Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/02221

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ... өөрийн байранд байрлах, регистр ..., Х... банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн ... тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., И... овогт Б...ны М...,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон  эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, кредит карт эзэмших гэрээ, кредит карт эзэмших нэмэлт гэрээнүүдийг цуцалж, 38 913 560 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  Х... банк нь Б.М...тай 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан ... тоот кредит карт эзэмших гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан кредит карт эзэмших нэмэлт гэрээнүүдийг цуцалж, 38 913 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Зээлдэгч Б.М... нь Х... банктай 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ... тоот зээлийн гэрээ, ... тоот хөдлөх эд хөрөнгө болон  эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, 35 000 000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.0 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж, зээлдэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 499161009 тоот харилцах дансанд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого, үр шимийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч Б.М... нь Х... банктай 2019 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр ... тоот кредит картын гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр кредит карт эзэмших нэмэлт гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн лимиттэй, бэлэн зарлагын хүү нь жилийн 36.0 хувь, бэлэн бус гүйлгээний хүү нь жилийн 24.0 хувийн хүүтэйгээр байгуулсан.Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож кредит картын ... тоот дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийг барьцаалсан.

Хариуцагчаас Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ болон Кредит карт эзэмших гэрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ... тоот Зээлийн гэрээ, ... тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 8.2, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот кредит карт эзэмших гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.6, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-т тус тус заасны дагуу нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй гэж үзэж байна.Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25 418 520 төгрөг, зээлийн үндсэн хүү 6 810 939 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94 688 төгрөгийн үлдэгдэлтэй байна.Кредит картын зарцуулсан дүн 4 637 611 төгрөг, шимтгэлийн авлага 71 000 төгрөг, хүүгийн авлага 1 805 300 төгрөг нийт 6 513 911 төгрөг байна.Мөн нотариатын зардал 12 500 төгрөг байна.Иймд талуудын хооронд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон  эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан ... тоот кредит карт эзэмших гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан кредит карт эзэмших нэмэлт гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Б.М...гаас 38 913 560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн цалингийн зээлийн хүсэлт, кредит карт эзэмших хүсэлт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, кредит картын гэрээ, кредит карт эзэмших нэмэлт гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдэлүүд, кредит картын зээлийн хүүгийн тооцоолол, нотариатчаас Х... банкинд гаргасан нэхэмжлэлийг нотлох баримаар шүүхэд өгсөн./хх 7, 8, 10-11, 12, 13-14, 15-17, 18, 19-21, 22-23, 24-25, 26/

Хариуцагчаас:Нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул талуудын хооронд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон  эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан ... тоот кредит карт эзэмших гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан кредит карт эзэмших нэмэлт гэрээнүүдийг цуцалж, үндсэн зээлийн 25 418 520 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн 6 810 939 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 94 688 төгрөг нийт 32 387 148 төгрөг, кредит картын зарцуулсан дүн 4 637 611 төгрөг, шимтгэлийн авлага 71 000 төгрөг, хүүгийн авлага 1 805 300 төгрөг нийт 6 513 911 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг бүгд 38 913 560 төгрөгийг Б.М...гаас гаргуулна гэж тайлбарласан.

Б.М... нь Х... банк ХХК-иас 35 000 000 төгрөгийг, сарын 1.0 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж, 2020 оны 1 дүгээр сарын сарын 24-ний өдөр Зээлийн болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна

Х... банк ХХК нь Б.М...тай 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Кредит картын гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Кредит карт эзэмших нэмэлт гэрээ байгуусан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зээлдэгч Б.М... нь гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нотлогдож байна./хх 25/

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2.3-т зээлийн хүү сарын 1 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэлд нийцэж байна.

Зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүү нь зээл, хүүгийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20,0 хувьтай тэнцүү байна гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээ болон хуульд зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 25 418 520 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 6 810 939 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 94 688 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага шаардах эрхтэй тул хариуцагч нь төлөх үндэстэй байна.

Кредит картын гэрээний 2.1, 2.4, 2.7-д зааснаар зээлдэгч Б.М... нь зээлдүүлэгч Х... банк ХХК-иас 5 000 000 төгрөгийн лимиттэй, бэлэн зарлагын хүү нь жилийн 36.0 хувь, бэлэн бус гүйлгээний хүү нь жилийн 24.0 хувь байхаар талууд тохиролцсон байна. 

Гэрээний дагуу хариуцагч нь зарцуулсан 4 637 611 төгрөг, шимтгэлийн авлага 71 000 төгрөг, хүүгийн авлага 1 805 300 төгрөг нийт 6 513 911 төгрөгийг төлөөгүй болох нь кредит картын зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.

Зээлийн гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл болон кредит картын гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн дүнг хариуцагч үгүйсгээгүй байна.

Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  8.2.1-8.2.7-д заасан тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна.

Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийн эргэн төлөлтийг хийгээгүй нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.

Иймд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон  эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, кредит карт эзэмших гэрээ, кредит карт эзэмших нэмэлт гэрээг цуцлах үндэстэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардалд 12 500 төгрөгийг төлсөн,  мөн Сүхбаатар дүүргийн 375 дугаартай нотариатч нь бичиг баримтын хуулбарын үйлчилгээний төлбөр 12 500 төгрөгийг Х... банк ХХК-иас нэхэмжилсэн баримтууд байна./хх 26/

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нотариатын зардал 12 500 төгрөгийг хариуцагчаас шаардсан байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлд нийцэж байх тул энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 717 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 422 717 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Х... банк ХХК Б.М... нарын хооронд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон  эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан ... тоот кредит карт эзэмших гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан кредит карт эзэмших нэмэлт гэрээнүүдийг цуцалж, Б.М...гаас 38 913 560 төгрөг /гучин найман сая есөн зуун арван гурван мянга таван зуун жаран/ гаргуулан нэхэмжлэгч Х... банк ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 717 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М...гаас 422 717 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН