй ээжийгээ асарч эмчлэх боломжгүй болох эрсдэл үүсчээ.

Гэтэл Б.Б..ж, Б.Б..с нарын дээрх нөхцөл байдалтай холбоотой ямар ч баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яригдаагүй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэхэд оршдог.

Гэтэл залуу насны алдаагаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн залууст шууд хорих ял оноон шоронд хорих нь тэднийг хүмүүжүүлэхээсээ илүү сөрөг үр дагаваруудыг дагуулж болзошгүй байна.

Хорих ангид төрөл бүрийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй хамт байх нь зан төлөвын хувьд хувирч өөрчлөгдөх, ялаа эдэлж гарч ирсэний дараа ажил төрөлгүй нэгэн болох, бусад хүмүүсийн хандах хандлага зэрэг нь эргээд өөртөө итгэх итгэл, нийгэмд хөлөө дахин олох, гэр бүлээ тэжээн тэтгэхэд хэрхэн нөлөөлөхийг таашгүй юм.

Ялангуяа анх удаа гэмт хэрэгт холбогдож буй хүүхэд, залуусын хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг харж, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт нь тохирсон, хорихоос өөр төрлийн арга замаар хүмүүжүүлж, засч залруулж авах боломж бололцоог эрэлхийлэх нь эрүүгийн хариуцлага хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байх, хувийн байдалд тохирсон байх, оноосон ял нь зөвхөн үйлдсэн хэрэгт нь тохирсон нэг удаагийн шинжтэй байх, цаашид сөрөг үр дагаваруудыг дагуулахгүй, залхаан цээрлүүлсэн шинжгүй байхад илүү нийцэх юм.

Б.Б..ж, Б.Б..с нарт хорих ял оноон биечлэн эдлүүлснээр тэдний ар гэр, гэр бүлийн амьдрал, үр хүүхдэд үзүүлэх нөлөөлөл, ажиллаж хөдөлмөрлөх эрх зэрэг цаашид гарах сөрөг үр дагавар нь илүү их байгааг, шүүгдэгч нарын эрх зүйн байдал улам бүр дордохоор байгааг харгалзан үзэж тэдэнд оноосон хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна.

Зорчих эрх хязгаарлах ялыг бий болгон хэрэглэх нийгмийн шаардлага бол энэ мэт амьдралдаа анх удаа алдаж эндсэн хүнийг заавал нийгмээс тусгаарлан шоронд хорихоосоо илүү нийгмийн өмнө, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь үргэлжлүүлэн эдлүүлэх, ингэснээр гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол төлбөрийг төлүүлэх, хүүхэд гэр бүлийн тэжээн тэтгүүлэх эрх хангагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шоронд хорихоос өөр арга замаар ажил амьдралын зөв хэв маягт сурган хүмүүжүүлэх зэрэг явдал юм.

Б.Б..ж, Б.Б..с нар нь зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн тохиолдолд төрийн хяналтанд байж зөвхөн ажил гэрийн хооронд, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад бүх зорчих эрхээ хязгаарлуулж уг ялаа чанд мөрдөн, ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж, гэр бүл, үр хүүхэд, өвчтэй ээжийгээ асарч тэжээн тэтгэх үүргээ биелүүлэн амьдрах бүрэн боломжтой залуус юм. Өөрөөр хэлбэл тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оноон шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын хүнлэг бус, хэрцгий шинжгүй байх зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэж ял онооход харгалзан үзсэн хохирол төлбөрийн асуудал мөн шийдэгдэж хохирогч гомдол саналгүй болсон байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл болон хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, цар тахал гарч улс орны болоод айл өрх бүрийн эдийн засаг хямралд өртөж буй цаг үеийн нөхцөл байдал, мөн тэдэнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Б.Б..ж, Б.Б..с нарт оноосон хорих ялыг өөрчилж зорчих эрх хязгаарлах ял болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..снар нь бүлэглэн ............. дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппорогийн автобусны буудлын орчим 2020 оны 8 дугаар сарын 28-ны шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн С.Б-А, хохирогч Б.Б-У, Э.Б нарт хүч хэрэглэн, бүлэглэн хохирогч Э.Б-н нүүр, бие тус газарт цохиж, өшиглөн, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, нүдний салстад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.Б-н “... 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед ............. дүүргийн ... дугаар хороо, Саппорогийн урд талын автобусны буудал дээр явж байхад нэг намхан хар савхин куртиктэй махлаг дуу халзан, дугуй нүүртэй, онигор, өргөн шанаатай, эрэгтэй миний урдаас хурдтай алхаж ирээд миний эрүү тус газар өөрийн духаараа нэг удаа мөргөөд намайг заамдаж авсан. Тэгэхэд ардаас нь 180 см орчим өндөртэй туранхай халимаг үстэй залуу хүрч ирээд миний хамар руу гараа зангидаж байгаад цохиод духаараа мөргөсөн. Намхан залуу миний зүүн өвдөг орчимд хэд хэдэн удаа өшиглөсөн. Би тэр хоёроос салаад ертөнцийн зүгээр баруун тийшээ зугтаагаад дуудлага өгсөн. ...” /1хх 7-8/,

хохирогч Б.Б-У-ны “... би 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр найз Б-А-н хамт ......... дүүргийн .. дугаар хороо, ........замын урд хотын төв орох чиглэлийн автобусны буудлын АТМ-ээс мөнгө аваад гарч ирсэн. Хажуугаар намхан бүдүүн биетэй /Б.Б..ж../ залуу зөрөхдөө барьж явсан цүнхээрээ миний толгой дагз хэсэг рүү цохисон. Би эргэж хараад яаж байгаа юм бэ гэж асуусан чинь түүний хажууд байх туранхай өндөр залуу /Б.Б..с../ миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Манай найз Б-А салгах гээд орсон чинь манай найзыг газар унагаагаад тэр хоёр нийлж зодсон. Би салгах гээд туранхай өндөр залууг нь түлхсэн чинь бүдүүн залуу босож ирээд намайг зодох гээд хөөсөн. Бүдүүн залуу намайг хөөж ирээд намайг цохиод байхаар нь би биеэ хамгаалж зөрүүлж нэг цохисон. Туранхай өндөр залуу нь махлаг залуугийн хажуугаар орж ирээд миний үснээс зулгааж нүүр лүү өшиглөсөн. Би зугтаагаад ТҮЦ рүү орсон чинь тэр хоёр залуу миний араас орж ирээд миний малгайтай цамцнаас доош нь дарж байгаад тэр хоёр зодсон. ТҮЦ-нээс намайг чирээд гаргасан чинь үл таних өндөр залуу /Э.Б/ гүйж ирээд салгасан. Намайг салгангуут нь би ТҮЦ рүү ороод сууж байсан чинь намайг ирж салгасан өндөр залууг намайг зодсон хоёр хүний тарган залуу нь урдаас нь тэвэрч аваад, туранхай залуу нь хамар хэсэг рүү нь цохисон. Өндөр биетэй залуу биеэ хамгаалж тэр хоёр залуугийн өөдөөс эсэргүүцсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...” /1хх 10-11/,

Б.Б..с-н яллагдагчаар өгсөн “... тухайн өдөр найз Б..ж болон ажлынхаа хэдэн хүнтэй Саппорогийн автобусны буудлын урд талын пабад сууж архи ууж байгаад оройны 21 цаг өнгөрч байхад гарч ирээд автобус хүлээнгээ ТҮЦ-ний ард Б..ж-тай хамт тамхи татаад зогсож байтал Б.Б..ж-тай хэдэн залуучууд маргалдсан. Тэгээд бид хоёрыг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Бид хоёрыг зодчихоод зугтахаар нь бид хоёр араас нь хөөж байгаад 3 хүнийг нь барьж авсан. Тэгээд тэр гурвыг зодсон. Архи их уугаад согтсон байсан учир яаж зодсоноо санахгүй байгаа, тэгээд нэг мэдсэн цагдаа ирээд бид хоёрыг эрүүлжүүлэхэд хийсэн. ...” /1хх 35-37/,

Б.Б..ж-н яллагдагчаар өгсөн “... 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр автобусны буудлын урд талд нэг паабад хамт ажилладаг 3 хүн орж ууж байгаад оройны 21 цагийн үед пабаас гараад харихаар болж автобусны буудлын ард Б.Б..с-тэй хамт тамхи татаж байгаад би гартаа барьж явсан цүнхтэй хувцсаа үүрэх гэж байгаад тэр цүнхээрээ үл таних нэг залууг цохисноос болж хоорондоо маргалдсан. Тэгээд тэр залуучууд Б.Б..с.. бид хоёрыг зодсон. Бид хоёр зодуулчихаад босож ирээд бид хоёрын ойролцоо байсан гурван залууг барьж аваад зодсон. Би архи уугаад, согтолт их байсан учир яаж зодсоноо сайн санахгүй байна, нэг ухаан орсон чинь Саппорогийн замын явган хүний гарц дээр дөрвөн хөлөлчихсөн миний дээрээс Б гэж залуу дарчихсан байж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Б.Б..с.. бид хоёрыг эрүүлжүүлэх рүү авч явсан. … /1хх 38-40/ гэсэн мэдүүлгүүд,

“... Э.Б-н биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, нүдний салстад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 9945 дугаартай дүгнэлт /1хх 23-24/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэрэгт болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Б..с.., Б.Б..ж.., тэдгээрийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар нь “...ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу Монгол Улсын Их Хурлаас зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлэхээр тогтоосон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Б.Б..с.., Б.Б..ж.. нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед зорчих эрхийг хязгаарлах ял нэгэнт хэрэгжиж эхэлсэн төдийгүй шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон хэрэглэх хууль зүйн боломж бүрдсэн.

Иймд шүүгдэгч Б.Б..с.., Б.Б..ж.. нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал болон хохирогчийн “ ... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарт оногдуудсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн санал хүсэлт  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, энэ ялын доод хэмжээ болох 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хугацаа тогтоож, мөн тэдгээрийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг зорчих эрхийг хязгаарлах 1 жилийн ялаас хасаж тооцон нийт 303 хоногийн хугацаагаар тогтоож, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Б..с.., Б.Б..ж.., тэдгээрийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Б.Б..с.., Б.Б..ж.. нарын зүгээс хохирогч Э.Б-т 1.532.870 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нарыг тус тус 1 жил хорих ялаар, шийтгэсүгэй. ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нарыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар, шийтгэсүгэй.  …” гэж өөрчилсүгэй.

2. шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б..ж, Б.Б..с нарын цагдан хоригдсон 62 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцон нийт 303 /гурван зуун гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн,

“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б..ж, Б.Б..с нарт сануулсугай. ...” гэсэн,  

“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.Б..ж, Б.Б..с нарт мэдэгдсүгэй. ...” гэсэн,

 “...  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с болон тэдгээрийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

  5. Шүүгдэгч Б.Б..ж, Б.Б..с нар нь хохирогч Э.Буянбаатарт 1.532.870 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, тэдгээрийг нэн даруй сулласугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                                     М.АЛДАР