Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Н.Н*******,

шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан

Б******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э*******т холбогдох эрүүгийн 2415002990057 дугаартай, 304/2025/0074/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Б*******ын Э*******, Б*******  аймгийн Б******* суманд 1997 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Б******* аймгийн Б******* сумын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн  дунд  боловсролтой, мэргэжилгүй, дулааны цахилгаан станцад ээлжийн ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг,

урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж, оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, 28 настай, эрэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 2-р багт Шаравжамцийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хохирогч Н.Н*******г нөхөртэйгээ маргалдлаа” гэх шалтгаанаар хохирогч Н.Н*******гийн “хамар, нүдний хэсэгт давтамжтай үйлдлээр цохиж зодон “...хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, хоёр нүдний дээд зовхи, нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхи, зуүн хамрын угалзны хажуу гадаргууд, хүзүүний урд дунд гадаргууд цус хуралт, зүүн хацрын дээд гадаргууд хүзүүний баруун дээд тал, зүүн завьжны дотор салстанд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг болон  эрүүгийн 2415002990057 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 2-р багт Шаравжамцийн гэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хохирогч Н.Н*******тай нөхөртэйгээ маргалдлаа” гэх шалтгаанаар  маргалдаж улмаар хохирогч Н.Н*******гийн “хамар, нүдний хэсэгт давтамжтай үйлдлээр цохиж зодон “...хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, хоёр нүдний дээд зовхи, нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхи, зуүн хамрын угалзны хажуу гадаргууд, хүзүүний урд дунд гадаргууд цус хуралт, зүүн хацрын дээд гадаргууд хүзүүний баруун дээд тал, зүүн завьжны дотор салстанд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н*******гийн өгсөн: 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найзуудтайгаа сууж байсан Э******* гаднаас орж ирээд цуг уусан. Би нөхөртэйгөө жоохон муудалцаж байсан. Э******* яагаад хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлээд хэрүүл маргаан гаргаад намайг зодсон, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ  гэв.

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Н*******гийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 2-р багт байдаг Шаравжамцын гэрт Болор-Эрдэнэ, Б, Ү, манай нөхөр Б бид хэд юм яриад сууж байхад гаднаас Э******* гэх залуу орж ирээд юм яриад гар утсаараа тоглоод мөнгө хожчихлоо гээд дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа нэртэй архинаас 2 ширхгийг авч ирж бүгдээр уугаад дуусгасан. Б манай нөхөр болох Бгийн данс руу 50 мянган төгрөг шилжүүлж дэлгүүр рүү Б бид 2 яваад бас 0.75 литрийн Хараа нэртэй архи авч уусан. Сүүлийн 1 шил архийг ууж байхад гаднаас Э*******ын эхнэр болох Энхзул орж ирээд сүүлийн архи дуусаж байхад дахиж яаж архи авах уу? гэсэн чинь манай нөхөр болох Б нь миний утсыг дэлгүүрт тавьж архи авах уу? таних дэлгүүр байна уу? гэсэн чинь Энхзул надад таних дэлгүүр байгаа утсаа өгчих би яваад ирье гэсэн чинь Болор-Эрдэнэ цуг дэлгүүр явсан. Ү, Б, Э******* нар архи иртэл хойд өрөөнд унтлаа гээд орсон юм. Би нөхөр болох Бтай жоохон хэрүүл маргаан хийсэн чинь хойд өрөөнөөс Э******* гарч ирээд гараа боогоод намайг шалан дээр унагаагаад дарсан. Тэгээд Б бид хоёрыг салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь Э******* би эрүүлжүүлэхэд хономооргүй байна гээд гэрээс гарч зугтаах гэхээр би Э*******ын цамцнаас татсан чинь Э******* хамар руу 1 удаа гараараа цохиж, зүүн нүдний доор хэсэгт 1 удаа цохиж, зүүн нүд рүү 1 удаа цохиж нийт 3 удаа цохиж цагдаа ирэхээс өмнө Э******* зугтаагаад яваад өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд намайг цагдаа дээр авч суулгаж байгаад одоо эмнэлэг явж үзүүл гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн чинь хамар чинь хугарсан байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.А*******ын өгсөн: “... Манай байгууллагын зүгээс уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан гэмт хэрэг гарсны улмаас хохирогч Н.Н******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 107,031 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.Н*******д зарцуулагдсан 107,031 төгрөгийг нэхэмжилнэ.Тухайн сангаас гарсан мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд тушаах ёстой байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

5. Гэрч П. Үын өгсөн: "... Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б******* сумын 2-р баг манай найз Шаравжамцын гэрт Н*******, түүний нөхөр Б, Отлоо ах бид хэд архи ууж байгаа архи дуусаад би нэлээд согтсон болохоор хойд өрөөнд нь унтах гээд ороод байж байтал урд өрөөнд нь хүмүүс хэрэлдээд байхаар нь ортол Н******* нөхөр болох Б хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд Э******* чи юундаа нөхөртэйгөө яагаад хэрүүл хийгээд байгаан гээд гэж хэлээд гарах гэсэн чинь Н******* цамцнаас нь татсан чинь цамцыг нь урсан. Э******* чи юундаа нөхөртэйгөө хэрүүл хийгээд байгаа гээд гарах гэсэн чинь Н******* цамцнаас нь татсан чинь цамцыг нь урсан. Э******* эргэж хараад Н*******гийн нүүр лүү нэг удаа цохиж аваад гараад явсан. Н*******гийн хамарнаас цус гараад байсан. Тэгээд Н******* цагдаад дуудлага өгчихсөн удалгүй цагдаа нар ирээд Н******* түүний нөхөр болох Б нарыг аваад явсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

6. Гэрч Э.Бгийн өгсөн: “... Би хамтран амьдрагч Н*******гийн хамт 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Б******* сумын 2-р багт Шаравжамцын гэрт найзуудтайгаа архи уусан юм тэгээд ууж байсан архи маань дуусаад Энхбат, Э*******, Н*******, Ү бид 5 үлдээд сууж байтал Н******* намайг архи уулаа гээд загнасан чинь Э******* хойд өрөөнөөсөө гарч ирээд чи муу яахаараа дандаа нөхрөө загнаж байдаг юм гэж хэлээд хоолойг нь боогоод нүүр рүү нь баруун гараараа зангидаж байгаад 3 удаа цохьсон чинь хамраас цус гарсан Н******* уурлаад цагдаа дуудна гэсэн чинь Э******* гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

7. Гэрч В.Бийн өгсөн: “...2024 оны 11 сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Б******* сумын 2-р баг хөрөө рам гэх газар Шаравжамцын гэрт танил Н******* түүний нөхөр Б манай дүү Болор-Эрдэнэ, Ү, Б, Энхбат бид хэд хөзөр тоглоод  архи уугаад сууж байтал гаднаас Э******* орж ирээд утсаараа тоглож сууж байгаад мөнгө хожчихлоо би гарч дэлгүүр орчхоод ирье гээд гарч яваад ирэхдээ 2 шил 0,75 литрийн хараа нэртэй архи  аваад бид бүгд хувааж уусан тэгээд архи дуусаж байхын багцаанд Э*******ын эхнэр Энхзул гаднаас орж ирсэн.Тэгээд дахиад яаж архи олж уух уу? гэж ярилцаад Б гар утсаа дэлгүүрт тавиад архи авч ууя гээд байх шиг байсан.Тухайн үед би маш их согтчихсон болохоор Шаравжамцын гэрийн ар талын өрөө рүү найз залуу болох Үтай хамт хэсэг унтаж амрах гээд орсон.Тэгээд сэртэл тэнд Н******* Б, Энхбат,Ү 4 нөгөө өрөөд зогсож байсан. Н*******гийн хамраас цус гарчихсан юу? болсон талаар асуутал Э******* намайг зодчихлоо гээд орилоод байсан. Харин Б хойд өрөөнд согтуу тасарч унаад сэрээгүй байсан.Тэгтэл удалгүй цагдаа нар орж ирээд Н*******, Б 2-ыг аваад явсан. Э******* харин гараад явчихсан байсан. Н******* цагдаа дуудсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

8. Гэрч Б.Бын өгсөн: “... 2024 онын 11 сарын 27-ны өдөр Б******* сумын 2 дугаар баг хөрөө рам гэх газар би Болор-Эрдэнэ, Б, Ү, Б, Н*******, Энхбат нарын хамт архи ууж байгаад би нилээд их согтоод тасарчих гээд байхаар нь би гэр лүүгээ харихаар явсан өөр юу? болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

9. Гэрч П.Оын өгсөн: “... 2024 оны 11 сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд би Улаанбаатар хотоос ирээд байж байтал Ү намайг Б******* сумын 2-р баг хөрөө рам гэх газар Шаравжамцын гэрт би байна та хүрээд ирээч гэхээр нь би очтол Н******* түүний нөхөр Б, Э*******, Б, Энхбат, Ү гэх мэт хүмүүс байсан.Тэгээд 1 шил архи задалчихсан тойруулах гээд байж байтал Н******* нөхөртөө хандан чи ээж рүүгээ залгаад архины мөнгө олоодох гэж хэлээд бас надад хандан чи зайл гэх мэтээр агсараад байсан.Тэгтэл Э*******,  Н*******д хандан чи О ахыг яагаад хөөгөөд байгаан наад хүн чинь танайд байгаагүй шүү дээ гэж хэлсэн мөн нөхрөө яах гэж шоовдорлоод байгаа юм гэтэл Э*******т хандан чамд хамаагүй гэж хэлээд Э*******ыг 2 удаа алгадаад авсан тэгтэл Э******* уурлаад гараад явах гэтэл цамцнаас нь зуураад байсан чинь Э******* буцаж хараад гараа зангидаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон санагдаж байна тэгтэл Н******* цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа ороод ирсэн тухайн үед Э******* гараад явчихсан гэрт Ү, Б, Б, Н*******, Энхбат нар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50-дахь тал/,

10. Яллагдагч Б.Э*******ын өгсөн: “...Тухайн өдөр Н.Н******* нь Отлоо гэдэг ахтай хэрэлдсэн харин зодоон цохион бол хийгээгүй. Надаас өөр Н.Н*******гийн биед халдаж гэмтэл учруулсан хүн байхгүй ээ. Н.Н******* нь манай найз Үын найз байгаа юм. Бид хоёрын дунд төрөл садны болон өөр ойр дотны харилцаа хамаарал байхгүй ээ. Бид хоёр урд өмнө нь хэрүүл маргаан зодоон цохион хийж байгаагүй ээ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

11. Шинжээч эмч Э.Дын өгсөн: “.. Н******* нь хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, 2 нүдний дээд зовхи, нүдний дотор болон зүүн нүдний доод зовхи, зүүн хамрын угалзны хажуу гадаргуу хүзүүний баруун дээд, зүүн жавьзны дотор салстанд зулгаралт эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд 2024 оны 11 сарын 19-ний өдрийн №381 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт тодорхой бичиж өгсөн. Тус үзлэгт цус хуралт, зулгаралтын өнгө 2024 оны 11 сарын 19-ний өдрийн толгойн компьютер томографикийн шинжилгээгээр шинэ гэдэг нь нотлогдож байна. Тус компьютерын шинжилгээгээр хуучин гэмтлүүдийг хуучин гэдэг үгээр тусгаж өгсөн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74-р тал/,

12. Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Дын 381 дугаартай “... Н*******гийн биед хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, хоёр нүдний дээд зовхи, зүүн хамрын угалзны хажуу гадаргууд, хүзүүний урд дунд гадаргууд цус хуралт, зүүн хацрын дээд гадаргууд хүзүүний баруун дээд тал, зүүн завьжны дотор салстанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх механизмаар үүснэ, 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо...”  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

13.Б******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Дын  дүгнэлт №381 дээр нэмэлтээр хийсэн шинжилгээ №04 дугаартай “ ... Урьд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-84 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Б.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 2-р багт Шаравжамцийн гэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хохирогч Н.Н*******тай нөхөртэйгээ маргалдлаа” гэх шалтгаанаар  маргалдаж улмаар хохирогч Н.Н*******гийн “хамар, нүдний хэсэгт давтамжтай үйлдлээр цохиж зодон “...хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, хоёр нүдний дээд зовхи, нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхи, зуүн хамрын угалзны хажуу гадаргууд, хүзүүний урд дунд гадаргууд цус хуралт, зүүн хацрын дээд гадаргууд хүзүүний баруун дээд тал, зүүн завьжны дотор салстанд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Н*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан  нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Б.Э*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Б.Э******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Э*******ын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Н.Н******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр илэрхийлээгүй,сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Э*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож  шийдвэрлэв.

Харин хохирогч Н.Н******* нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгч Б.Э******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд  шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Хавтаст хэргийн 109, 111-118 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э******* нь Б******* аймгийн Б******* сумын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн  дунд  боловсролтой, мэргэжилгүй, дулааны цахилгаан станцад ээлжийн ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Б*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.Э*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.Н******* цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ