Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогч Б.Батзориг

Шүүгдэгч З.Бүрэнжаргалын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Бүрэнжаргалд холбогдох 201707000058 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1966 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, засварчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10 дугаар байр Б тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн Хойд овогт Зэнээмэдэр Бүрэнжаргал, РД:ДЮ66021271 гэв.

 

   Шүүгдэгч З.Бүрэнжаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт Кайф нэртэй караоке баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж иргэн Б.Батзоригийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах “Кайф” нэртэй караоке баарны гадна шүүгдэгч З.Бүрэнжаргал нь иргэн Б.Батзоригийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэг гарсан байна.

2

 

Уг хэргийг шүүгдэгч З.Бүрэнжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч З.Бүрэнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хотоос ирсэн найзтайгаа машиныг нь янзалж өгөөд дууссан чинь нөгөө найз баярласан талархсанаа илэрхийлээд надад архи авч өгсөн. Бид 2 хоёр шил архи уусан. Орой 22 цагийн үед караоке бааранд орсон. Хэсэг дуулж байгаад гарч ирсэн. Би тухайн үед их согтсон байсан. Батзориг дүүгээ мөргөж зодсоноо санаж мэдээгүй байсан. Цагдаа дээр хоночихоод гарч ирэхдээ өглөө нь мэдсэн. Ах нь дүүгээ яасан байна гэсэн чинь шүд хугарсан гээд би уучлалт гуйсан. Би Батзоригт хандаж хохирол гарах юм бол ах нь дүүдээ төлж өгнө гэж хэлээд ахад нь одоохондоо мөнгө төгрөг алга ахаасаа машин авчих гэж хэлсэн. Батзориг надаас 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Ахад нь 5.000.000 төгрөг байхгүй. 4.000.000 төгрөгийн үнэтэй машин байна тэрийг авчих гэж хэлэхэд Батзориг та 5.000.000 төгрөг л өгчих гэсэн ахад нь 5.000.000 төгрөгийн боломж алга машин авчих гэж хэлсэн. Эмнэлгээс нэг шүд ямар үнэтэй хийдэг юм гэж асуусан. Хорин хэд зарим нь 40000-50000 төгрөгөөр хийдэг гэж хэлж байсан. Би Батзоригт 60.000 төгрөг өгсөн. Надад гэм буруу байгаа. Би гэм буруугаа ойлгож ухаарч байгаа. гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Батзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 05-ны орой найзтайгаа кайф нэртэй караокед орсон. Тэр үед Бүрэнжаргал ах хоёр хүнтэй байсан. Тэгээд бид хоёрын ширээн дээр ирж суусан нь үнэн. Баарны эзэнд нь хэлээд энэ гурван хүнийг босгож явуулаад хэсэг хугацааны дараа түр гараад тамхи татаад зогсож байхад 23 цаг 30 минутын үед баар хаах гэж байсан. Тэгсэн Бүрэнжаргал ах ирсэн. Баар хаах гэж байна. Та согтуу байна гэртээ харьж амар гэсэн чинь чи надтай ингэж ярьдаггүй юм гээд миний шүд рүү мөргөсөн. Доод талын шүд бол миний өөрийн шүд байсан. Дээд талын 3 шүд хиймэл шүд байгаа. 1999 оноос хойш хиймэл явж байгаа. Энэ хүнд мөргүүлж эд эрхтэн, гоо сайхнаараа хохирсон. Мөн дээрээс нь өнөөдрийг хүртэл ажилдаа явж чадаагүй. Энэ хэргийн улмаас би 3 сар ажлаа тасалж байна. Тийм учраас хохирлоо барагдуулахыг хүсэж байна....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Түмэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай найз Бүрэнжаргалд хандаад та нэлээд их согтсон байна. Та гэртээ харьж амар гэсэн чинь Бүрэнжаргал чи тийм юм ярьдаггүй юм гэж хэлээд Батзоригийн нүүрэн тус газар нь 1 удаа мөргөсөн. Тэгээд манай найзын хамар болон амнаас цус гарсан. Батзориг миний 2 шүд уначихлаа бас нэг шүдийг хайгаад олохгүй байна гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-10/,

 

1. Б.Батзоригийн биед баруун доод 1-р шүд /41/, зүүн доод 1-р /31/ шүдний булгарал, зүүн доод 2-р /32/ шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.2-т зааснаар ерөнхий

3

 

хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн шүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ18-19/,

 

Гэрч Ц.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...нэг залуу нь эргэж орж ирээд танай гадаа Бүрнээ ах манай найзыг цохиод шүдийг нь гэмтээсэн байна. Цагдаа дуудчихлаа гэж хэлж орж ирээд нөгөө залуугийнхаа хувцсыг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ53/

 

Гэрч Ш.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бааранд ямар нэгэн асуудал болоогүй. Би араас нь гараад ирэхэд тэр 2 залуугийн нэг нь Бүрнээ ах намайг мөргөчихлөө, шүд байхгүй болчлоо гээд амнаас нь цус гараад нулимаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ55/

 

Драгер үлээлгэсэн тэмдэглэл /ХХ46/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч З.Бүрэнжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Б.Батзоригийн мэдүүлэг /хх-7-8-рт/,  хохирогч Б.Батзоригийг дахин байцаасан мэдүүлэг /хх-49-51-рт/, гэрч С.Түмэнбаатарын мэдүүлэг /хх-9-11-рт/, гэрч Ц.Долгормаагийн мэдүүлэг /хх-52-53-рт/, гэрч Ш.Энхтайваны мэдүүлэг /хх-54-55-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-18-19-рт/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-47-рт/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-48-рт/, эд зүйлийн үнэлгээ /хх-61-рт/, драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх-46-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

 

4

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Шинжээчийн дүгнэлт /хх-18-19-рт/ улсын яллагч шинжлэн судлуулсан. Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-28-рт/, ял шалгах хуудас /хх-29-рт/, гэрч Б.Очирпүрэвийн мэдүүлэг /хх-56-57-рт/, гэрч Д.Лавьжингийн мэдүүлэг /хх-58-59-рт/, шинээр гаргаж өгсөн Б.Батзориг руу 60.000 төгрөг шилжүүлсэн баримт, эмнэлгийн үнийн тариф зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг,гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх гэдэг ойлголт 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй болсон тул  аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч З.Бүрэнжаргалд холбогдох үйлдлийг  2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 

Иймд шүүгдэгч З.Бүрэнжаргалыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Батзориг нь “...өнөөдрийг хүртэл ажилдаа явж чадаагүй. Энэ хэргийн улмаас би 3 сар ажлаа тасалж байна. Тийм учраас хохирлоо барагдуулахыг хүсэж байна...” гээд Кали Хаккин ХХК-нд өрмийн мастер ажил хийж байсан болон гарт олгогдох байсан цалингийн тооцоог авч ирсэн боловч уг нотлох баримт нь бүрэн биш байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Бүрэнжаргалыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, З.Бүрэнжаргал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг,3 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт З.Бүрэнжаргал нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохиролд 60.000 төгрөг төлсөн, цалингийн хохиролд хохирогчийн нэхэмжилсэн 3.936.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан

5

 

шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Бүрэнжаргалд холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Хойд овогт Зэнээмэдэрийн Бүрэнжаргалыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бүрэнжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

4. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан З.Бүрэнжаргалд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан З.Бүрэнжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 70 м2 нэг давхар 46.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

7. Энэ хэрэг З.Бүрэнжаргал нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Батзоригт хохиролд 60.000 төгрөг төлсөн, цалингийн хохиролд хохирогчийн нэхэмжилсэн 3.936.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй зэргийг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол З.Бүрэнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах

6

гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Бүрэнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА