Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/318

 

                                               Н.М, Г.Э, Э.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр Н.М, Э.Т, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2007001940251 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Э-ны Т, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, мал малладаг гэх, ам бүл 2, эхийн хамт ............. дүүргийн .. дугаар хороо, ........... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

2. Ч овгийн Н-н М, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ их сургуулийн .. дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................ дүгээр хороо, ............ дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

3. Б овгийн Г-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... дүгээр хороо, ............... .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Н.М нь 2020 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө .............дүүргийн .. дугаар хороонд байрлах .. дугаар байрны орчимд иргэн Э.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.Т нь 2020 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө .......... дүүргийн .. дугаар хороонд байрлах .. дугаар байрны орчимд иргэн Г.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун 11 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал, зүүн дээд, доод зовхинд шарх, зүүн нүдний салст, завжны салстад цус хуралт, нүүр цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Г.Э нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “... Би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд гар утсыг маань булаагаад авсан. Тэгэхээр нь нөгөө утсаа гаргаад иртэл цохиод унагасан. Би архи уугаагүй эрүүл байсан. Би булааж авсан гэж бодож байна. Гараас шууд булаасан. Мөн түрийвчийг халааснаас шууд сугалаад авсан. Хоёр утасны нэгийг нь булааж авсан. Т нь булааж авсан ...” гэж мэдүүлэн хохирогч Э.Т-г “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэн худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Т, Н.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2020 оны 4 дүгээр сарын       20-ны 21-23 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо, 56 дугаар байрны гадаа болсон үйл явдал бичигдсэн камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж эд мөрийн баримтаар тооцох, камерын бичлэгтэй холбогдуулан гэмт хэрэг гарсан байдал, үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар тогтоох,

Мөн шүүгдэгч Э-н “4 дүгээр сарын 24-ний өдөр “Ёс журамд гомдол гаргасан” гэх тул түүнтэй холбоотой албаны шалгалтаар яаж шийдвэрлэсэн талаар шийдвэрийг хэрэгт хийх зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас бусад гэмт хэргийг хэн хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Н.М, Э.Т, Г.Э нарт холбогдох хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Н.М, Э.Т, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан гэрч Б.Х-н “... машинаас дүү Т бууж ирээд түрүүнээс хойш энэ муу яагаад өдөөд байна гэхэд цаанаас нөгөө залуу “тэгээд чи яах юм пизда минь” гэж хэлсэн. Тэр үед би “чи яах гээд байгаа юм бэ согтуу хүн дэмий шүү” гэж хэлтэл Т гүйж очоод цээж хэсэг рүү байхаа, биеийн урд хэсэгт өшиглөөд унагачихсан” гэсэн, шүүгдэгч Н.М-н гэрчээр өгсөн “...Г.Э ахтай юм ярьж байсан залуу байрны орц руу алхаж байгаад буцаж яасан гэж хэлээд орилоод Г.Э ах руу гүйж очоод нүү рүү нь гараараа цохисон чинь Г.Э ах газар унасан дээрээс нь Г.Э ахыг цохиж байсан.” гэсэн, гэрч П.Ц-ны “... цонхоор харахад гадаа гудамжны гэрэлд дэлгүүрийн хажуу талд хэдэн хүмүүс бөөгнөрсөн байдалтай Б.Х орцныхоо үүд хавьд орж ирж байгаа харагдсан. Яг энэ үед Э.Т цагаан автомашинаас гараад дэлгүүрийн чиглэлдээ гүйж байгаа харагдсан.” гэсэн, гэрч Б.Г-н “...би тагтанд тамхи татаад зогсож байтал манай байрны хажуу талын хүнсний дэлгүүрийн дэргэд манай төгсөлтийн Г.Э эрээн хувцастай хашгираад байгаа харагдсан. ... Тэгтэл цаанаас нэг Приус машинаас жоохон банди гүйж гарч ирээд Г.Э-г өшиглөөд унагаачхаад буцаад гүйгээд зугтаагаад хажуугийн байрны орц руу орчихсон. Тэр орцны үүдэнд зүс таних Б.Х зогсож байгаа нь бол тод харагдсан.” гэсэн, шүүгдэгч Э.Т-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд болон шинжээч эмч С.Т-ны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08шэ/263 дугаартай дүгнэлт зэргээс шүүгдэгч “Э.Т нь хохирогч Г.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,

Хохирогч Э.Т-н “... хажууд зогсож байсан машинаас тэр ахын найзууд гэх хүмүүс гараад ирсэн. Тэр дунд нь байсан нэг өндөр ах миний хамар орчим руу нэг удаа гараараа цохисон. ...миний хамарнаас цус гарсан байсан. Намайг зодсон гэх хүн өндөр, туранхай, шовгор царайтай ах байсан. Тухайн үед саарал малгайтай цамц, саравчтай малгайг өмссөн байсан. ...сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд намайг зодсон гэх залуу М гэдгийг хараад мэдсэн ...” гэсэн, гэрч Б.Х-н “...Э-н танил бололтой байрны гадна зогсож байсан машин дотроос бууж ирээд нөгөө Г.Э гэх залууг салгаж аваад нэг өндөр залуу нь манай дүү Э.Т-г цохиод унагаасан” гэсэн, гэрч А.Э-н “... би утсаар оролдоод сууж байтал гэнэт гадаа зодоон болоод машинаас буугаад гүйгээд очтол Э.Т хамарнаас цус гарчихсан зодолдсон гэх хүн согтуу хөмсөгнөөс нь цус гарчихсан зогсож байсан. Хажууд нь 3 банди зогсож байсан.” гэсэн, шүүгдэгч Н.М-н мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмч С.Т-ны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 08шэ/273 дугаартай дүгнэлт зэргээс шүүгдэгч Н.М нь хохирогч Э.Т-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,

Хохирогч Г.Э-н анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон түүний 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн “... Би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд гар утсыг маань булаагаад авсан. Тэгэхээр нь нөгөө утсаа гаргаад иртэл цохиод унагасан. Би архи уугаагүй эрүүл байсан. Би булааж авсан гэж бодож байна. Гараас шууд булаасан. Мөн түрийвчийг халааснаас шууд сугалаад авсан. Т нь булааж авсан” гэсэн, гэрч Б.Э-н “Эд зүйлийг дээрэмдэж авсан асуудал байхгүй. Тэр хүн тухайн үед утас болно, түрийвч авъя, баръя гэж хэлээгүй нийлж зодсон асуудал байхгүй” гэсэн, гэрч А.Э-н “Тухайн үед мөн дээрэмдсэн асуудал огт байхгүй, утас юм харагдаагүй. Дээрмийн асуудал огт байхгүй” гэсэн, гэрч Э.А-н “...би нөхөртэйгөө тэр залуугийн гэрийг нь заалгаад гэрийнх нь гадаа очоод дуудаад уулзахад “хөгшөөн өчигдөр орой юу болов оо, гэхдээ чи намайг яагаа ч үгүй шүү дээ. Танай дүү намайг зодчихлоо” гэхээр нь учрыг нь гаргаад манай нөхөр хэлэхэд “тэр яахав, миний хоёр утас түрийвчтэй 450.000 төгрөг танай дүү чинь авсан тэрийг гаргаад өгчих ... тэр танай дүү чинь авсан” гэж хэлсэн. Тэгээд жаахан дургүйцээд хэдэн үг хэлчхээд явсан” гэсэн, гэрч Б.Ч-н “2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр над руу микронд хамт явдаг байсан Г.Э гэх залуу 88..00.. дугаарын утаснаас над руу 2 удаа залгасан байхаар нь би буцаагаад орой 22 цаг өнгөрч байхад залгасан чинь эхнэр нь утсыг нь аваад унтаж байна гэлүү, байхгүй байна гэл үү нэг юм хэлсэн” гэсэн, гэрч Э.Д-н “Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр албан үүргээ гүйцэтгээд постон дээр гарч байхад над руу 88..00.. дугаартай утас 23 цаг өнгөрч байхад миний өөрийн 99..39.. дугаарын утас руу залгаад хөрш айлын ах болох Г.Э гэх хүн байна “Хүнд зодуулчихлаа” гэж асуухаар нь би “Цагдаагийн жижүүрт дуудлага өг” гэж хэлээд тасалсан” гэсэн мэдүүлгүүд болон хохирогч Г.Э-н тухайн хэрэг учрал болсоны дараа өөрийн дээрэмдүүлсэн гэх утсаар дуудлага хийж ашигласан болохыг нотолсон талаарх үүрэн телефоны “Юнител” ХХК-ний 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05-01/4289 дугаартай албан бичиг болон түүний хавсралт, зодуулсныхаа дараа Эрүүл мэндийн байгууллагаас анхан шатны тусламж авсан тухай Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн 2855 дугаартай хуудас болон шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “Би надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би яалтачгүй эхэндээ мэдүүлэг өгөхдөө зодуулсан бухимдалтай байсан, энэ уур бухимдалдаа эд зүйлсээ яаснаа санахгүй, намайг зодсон хүмүүсийг л авчихсан гэж бодож байна. Миний хувьд эхлээр мөрдөгч О.Оюунболорт мэдүүлэг өгөхдөө эд зүйлээ яалтачгүй бусдад булаалгасан мэтээр ярьсан нь үнэн” гэсэн мэдүүлэг зэргээс шүүгдэгч Г.Э нь хохирогч Э.Т-г “Дээрэмдэх” гэмт хэрэгт үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн болох нь тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Э согтуурхан Б.Х-той маргалдах үед шүүгдэгч Э.Т нь уг үйлдлийг илтэд дургүйлхэн өөрийн хүргэн ах Б.Х-г өмөөрч хохирогч Г.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.М нь шүүгдэгч Э.Т нь хохирогч Г.Э-г цохиж зодох үед салгах нэрийдлээр түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Э нь энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж мэдүүлэг өгөх үедээ шүүгдэгч Э.Т-д зодуулсандаа шаралхан улмаар өөрийг нь зодож, дээрэмдсэн хэмээн худал мэдүүлэг өгч, бусдыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн зэргээс дүгнэхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал хөтөлбөргүй нотлогдсон гэж үзэж байна.

Харин шүүгчийн захирамжид дурдагдсан шүүгдэгч Г.Э нь шүүх хуралдааны явцад хэлсэн хяналтын камерын бичлэгийн хувьд тус хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөгч О.Оюунболор нь тухайн бичлэгийг үзэхэд “бичлэгт хэн, хаана, ямар хөдөлгөөн хийж байгаа нь тодорхойгүй, бүдэг бүрзийсэн, шаардлага хангаагүй бичлэг байсан тул хуулбарлаж аваагүй” гэж тайлбарласан ба энэ талаар мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргаагүй үйлдэл нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болгосон гэж үзэхгүй байгаа.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.М, Э.Т, Г.Э нарын дээрх үйлдлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, харин тухайн хяналтын камерт бичигдсэн бичлэг нь устсан тул хэрэв уг хэргийг прокурорт буцааж авсан тохиолдолд хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

Мөн захирамжид дурдсан шүүгдэгч Г.Э нь тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Оюунболорын талаар 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Ёс зүйн журам”-д гаргасан гомдлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тус хэргийн шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд ач холбогдолгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжаа заах ёстой. Хэний мэдүүлэг үнэн зөв бэ гэдэг асуудал хэмжих нөхцөлд тухайн нотлох баримт буюу камерын бичлэг хамгийн чухал нотлох баримт болж таарсан. Ханддорж “надтай хамт очиж камерын бичлэг авсан. Тухайн мөрдөгч намайг 30 метрийн зайд зогсож байсан гэж хэлсэн” гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Эндээс магадгүй тухайн бичлэгээс болж гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Процесст илтэд алдаа гаргаж, түүнийгээ нөхөж чадахгүй байдлаасаа болж бусдыг хилсээр гүтгэж оруулсан нь хууль зөрчсөн гэдэг асуудлыг миний бие анхан шатны шүүх хуралдаанд тавьсан. Эсэргүүцлийн үндэслэл ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

           Прокуророос Н.М-г 2020 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 56 дугаар байрны орчимд иргэн Э.Тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.Т нь 2020 оны 5 дугаар сарын 20-ноос 21-ны өдөр шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 56 дугаар байрны орчимд иргэн Г.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун 11 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал, зүүн дээд, доод зовхинд шарх, зүүн нүдний салст, завжны салстад цус хуралт, нүүр цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Г.Э нь 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “... Би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд гар утсыг маань булаагаад авсан. Тэгэхээр нь нөгөө утсаа гаргаад иртэл цохиод унагасан. Би архи уугаагүй эрүүл байсан. Би булааж авсан гэж бодож байна. Гараас шууд булаасан. Мөн түрийвчийг халааснаас шууд сугалаад авсан. Хоёр утасны нэгийг нь булааж авсан. Т нь булааж авсан ...” гэж мэдүүлэн хохирогч Э.Т-г “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэн худал мэдүүлэг өгсөн хэмээн Э.Т, Н.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...байрны гадаа болсон үйл явдал бичигдсэн камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж эд мөрийн баримтаар тооцох, камерын бичлэгтэй холбогдуулан гэмт хэрэг гарсан байдал, үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар тогтоох. …” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...  Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, уг хэрэгт камерын бичлэгийг авах нь хуульд заасан үндэслэл журмын дагуу заавал бэхжүүлж гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцон авах ажиллагааг хийх нь зүйтэй.

Үүнээс гадна камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон авахын зэрэгцээ, үзлэг, туршилт явуулах, яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүдэд дурдагдсан мэдээлэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрүүдийг сонгож мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, шүүгдэгч нарын гэмт хэрэгт холбогдолтой, эсхүл холбогдолгүйг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар эргэлзээгүй тогтоовол зохино.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 29ий өдрийн 59 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

              ШҮҮГЧ                                                            М.АЛДАР