2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1014

 

 

 

 

 

 

 

 

2025       04         22                                    2025/ШЦТ/1014

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Батзаяа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Б.Э,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт Э-ийн Цэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 00000 0283 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, зээ охин, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ************* тоотод оршин суух,

Урьд Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 1,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

******* овогт Э-ийн Ц /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ****** тоотод хохирогч Б.Этай маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогчийн биед дух, баруун сарвуу, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун, зүүн сарвуу, зулайн хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун, зүүн алга, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2506 00000 0283 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-12-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2770 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 47-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар: “... шүүгдэгч Э.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* тоотод хохирогч Б.Этай маргалдаж, улмаар харилцан зодолдож хоирогчийн биед дух, баруун сарвуу, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн сарвуу, зулайн хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун, зүүн алга, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...тухайн өдрийн орой Жагаа орж ирэхдээ согтуу орж ирсэн. Би өөрөө айлд сууж байж хүнд цай аягалж өгнө гэж байхгүй. Энэ хүний өгсөн бүх мэдүүлэг нь буруу. Би хүнийг цохих битгий хэл хүнтэй хэрэлдэж ч чаддаггүй. Энэ хүн орж ирээд дүү нь куртикныг нь нэг талыг тайлж байсан. Би сайн байна уу гэж хэлээд зурагт үзээд сууж байсан. Гэтэл шууд пизда, янхан чи манай гэрт юу хийж сууж байгаа юм гэхээр нь би гайхаад яанаа энэ хүн шал согтуу байнашдээ гэж бодсон. Гэтэл хажуунаас шууд цохиод үснээс зулгаагаад миний гинжнээс зулгаагаад 3 хэсэг хуваагаад хаяж байх хооронд нь би ганцхан түлхсэн. Би өөрийгөө хамгаалхын тулд дээрээсээ түлхсэн. Цаашаа унахдаа ширээ мөргөөд унасан. Зурагтны наад талд ширээ байсан. Тэгээд унаад босч ирчихээд шууд хутга авна гээд гал тогооны өрөөний явсан. Би чамайг ална. Зүрх рүү чинь нэвт шаагаад гогдож энэ хаалгаар гаргаж хаяна гэж хэлээд цаашаа явж байхдаа дахиж унаад гал тогооны тек мөргөөд унасан. Би босоод утсаа хайгаад олохгүй. Цагдаа дуудах гээд хайгаад зурагтны тавиур дээр байсныг авсан. Тэр хооронд Б хутгыг нь шүүрч авах гэж байгаад 4 хуруугаа зүсүүлсэн. Жагаа бариулнаас нь барьчихсан байсан. Тэр хооронд би цагдаа дуудсан. Тэр үед ширээн дээр байсан бүх юмыг авч над руу шийдсэн. Арай гэж хутгыг нь наанаас нь шүүрч авсан. Би Бгийн гарыг нь үзээд цусыг нь тогтохгүй нь гээд байж байтал дахиад гал тогооны өрөө рүү очоод халуун савтай цай аваад над руу шидих гэж байсан. Гэтэл дүү нь очиж болиулаад та болиоч, галзуурчихсан юм уу хаашай юм гэж хэлсэн. Тэр бүх үйл явдалд би нэг ч удаа үг хэлээгүй. Өөрөө гаднаас орж ирэхдээ хувцас нь шороо болчихсон пизда уначихлаа гээд хаалгаар орж ирэхдээ тэгж хэлээд орж ирсэн. Би сонсоод наашаа ил гараад ирэх үед нь сайн байна уу гэж хэлсэн. Миний хэлсэн ганц үг нь сайн байна уу л гэж хэлсэн. Намайг дуудсан эргүүлийн цагдаа нар ч мэдэж байна. Цагдаа нар ирэх үед салаавч гаргаад хараагаад байсан. Цагдаа нар нь та яасан аймар юм бэ эх хүн мөн үү гэж хэлсэн. Цагдаа гавлаад суулгачихсан байхад би надаар алтаа төлүүлэх гэж байна. Би цалингаа авчихсан явж байна. Төлчихнө гээд байсан. Намайг цохиж, над руу шидээд хагарсан аягыг намайг хагалсан гэж хэлсэн. Бүх мэдүүлгээ худлаа өгсөн. Би энэ хүнийг нэг ч удаа цохиогүй...” гэв.

 

Хохирогч Б.Эын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2024 оны 01 сарын 15-ны өдөр манайд ирсэн. Энэ хүн манай дүүтэй амьдарч байсан нь үнэн. Монголд ирчихээд манай дүүгийнд ирсэн байсан. Энэ хүүхэн шуналтай. Манай ээжийг Бд өгөөчээ гэсэн. Уулзъя гэхээр зугтаагаад явчихдаг. Миний гэмтэл Шүүх шинжилгээгээр тогтоогдсон. Мохоо зүйлийн үйлчлэлийн үүссэн гээд. Би Гэмтлийн эмнэлэг дээр өөрөө очиж оёдол тавиулсан. Би 21 хоног ажилдаа яваагүй. Тэр хугацааны мөнгө, эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ. Баримтаа өгсөн байгаа...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би Баянхошуунд найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би Оын гэрийн гадаа очоод дүүрүүгээ залгаад гарч ирээд авчих гэж хэлтэл намайг бууж ирээд авсан ба орох үед Ц гэрт нь байж байхаар нь би орон дээр нь суутал Ц надад цай аяганд хийж өгөхөөр нь би Цэд хандаж би наад цайг чинь уухгүй, чи манай дүүгийн гэрт юу хийж байгаа юм гээд бид 2 маргалдаж эхлэхэд ширээн дээр тавьсан аягийг аваад миний толгой руу 1 удаа цохиход миний толгойноос цус гарсан ба би толгойгоо 2 гараараа хамгаалахад миний гаран дээр аягаараа 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Өнөөдөр гэртээ найз хүүхэн болох Цийн хамт байж байтал манай эгч болох Э 18 цагийн орчимд залгаад ажлаа тараад явж байна намайг тосоотох гэж хэлсэн. Тэгээд би эгчийг очиж аваад гэртээ 19 цагийн орчимд орж иртэл эгч шууд Цийг хараад маргалдаад эхэлсэн. Тэгээд хэсэг маргалдаж байгаад тэр хоёр барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиод эхэлсэн. Тэр хоёр бие биенийгээ цохиж байсан. Толгой нь хагарсан байдалтай баруун гар нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2270 дугаартай “Б.Эын биед дух, баруун сарвуу, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун, зүүн сарвуу, зулайн хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөнд эдийн няцрал, баруун зшуу, баруун, зүүн алга, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

Э.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны ****** тоотод хохирогч Б.Этай маргалдаж, улмаар түүний биед халдаж, дух, баруун сарвуу, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн сарвуу, зулайн хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун, зүүн алга, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Э.Ц нь хохирогч Б.Этай маргалдаж, түүний биед халдаж, дух, баруун сарвуу, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн сарвуу, зулайн хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун, зүүн алга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Э.Цийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч Э.Ц нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Хохирогч Б.Эын биед хөнгөн зэргийн буюу “биед дух, баруун сарвуу, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн сарвуу, зулайн хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун, зүүн алга, зүүн шуунд цус хуралт” бүхий гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, гэрч Б.Оын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, гэрч нар шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Э.Цийн халдсан гэх цаг хугацаанд хохирогч Б.Э нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон байх ба шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой талаар дүгнэсэн зэрэг нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг Э.Ц учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.

 

 Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.Э 255,926 өөрт учирсан гэмтэл, хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 255,926 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Дээрх баримтуудыг шинжлэн судлахад 255,926 төгрөгийн баримтууд энэ хэргийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэхэд зарцуулсан төлбөр байх тул нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Э.Цээс нийт 255,926 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эд олгуулахаар шийдвэрлэв.

           

            Харин хохирогч Б.Эын хэрэг учрал болсон хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сард ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс аваагүй талаарх баримтуудыг шинжлэн судлахад хавтаст хэргийн 33 дугаар хуудаст авагдсан цалингийн карт бүхий баримтад Б.Э 2024 оны 12 сард 3,458,928 төгрөгийн цалин, 2025 оны 1 дүгээр сард 4,336,072 төгрөгийн цалин бодогдож, ажил олгогчоос ажилтанд олгосон байх тул тухайн цалин нь хэрхэн тооцогдож, бодогдсон нь тодорхойгүй, Б.Эын 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлсэн шалтгаан нь ахуйн осолоор хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

 

            Хохирогч Б.Э нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Цээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,

“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Эын энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 124,762 төгрөгийг шүүгдэгч Э.Цээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг,

           

Хохирогч Б.Э: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ц: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Э.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

            Шүүгдэгч Э.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Э.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт Э-ийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цийг нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цийг өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цээс 255,926 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эд, 124,762 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулсугай. 

            7.  Хохирогч Б.Э нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Цээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР