Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0913

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг М.Б*******би даргалж,

Нэхэмжлэгч: Э** ******* **** ХХК

Хариуцагч: Нийслэлийн татварын газар

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А****, Б.У****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*****нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Э******** **** ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийслэлийн татварын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай № 04/129 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Э******** **** ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд оруулахыг Нийслэлийн Татварын газарт даалгуулах

            Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э******** **** ХХК нь 2020-2021 оны санхүүгийн жилд аж ахуй нэгжийн орлогын албан тайлангаар 1,***,***,***төгрөгийн албан татварт ногдох орлоготой , нийт төлбөр зохих татвар 7*,***,*** төгрөг гарсан . Дэлхий даяар дэгдсэн ковид-19 өвчний улмаас сүүлийн 2 жилд компанийн ашиг орлого эрс муудаж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсны улмаас санхүүгийн жилд төлөх ёстой татвар болох 7*,***,*** төгрөгийн 95,9 % буюу 6*,***,*** төгрөгийн татварыг төлсөн юм. "       " ББСБ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан , доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг , энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө хэмээн заасныг үндэслэн төлсөн татвартаа ноогдох татварын хөнгөлөлт эдлэх хүсэлт гаргасан боловч Нийслэлийн татварын газраас хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан хариуг ирүүлсэн. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь 2020-2021 санхүүгийн жилд аж ахуйн нэгжийн орлогын албан тайлангаар 1,***,***,***төгрөгийн албан татварт ногдох орлоготой нийт төлбөл зохих татвар нь 7*,***,*** төгрөг гарсан. Энэ жилүүдэд дэлхий даяар дэгдсэн цар тахлын улмаас сүүлийн 2 жилд компанийн ашиг орлого эрс муудаж, зээлийн эргэн төлөлт 0, зээл олголтын процесс явагдаагүй. Энийг заавал батлах шаардлагагүй гэж үзэж байгаа. Гэхдээ төрд хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг чармайж 7*,***,*** төгрөгөөс 95,9 хувь буюу 6*,***,*** төгрөгийн татварыг төлсөн юм. Нэхэмжлэгч компани нь аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 20.2.7-д зааснаар ногдуулсан албан татварыг 90 хувиар чөлөөлнө гэж заасныг үндэслэн төлсөн татвартаа ноогдох татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг цаг хугацаанд нь гаргасан боловч татварын газраас үндэслэлгүйгээр татгалзсан. Татгалзлын үндэслэл нь дутуу төлсөн гэж байгаа. Хууль зүйн үндэслэлийг нь харахаар хугацаандаа татвар төлсөн аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн ганцхан зохицуулалт байгаа. Өнөөдрийг хүртэл дутуу болон илүү төлсөнтэй холбоотой журмыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Манай зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэл бүхий олон хүсэлт гаргасан. Үүний нэг нь үзлэг хийлгэх юм. Учир нь дутуу төлсөн аж ахуй нэгжүүд хөнгөлөлт авсан кэйс байгаа. Үүнийг бид компанийн болон хувь хүний нууцтай холбоотойгоор гаргаж өгөх боломжгүй байсан тул шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргахад шүүхээс хангаж шийдвэрлэж, дараа нь татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж, хөнгөлөлтөд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү. Бид энэ асуудал үүсээд Нийслэлийн татварын газарт хүсэлт өгсөн. Шүүхээр маргалдаад явах бидэнд ч төвөгтэй байна. Хууль болон журамд дутуу төлсөн бол гэдэг зохицуулалт байхгүй байна. Манай зүгээс хуулийг шууд утгаар нь хэрэглэдэг эрх зүйн зохицуулалттай улс гэж ойлгодог. Төлсөн бол гэдэг үгийг бүтэн төлсөн гэж ойлгохгүй байна. Энийг нарийн зохицуулах шаардлагатай. Энэ хүний асуудлыг шийдвэл араас нь олон аж ахуй нэгж орж ирнэ гэж яриад байна. Тийм бол үүнийгээ зохицуулаад хуульд нийцүүлсэн журмаа гаргах ёстой. Хавтаст хэрэгт ямар нэгэн журам огт өгөөгүй. Бидэнд үндэслэл бүхий эргэлзээ байгаа. Байгаа болохоор бид шүүхэд хүсэлт гаргасан. Авсан аж ахуй нэгжүүд байгаа. Хуулиар олгогдоогүй эрхийг олгочхоод байна. Шударга байдлыг нотолж чадаагүй, энэ хүмүүсийн ярианаас л сонсож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 29.2.Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-т энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. Мөн хуулийн 25.2.энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө гэж тус тус заасны дагуу тайлант хугацаанд төлбөл зохих 7*,***,***.** төгрөгөөс 6*,***,***.** төгрөгийн татвар төлсөн бөгөөд тайлант хугацаанд 2,***,***,** төгрөгийн дутуутай байгаа тул хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй байдал үүссэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаа доголдсон. Гэхдээ энэ процесс бол 2020 онд аж ахуй нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх тухай хууль гарсан байгаа. Үүний дагуу энэ процесст хамрагдуулаад тодорхой аж ахуй нэгжүүдийг хөнгөлж байсан. Албан татварыг чөлөөлөхдөө зөвхөн хуулиар тогтоодог. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд ногдсон татварыг төлсөн тохиолдолд түүнийг буцаан олгохтой холбоотой зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч тал ногдсон татвараа Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар дараа улиралд нь төлсөн байх ёстой хуулийн шаардлага байдаг. Албан татвар ногдохдоо ногдох, тайлагнах өдрүүдийг хууль тухайлж зааж өгдөг. Тус хуульд заахдаа бүрэн төлсний дараа нь ногдсон татварыг төлсөн ангилал руу шилждэг. Энэ ангилал нь зөвхөн татварын албанд харагддаг юм биш, татвар төлөгчид мөн адил харагддаг. Нэхэмжлэгч байгууллагын хувьд өртэй гэсэн төлөвтэй байсан. Албан татварын төвлөрүүлэхдээ захиран зарцуулах эрх нь татварын албанд байдаггүй. Бид зөвхөн төсөлт төвлөрүүлэх чиг үүрэгтэй. Нэхэмжлэгч компанийн хувьд 7*,***,*** төгрөгийг төлсний дараа төлсөн байна гэж үзнэ. Хэрэв 95,9 хувийг төлсөн байсан тохиолдолд хамруулж болдог байсан бол ийм асуудалтай бүх татвар төлөгч нарыг хамруулах боломжтой. Бидний чиг үүрэг бол хуулийн шаардлагад нийцсэн татвар төлөгчийг нэгдсэн журмаар хамруулах юм. Татварын алба тухай бүрд тушаал гардаг. Энэ тушаалаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх нь тодорхой болж ирдэг. 04/129 дугаар албан бичгээр үүнийг зөвхөн тайлбарласан байсан. Энэ бол захиргааны акт биш. Тэр тушаалд тухайн байгууллага хамрагдаагүй. Энгийнээр бол бүтэн татвараа төлсөн байж 90 хоног хөнгөлөгдөнө. 100 хувь гэдэг нь 7*,***,*** төгрөг төлөгдсөн гэдэг төлөвт шилжих ёстой байсан. 95,9 хувь төлсөн юм чинь гэж үзэх хуулийн шаардлага байхгүй. Татвар төлөх үндсэн үүрэг байгаа. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хуулийн хугацаанд татвар төлөх үүрэг мөн байдаг. Хэрэв хуулийн хугацаанд татвараа төлөөгүй байвал шийтгэлийн хуудас хүртэл бичдэг. Хариуцлагаас чөлөөлөх болон татварын хөнгөлөлт хамруулах гэдэг ойлголт нь өөрөө төлөгдсөн байхыг ойлгож байгаа. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хуулийн 22 дугаар зүйлээс гадна энэ чиглэлээр хэрэгжүүлдэг Сангийн сайдын журам байдаг. Энэ журам нь дотооддоо баримталдаг журам биш, гадагшаа чиглэсэн буюу үйл ажиллагааны журам юм. Иймд Монгол Улс даяар баримталдаг юм. Энэ журам нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 дугаар тушаалаар батлагдсан. Энэ журмын 2 дугаар бүлэгт татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх нийтлэг үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Энэ журмын 2.2-т аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар, агаарын тээврийн төлбөр, ус бохирдуулсны хөнгөлөлт чөлөөлөлтийг татвар төлөгчийн тухайн татварын тайланд тусгасан чөлөөлөх орлого ногдуулан төлсөн татварын дүнгээс тооцож эдлүүлнэ гэж заасан байдаг. Хуулийн илүү нарийвчилсан зохицуулалт буюу журмыг баримталж ажиллах нь бидний үйл ажиллагааны гол баримталдаг зүйл. Иймд мэдээллийн санд чөлөөлөгдөх орлого гэсэн төлөвтэй болно. Түүний дараа ногдуулан төлсөн татварын дүнгээс эдлүүлнэ.

Сүүлд батлагдсан Татварын тухай шинэ хуулиудад заахдаа татвар төлөгч өөрөө ногдуулан төлдөг тогтолцоотой юм. Нэг ч гэсэн татвар төлөгчид тийм боломж байсан бол аль болох эдлүүлэхийг зорино. Бүх татвар төлөгчид итгэл үзүүлэх зарчмын дагуу ажилладаг. Хуулийн хугацаандаа татвараа төлсөн байлаа гэхэд үүний дараа энэ асуудал яригдана. Гүтгэлийн шинжтэй болж байна. Хэдэн зуун аж ахуй нэгжийг хамруулж болох л байсан гэсэн болохоос хамруулдаг гэж яриагүй. Ажлаа хийснийхээ төлөө ингэж элдвээрээ хэлүүлмээргүй байна. Мөн хууль дээдлэх зарчим бид бүгдэд хэрэгжинэ. Хэрвээ ялгамжтай хэрэглэдэг хууль байдаг бол бүгд өөрсдийнхөөрөө тайлбарлах байх. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журамд бүх төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг зохицуулсан байдаг. 2.8-д татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ татварын тайлан, тайлангийн хавсралт, нотлох баримт хөнгөлөлтөө буцаан авах хүсэлтийг татварын албанд ирүүлэх ба гэж заасан. Би очиж тайланг нь бичиж өгч хавсаргах гэсэн үг биш. Өөрсдөө эдгээрийг биелүүлээд ирэхэд нь тайлангийн сантай тулгаад хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг энэ журмаар зохицуулсан байгаа. Татварын ерөнхий хуульд татвар төлөгч ямар эрх эдлэхийг заасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль бус шийдвэр гаргахыг даалгах гээд байгаа. Тайлан гаргах үүрэг нь өөрсдөд нь байдаг. Бид таны өмнөөс тайлан гаргаж өгсөн бол хууль бус гэж үзнэ. Татвар ногдуулах гэдэг ойлголт гэнэт өнөөдөр бий болсон ойлголт биш. 2012 оноос хойш татварын алба цахимжсан, одоо бол 100 хувь бүрэн цахимжсан. Цаасаар өгч авдаг байсан үе 2012 онд дууссан. Борлуулалтын орлогын дүн гэж тавигдана, хасагдах зардал гэж тавигдана. Хөнгөлөлт, чөлөөлөлтийг бүгдийг хуулиар зохицуулсан ойлголт болохоос биш энд зогсоод санаанаасаа зохиосон зүйл биш. Цаашдаа анхаараасай гэж хэлж байна. Хэрэв хуульд нийцсэн байвал биднээс шалтгаалахгүй гэж хэлсэн болохоос биш бид зохицуулж өгнө гэж хэлээгүй. Нэхэмжлэгчийн үгэнд хэд хэд дурдагдаад байгаагаар бусад аж ахуй нэгж байгууллага авсан гэх энэ явцуу тайлбар нь өөрөө гүтгэлгийн шинжтэй болж байна. Татварын албаны эрх хэмжээ, татварын албаны баримтлах чиг үүрэг гээд бүгдийг хуульчилсан. Хяналт, шалгалтад тайлангийн маягтад үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гардаг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн татварын газрын Э******** **** ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Э******** **** ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд оруулахыг Нийслэлийн Татварын газарт даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн и

тгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Нийслэлийн татварын газрын Э******** **** ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа Э******** **** ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийслэлийн татварын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай № 04/129 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн татварын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай № 04/129 тоот албан бичгээр ... ААНОАТ-ын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. ААНОАТ-ын хуулийн 25.2-т Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө гэж тус тус заасны дагуу тайлант хугацаанд төлбөл зохих 7*,***,***.** төгрөгнөөс 6*,***,***.** төгрөгийн татвар төлсөн бөгөөд тайлант хугацаанд 2,***,***,** төгрөгийн дутуутай байгаа тул хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй байна. гэсэн хариуг өгсөн байна.

Нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. гэж заасны дагуу төлсөн татвартаа ноогдох татварын хөнгөлөлт эдлэх ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Хариуцагч нь Ногдуулсан буюу тайлант хугацаанд төлбөл зохих татвараа дутуу төлсөн, 2,***,***,** төгрөгийн дутуу төлөлттэй байгаа тул татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч нь 2,***,***,** төгрөгийн албан татварын дутуу төлөлттэй байгаатай хэргийн оролцогчид маргаагүй болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтад ... ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө гэж хуульчилсан байгааг анхаарах нь зүйтэй байна.

Тодруулбал, хууль тогтоогч ногдуулсан буюу төлбөл зохих албан татварыг 90 хувь хөнгөлнө гэж хуульчилсан байх ба уг зохицуулалтын агуулгаас үзэхэд, ногдуулсан буюу төлбөл зохих татвараа төлсөн нөхцөлд 90 хувь хөнгөлөхөөр байна.

Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д төлсөн татварыг 90 хувийн хөнгөлнө гэж заагаагүй ба харин ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлнө гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ... ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. гэж заасан заасан зохицуулалтыг ногдуулсан буюу төлбөл зохих татвараа гүйцэд төлсөн нөхцөлд 90 хувийн хөнгөлөлтөд хамруулах агуулгаар ойлгож хэрэглэхээр байх байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлсөн татвартаа ноогдох татварын хөнгөлөлт эдлэх ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байх ба харин хариуцагч төлбөл зохих татвараа дутуу төлсөн тул татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1заасныг баримтлан Э******** **** ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийслэлийн татварын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай № 04/129 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Э******** **** ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд оруулахыг Нийслэлийн Татварын газарт даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч "Э******** ****" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Э******** ****" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б*******