2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1090

 

 

 

 

 

 

 

 

2025       04          29                                    2025/ШЦТ/1090

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ********** овогт Т-ы Ат холбогдох эрүүгийн 2406 02013 0100 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, Гаалийн бүрдүүлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн дүүгийн хамт ******** 5 дугаар баг, ******* гэх нэршилтэй газарт оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн ***** дугаар хороо, ******** тоотод оршин суух, Цэргийн хотхоны ****** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

************** овогт Т-ны А /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, Ж.Лгийн ****** тоотод үйл ажиллагаа явуулах “********” ХХК-нд талбайн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 19,083,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Аыг завших гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 02013 0100 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-46-р хуудас/,

Гэрч Д.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “СМ” ХХК-нд Т.Аийг талбайн төлөөлөгчөөр томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ болон ажлаас чөлөөлсөн тушаал /хх-ийн 29-30-р хуудас/,

“СМ” ХХК-н болон Т.А нарын тооцоо нийлсэн акт /хх-ийн 74-75-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан /хх-ийн 69-70-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77, 79-91-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2406 02013 0100 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Цэцэгмаа: “... Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Ж.Лгийн *********** тоотод үйл ажиллагаа явуулах “АС” ХХК-н талбайн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 19,083,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Т.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, 15 дугаар хороолол, Ж.Лгийн ****** тоотод үйл ажиллагаа явуулах “АС системс” ХХК-нд талбайн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 19,083,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “АСС” ХХК-д авто хариуцсан захирал ажилтай. Манай компани Олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр буюу бусдын барааг олон улсад тээвэрлэдэг ажил эрхэлдэг. Ц.Ц гэх иргэн манай компаниар Бүгд Найрамдах Солонгос улсаас 4 ширхэг автомашин тээвэрлүүлсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бараа нь Монгол улсад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан гаалийн талбайд буусан. Уг барааг манай компанийн ажилтан талбайн төлөөлөгч Т.А нь барааг авч Ц.Цд хүлээлгэн өгөөд ачаа зөөврийн хөлс болох 15,396,300 төгрөгийг Ц.Цгаас аваад компанид тушаалгүй өөрөө хувьцаа завшсан асуудал гаргасан юм. Бид нар Т.Атэй уулзаж юу болсон мөнгийг яагаад компанид тушаагаагүй талаар асуухад би мөнгийг нь хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч удахгүй барагдуулна гэдгээ хэлж, мөнгийг төлж барагдуулна гэсэн бичиг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийж өгсөн боловч одоог болтол мөнгөө төлж барагдуулаагүй алга болсон. Алга болохдоо компанийн ажил хийхдээ ашигладаг байсан HP1052R-3  загварын Notebook 2022 оны 09 дүгээр сард 2,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ME брэндийн цахилгаан Scooter 2022 оны 09 дүгээр сарын үед 2,000,000 төгрөгөөр захиалж авч байсан зэргийг авч явсан. Цалин мөнгөний тооцооны ямар нэгэн асуудал байхгүй бүх цалингаа авсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Т.Аийн үүрэг нь тээвэрлэгдэж ирсэн барааг захиалсан хүнд хүлээлгэн өгөх үүрэгтэй ажил байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би тухайн үед АСС ХХК-аар дамжуулж маш олон удаа контейнэр захиалж машин авхуулж байсан. Нэг контейнэр дотор 4 ширхэг машин ирдэг юм. Би тухайн үед АСС ХХК-ны менежер А билүү тэр залууд бэлнээр контейнэрийн мөнгийг төлдөг байсан. Тухайн үед би мөнгөө бэлнээр өгч тооцоо хийдэг байсан. Хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сарын үед байх сайн санахгүй байна. Тэр үед л авсан. АСС ХХК-ны менежер гэх залуу надаас бэлэн мөнгийг аваад тэгээд гаальд бүрдүүлэх материал өгдөг. Би түүний өгсөн бичгийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж Казахстанд аваачдаг, заримыг нь Улаанбаатар хотод зардаг юм. Би бэлэн мөнгө өгөхгүй бол тээвэрлэж ирсэн талаарх бичгийг тэр компани надад өгөхгүй. Надад тээвэрлэлтийн бичиг өгөхгүй бол би гаалийн бүрдүүлэлт авч чадахгүй. Би авсан бүх барааныхаа мөнгийг бэлнээр өгдөг байсан. Тэр АСС ХХК-ны менежер гэх залуу бэлнээр авдаг байсан. Намайг бэлнээр мөнгөө өгсний дараа тэр залуу надад тээвэрлэлтийн бичиг өгдөг байсан. Би АСС ХХК-д ямар нэгэн өглөг төлбөргүй болно...” гэх мэдүүлэг,

Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “...Би “АСС” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын үед ажилд орсон бөгөөд би гаалийн бүрдүүлэлтийн хийдэг ба манай компаниар дамжуулж ачаа тээвэр хийлгэсэн хүмүүсийн ачаа барааг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Гаалийн компаниудаас хүлээн авч, бараа материал захиалсан иргэдэд хүлээлгэж өгдөг байсан. 2023 оны 12 дугаар сарын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” гаалийн талбай дээрээс “АСС” ХХК-н тээвэр зуучлалыг хийсэн бүтэн 1 чингэлэгтэй 4 ширхэг автомашиныг хүлээн авч захиалсан иргэн болох Д.Д-нд хүлээлгэж өгсөн. Д.Д-аас би тээвэр зуучлалын хөлс болох 15,396,300 төгрөгийг аваад компанид тушаалгүй хувьдаа завшсан. Энэ асуудлаас болж ажил дээрээ очилгүй ажлаасаа шууд гарсан. Надад компаниас ажилдаа ашиглах зорилгоор хүлээлгэж өгсөн Note book, Sckooter хоёрыг бас компанид буцааж хүлээлгэж өгөлгүй авч явсан. Би 15,396,300 төгрөгөөр нь бол One X bet сайтаар дамжуулж, бооцоо тавиад алдсан. Note book, Sckooter хоёрыг болохоор Sckooter-ээр явж байгаад зам дээр унаад эвдэлсэн байгаа янзлуулаад буцаагаад хүлээлгэж өгнө гэж бодож байсан юм. Би сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан...” гэх мэдүүлэг,

2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “СМ системс” ХХК-нд Т.Аийг талбайн төлөөлөгчөөр томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ болон ажлаас чөлөөлсөн тушаал,

“СМ системс” ХХК-н болон Т.А нарын тооцоо нийлсэн акт,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр хохирогч “АСС” ХХК-ийн эд хөрөнгө болох нийт 19,083,800 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн үйлдэл нь Завших гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд эд хөрөнгийг олж авах учиртай.

 

Шүүгдэгч Т.А нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох машины төлбөр болон нотебүүк, скүүтэрийн үнэ болох нийт 19,083,300 төгрөгийг хувьдаа авч, өөрийн хэрэгцээ шаардлагад зарцуулсан нь эд хөрөнгийг шударгаар, тэдний эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авсан гэж үзэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Аийг “АСС” ХХК 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2210/01 дугаартай тушаалаар “талбайн төлөөлөгч тушаалд” томилж, мөн өдөр №22/007 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №22-007 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр Т.А нь ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу хүлээн авч, тухайн эд хөрөнгийг ашиглах, эзэмших, бусдад шилжүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахыг ажил олгогчийн өмнө хүлээсэн атлаа уг гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, байгууллагын эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүй хувьдаа зарцуулжээ.

Иймд шүүгдэгч Т.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Т.А нь хохирогч “АСС” ХХК-нд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 19,083,800 төгрөгийг шүүгдэгч Т.Аээс гаргуулж хохирогч “АСС” ХХК-нд олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд түүний үйлдсэн гэм хэргийн шинж, хувийн байдал зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Т.А эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Т.Ат хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2406 02013 0100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт Т-ны Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аээс 19,083,800 төгрөгийг гаргуулан хохирогч “АСС” ХХК-нд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг мөн өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР