| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/02398/И |
| Дугаар | 102/ШШ2022/02021 |
| Огноо | 2022-05-30 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2022/02021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, дүгээр хороо, москва хороолол, байр, тоотод оршин суух, Бовогт Н А /РД:ЧТ0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, гудамж, өөрийн байр, Д ТӨХК /РД: 000000/-т холбогдох,
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.А,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.
нэхэмжлэлийн шаардлага: 2,694,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Д” ТӨХК-д Турбин цехийн нөөц бүртгэлийн нярав албан тушаалд ажиллаж байх хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болгож өндөр настны тэтгэвэрт гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын “Б/000” дугаар тушаалын тушаах нь хэсэгт “Н.А-д Эрчим хүчний салбарт ажилласан 35.1 жилд ноогдох 32,825,012 төгрөгийн тэтгэмж, 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 5,881,012 төгрөгийн халагдсаны тэтгэмжийг тус тус олгосугай” гэж заасан боловч уг тэтгэмжийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний Хаан банкны 5025404341 тоот дансанд шилжүүлэхдээ 30,130,612 төгрөгийг хийж, нийт үнийн дүнгээс 2,694,400 төгрөгийг суутган авсан байдаг. Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт “хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, толбор, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж ”-ийг албан татвараас чөлөөлөхөөр зохицуулсан байтал нэг удаагийн тэтгэмж болох 30,130,612 төгрөгөөс 2,694,400 суутгах үндэслэлгүй юм. Иймд “Д” ТӨХК-тэй байгуулсан “Хамтын гэрээ”-ний дагуу олгосон нэг удаагийн тэтгэмж болох 26,709,332 төгрөгөөс суутгасан 2,694,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Н.А нь “Д” ТӨХК-д нийт 35.01 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/000 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын “Д” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Н.А-д эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 26 944 000.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн МТА.татварын дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, ДТӨХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/406 дугар тушаал /хх-4/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-5-6/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-9/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10/, шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-14/, Монголын татварын албаны тайлан /хх-15-16/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан 2,694,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Н.А нь “Д” ТӨХК-ийн Турбин цехийн нөөц бүртгэлийн няравын ажлын байранд ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/406 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Ийнхүү нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан “Д” ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан “Хамтын гэрээ”-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Н.А-д 26,944,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, энэхүү тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт тооцон 10 хувийг суутган авсан хариуцагч байгууллагын үйлдэл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ... нэхэмжлэгч нарт олгосон удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутган авсан мөнгийг манай байгууллага татварын албанд шилжүүлсэн тул манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан, маргаж байна.
5.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.
6.“Д” ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан “Хамтын гэрээ”-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарт олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь үндэслэлгүй байна.
.Хариуцагчийн “нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжээс суутган авсан 10 хувийн татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн” гэх тайлбар хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
7.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Д” ТӨХК-аас 2,694,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ТӨХК-аас 2,694,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА