2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/892

 

 

 

 

 

 

 

2025       04          09                                    2025/ШЦТ/892

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,

улсын яллагч Г.Гармаа,

хохирогч Н.Т,

шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, **** овогт Л-н Эд холбогдох эрүүгийн 2411 02273 1498 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “********” ХХК-д аж ахуйн ажилтан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ***** аймгийн ******* сумын *********** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо ******** тоотод оршин суух, урьд

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 781 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

            ********* овогт Л-ын Э /регистрийн дугаар: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Л.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, ********* сургуулийн урд замд “машинаа холдуул, зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр рүү гараараа цохиж Н.Тийн биед эрүү ясны хоёрлосон хугарал, баруун, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2411 02273 1498 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Хохирогч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11488 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-67-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Г.Гармаа: “...Л.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, ******* сургуулийн урд “машинаа холдуул, зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр рүү гараараа цохиж Н.Тийн биед эрүү ясны хоёрлосон хугарал, баруун, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

           

Шүүгдэгч Л.Э гэм буруугийн талаар маргахгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Л.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Чингэлтэй үүргийн 5 дугаар хороо, ******* сургуулийн урд замд хохирогч Н.Ттэй “машинаа холдуул, зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж, биед эрүү ясны хоёрлосон хугарал, баруун, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь

Хохирогч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай багын найз нас барсан тул найзуудаараа цуглаад эмгэнэл илэрхийлээд, тэр оройдоо 10 дугаар хороололд нэг газар орж сууцгаасан. Тэгээд гэртээ харьж хоночхоод өглөө 11 цагийн үед найз Б-ийг дуудаж, Хүүхдийн зууд хоолонд орсон. Тэнд хоол идэж байхдаа хоёр сөжү, нэг пиво уусан. Тэгээд Бямбасүх бид хоёр 5 дугаар сургуулийн орчим өөр нэг найзтайгаа уулзах гээд ирсэн. Байр луу эргэх замд приус 20 загварын саарал өнгийн машин эргэх газар зогсчихсон байсан. Тэрнээс болоод би тэр машины залуутай маргалдаад, машин дээр нь очоод “машинаа холдуул даа” гэж хэлээд тэр залуутай хэрэлдсэн. Тэгээд маргалдаж байхад тэр залуу машинаасаа бууж ирээд миний эрүү рүү нэг удаа цохичихсон. Тэр үед манай найз бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь тэр залуу “Цагдаа дуудна. Машин эвдчихлээ. Хохирлоо барагдуулна” гэхээр нь би “хүний эрүү хугалчхаад цагдаа дууд” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би өөрийн эзэмшлийн Приус 20 загварын *****улсын дугаартай машинаа бариад явж байсан. Би байр луу эргээд орох гэтэл урд нэг машин зогсож байсан. Тэр хооронд Т тэр машины жолоочтой муудалцаад маргалдаад байсан. Нөгөө машин хөдлөхгүй байсан чинь Т халамцуу байсан болохоор тэр залуутай хэл ам хийгээд байсан. Би машинаа байрлуулчхаад машинаа түгжээд эргээд харсан чинь нөгөө залуу Тийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохиж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Тэр үед Тийн эрүү ам нь тэр дорхноо хавдаад амнаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би эмнэлэг рүү явах гээд төрсөн ах Л.Эг дуудаад машинтай нь хамт явж байсан. Ах бид хоёр ******* сургуулийн замаар ороод би яарч байсан болохоор буухын завдалгүй нөгөө хохирогч гэх залуу машины цонхыг 2-3 удаа хүчтэй тогшоод “Буугаад ир, хоёулаа үзэх үү” гээд байсан. Тэр хүн нилээн согтуу байсан. Тэр хүн өөр нэг хүнтэй машинтай явж байсан ба нөгөө хүн нь машинаа таглаж тавьчхаад гарах боломжгүй байгаад байсан. Намайг машинд байхад зорчигч талын буюу зүүн урд цонхыг тэр согтуу эрэгтэй хүчтэй цохиод байсан. Гэхдээ сүүлд манай ах над руу машиныхаа баруун урд хаалганы дээд талын багана нь хонхойсон байсан зураг явуулсан. Өмнө нь тэр хэсэгт ямар нэгэн гэмтэл, хонхорхой байгаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г-тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ** дугаар байрны гадаа машинаа угаагаад зогсож байсан. Тэгэхэд Приус 20 загварын саарал өнгийн машинтай ах хүү байрны үүдээр явдаг нарийн зам дээр нэг машин хажуугаараа зөрүүлээд зогсож байсан. Тэгсэн чинь тэр машины ард явж байсан. Приус загварын машины жолоочийн хажууд явж байсан залуу бууж ирээд Приус 20 загварын машины жолоочтой хэрүүл өдөөд байсан. Тэр залуу согтуу байсан бөгөөд “Миний замаас холдсонгүй, зам таглаж зогслоо” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тэгэхэд Приус 20 машины жолооч “Эхний машиныг чинь зөрүүлчихээд нааш цаашаа болоод зөрөхгүй бол болохгүй байна” гэж хэлээд урагшаа болоод зам тавьж өгсөн. Тэгээд нөгөө приус нь өөрийнхөө явах гэж байсан зам руугаа ороод байр луу ордог хаалттай зогсоолын гарах талд нь тулаад зогссон. Тэр хооронд нөгөө согтуу ах нөгөө приус 20 машиныг цохиод жолоочийг нь татаж чангаагаад байсан. Тэгж байж байгаад жолоочийг нь нэг цохичих шиг болсон. Тэр хооронд нөгөө согтуу ах приус 20 машиныг цохиод жолоочийг нь татаж чангаагаад байсан. Тэгж байж байгаад жолоочийг нь нэг цохичих шиг болсон. Тэгсэн чинь приус 20 тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд нөгөө согтуу залууг нэг удаа нүүр лүү нь цохичихсон. Тэгээд нөгөө хамт явж байсан жолооч нь гүйж очоод приус 20 тээврийн хэрэгслийн жолоочийг түлхээд уурлангуй байхаар нь би очоод тэр хүмүүсийг салгасан. Намайг очиход тэр үедээ хэн нэгнийх нь биед айхтар гэмтэл учирсан юм харагдаагүй. Тэгээд приус 20 тээврийн хэрэгслийн жолооч цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №11488 дугаартай шинжээчийн “...Н.Тийн биед эрүү ясны хоёрлосон хугарал, баруун, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Тогтоогдсон үйл баримт болох Л.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Чингэлтэй үүргийн 5 дугаар хороо, ******* сургуулийн урд замд хохирогч Н.Ттэй “машинаа холдуул, зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж, биед эрүү ясны хоёрлосон хугарал, баруун, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

Учир нь, Л.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийн нүүр хэсэг рүү цохих үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

 

Энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Тийн биед хүндэвтэр зэргийн буюу “эрүү ясны хоёрлосон хугарал, баруун, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, гэрч Х.Б, Б.Г нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.Эгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, гэрч нар шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Л.Эгийн халдсан гэх цаг хугацаанд хохирогч Н.Т нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг Л.Эг учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.

 

Иймд Л.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Н.Т нь нийт 20,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба үүнд, 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин, шүд эмчлүүлэх төлбөр, сэтгэл санааны хохирол, хэрэгт хавсаргаж өгсөн баримтуудыг тус тус үндэслэл болгосон.

 

Үүнээс: Хавтаст хэрэгт гаргасан хохирлын баримтыг нэг бүрчлэн судалж үзэхэд нийт 47 ширхэг баримт авагдсан байх бөгөөд нийлбэр дүн нь 1,091,261 төгрөг байх бөгөөд шүүгдэгч Л.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хавтаст хэргийн 58 дугаар талд 1,700,000 төгрөгийг хохирогч Н.Тт шилжүүлсэн байгаа нь баримтаар нэхэмжилсэн 1,091,261 төгрөгийн хохирлыг төлсөн гэж үзлээ.

 

Хохирогч Н.Тийн ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой гаргасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсуудад Н.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 14 хоног, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 7 хоног нийт 21 хоног хэвтэн эмчлүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 369,290 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 621,768 төгрөгийг тус тус авчээ.

 

********* ББСБ-ын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 24/1069 дугаартай албан бичигт “Н.Т нь сарын үндсэн цалин 1,500,000 төгрөг” болохыг тодорхойлсон бол мөн байгууллагын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25/172 дугаартай албан бичигт “Н.Т нь сарын үндсэн цалин 2,000,000 төгрөг, ахлагчийн нэмэгдэл 500,000 төгрөг, зэргийн нэмэгдэл 500,000 төгрөг” болохыг тодорхойлсон баримтууд нь хохирогч Н.Тийн үндсэн цалинг зөрүүтэй тодорхойлж, түүний сарын цалинг тодорхойлсон өөр бусад санхүүгийн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Харин Н.Тийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт бүхий хавтаст хэргийн 16 дугаар хуудаст авагдсан баримтаар тэрээр 2024 оны 8 сард ********* ББСБ-д 21 хоног ажиллаж тухай сард 2,183,332 төгрөгийн цалин хөлс авсан байх тул хохирогчийн гэмт хэрэг гарсан хугацаанд нийт 21 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, тэрхүү хугацаанд аваагүй гэх цалин хөлсийг энэхүү Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт бүхий баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Эгаас 2,183,332 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Тт олгуулахаар шийдвэрлэв.

 

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 652 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Тийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,300,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Л.Эгаас нийт 5,483,332 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Тт олгуулахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн хохирогч Н.Т нь 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 14,516,668 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд шүүгдэгч Л.Эгаас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,

“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.Тийн энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 214,682 төгрөгийг шүүгдэгч Л.Эгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Л.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Л.Э нь эрүүгийн хариуцлагын талаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч Л.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас торгуулийн ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

           

Шүүгдэгч Л.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэл шүүгдэгч Л.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт Л-ын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Эд оногдуулсан торгох ялыг дөрөв (4) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эгаас 5,483,332 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Тт, 214,682 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулсугай. 

7. Хохирогч Н.Т нь 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 14,516,668 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд шүүгдэгч Л.Эгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Л.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР