| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/00152/И |
| Дугаар | 101/ШШ2022/01844 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/01844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 5,250,000 төгрөг, алданги 20,125,000 төгрөг, нийт 60,375,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч миний бие 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн хүсэлтийн дагуу 35,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, А.Дын өмчлөлийн талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь үндсэн зээл болон зээлийн хүүнээс төлөлт хийгээгүй болно. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу 35,000,000 төгрөгөөс 5 хувийн хүү тооцоход сарын 1,750,000 төгрөг болж байгаа бөгөөд 3 сарын хугацаагаар үржүүлэн тооцоход 5,250,000 төгрөг нийт хүү шаардах эрхтэй болж байна. Тус гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч нь үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 5,250,000 төгрөг нийт 40,250,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Мөн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа болох 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл тооцвол 21 сар буюу 630 хоногоор хугацаа хэтрээд байна. Гүйцэтгэвэл зохих үүрэг болох 40,250,000 төгрөгөөс 0,5 хувийн алданги тооцвол өдрийн 201,250 төгрөг хугацаа хэтрүүлсэн 630 хоногоор үржүүлэн тооцвол 126,787,500 төгрөг болж байна. Иргэний хуульд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсны дагуу 40,250,000 төгрөгийн 50 хувь болох 20,125,000 төгрөгний алданги шаардаж байна. Хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байсан, мэдэгдлийг хүлээж аваад ард талд нь хүлээн авсан Д гэж гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандсан. А.Дын зүгээс Н.Агаас авсан зээлийг А.Э гэдэг хүнд шилжүүлсэн, би төлөхгүй гэж тайлбарладаг. Гэрээ байгуулсан өдөр А.Э, Н.А, А.Д нар хамт явж байсан, А.Д, Н.А нар 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, тухайн үед А.Д 5,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлчих, үлдсэн 30,000,000 төгрөгийг А.Эын данс руу шилжүүл гэж зөвшөөрсний дагуу А.Эын данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн. А.Агийн өөр бусад этгээдүүдтэй байгуулсан зээлийн гэрээний асуудал байгаа, түүний дагуу шилжүүлсэн төлбөрийг А.Дын зээлд төлсөн мэтээр тайлбарлаж, хариу тайлбартаа баримт хавсаргаж өгсөн байдаг. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар А.Дын дансанд 35,000,000 төгрөг шилжүүлээгүй гэж маргаж байна. Н.А, А.Д нар 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа А.Д мэдэж байх ёстой. А.Д, А.Э нар хоорондоо ямар тооцоотой байсан болоод Н.Ад А.Эын данс руу мөнгө хий гэж хэлснийг мэдэхгүй. А.Э гэрчийн мэдүүлэг өгөхдөө А.Даар дамжуулж зээл авсан, Н.А АТМ ороод миний данс руу мөнгө шилжүүлсэн, энэ үед А.Д хамт явж байсан гэж хэлсэн. Н.Агаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А.Дт зээлийн гэрээний дагуу зээлийг цаг хугацаанд нь хийхгүй, гэрээний үүргээ зөрчиж, удаа дараа хойшлуулж байгаа тул өнөөдрийн байдлаарх үндсэн зээлийн үүрэг 35,000,000 төгрөг, хүү 4,192,000 төгрөг, нийт 39,192,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдэгдлийг хүргүүлж байсан. Мэдэгдлийг А.Д хүлээж аваад ямар нэгэн тайлбар хийгээгүй. Мөн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр А.Дт мэдэгдэл хүргүүлэхэд хүлээж авсан боловч төлөөгүй. 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг А.Э биш, А.Д хариуцах ёстой. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 5,250,000 төгрөг, алданги 20,150,000 төгрөг, нийт 60,375,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.Агийн гаргасан нэхэмжлэлд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 5,250,000 төгрөг, алданги 20,150,000 төгрөг нийт 60,375,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Н.Атай 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танил А.Эын хүсэлтээр 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөөр миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* тоот 95 м.кв орон сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаа 3 сар бөгөөд гэрээний зүйл болох 35,000,000 төгрөгийг А.Дын өмчлөлд шилжүүлэх ёстой байсан, энэ үүрэг хангагдаагүй. Гэрээ ёсоор надад зээлийн 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй, харин А.Эд шилжүүлэн өгсөн. Н.А надад 2020 оны 01 дүгээр сарын 29-нд 5,000,000 төгрөгийг шилжүүлж өгснийг би 2020 оны 02 дугаар сарын 05-нд А.Эын дансанд шилжүүлэн өгсөн. Харин 30,000,000 төгрөгийг надад өгөөгүй, шууд А.Эын дансанд шилжүүлсэн байсан. Ийнхүү 35,000,000 төгрөг А.Эын данс руу шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл бол зээлийн гэрээ биелэгдээгүй гэж үзэж байгаа, 35,000,000 төгрөгийн зээл олгогдох ёстой байсан боловч 5,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Би А.Эаас Н.Атай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг, байр суллаж өгөхийг шаардсан учир А.Э нь Н.Ад нийт 30,295,400 төгрөгийг төлсөн, шилжүүлэхдээ зарим гүйлгээний ард талын тэмдэглэгээ дээр нь Дын өр гэдэг байдлаар бичээд хаасан байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдүүлэгчийн шаардах эрх хэзээ, хаана, яаж үүсэх вэ гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгчээс хариуцагчид 30,000,000 төгрөг өгөөгүй, шууд А.Эын дансанд хийсэн. Тийм учраас 30,000,000 төгрөгийг нь шаардах эрх нь А.Эд үүснэ гэж үзэж байна. А.Дт 5,000,000 төгрөгийн шаардах эрх үүсэх боломж харагдаж байгаа. Яагаад А.Эыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бэ гэвэл А.Э, А.Д нар бие биенээ таньдаг, зээлийг А.Э авсан, гэрээг А.Д байгуулсан. Гэхдээ А.Э мэдүүлэгтээ би Н.Агаас зээлж авсан 35,000,000 төгрөгийн зээлийн асуудлыг би өөрөө 100 хувь хариуцна гэж хэлдэг. Хэдийгээр нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлдог боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар шаардах эрх хэнээс хэнд үүсэх вэ гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Ийм учраас А.Дын зүгээс хариуцагч биш, нэхэмжлэлийн шаардлага 60,375,000 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй, А.Дын өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1-2, 3/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5/, 2020 оны 01 сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-6, 7/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, 2020 оны 07 сарын 31-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай баримт /хх-38/, 2020 оны 08 сарын 17-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай баримт /хх-39/, Хаан банкны 2020 оны 06 сарын 12, 2020 оны 02 сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-40, 41/, А.Эын зээл, хүүний тооцоолол /хх-42/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03405 дугаартай захирамж /хх-43/, Хаан банкны 5082028876 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-70/,
Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-16/, хариу тайлбар /хх-17/, Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-18-24/,
Шүүхээс бүрдүүлсэн баримт: гэрч А.Эын гэрчийн мэдүүлэг /хх-64-67/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч А.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 5,250,000 төгрөг, алданги 20,125,000 төгрөг, нийт 60,375,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн дугаартай, талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хангагдаагүй тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй, мөн түүний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.А, хариуцагч А.Д нар нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлэх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор
Барьцааны гэрээ байгуулан А.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ. Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлээгүй, 30,000,000 төгрөгийг А.Эд шилжүүлсэн тул уг мөнгөний хариуцагч нь А.Д биш, түүний данс руу шилжүүлсэн 5,000,000 төгрөгийн хэмжээнд гэрээний үүргийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь А.Эын дугаартай депозит дансны хуулгаар нэхэмжлэгч Н.Агийн дугаартай данснаас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөгийг Агаас Эд Д зээлэв гэсэн гүйлгээний утгатай, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгийг enkhzuld zeel. gyilgee 3. niit 35 say гэсэн гүйлгээний утгатай, хариуцагч А.Дын дугаартай данснаас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг Duka гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.А нь зээлийн гэрээ байгуулсны дараа хариуцагчийн хэлсний дагуу А.Эын данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасныг хариуцагч А.Д нь үгүйсгэж байх боловч нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй, өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан А.Э нь ...зээлийн гэрээ хийсэн өдөр 30,000,000 төгрөгийг А.Дын зөвшөөрөлтэйгөөр Н.А шилжүүлсэн, гэрээ хийснээс 7 хоногийн дараа 5,000,000 төгрөгийг А.Д над руу шилжүүлсэн..., ...Н.А, А.Д бид гурав хамт явж байгаад А.Д чи А.Эын данс руу шилжүүлчих гээд Н.А эгч АТМ рүү орж шилжүүлсэн..., ...эхний 1 дэх сарын хүүг 2 хувааж төлсөн, 2 дахь сарын хүүг ганцхан удаа шилжүүлсэн, тэгээд 20,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг шилжүүлсэн..., ...8,250,000 төгрөгийн үлдэгдэл байгаа... гэж мэдүүлсэн.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас дүгнэхэд хариуцагч А.Д нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж зээл 35,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг А.Эын данс руу шилжүүлэх хүсэл зориг илэрхийлсний дагуу нэхэмжлэгч Н.А нь А.Эын данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь тухайн мөнгөн шилжүүлэг хийхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нь зээлийн 5,000,000 төгрөгийг хариуцагч А.Дын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т заасан хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Н.Аг зээл олгох үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч А.Даас үндсэн зээл, хүү, алдангийг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр шаардах эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг гэрчээр оролцсон А.Э өөрөө бүрэн хариуцна гэж мэдүүлсэн тул түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардах нь зүйтэй, мөн зээлийн мөнгийг бүрэн шилжүүлээгүй, өөрөө ашиглаагүй тул барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн орон сууцаар хангуулах үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч түүний зээлсэн мөнгийг А.Э ашигласан гэх асуудал, А.Э мөнгийг бүрэн төлнө гэж мэдүүлсэн асуудал нь хариуцагч А.Дыг нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хаан банкин дахь А.Эын дугаартай депозит дансны хуулгаар А.Э нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 03 дугаар сарын 02-ны өдөр 595,400 төгрөг, 04 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкнин дахь А.Эын дугаартай депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.А нь А.Эын данснаас шилжүүлсэн дээрх гүйлгээний талаар маргаагүй боловч 1,200,000 төгрөг, 595,400 төгрөг, 500,000 төгрөгийн шилжүүлгийг А.Дын зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснийг зөвшөөрнө, 20,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийн шилжүүлэг нь А.Этай өмнө нь байгуулсан гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгө гэж тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул А.Эын данснаас дээр дурдсан 5 удаагийн гүйлгээгээр нийт 30,295,400 төгрөг шилжүүлснийг хариуцагч А.Дын зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 35,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь зээл 35,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 5,250,000 төгрөг, нийт 40,250,000 төгрөгийг хариуцагч А.Даас шаардах эрхтэй.
Хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 40,250,000 төгрөгөөс А.Эаас түүний зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн нийт 30,295,400 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 9,954,600 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Зохигчид анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлийн гэрээний 3-т Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлэх эрхтэй гэж тохирсон байх тул нэхэмжлэгч Н.А нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 601 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 49,773 төгрөг /9,954,600 төгрөгийн 0,5 хувь/-өөр тооцвол 29,913,573 төгрөг байх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 4,977,300 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Даас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 9,954,600 төгрөг, алданги 4,977,300 төгрөг, нийт 14,931,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,443,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч А.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох А.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 531,000 төгрөг /460,800 төгрөг+ 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Даас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232,609 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, нийт 302,809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч А.Даас зээлийн гэрээний үүрэгт 14,931,900 төгрөг /арван дөрвөн сая есөн зуун гучин нэгэн мянга есөн зуун/-ийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,443,100 төгрөг /дөчин таван сая дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч А.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох А.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Даас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 302,809 төгрөг /232,609 төгрөг+70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР