| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
2025 05 21 2025/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000000070 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Б.Халиунгоо
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, айлын мал малладаг, ам бүл ганцаараа *******,******* багт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, ******* овгийн ******* ******* (РД:*******).
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр *******, хохирогч гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч түүнд 130.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2025 онэы 03 дугаар сарын 29-ний өдөр найзтайгаа архи архи уусан. Тэгээд Марлаа гэх найзтайгаа уулзах гээд нэг айлд орсон. Марлааг асуусан чинь байхгүй гэсэн. Тэр айлд нэг эгч охинтойгоо байсан. Цагдаа дуудлаа шүү гээд байхаар нь гар утсыг нь аваад явчихсан юм. Тухайн утас гадна талдаа карт хийдэг гэртэй, хар өнгийн android утас байсан. Миний буруу хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч өгсөн “...2025 оны 3 дугаар сарын 9-ний өглөө 7 цагийн үед *******, тоот гэртээ охин хамт унтаж байтал гэрийн хаалгыг нэг эрэгтэй хүн нүдээд “ гэдэг охин байна уу” гээд байсан. Тэгсэн гэнэт хаалга тэвхдэж цоожилсон төмрийг мурийлгаж байгаад, хаалга хүчээр онгойлгоод уяач хүний өмсдөг дугуй малгайтай, хөх цоохор монгол дээлтэй, бакал гуталтай, 20 орчим насны дундаж өндөртэй, туранхай залуу ороод ирсэн. Тэр залуу үг дуугүй миний ашигладаг Самсунг галакси гэдэг гар утсыг орон дээрээс аваад явчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас)
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаартай “Самсунг Галакси гар утас 120.000 төгрөг, сим карт 10.000 төгрөг, нийт 130,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 14-р хуудас)
Эд зүйл хүлээн авсан тухай “...*******таас Galaxy wide 3 загварын 354253/09/103327/1 имей дугаарай 1 ширхэг гар утсыг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хураан авав...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 39-40-р хуудас)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Samsung galaxy wide 3 загварын 354253/09/103327/1 имей дугаарай 1 ширхэг гар утсыг хохирогч хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 41-р хуудас)
“Итгэлт хөрөнгө” хөрөнгийн үнэлгээний компанийн “...Samsung galaxy wide 3 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 130.000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хх-ийн 14-р хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэж байсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 25-36-р хуудас)
*******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “өрхий амьжиргааны түвшинг тодорхойлсон” тодорхойлолт /хх-н 21, 38-р хуудас/, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн батлан хамгаалахын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлилйн төвийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн тал дээр маргаагүй учраас хэлэх зүйл байхгүй байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар давхар батлагдлаа.
Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр *******, хохирогч 3Samsung galaxy wide 3” гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч түүнд 130.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь дээрмийн үйлдэлдээ шунахайн сэдэлттэй, санаатай хандсан болох нь хохирогчийн гэрээс “Samsung galaxy wide 3” загварын гар утсыг авсан үйлдлээр нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Дээрмийн үйлдлийн улмаас хохирогч 130.000 төгрөгийн хохирол учирсан нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь ******* нь хохирогчийн “Samsung galaxy wide 3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэх үндэслэл боллоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогчид 130.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “...Samsung A33 загварын гар утсыг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл. Хохирогч Д.Лхагважав нь гар утсаа хүлээн авсан, гомдол саналгүй гэжээ.
Иймд ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах саналтай...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн, хөдөө ганцаараа эмээ болон ахынхаа малыг маллаж байгаа. Эмээ нь сумынхаа төв дээр байдаг. Өмнө нь Батлан хамгаалах их сургуулийн ахлагч бэлтгэх курсийг 84 үнэлгээтэй сайн суралцаж төгсөөд, цэргийн ангид ажиллаж байсан. Одоогоор мал маллаж байгаа. Бусад байдлуудын тухай улсын яллагч дурдсан. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн. Энэ хүний гар утас надад хэрэгтэй байгаагүй, согтуудаа ийм таагүй хэрэг үйлдсэн байна миний буруу гэж удаа дараа мэдүүлж ирсэн. Хохирлын хэмжээ бага 150,000 төгрөгийн үнэлгээтэй гар утас байгаа. Үүнийг хүлээлгэн өгсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Хэдийгээр өмнө нь ял шийтгэгдэж байсан ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Үүнийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа харж үзэхийг хүсэж байна. Дээрх дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэсэн,
Шүүгдэгчээс ”...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь ам бүл ганцаараа, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум******* багт айлын мал маллаж, морь уяж амьдардаг, бусдад төлөх төлбөргүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ад ес (9) сарын хугацаагаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
******* нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******ад ес (9) сарын хугацаагаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогч “Samsung galaxy wide 3” гар утсыг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******ад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ