Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 11

 

Т.Шын нэхэмжлэлтэй А.Жд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ,  Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03  дугаар сарын 05-ны  өдрийн 131/ШШ2019/00199  дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч  Т.Шын  нэхэмжлэлтэй   

Хариуцагч А.Жд  холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 9.920.500 төгрөг, орон сууцны гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч А.Жы давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ш, хариуцагч А.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов. 

Нэхэмжлэгч Төвдийн Шоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие хариуцагч А.Жаас орон сууцыг малаар буюу тэр үеийн ханшаар тооцож төлбөрийг хийхээр тохиролцож 35.584.500-д багтаан наймаа хийсэн юм. Байрны төлбөрт:  Эр хонь 40 толгой /нэг бүрийг нь 120.000 төгрөгөөр бодож 4.800.000 төгрөг/, Эм хонь 60 толгой  /нэг бүрийг нь 100.000 төгрөгөөр бодож 6.000.000 төгрөг/, Эр үхэр 14 толгой /нэг бүрийг нь 700.000 төгрөгөөр бодож 9.800.000 төгрөг/, Үнээ 10 толгой /нэг бүрийг нь 600.000 төгрөгөөр бодож 6.000.000 төгрөг/, Шүдлэн насны 4 толгой үхэр нэг бүрийг нь 300.000 төгрөгөөр бодож 1.200.000 төгрөг, Адуу 9 толгой нэг бүрийг нь 500.000 төгрөгөөр бодож 4.500.000 төгрөгөөр тус тус бодож ам гэрээгээр өгч авалцсан юм.  

Мөн А.Ж нь эхнэрийн хамт ирж 3475 кг хонины

махыг зээлээр авч хавар мах ямар үнэтэй байна, тэр ханшаар нь тооцож мөнгийг

нь өгнө гэж гуйсаар байгаад авсан юм. Тэгтэл хавар болоод тооцоо хийе гээд уулзтал 3200 төгрөгөөр бодож намайг хохироосон юм. Миний бие А.Жд 45.505.000 төгрөг өгсөн тул илүү гарсан 9.920.500 төгрөгийг, байрны ордер бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Ш анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 06 дугаар сард Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг 86 дугаар байранд 2 өрөө 33.89 м кв орон сууцыг 35.584.500 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Байрны үнийг 2015 онд мал махаар тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр төлж дуусгахаар аман гэрээ хийсэн.  Дээрх малын тооцоог хийхдээ би мал нэг бүрийн үнээр тооцож худалдсан гэтэл А.Ж нь тухайн малыг кг аар тооцож тооцоо хийгээд байгаа юм. Тухайлбал 100 хонийг минь өөрийн бусдаас худалдан авч муулж, төхөөрч  байсан 15.000 малтай нийлүүлж нядалчихаад тэр үнээрээ тооцоо хийх гээд байгаа юм. Миний 100 хонь бол нэг ч төлөг байхгүй нас гүйцсэн тарган хонинууд байсан. Гэтэл өөрийнхөө муулж төхөөрч  байсан туранхай малнууддаа оруулж тооцож 1 хонийг 21 кг болсон мэтээр үнэлж байгааг зөвшөөрөхгүй. Би 3475 кг мах өгөх үедээ банкны зээл төлөх гээд А.Жаас 1.200.000 төгрөгийг авсан байсан юм. Энэ мөнгийг хасахаа мартсан байна. Иймд 1.200.000 төгрөг хасаад 8.720.500 төгрөг гаргуулах болно. Би 28 тооны үхэр өгсөн болохыг гэрч нар болон бид бүгд мэдэж байгаа гэжээ.  

Хариуцагч А.Ж шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь  2 өрөө болон 33.89 мкв байрыг  35.584.500 төгрөгөөр үнэлж, дан малаар худалдахаар тохирч  иргэн Т.Шт зарсан нь  үнэн. Улаанбаатар хотод мах 3200 төгрөгийн ханштай байна 3100 төгрөгөөр махаа ачуулах уу гэж  асуухад  зөвшөөрөөд 3475 кг хонины махыг  ачуулсан. Т.Шт бэлэн 1.200.000 төгрөг өгсөн.  Нийт өгсөн малын үнэ нь 33.448.000 төгрөг байна. Манайх байрны үлдэгдэл нийт 2.136.500 төгрөгийн авалтай байна. Хариуцагч ээж Базар, хүү Ш нараас байрны үлдэгдэл нийт мөнгө 2.136.500 төгрөгийг авмаар байна. Тооцоо дууссаны дараа орон сууцныхаа  ордероо гаргаж өгнө  гэжээ.

Хариуцагч А.Ж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Байрны мкв үнэ зэрэг дээр маргах зүйл байхгүй. Ямар ч урьдчилгаагүй, дан малаар худалдан авахаар тохироод байрандаа оруулсан. Би жил бүр мах худалдан авч борлуулдаг хүн мэдэлгүй яахав. Т.Шын өгсөн 100 хонь буюу 40 эр, 60 эм хонийн хувьд 100.000-120.000 гээд байна тэр үед хонь хэдэн төгрөгийн ханштай байсан нь тодорхой байгаа, үнэлгээний дүнг үндэслэлгүй гэж бодож байна. Тэгээд би хонийг борлуулахад нэг хонь 21 кг дундажаар бодоход энэ хүн гайхаад байгаа юм. Баянхонгорын хонины мах эр нь 21, эм нь 16 кг л болдог юм. Миний бие 28 үхрийг  өөрөө хүлээн аваагүй, өөрсдөө идэшний үхэртэйгээ тууж ирээд заримыг нь айл амьтанд тараагаад үлдсэнийг нь манай хашаанд оруулж ирээд муулж төхөөрсөн  би өөрсдийг нь харж хонуулаад маргааш нь хөлсийг өгч мал нядалдаг хүмүүсээр нядлуулаад махыг нь хотруу ачуулсан. Манай авгай Т.Штой уулзаад  хэлэхдээ одоо мах ачих гэж байна Улаанбаатарт Мах маркет дээр 3200 төгрөг байна, тээврийн зардал 100 төгрөг тооцоод 3100 төгрөгөөр мах ачуулна гэвэл ачуул гэж хэлсэн байгаа юм. Тэгээд Т.Ш зөвшөөрөөд Улаанбаатар хотруу энэ ханшаар 3475 кг хонины махыг  ачуулсан, ачуулсан мах нь зарагдсан юм билээ. Харин хавар 3800 төгрөг мах хүрсэн эсэхийг мэдэхгүй, гол нь тэр их махыг хадгалаад нөөцлөөд байж байх боломж байхгүй байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийн зөрүү 8.720.500 төгрөг, Баянхонгор сумын 1-р баг 86 дугаар байр 23 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бичиг баримтыг хариуцагч А.Жаас гаргуулж нэхэмжлэгч Т.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Шын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 173678 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Жаас 154.478 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Шт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  А.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Орон сууцыг Т.Шт 35.584.500 төгрөгөөр тооцож өгсөн бөгөөд авах малаа тухайн мал өгч байгаа цаг хугацааны ханшаар үнийг бодохоор тохирсон боловч 2015 ондоо байрны үнэнд тодорхой тооны мал өгөөд Түвд гуайн хүүхдүүд эргэж уулзахгүй, тооцоо бодоогүй явж байгаад 2018 он гаргаж 3475 кг мах эхнэр Д.Од өгөөд өгсөн махыг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар авахад тухайн үед зөвшөөрч байснаа одоо болохоор огт тэс хөндлөн зүйл ярьж анхан шатны шүүхээр өөртөө  ашигтай шийдвэр гаргуулсан байна.

Доорх маргаантай байдалд анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.  2015 оны 10 сард надад 40 толгой эр хонь, 60 толгой эм хонь өгсөн нь үнэн. Миний хувьд насаараа мал мах, түүхий эдийн ченж хийж амьдарч байгаа хүн. Намайг бог малнуудыг нэг бүрийн үнээр бус килограмлаж авсан гэх боловч үйл баримтаар энэ тогтоогдохгүй, харин амьдаар нь тоо ширхэгээр нь авсан үйлдэл тогтоогдож байна гэж үзэж дүгнэлт хийсэн.  Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бид малыг амьдаар нь тоо ширхэгээр нь авдаггүй учир нь ямар ч ашиггүй.  Би нэг кв-ийг 1.200.000 төгрөгөнд өгч байсан байраа 1.050.000 болгосон  та нар ингэж байгаа бол би байрны үнээ нэмнэ гэхэд дүүгүй болоод салсан. 

Нэхэмжлэгч нь 28 тооны үхэр өгсөн болохыг А.Жы өөрийн гараар хийж ноорог бичигт үнэнээр байгаа гэж мэдүүлэг өгч ярьсан. Би тийм бичиг Т. Шд өгөөгүй. Т.Шыг хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ талаар бичгийн шинжилгээ хийлгэж үнэн зөвииг олуулах нь зөв байх. Малын асуудлаас болоод танай ах дүү нартай учир зүйгээ олохгүй юм байна гэж эхнэр Д. Од би хэлсэн.  Үнэн болсон  явдал нь эхнэр Д. О хот руу мах ачуулах гэж байхад Т.Ш уулзаад мах өгөх гэсэн Улаанбаатарын ченж нэг кг махыг  2900 авна гээд байна та борлуулаад өг гэсэн юм шиг байна лээ тэгэхэд нь Улаанбаатарт 3200 байнаа гэж эхнэр хэлээд тээврийн зардлыг хасаад 3100 төгрөгөөр килограммыг тохирч өгөлцөж авалцсан юм байна лээ Гэтэл хаврын зоорины махны үнээр өгөх ёсой гэсэн маргаан үүсгэсэн юм.

Тухайн шүүх энэ талаар үндэслэхдээ кг тутам нь тухайн үөийн зах зээлийн ханшаар 3800 төгрөг байсан үнэлгээчний үнэлгээ зэргээр тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Шүүх  2018 оны 01 сард болсон үйл явдлыг 2017 оны 01 сарын махны ханшаар дүгнэсэн нь шүүх буруу хамааралгүй нотлох баримтаар дүгнэлт хийсэн гэж үзэж  байна.

Анхан шатны шүүх маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй шударга бус шийдвэр гаргасан мөн 8.720.500 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бодит байдалд нийцээгүй шийдвэр учраас төлөхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Шоос хариуцагч А.Жд холбогдуулж орон сууцны гэрчилгээ, илүү төлсөн мөнгө 9.920.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт  “…хариуцагч А.Ж нь  Баянхонгор сумын 1 дүгээр багийн 86 дугаар байрны 23 тоотод байрлалтай 33.89 мкв 2 өрөө орон сууцыг 35.584.500 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгч Т.Шын өмчлөлд шилжүүлэн өгч,  Т.Ш нь орон сууцыг хүлээн авч, одоо амьдарч байгаа, үнийн зохих хэсгийг төлсөн зэргээс үзвэл орон сууц худалдах, худалдан авах гэрээ бодитой хийгдсэн байна...” гэж   дүгнэсэн нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх,  дуусгавар болох талаар хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч талын өмчлөлд эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байтал үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хэний нэр дээр байсан, одоо хэний нэр дээр шилжиж байгаа зэргийг тодруулахгүйгээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримталж 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зохигч талуудын хооронд тодорхой тооны мал болон махыг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож худалдах, худалдан авах хэлцэл хийгджээ.   Нэхэмжлэгчээс тайлбарлахдаа  малыг толгойн тоогоор тухайлбал эр хонь нэг бүрийг 120.000 төгрөгөөр, эм хонь нэг бүрийг 100.000 төгрөгөөр, эр үхэр нэг бүрийг 700.000 төгрөгөөр, үнээ нэг бүрийг 600.000 төгрөгөөр,  шүдлэн үхэр нэг бүрийг 300.000 төгрөгөөр, адуу нэг бүрийг 500.000 төгрөгөөр тохирч нийт 137 толгой малыг 32.300.000 төгрөгөөр худалдсан, мөн дээр нь 3475 кг махыг нэмж  худалдсан гэж тайлбарладаг.

Хариуцагч талаас тайлбарлахдаа Т.Ш нь 28 толгой үхэр өгөөгүй 20 толгой үхэр байсан, мөн  малнуудыг нэг бүрийн үнээр бус жинлэж  авах ёстой гэж тайлбарладаг байна.

Зохигч талуудын хооронд малаас гадна 3475 кг махыг худалдах, худалдан авах хэлцэл хийж өгч авалцсан болох нь тогтоогдож байгаа боловч  нэг клограмм махыг хэдэн төгрөгөөр тооцож худалдсан болох нь тогтоогдоогүй  маргаантай байна. 

 Анхан шатны шүүх талуудын хоорондох мал болон махтай холбоотой маргааныг  эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Т.Ш нь хариуцагч А.Жаас 137 толгой малны үнэ 32.300.000 төгрөг, махны үнэ 12.005.000 төгрөг нийт 44.305.000 төгрөг авах үндэстэй нь тогтоогдож байна гэж үзээд үүнээс орон сууцны үнэ 35.584.500 төгрөгийг хасаад  үлдэх 8.720.500 төгрөгийг зөрүү мөнгө гэж  гаргуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Шын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ч  тодорхой бус байна. Тухайлбал нэхэмжлэгч Т.Шийн нэхэмжлэл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, гэрчилгээтэй холбоотой нэхэмжлэл боловч мал болон махны үнэ гаргуулах тухай нэхэмжлэл нь зөрүү 9.920.500 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байгаа нь  ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчдын эрх үүргийг тайлбарлахдаа нэхэмжлэгчид энэ талаар тайлбарлаж, зохигч талуудын хооронд 137 толгой малыг 32.300.000 төгрөгөөр худалдсан, мөн дээр нь 3475 кг махыг тухайн үеийн ханшаар худалдсан гэх мал болон мах худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх гэхэд нэхэмжлэгч нь зөвхөн  9.920.500 төгрөг гаргуулж өгнө үү  гэсэн байгаа нь  зөрчилтэй үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах болон гэрчилгээ бичиг баримттай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх гэхэд  ямар ч бичиг баримт байхгүй,  орон сууцны үнэ нэхэмжлээгүй атлаа орон сууцны эрхийн бичиг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл нь зөрчилтэй байгааг нэхэмжлэгчид тайлбарлаж өгөөгүй байна. Мөн шүүхээр шийдвэрлүүлэх мал болон махны нийт үнийн дүн  гэх 44.305.000 төгрөгнөөс эсхүл орон сууцны үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөх үндэстэй байгааг нэхэмжлэгчид тайлбарлаж  өгөөгүй байгаа нэхэмжлэгч нь  шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн  үнийн дүнгээ тодорхой бичихгүй, улсын тэмдэгтийн хураамж дутуу төлж орж ирсэн байна.  

Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурьдаагүй өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагч А.Жаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 154.470 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзнэ. 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2019 оны 03 дугаар сарын 05-ны  өдрийн 131/ШШ2019/00199  дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн  шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч А.Жаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 154.470 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.  

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                     ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ 

                                                 Г.УЛАМБАЯР