2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1086

 

 

    

 

 

 

 

 

 

   2025       04         29                                     2025/ШЦТ/1086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогт Б-ны Жд холбогдох эрүүгийн 2402 007500090 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10  дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш, эрх зүйч мэргэжилтэй, “БЭЖЭИИКЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо ********* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

******** овогт Б-ны Ж /регистрийн дугаар: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь “БЭЖЭИИКЭ” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “ЮПЭП” ХХК-иас 2022 оны 10 дугаар сард 7 падаанаар 272,727,269 төгрөгийн, 2022 оны 11 дүгээр сард 9 падаанаар 372,698,586 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сард 39 падаанаар 918,954,534 төгрөгийн нийт 1,564,380,389 төгрөгийн багаа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156,438,013 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22, 24-25-р хуудас/,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,

Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,  

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн танилцуулга /хх-ийн 12-15-р хуудас/,

Шинжээч Ц.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,

Д.Б-гийн эзэмшлийн ********** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-60-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэллийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 233, 235-242-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Очгэрэл: “...Б.Ж нь “БЭЖЭИИКЭ” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “ЮПЭП” ХХК-иас 2022 оны 10 дугаар сард 7 падаанаар 272,727,269 төгрөгийн, 2022 оны 11 дүгээр сард 9 падаанаар 372,698,586 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сард 39 падаанаар 918,954,534 төгрөгийн нийт 1,564,380,389 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156,438,013 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байрь суурьнаас, гэм буруугийн талаар маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж оролцоно...” гэх тайлбарыг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Татварын улсын байцаагч Ц.Эрдэнэхүү болон миний бие “БЭЖЭЙКЛ” ХХК-ийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд тус компани 2022 оны НӨАТ-ын тайланд Сүхбаатар дүүргийн “ЮПЭП” ХХК-иас 10 дугаар сард 7 падаанаар 272,727,269,00 төгрөгийн, 11 дүгээр сард 9 падаанаар 372,698,586,00 төгрөгийн, 12 дугаар сард 39 падаанаар 918,954,534,00 төгрөгийн нийт 1,564,380,389,00 төгрөгийн худалдан авалттай НӨАТ-ын падаан бичүүлж төлөх татварын хэмжээг бууруулсан байдалтай тайлагнаж, татвах төлөхөөс зайлсхийсэн байсан. Тус аж ахуй нэгж нь 2023 оны 03 дугаар сард Гааль татварын технологийн үндэсний төвд хандаж цахим төлбөрийн систем дээр устгалт хийж залруулсан байсан. 2022 оны 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаа засварлах хүсэлтээ илгээсэн. Уг хүсэлтдээ 10 дугаар сард 7 падаанаар 272,727,269,00, 11 сард 9 падаанаар 372,698,586,00, 12 сард 39 падаанаар 918,954,534,00 төгрөгийн нийт 1,564,380,389,00 төгрөгийн худалдан авалтын буцаалт хийлгэж, татварын зөрчлөө арилгасан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Э-гийн мөрдөн шалгах ажилаагааны явцад өгсөн “... миний бие болон татварын байцаагч Т.Бгийн хамт 2023 оны 03 дугаар сарын 15-нд “БЭЖЭЙКЛ” ХХК-д татварын хяналт шалгалт хийхэд уг ААН нь татварын хяналт шалгалтын томилолт үүсэхээс өмнө нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг засварлах хүсэлт илгээн засварласан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би ЮПЭП гэх аж ахуйн нэгжээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад НӨАТ-ын баримт шивэх боломжтой юм байна гэж бодоод цахим орчинд идэвхтэй байдаг групп-т дээр НӨАТ-ын баримт зарна гэсэн утга бүхий зарыг 2022 оны 10 дугаар сараас эхэлж байршуулсан бөгөөд өөрийн гэр болох Дархан-Уул аймгийн ** дугаар баг, ******** тоотод байхдаа НӨАТ-ын баримтыг шивэж эхэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би ЮПЭП гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт шивдэггүй болохоор яг хэдэн аж ахуйн нэгжид хэдэн төгрөгийн НӨАТ-ын баримт шивсэн талаар мэдэхгүй байна. Зөвхөн Болортуяа гэх эмэгтэй рүү аж ахуйн нэгжийн мэдээллийг явуулдаг байсан. Би ЮПЭП гэх аж ахуйн нэгжийн захирал Б гэх эмэгтэйн үгэнд итгэж мэдээлэл дамжуулсандаа үнэхээр их харамсаж байна. Б нь хэлэхдээ тус аж ахуйн нэгж нь ямар ч асуудалгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Шинжээч Ц.Энхмаагийн “...Татварын байгууллагаас ирүүлсэн “ЮПЭП” ХХК-нд холбогдох мэдээлэлд “БЭЖЭЙКЛ” ХХК-нд борлуулалт хийсэн, НӨАТ-ын төлбөрийн баримт шивсэн мэдээлэл байгаагүй. Харин БЭЖЭЙКЛ ХХК нь татварын тайландаа засвар хийж ЮПЭП ХХК-иас шивсэн НӨАТ-ын падааныг буцааснаар татварын нэгдсэн системд засвар орж дээрх аж ахуйн нэгжийн мэдээлэл ирээгүй байх боломжтой гэж үзэж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.

 

Шүүгдэгч Б.Ж нь “БЭЖЭЙКЛ” ХХК-д гүйцэтгэх албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бөгөөд гэм буруугийн шууд санаа зорилгоор буюу татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа огт явуулдаггүй “ЮПЭП” ХХК-иас 2022 оны 10 дугаар сард 7 падаанаар 272,727,269 төгрөгийн, 2022 оны 11 дүгээр сард 9 падаанаар 372,698,586 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сард 39 падаанаар 918,954,534 төгрөгийн нийт 1,564,380,389 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156,438,013 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн идэвхтэй гэмт үйлдэл хийсэн нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Жг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх  албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Ж нь татварын тайланг залруулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судалж, улсын яллагч, өмгөөлөх талаас төлөгдсөн талаар дүгнэлтийг тус тус гаргасан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Ж нь шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Настны байдал муу байгаа. Би өглөө эмнэлэгт орхичхоод ирсэн. Том 2 хүү өвчтэй хүүхэдтэй. Би өөрөө сургуулийн насны 3 хүүхэдтэй. Ээж болон өвчтэй хүүхдүүдээ би харж хандаж явдаг. Би гэм буруутай үйлдлээ мэдэж байгаа. Нэг хугарахаар яс хугар гэдэг. Ясыг бол хугалж үзлээ. Миний хувийн байдлыг харгалзаж үзэн ялаас чөлөөлж өгөөчээ гэж хүсэж байна. Би одоо 55 настай. Буцаад компани удирдаж ажил хийх боломжгүй. Би дахиж ийм аймшигтай хэрэгт орооцолдохгүй. Та бүхнээс уучлалт гуйж байна. Намайг ялаас чөлөөлж өгөөч гэж шүүхээс хүсэж байна...” гэх,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Цагдаагийн байгууллага шалгагдахаас өмнө буюу тухайн үйлдлийг хийхэд буруу үйлдэл хийснээ ойлгож мэдмэгцээ тухайн жилийн боломжит хугацаа буюу 2023 оны 6 дугаар сарын 15-ний өдөр жилийн эцсийн тайлангаа гаргах ёстой байдаг. Энэ хугацаандаа багтаад өөрийн буруу хийсэн үйлдлээ залруулж улсыг хохирол төлбөргүй болгосон. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хувийн байдлын тухайд 92 настай ээжтэй, 3 сургуулийн насны хүүхэдтэй, 2 ач нь хүнд төрлийн өвчтэй байнгын асаргаа шаардлагатай ийм нөхцөл байдалтай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийг байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй эсвэл хорих ялыг дээд хэмжээ 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх эсвэл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тодорхой заасан байгаа. Б.Жгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгуулийн болон албан ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах буюу хорихоос өөр төрлийн хариуцлагын санкцтай зүйл анги байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдсэнээ ухамсарласан даруйд нөхцөл байдлаа засаж залруулсан байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хэрвээ шүүхээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд торгуулийн ялын доод хэмжээгээр торгож өгөөчээ гэсэн хүсэлт гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй гэж үзэж торгуулийн ялыг оногдуулбал тухайн торгуулийг төлөх бүрэн боломжтой...” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Жд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт Б-ы Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Жг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ОТГОНБААТАР