2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/910

 

 

 

 

 

 

 

2025       04          11                              2025/ШЦТ/910

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгч С.У,

шүүдэгч С.Б,

шүүгдэгч Э.З,

шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Уг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Е.З, С.Б нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2309013292734 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, ********* тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн **** дугаар хороо, ******** тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй,

******** овогт С-ийн У /регистрийн дугаар: *********/,

 

2. Монгол Улсын иргэн, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эцэг, эх, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ********* тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Хэнтий аймгийн *********** дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй,

******** овогт С-ын Б /регистрийн дугаар: ***********/,

 

3. Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн **** дугаар хороо, ********** тоотод оршин суух,

Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгуулийн ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэгдэж байсан,

***** овогтой Е-ийн З /регистрийн дугаар: *********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч С.У нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т” гэх нэртэй зочид буудалд хохирогч Ш.Чыг “гараад найзыгаа тосоод ирье, гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг шилжүүлэн авсан,

            Шүүгдэгч С.Б, Е.З нар нь бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т” гэх нэртэй зочид буудалд байсан иргэн Ш.Чын эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг С.У нь гэмт хэрэг үйлдэж олж авсан, улмаар тус гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг Е.Зын нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Уг залилах гэмт хэрэгт, шүүгдэгч С.Б, Е.З нарыг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2309013292734 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Яллагдагч Е.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

Яллагдагч С.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 232-233-р хуудас/,

Яллагдагч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 235-236-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн СБ2-23-465 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-54-р хуудас/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 154-156-р хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-49, 58-76, 147-153-р хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн 2309013292734 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч Г.Бат-Оргил: “... Шүүгдэгч С.У нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т” гэх нэртэй зочид буудалд хохирогч Ш.Чыг “гараад найзыгаа тосоод ирье, гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг шилжүүлэн авсан,

Шүүгдэгч С.Б, Е.З нар нь бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т” гэх нэртэй зочид буудалд байсан иргэн Ш.Чын эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг С.У нь гэмт хэрэг үйлдэж олж авсан, улмаар тус гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг Е.Зын нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг...” гаргав.

 

Шүүгдэгч С.У, С.Б, Э.З болон тэдгээрийн өмгөөлөгч О.Алтанчулуу нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч С.У нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т” гэх нэртэй зочид буудалд хохирогч Ш.Чыг “гараад найзыгаа тосоод ирье, гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ш.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд найз Энхбатын хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Т зочид буудалд 0.7 литрийн 1 шил архи хувааж ууж байх үед 4 жилийн өмнө танилцаад хамт барилгын дээвэр хийдэг байсан миний хуурай дүү Б-ийн эхнэр У фейсбүүкээр мөнгө байна уу гэхээр нь ахын дүү ирээд авчих гэсэн ирэхээсээ өмнө ээжийнхээ данс руу 20,000 төгрөг аваад ирснийнхээ дараа таксины мөнгө болон пивоны мөнгө аваад хамт сууж байгаад манай нэг найз ирж байна гэнээ та утсаа өгч байгаач би найзыгаа тосоод ирье гэж хэлээд миний гар утсыг авч гараад алга болчихсон... хар өнгийн ай фоне 12 про маркийн гар утас 2023 оны 03 дугаар сард 2,150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Гар утсаа 2,150,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн СБ2-23-465 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Яллагдагч С.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Т зочид буудал дээр очсон. Тухайн үед ганцаараа очсон бөгөөд тэр үед Ч нь найз гэх миний танихгүй эрэгтэй хүнтэй байсан. Ч согтуу байсан байх, харин цуг явж байсан найз нь гэх эрэгтэй эрүүл архи пиво уугаагүй байсан. Тэгээд тэр хоёр тэнд архи ууж байсан би хажууд уугаагүй сууж байсан чинь Ч ах найзыгаа дуудчихлаа гэсэн, тэгэхээр нь би найз Б руу утсаар яриад хань татах гэж дуудсан. Тэр үед Б 3-р хороололд байна, хувцасаа сольчихоод яваад очъё гэж хэлж байсан. Би тэр үед Чын айфоне 12 загварын гар утсаар залгаж ярьсан, миний гар утсанд тухайн үед нэгж байгаагүй юм. Тэгээд би Чын найз гэх үл таних эрэгтэй хүний хамт тэр зочид буудлаас гарсан, тэр эрэгтэй найз нь дэлгүүр ороод үлдсэн, би Т зочид буудлаас гарахдаа Чад гар утсыг нь аваад явж байгаа тухайгаа хэлсэн. Ч нь “тосчихоод ирээрэй л” гэж хэлсэн. Тэгээд гартал найз нь ирээгүй байхаар нь утсыг нь аваад Тын гаднаас таксинд суугаад 3-р хороолол ороод Бтой уулзсан... утсыг нь аваад тухайн үедээ мөнгө хэрэгтэй болоод зарчихсан гэнэтийн шийдвэр байсан...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл... зохиомол байдлыг зориудаар бий болгох... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч С.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тэрээр хохирогч Ш.Чын ай фоне 12 про загварын гар утсыг өгч байгаач, найз ирж байгаа тосоод ирье гэж хэлэн авчээ.

Энэ үйлдлийг хийхдээ С.У нь хохирогч Ш.Чад найз ирж байгаа тосоод ирнэ гэж авсан цаг хугацааны дараа тухайн хохирогчийн байсан газраас явж, буцаан гар утсыг шилжүүлэн өгөлгүй, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, түүний хүсэл сонирхлын эсрэг бусдад худалдан борлуулан өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг олж авахын тулд худал амлалт өгч төөрөгдүүлсэн, авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгоор хийсэн байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд олж авах учиртай.

Иймд шүүгдэгч С.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Харин, шүүгдэгч С.Б, Е.З нар нь бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т” гэх нэртэй зочид буудалд байсан иргэн Ш.Чын эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг С.У нь гэмт хэрэг үйлдэж олж авсан, улмаар тус гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг Е.Зын нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан... үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүй” гэж үзлээ.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол” гэж мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

 

Улсын яллагч, шүүгдэгч С.Б, Е.З нарын үйлдлийн шинжийг тодорхойлохдоо “...иргэн Ш.Чын эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг С.У нь гэмт хэрэг үйлдэж олж авсан, улмаар тус гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг Е.Зын нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч ашигласан...” гэж дүгнэжээ.

 

Ийнхүү дүгнэлт хийхдээ хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шинжлэн судалсан нотлох баримтууд болох яллагдагч Е.Зын мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/, яллагдагч С.Угийн мэдүүлэг /хх-ийн 232-233-р хуудас/, яллагдагч С.Бгийн мэдүүлэг /хх-ийн 235-236-р хуудас/-т авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар нотлогдсон гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Энэхүү яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд, хохирогч Ш.Чын эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг С.У нь гэмт хэрэг үйлдэж олж авсан, улмаар тус гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулсан гэх үйл баримтын нотломж болох яллагдагч Е.З хавтаст хэргийн 6 дугаар талд “... Угийн зарах гэж байсан гар утсыг өөрийнх нь биш гэдгийг... би мэдээгүй... гар утасны зарсан мөнгөнөөс би 100 төгрөг ч аваагүй...” гэж, яллагдагч С.У хавтаст хэргийн 233-234 дүгээр талд “...З Чын гар утсыг ломбарданд тавьчихъя гээд байсан... Зын машинынх лизингийн хугацаа нь тулсан, тэгээд буцаагаад аваад өгчихье гээд байсан юм... тэгээд тэр шөнөдөө цуг мөнгөө үрэлцээд маргааш нь салаад явцгаасан...” гэж, яллагдагч С.Б хавтаст хэргийн 236 дугаар талд “...Би утсаар ярьж гар утас авах хүн олсон, З өөрийнхөө хар өнгийн приус 30 загварын машин барьж явж байсан, У утас авах хүнтэйгээ машины хойно сууж байгаад өөрөө зарсан... хувь хүнд 600,000 төгрөгөөр Зын дансаар дамжуулан зарсан. Тухайн олсон орлогыг идэж уух юманд болон З машинынхаа төлбөрийг төлж хувьдаа хэрэглэцгээсэн...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.З, С.Б нар нь хохирогч Ш.Чын эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг С.У нь залилах гэмт хэрэг үйлдэж олж авсан, улмаар тус гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдэж байсан бус С.У манай ахын гар утас гэж хэлсэн учир хамт худалдсан гэж тус тус тайлбар, мэдүүлэг өгөв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч нарын дээрх буюу шүүгдэгч С.Б, С.У нарын гар утсыг худалдан борлуулж, Е.Зын дансаар төлбөрийг шилжүүлэн авсан гэх мэдүүлгийн эх сурвалж нь үйл баримтыг нотолсон Есөн-Эрдэнэ Зын эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансны депозит хуулгат хохирогчийн гар утсыг худалдан борлуулсан төлбөр орсон гэх үйл баримт, дансны гүйлгээний орлого, зарлага байхгүйгээр үгүйсгэгдсэн.

 

Нөгөөтэйгүүр, улсын яллагчаас шүүгдэгч С.Б, Е.З нарыг тухайн гар утсыг 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг Е.Зын нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч ашигласан гэж буруутгасан боловч уг Хаан банкны ******** тоот дансны депозит хуулгаар ашигласан гэх орлого, зарлага нь байхгүй, нотлогдож тогтоогдохгүй байна.

 

Мөн яллагдагчаар С.Б хавтаст хэргийн 22 дугаар талд “... У нь гар утас авчирхдаа хэний эзэмшлийн гар утас гэдгийг хэлсэн үү гэх асуултад..., манай нөхрийн ах Чын гар утас би уг гар утсыг барих гэж байгаа юм гээд фейсбүүкээ оруулцан байсан. Тэгээд дараа нь гар утсаа зарахаар болсон...” гэсэн, С.У сэжигтнээр хавтаст хэргийн 46 дугаар талд “...Б намайг гар утсаа тавьчих аваад өгчихнө гээд байсан... гуйгаад байхаар нь би найз байсан болохоор зөвшөөрөөд заруулсан...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Б, Е.З нар нь гар утсыг гэмт хэрэг үйлдэж олж авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдэж байсан гэх үйл баримт хангалттай нотлогдсонгүй, тэдний мэдүүлэг нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй тул яллагдагч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд эргэлзээ үүсгэлээ.

 

Эзэмших эрх бол өмчлөгчөөс эд хөрөнгөд өөрийн ноёрхлыг тогтоож, бүрэн эрхшээлдээ оруулсан байхыг, Ашиглах эрх нь өөрийн эд хөрөнгийг түүний аж ахуйн зориулалтаар нь хэрэглэж, түүний ашиг шимийг хувийн хэрэгцээнд зориулах боломжтой байх явдал бол захиран зарцуулах гэдэг нь өөрийн эзэмшилд буй эд зүйлийн хувь заяаг худалдах, бэлэглэх зэргээс эхлээд устгах хүртэл шийдвэрлэх бүрэн эрхээр хангагдсан байхад оршдог билээ.

 

Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч С.У нь хохирогч Ш.Чын  “ай фоне-12 про” загварын гар утсыг бүрэн эрхшээлдээ оруулсан, ашиг шимийг хувийн хэрэгцээнд захиран зарцуулах бололзоог бүрдүүлж, С.Б, Е.З нарт гар утсыг өөрийн ахын гар утас гэж итгүүлж, тэд нартай хамт өөрөө худалдан борлуулсан, С.Б, Е.З нар нь гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдэлгүйгээр төлбөрийг хэрэглэхэд хамт байлцсан гэж дүгнэлээ.

 

Тодруулах нь, шүүгдэгч С.Б, Е.З нар нь хохирогч Ш.Чын эзэмшлийн “ай фоне-12 про” загварын гар утсыг эзэмшиж, ашиглан бусдад худалдан борлуулаагүй, тэд гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдэлгүйгээр төлбөрийг хэрэглэхэд хамт байлцсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан ба хохирогч Ш.Чын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч С.Уг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Г.Бат-Оргил эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч С.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг...” гаргасан.

 

Шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар эрүүгийн хариуцлагын талаар “... улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч С.Угийн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, ялыг 6 сараар тогтоож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Е.З, С.У, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Е.З, С.У, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Е.З, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч ********** овогт С-йн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уг зургаа /6/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уг өөрийн оршин суух Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.У, С.Б, Э.З нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Чын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У, С.Б, Э.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР