| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/05161/И |
| Дугаар | 101/ШШ2022/00149 |
| Огноо | 2022-01-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/00149
2022 01 04 101/ШШ2022/00149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М-т холбогдох,
улсын дугаартай Toyota Corolla Rumion маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Г.М нь Тоёота Румон маркийн 9 УБҮ улсын дугаартай автомашины өмчлөгч юм. Автомашины өмчлөгч мөн болох нь Авто тээврийн үндэсний төвийн дугаартай гэрчилгээгээр нотлогдоно. Гэтэл А.М нь Г.Мийн нөхөр М.бтэй өр авлагын асуудлаар уулзах үедээ М.бгийн унаж явсан миний өмчлөлийн 9 УБҮ улсын дугаартай автомашиныг хүчээр авч явсан юм. Иймд Г.М миний өмчлөлийн 13,500,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Румон маркийн 9 УБҮ улсын дугаартай автомашиныг А.Мийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
М.б болон А.М нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүнээс өмнө М.б, н.б, н.с гэдэг хүмүүс ирээд Сонгинохайрхан дүүрэгт ашигтай газар байна, уг газрыг чамд авч өгье гэж А.Мээс 10 сая төгрөг авсан. Гэрээ байгуулсан хүн нь ганцхан М.б, нөгөө хоёр хүн нь гэрээ байгуулаагүй мөнгө авч явсан. Тэд нийт 37 сая төгрөгийг буцааж өгнө гээд гараараа бичиж өгсөн байдаг. А.М Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах үйлдлийг хийсэн, гэхдээ автомашиныг А.Мт нэхэмжлэгч тал өөрсдөө авчирч өгсөн. А.М автомашиныг дулаан гараашид байлгасан. М.бтэй зээлийн гэрээ байгуулсан, А.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.м шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алдангийг тооцоолоогүй, зөвхөн үндсэн 10 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. А.Мийн хувьд зээлийн гэрээнд заасан алдангиа аваагүй, машиныг хадгалсан зардлаа аваагүй. Тухайн үед автомашин Нэт капитал лизинг ХХК-ийн нэр дээр байсан, Г.М гэдэг хүн гараад ирэхээр А.Мийн хувьд ойлгомжгүй байдал үүссэн. М.б зальт санаагаар асуудлаас зайлсхийж, зугтааж, гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хүнээс мөнгө авчихаад буцааж төлөхгүй, машинаа өөр хүний нэр дээр шилжүүлчихээд шүүхээс шийдвэр гаргуулах гээд явж байна. Тийм учраас бид энэ байдлыг хэлэх ёстой гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч А.Мт холбогдуулан 9 УБҮ улсын дугаартай Toyota Corolla Rumion маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.
Маргааны зүйл болох 9 УБҮ улсын дугаартай Toyota Corolla Rumion маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ганбатын М бүртгэлтэй болох нь Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх- 4/
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Г.Мийн нөхөр М.бтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн алдангиа аваагүй тул Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах үйлдлийг хийсэн гэж тайлбарлаж маргасан.
Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар А.М, М.б нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03320 дугаар шийдвэрээр хариуцагч М.бгээс 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мт олгохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. /хх- 31-33, 34/
Хариуцагч нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн нөхөрт өгсөн 10,000,000 төгрөгийг буцаан авсан боловч зээлийн гэрээний алдангийг авч чадаагүй тул төлүүлэхээр маргаан бүхий автомашиныг өөрийн эзэмшилд авсан гэж тайлбарлаж байх бөгөөд 9 УБҮ улсын дугаартай Toyota Corolla Rumion маркийн автомашин түүний эзэмшилд байгаа талаар маргаагүй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.М нь өөрийн өмчлөлийн автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч А.М маргаан бүхий тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр тухайн автомашиныг өмчлөгч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр 9 УБҮ улсын дугаартай Toyota Corolla Rumion маркийн автомашиныг хариуцагч А.Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 225,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан 9 УБҮ улсын дугаартай Toyota Corolla Rumion маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг хариуцагч А.Мт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 225,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР