| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2002004010253 |
| Дугаар | 2021/ДШМ/319 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/319
Б.Б, Б.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Очбадрах,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2002004010253 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М овгийн Б-н Б, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эх, дүү нарын хамт ..............................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;
2. Б овгийн Б-ны Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эмэг эх, эгч, дүү нарын хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;
Б.Т нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д...” хотхоны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Б-с олж авсан,
мөн уг бодисоо 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д..” хотхоны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Т-д өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овогт Б-н Б-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Б-ны Т-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Б.Т нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Trix” гэх бичиглэл бүхий хуванцар савтай, 20 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодис ЦЕГ-н Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгах талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-н Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б, Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Надад оногдуулсан ял нь үйлдсэн гэм буруугаа ойлгон ухаарах, ирээдүйн зөв амьдралд минь чиглүүлж, алдаа оноогоо бодох, надтай хамааралтай хүмүүсийн анхаарал санамжийг нэмэгдүүлэн сэрэмжлүүлэх зорилготойгоос гадна хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаварыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг ойлгож байна.
Миний бие нь энэ төрлийн мансууруулах бодисыг анх удаа сонирхон хэрэглэсэн минь үнэн. Гэмт үйлдэлд минь анхан шатны шүүхийн шийтгэврээр арга хэмжээ авагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Т-д өгсөн талаар:
Т бид хоёр эртний танилууд юм. 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уулзан уг мансууруулах бодисыг анх удаа хэрэглэж үзсэн. Надад уг бодисыг хэрэглэж үзэхэд огтхон ч тааламжтай санагдаагүй. Т-д ямар санагдсаныг мэдэхгүй ч миний олсон зүйлийг надад өгчих гэж хэлээд аваад явсан. Би Т-д уг бодисыг өгөхдөө ямар нэгэн далд санаа зорилгогүйгээр, санамсаргүй байдлаар өгсөн. Миний хувьд энэ бодис нь ийм их хор уршиг дагуулдаг гэдгийг мэдсэн бол шууд өгөхгүйгээр хаях байсан. Би буруу зүйл сонирхон хэрэглэж санамсар болгоомжгүйгээр хүнд өгснөөр анх удаа гэмт хэрэгт холбогдлоо.
Миний бие нь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ............. их сургуульд элсэн суралцаж улмаар тухайн жилдээ амжилттай суралцаж 2019 онд Олон улсын оюутан солилцоогоор БНСУ-н .... их сургуульд суралцан цар тахлын улмаас Монголд ирсэн. Монголд байх хугацаандаа ........... их сургуульд суралцаж байна. Энэ жилийн 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахим хичээл эхэлж байгаа бөгөөд суралцаж чадахгүйн улмаас Солонгос улсын тэтгэлэгт хөтөлбөрөөс хасагдаж, сурах, өсөн дэвших ирээдүйн боломж минь хойшлогдож байгаа нь миний хувьд маш том шийтгэл болж байна.
Миний хувьд зөвхөн өөрийгөө бус улс эх орон нийгмийн хар толбо болж гэр бүл, хайртай хүмүүсийнхээ итгэлийг алдан дүү нартаа буруу үлгэр дууриаллын жишээ болж харагдах байснаа гүнээ ухамсарлан ойлгож авлаа.
Би дахин ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, хичээл сургуулиа амжилттай дүүргэж, улс эх орондоо ихийг хийж бүтээн мансууруулах бодисын эсрэг тэмцэлд нийгэмд нөлөөлөх хүрээллийнхээ хэмжээнд тэмцэн эсэргүүцэж гар бие оролцох болно.
Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зүйлчилж, зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Б.Б-н гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг бие махбодиороо ойлгож, уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар анхан шатны шүүхийн шатанд маргаагүй, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдэл оролцоогоо үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Өөрийнхөө гэм бурууд зохих хэмжээний дүгнэлт хийж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гагцхүү тухайн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч Б.Т дахин гэмт хэрэгт холбогдохгүй, ар гэртээ өндөр настай эх, хөгжлийн бэрхшээлтэй эмэг эхээ асарч сувилдаг тул хуульд заасан боломж олгож, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн. Өмгөөлөгчийн зүгээс тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг, шүүгдэгч нь чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэсэн санал гаргаж байсан. Уг саналаа дэмжиж байна. ...” гэв.
Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг үндэслэж хорих ялын санал гаргасан. Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршигт тохирсон байх ёстой бөгөөд шүүх энэхүү гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт энэ жилээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл сонгох санкцтай гэмт хэрэг тул ямар ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Прокурорын хувьд гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан үзэж 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б, Б.Т нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д..” хотхоны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Б-с олж авсан,
мөн уг бодисоо 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д..” хотхоны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Т-д өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Б.Т-н яллагдагчаар өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хороонд байрлах “Д..” хотхонд очиж Б.Б-той зүгээр л ямар нэгэн зорилгогүй уулзсан. Тухайн үед Б “өвс байна, сонирхож үзэх үү” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Б.Б бид хоёр өвс гэх бодисыг хамт хэрэглэсэн. Тэр үед би Б.Б-с “надад жаахан өгчих” гэтэл ойролцоогоор атга хэмжээний өвс өгсөн. Тэгэхээр нь би тэр өвс гэх бодисыг нь аваад цайны хуванцар саванд хийгээд цүнхэндээ хадгалсан байсан. Тэгээд миний цүнхэнд байдаг байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд явж байтал цагдаа шалгаад баригдсан. ...” /хх 56-57/,
Б.Б-н яллагдагчаар өгсөн “...Т бид хоёр өвс гэх нэршилтэй мансууруулах бодис хамт байж байгаад хэрэглэсэн. ...Т бид хоёрын хамт хэрэглэсэн өвс гэх бодисыг миний бие 2020 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Хан-Уул дүүргийн .. дугаар хороонд байрлах BSB худалдааны төвийн урд байдаг далангийн тэндээс олсон. ...” /хх 107-108/ гэсэн мэдүүлгүүд,
“... “Б.Т ........” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 4209 дугаартай дүгнэлт /хх 28-29/,
“...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4219 дугаартай дүгнэлт /хх 33-34/,
“...“Б овогтой Б......... 2020.07.28” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 4207 дугаартай дүгнэлт /хх 37-38/,
Б.Т-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/,
Б.Т-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/,
Б.Б-н биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12/,
Б.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх 17/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Т-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тухайлбал, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Монгол Улсын Олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд “хууль бусаар олж авсан” гэдэгт тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм. үйлдлийг хамааруулдаг бол “хадгалсан” гэдэг шинж нь мансууруулах эм болон сэтгэцад нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгасныг хамааруулан авч үздэг.
Харин сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэдэг шинж нь энэ төрлийн бодисыг бусдад худалдах, арилжих, эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож шилжүүлэх зорилгогүйгээр зэрэг бусдад өгсөн үйлдэл хамаарна.
Шүүгдэгч Б.Б, Б.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Б-н хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Хэдийгээр, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б, Б.Т нарын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Т нар нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР