2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1089

 

 

 

 

 

 

 

 

2025       04         29                                    2025/ШЦТ/1089

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,

улсын яллагч Э.Баасанжаргал,

шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт Л-ын Тд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2511 00659 0157 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *********** төвд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн **** дугаар хороо, Сурагчийн ******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, ********* тоотод оршин суух,

Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, мөн зүйл хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан,

***** овогт Л-ын Т /регистрийн дугаар: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн ******* тоотод Ц.Бтой маргалдаж хүзүү хэсэгт нь хутгаар зүсэж хүзүүнд нь сорив гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2511 00659 0157 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р хуудас/

Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,

Гэрч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/3263 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 27-р хуудас/,

Хохирогч Ц.Бын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 49-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөрх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 36-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Э.Баасанжаргал: “... шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн ****** тоотод Ц.Бтой маргалдаж хүзүү хэсэгт нь хутгаар зүсэж хүзүүнд нь сорив гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Л.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед урд талын дэлгүүрээсээ 100 гр архи авч уучхаад Одонсүрэн, Т нарын гэрт орсон. Тэгээд Тг дагуулж ороод 1 шил 0,75 литрийн архи аваад тэднийд очсон. Тухайн үед Т, Одонсүрэн бид 3 нэг шил архийг хувааж уунгаа юм ярилцаж байгаад би нэлээн согтчихсон байсан. Тэгээд нэг мэдэхэд эрүүний доод хэсгээ зүсүүлчихсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байсан... Т нь намайг хутгаар зүсэж тухайн гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны 22 цагийн үед гаднаас найз Б орж ирээд нөхөр бид 3 нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд байж байхад Т, Б нар нь хоорондоо маргалдаж зодолдоод, тухайн үед Т нь Бын хүзүү хэсгийг шар иштэй хутгаар зүсээд цус нөж болохоор нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/3263 дугаартай “хэсэг газрын үзлэгт хүзүүний баруун урд хэсгээс баруун дээш ташуулдсан төвөнхийн түвшинд 11*0,1  см цайвар ягаан өнгийн товгор болон хонхор дунд хэсгээр мэс заслын утас бүхий зарим хэсгээр оёдлын ором бүхий сорив” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн ****** тоотод хохирогч Ц.Быг “хамтран амьдрагчтай үнсэлцсэн” гэх шалтгаанаар хүзүү хэсэгт нь хутгаар зүсэж, хүзүүний баруун урд хэсгээс баруун дээш ташуулдсан төвөнхийн түвшинд 11*0,1  см цайвар ягаан өнгийн зүссэн хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Бтой маргалдаж хүзүү хэсэгт нь хутгаар зүсэж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Л.Тг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч Л.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Хохирогч Ц.Бын биед хөнгөн зэргийн буюу “хүзүүний баруун урд хэсгээс баруун дээш ташуулдсан төвөнхийн түвшинд 11*0,1  см цайвар ягаан өнгийн товгор болон хонхор дунд хэсгээр мэс заслын утас бүхий зарим хэсгээр оёдлын ором бүхий сорив” бүхий гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, гэрч С.О-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, гэрч нар шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Л.Тгийн халдсан гэх цаг хугацаанд гэрч С.О нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, хохирогч нь шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон байх ба шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой талаар дүгнэсэн зэрэг нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг Л.Т учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.

 

 Иймд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Ц.Б нь өөрт учирсан гэмтэл, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Л.Тг хохирогч Ц.Бод төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,

“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ц.Бын энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 246,300 төгрөгийг шүүгдэгч Л.Тгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч Л.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайт тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Л.Т нь ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал болон урьд нэг удаагийн ял шийтгэгдсэн хувийн байдал бүхий гэмт хэрэг үйдлэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.Тд 800 нэгжтэй тэмцэх хэмжээний торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход устгуулах, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зардалгүй. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Т “...Хэлэх зүйлгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

            Шүүгдэгч Л.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох “хүйтэн зэвсгээр хүний төвөнх хэсгийг 11х0.1 см зүсэж хохирол, гэмтэл учруулсан болон түүний хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Л.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт Л-ын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тг гурван зуу /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг шаргал эрээн өнгийн иштэй хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тгээс 246,300 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай. 

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР