Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01452

 

 

 

 

 

 

 

 

2022 03 31 101/ШШ2022/01452

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Сүхбаатар аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, ажил гүйцэтгэх үеийн хоолны зардал 800,000 төгрөг, хоолны материалын үнэ 80,000 төгрөг, гэрийн түрээсийн төлбөр 200,000 төгрөг, Архангай аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, нийт 42,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч О.Б,

хариуцагч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б надад Г.Б нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймаг Өлзийт сум Өлзийт-Орхоны гүүр чиглэлд замын далангийн шороо зөөлгөхөөр гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээ байгуулсан. Би ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлснөөс 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг үлдсэн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Уулын талд байрлах Ерөөлтийн хүрэн нүүрсний уурхайгаас Бичигтийн боомт хүртэл 158 км авто замын шороог ачиж буулгах гэрээ хийсэн. Би гэрээний дагуу шороо ачиж буулгах ажлыг чанарын түвшинд хугацаанд нь хийж гүйцэтгэж байхад 27,000,000 төгрөг дутуу өгсөн. Г.Б удаа дараа миний ажлын хөлсийг өгөхгүй зугтааж байна. Иймд Г.Баас эхний ажлын үлдэгдэл болон 2019 оны ажлын үлдэгдэл 27,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Сүхбаатар аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөг, уг төлбөрийн алданги 13,500,000 төгрөг, ажил гүйцэтгэх үеийн хоолны зардал 800,000 төгрөг, хоолны материалын үнэ 80,000 төгрөг, гэрийн түрээсийн төлбөр 200,000 төгрөг, Архангай аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, нийт 42,580,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Би Г.Бтай 2018 оны 10 дугаар сард гэрээ хийсэн. 11 сарын мөнгө төгрөгийг надад өгсөн. 12 дугаар сарын гэрээний асуудал ярьж мөнгө нэхэмжилж байгаа. Сүхбаатар аймгийн замын ажлын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 11-12 дугаар сарын хугацааны хоёр машины 27,000,000 төгрөгийг надад өгөөгүй. 27,000,000 төгрөг дээр нэмээд алданги 13,500,000 төгрөг байгаа. Мөн Сүхбаатар аймгийн замын ажилтай холбоотой 10, 11 дүгээр сарын хоолны зардал, хоолны материалын үнэ, гэр түрээслэсэн мөнгө, Архангай аймгийн замын гэрээний үлдэгдэл 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Архангайн замын ажлаас 10,000,000 төгрөг үлдсэн, тухайн мөнгө нь ажлын гүйцэтгэлийн мөнгө биш, экскаватор хөлслөх гээд мөнгөгүй, ажлаа явуулах гээд чадахгүй байхдаа надаас зээлж авсан мөнгө. Зээлж авсан 10,000,000 төгрөгийг өгөхгүй байж байгаад сүүлд өгөөд 1,000,000 төгрөг үлдсэн. Би Г.Бд тус болоод машин олж өгсөн, экскаватор түрээслэх мөнгө байхгүй байхад нь өөрөөсөө мөнгө шилжүүлж өгч байхад хүн чанар муутай хандаж байна. Г.Бын гуйлтаар машинаа үлдээсэн, машинаа буцаагаад ирүүлж болох байсан. Г.Б хэлэхдээ н.Очирбат мөнгө өгөхгүй гээд байна, өмнөх сарын гүйцэтгэлийг өгөхгүй юм шиг байна, нэг машин чинь явсан юм чинь хоёр машинаа эндээ байлгаад ажлаа гүйцэтгээд мөнгөө ав гэж хэлсний дагуу хоёр машинаа орхисон. Мөн миний долоон сая төгрөгийн үнэтэй 25 тонны ёмкосыг Г.Б авч явсан, би ёмкосыг зарвал зарчих гэж байсан, н.Очирбат авах гээд байна гэхээр нь зарсан боловч мөнгө нь орж ирээгүй, үнэндээ мөнгийг нь Г.Баас нэхэмжлэх ёстой. Г.Б надад хэлэхдээ та надаас сүүлийн сарын гэрээний мөнгийг нэх, ёмкосны мөнгийг н.Очирбатаас нэх гэж хэлсэн. Миний хувьд хүн чанартай хандаж н.Очирбатаас ёмкосоо нэхье, Г.Баас зөвхөн гэрээний мөнгийг нэхье гэж байхад мөнгийг өгөөд дууссан гэж яриад байна. н.Очирбат надтай утсаар ярьсан, ажил дууссанаас хойш 2, 3 дугаар сард та нарт мөнгийг чинь өгөхөөр болсон. Г.Б өнөөдөр ажил дээр орж ирээд намайг зодох гэлээ, тийм учраас нэхэмжлээд байгаа мөнгийг Г.Бд өгөхгүй, О.Бд өөрт нь өгнө, ёмкосны жолооч нартай холбоо бариад өөрсдөд нь мөнгийг нь өгнө, та надаас мөнгөө нэхэмжлээд явуулчих гэж хэлсэн. Хариуцагч Ш.Б мөнгөө төлөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 42,580,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар аймгийн замын гэрээний үлдэгдэл 27,000,000 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, 2 сарын хоолны зардал 800,000 төгрөг, хоолны материалын үнэ 80,000 төгрөг, гэрийн түрээс 200,000 төгрөг, нийт 41,580,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан нь уг гэрээ нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд тус хугацааны хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг иргэн О.Бы Хаан банкны 5212071157 тоот дансанд 2019.10.04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019.10.08-ны өдөр 2,000,000 төгрөг урьдчилгаа хэлбэрээр, 2019.10.25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019.11.06-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019.11.14-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 40,000,000 төгрөг өгч тухайн ажилласан хугацааны төлбөр тооцоог барагдуулсан. Мөн тус хугацаанд манайх өөрийн кемпийг гаргаж ажилчин жолооч нарыг хооллож байсан. О.Б тусдаа хоолтой ирж байсан, манайд хамаагүй. Энэ асуудал гэрээнд хамаагүй, нэхэмжлэлд хамаагүй, би хүлээн зөвшөөрөхгүй. Архангай аймгийн замын гэрээний үлдэгдэл 1,000,000 төгрөг гэсэн нэхэмжлэл дээр О.Б бид нар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр түүний шүүхэд гаргасан 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүгчийн туслахын дэргэд харилцан ярилцаж тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулж хэн хэн нь гарын үсэг зурж гэрээг шүүхэд өгч шүүгчийн шийдвэрийг авч танилцан хуулийн хугацаанд ямар нэг санал гомдол гаргаагүй билээ. Уг эвлэрлээр 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 4,000,000 төгрөг болон алданги 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр буюу эвлэрлийн гэрээ байгуулсан өдөр хариуцагч миний бие нэхэмжлэгч О.Бтай шүүгчийн туслахын дэргэд ярилцан харилцан тохиролцож протокол хөтлүүлэн 5,000,000 төгрөг төлж, уг тооцоог дуусгавар болгож миний бие тэр дор нь уг мөнгийг нэхэмжлэгчид төлж дуусгавар болгосон. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн 170,000 төгрөг өгөөрэй гээд би мөнгийг өгөөд энэ асуудал дууссан. Гэхдээ эвлэрлийн гэрээг баталсан захирамж хүчингүй болсон. Нэхэмжлэлд дурдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд О.Б нь 2019 оны 01 дүгээр сарын дунд над руу ярьж Мөнххада ХХК-аас Ланд 200 маркийн машин лизингээр худалдаж авах гэсэн чинь урт хугацааны ажлын гэрээ хэрэг болоод байна хэмээн надаас гуйж уг гэрээг хийлгэж авсан бөгөөд ажилтай холбоогүй гэрээ юм. Тус гэрээг байгуулсан хугацаа болох 2018 оны 03 дугаар сарын 28-нд иргэн О.Б болон миний бие нэгнээ огт таньж мэддэггүй байсан бөгөөд тухайн үед ийм гэрээ хийгээгүй болно. Бид анх 2018 оны 08 сарын сүүлээр танилцаж байсан. О.Бы гаргасан нэхэмжлэл нь ямар нэг үндэслэл, ажлын гүйцэтгэлийн тооцоо, акт баримт байхгүй, мөн хүчин төгөлдөр бус гэрээ хасваргасан зэрэг үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байна. Миний бие иргэн О.Бд ямар нэг өр төлбөргүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 42,580,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны хоорондох түрээсийн гэрээний төлбөр, мөнгө нэхэж байгаа нь надтай хамаагүй, надтай гэрээ байхгүй, манай ажлыг хийгээгүй. Очирбат захиралтай Вэйлдед лайн компанийн ажил хийж түрээсээр ажилласан. Тэгэхээр энэ нь иргэн Г.Б надад хамаагүй болно. Мөн нэхэмжлэлд хавсаргасан гэрээ нь иргэн Г.Бд хамааралгүй, Мянган тэмүүлэл компанитай хийсэн гэрээ байгаа, тиймээс иргэн Г.Баас нэхэмжлэх шаардлагагүй гэж үзээд эвлэрэл хийсэн. Тэр нэхэмжлэлд хавсаргасан гэрээний төлбөр бүрэн хийгдсэн, төлбөр тооцоо байхгүй болно. Одоо нэхэмжлээд байгаа хугацаа буюу 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны хоорондох хугацааны сарын түрээсийн төлбөр гэж байхгүй. Энэ хүн н.Очирбат захиралтай Вэйлдед лайн компанид түрээсээр ажилласан. О.Б тэр хугацааныхаа мөнгийг авч чадаагүй, би ч авч чадаагүй, О.Б тусдаа ярьсан байсан. Экскаваторын 10 сая төгрөг зээлсэн гэж ярьж байна. Би маш олон техник ажиллуулж, том ажил хийсэн, ганцхан О.Б надад мөнгө зээлээд би мөнгөөр нь экскаватор ажиллуулсан зүйл байхгүй. Хэрэв тийм байсан юм бол О.Б дараа жил нь ажиллахгүй байх байсан. Зээлсэн 10 сая төгрөг үлдсэн гэж яриад байна, мэдээж хүн хамгийн түрүүнд зээлсэн мөнгөө өгнө, зээлсэн мөнгөө үлдээгээд хөлсөө авдаг хүн гэж байхгүй. Би эхлээд зээлсэн мөнгөө хүүтэй нь өгсөн, мөн ажлын хөлсийг нь тооцож өгөөд 10,000,000 төгрөг үлдээсэн ба би хувиасаа 6,000,000 төгрөг өгсөн, мөн 4,000,000 төгрөгийг алдангитай нь хамт 5,170,000 төгрөг өгсөн. О.Бы нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримт нь худал хуурмаг, зохимжгүй байна. Нотлох баримт, акт байхгүй байна, Сүхбаатар аймагт хэдэн мянган метр куб шороо зөөсөн болоод ийм мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Миний хувьд компанийн өмнөөс тайлбар хэлж байна, надаас нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1-2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх-4-5/, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-6-7/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-40, 41/, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-68, 69/,

Хариуцагч талаас: хариу тайлбар /хх-75-76/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-77-82/,

шүүхээс бүрдүүлсэн баримт: 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-19/, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-21-23/, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн уулзалтын тэмдэглэл /хх-30-33/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж /хх-34-36/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Г.Бд холбогдуулан Архангай аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, Сүхбаатар аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 8,500,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, мөн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлж хариуцагч Г.Баас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Сүхбаатар аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөг, уг төлбөрийн алданги 13,500,000 төгрөг, ажил гүйцэтгэх үеийн хоолны зардал 800,000 төгрөг, хоолны материалын үнэ 80,000 төгрөг, гэрийн түрээсийн төлбөр 200,000 төгрөг, Архангай аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, нийт 42,580,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт дор дурдсан гэрээнүүд нотлох баримтаар авагдсан. Үүнд:

- 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн нэг талаас захиалагч иргэн Г.Б, нөгөө талаас ажил гүйцэтгэгч иргэн О.Б нарын хооронд Архангай аймаг, Өлзийт сум, Өлзийт-Орхоны гүүр чиглэлийн 120 км авто замын далангийн ажилд 40-60 дахь хэсгийн замын далангийн шороо самсовалд ачих ажлыг гүйцэтгэхээр тохиролцож байгуулсан 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ,

- 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нэг талаас захиалагч Мянган тэмүүлэл ХХК, нөгөө талаас ажил гүйцэтгэгч иргэн О.Б нарын хооронд Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумын Уулын талд байрлах Ерөөлтийн хүрэн нүүрсний уурхайгаас Бичигтийн боомт хүртэлх 158 км авто замын ажлын 0 цэгээс 63 км хүртэлх хэсгийн далангийн ажлын шороог карьераас ачих, зөөж буулгах ажлыг гүйцэтгэхээр тохиролцож байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Мянган тэмүүлэл ХХК болон иргэн О.Б нарын хооронд байгуулсан Сүхбаатар аймагт хийгдсэн замын ажлынг гүйцэтгэх гэрээний үүргийг иргэний хувьд хариуцах үүрэг хүлээгээгүй, Архангай аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Архангай аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, Сүхбаатар аймагт хийгдсэн замын ажлын гэрээний үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумын Уулын талд байрлах Ерөөлтийн хүрэн нүүрсний уурхайгаас Бичигтийн боомт хүртэлх 158 км авто замын ажлын 0 цэгээс 63 км хүртэлх хэсгийн далангийн ажлын шороог карьераас ачих, зөөж буулгах ажлыг гүйцэтгэх гэрээний төлбөрт шаардсан 32,000,000 төгрөгийг гуравдагч этгээд буюу ерөнхий гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай буюу хариуцагч Г.Бд хамааралгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 32,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Ш.Б нь үлдэх 6,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон Эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Нэхэмжлэгч О.Б нь шүүгчийн захирамжид зохигчдын тохиролцоог буруу тусгасан гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс зохигчдыг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уулзалт зохион байгуулж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан эсэх асуудлыг тодруулсны үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 101/ШЗ2022/00337 дугаар шүүгчийн захирамжаар шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хүчингүй болгосон. Хариуцагч Г.Б нь шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 101/ШЗ2022/00337 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч О.Б нь Архангай аймаг, Өлзийт сум, Өлзийт-Орхоны гүүр чиглэлийн 120 км авто замын далангийн ажилд 40-60 дахь хэсгийн замын далангийн шороо самсовалд ачих ажлыг гүйцэтгэсэн, хариуцагч Г.Б нь хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт нийт 40,000,000 төгрөгийг төлсөн, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг нөгөө талаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь тус ажилтай холбоотой төлбөл зохих 4,000,000 төгрөг үлдсэнийг алданги 2,000,000 төгрөгийг хариуцагч төлөхөөс 5,000,000 төгрөгийг төлсөн тул үлдсэн 1,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

 

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн захиалагч Г.Б, ажил гүйцэтгэгч О.Б нарын хооронд Архангай аймагт авто замын далангийн шороо ачих ажлыг гүйцэтгэхээр тохиролцож байгуулсан 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэсэнтэй холбоотой төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөг байсан талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй 5,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу мөнгийг, улсын тэмдэгтийн хураамж 170,000 төгрөгийн хамт төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Хариуцагч Г.Б нь Хаан банкин дахь 5845584975 дугаартай данснаас 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн 5300507900 дугаарт данс руу 5,170,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлсэн болон шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээнд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол буруутай тал нь алданги торгууль төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 2,000,000 төгрөг алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь зохигчдын хооронд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг ажил гүйцэтгэхтэй холбоотой бус нэхэмжлэгчийн гуйлтын дагуу байгуулсан гэрээ тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар гаргаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Архангай аймагт авто замын далангийн шороо ачих ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч нь 5,170,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул үлдэх 830,000 төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч О.Б нь Сүхбаатар аймагт авто замын ажлын шороог карьераас ачих, зөөж буулгах ажлыг гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, ажил гүйцэтгэх үеийн хоолны зардал 800,000 төгрөг, хоолны материалын үнэ 80,000 төгрөг, гэрийн түрээсийн төлбөр 200,000 төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулахаар шаардсан.

 

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумын Уулын талд байрлах Ерөөлтийн хүрэн нүүрсний уурхайгаас Бичигтийн боомт хүртэлх 158 км авто замын ажлын 0 цэгээс 63 км хүртэлх хэсгийн далангийн ажлын шороог карьераас ачих, зууж буулгах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон Ажил гүйцэтгэх гэрээ нь захиалагч Мянган тэмүүлэл ХХК, ажил гүйцэтгэгч иргэн О.Б нарын хооронд байгуулагдсан, хариуцагч Г.Б нь тус гэрээний тал биш байх тул уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Г.Б нь Мянган тэмүүлэл ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ уг гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар иргэн Г.Быг татан дээр дурдсан гэрээний үүргийг шаардсан байх тул нэхэмжлэгч О.Бы Мянган тэмүүлэл ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагч иргэн Г.Баас гаргуулах үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Г.Баас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 830,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 24,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан, хариуцагч Г.Баас 830,000 /найман зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,750,000 /дөчин нэгэн сая долоон зуун тавин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 209,080 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч О.Бд буцаан олгож, хариуцагч Г.Баас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 24,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР