Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02722

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 13

101/ШШ2022/02722

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Г ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөрийн үлдэгдэл 7,858,070 төгрөг, алданги 3,929,035 төгрөг, нийт 11,787,105 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

хариуцагчийн төлөөлөгч Ч.Л,

хариуцагчийн өмгөөлөгч А.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г" ХХК нь манай компанитай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх   тоот гэрээ байгуулж эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч байсан. Уг гэрээний дараа 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хоёр талаас тооцоо нийлж акт үйлдэх үед 7,858,070 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гарсныг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэвч төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т "худалдан авагч тал худалдан авсан эм барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоног тутам тооцох"-оор харилцан тохиролцсон. Иймд хариуцагч Г ХХК нь төлбөр төлөх үүргээ 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 238 хоног хугацаа хэтрүүлсэн ба хоногт 39,290 төгрөгийн алданги тооцож нийт 9,351,020 төгрөг болсон бөгөөд үүнээс Иргэний хуульд заасны дагуу алдангийн үнийн дүнгийн 50 хувь буюу 3,929,035 төгрөгийн алданги төлхөөр байна. Иймд хариуцагч "Г ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд биелүүлээгүй үүрэг болох 7,858,070 төгрөг, алданги 3,929,035 төгрөг, нийт 11,787,105 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "Г ХХК нь үндсэн төлбөр 7,858,070 төгрөгийг төлсөн тул алданги 3,850,454 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д зааснаар сар бүрийн 25-30-ны өдрийн хооронд гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлөх үүргийг хүлээдэг, гэтэл хариуцагч хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,403,770 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан, нийт авлага, өглөг 12,858,070 төгрөг болсон, үүнээс хойш 5,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй удаасан учраас алданги тооцсон. Гэрээний 4.6-д зааснаар 30 хоногоос дээш хугацаа хэтэрсэн, тохиолдолд алданги тооцох, 5.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор заасан. Иймд гэрээнд заасан нөхцөлийн дагуу алданги гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч талаас хугацаа дууссан бараа нийлүүлсэн гэх тайлбарыг гаргаж байгаа ч манай талаас хугацаа дуусах дөхсөн бараа нийлүүлсэн, гэхдээ хугацаа дуусаагүй байхад авсан байдаг. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа тооцоо нийлсэн акт үйлдэх үед хариуцагч талаас барааны доголдлын талаар ямар нэгэн тайлбар бичээгүй, тооцооны үлдэгдэл нь 7,858,070 төгрөг буюу нэхэмжлэлийн үндсэн дүнгээр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хариуцагч тал тооцооны үлдэгдлийн баталгаанд бараа ийм доголдолтой гэдэг байдлаар ямар нэгэн тайлбар бичилгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Хугацаа дууссан асуудлаар бараа буцаах талаар албан ёсоор хандаж байсан баримт ирээгүй байна. Хугацаа дуусаагүй байхад нийлүүлэгдсэн учраас нэхэмжилсэн төлбөрийг хасах боломжгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар алдангийг шийдвэрлэж өгнө үү. Иймд хариуцагч Г ХХК-аас алданги 3,929,035 төгрөгийг гаргуулж Ази фарм ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн зүгээс төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүл мэндийн сайдын өр авлагын асуудалд харилцан бие биенээсээ алданги тооцохгүй гэсэн тушаал гарсан, манай компанид өгсөн, нэхэмжлэгч компанид ч албан бичиг өгсөн, тухайн албан бичгийг бид хараахан олж чадаагүй байна, энэ талаар нэхэмжлэгч компани мэдэж байгаа. Тухайн үед албан бичгээр харилцан бие биендээ мэдэгдсэн байдаг, өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дарханцэцэг өөрөө оролцож бүтээгдэхүүнээ буцааж аваач гэж хэлж, ярьсан, сүүлд төлбөрөө төлөөд өргөдөл бичиж өгсөн гэдгээ тодорхой тайлбарласан. Гэвч тухайн үед хэлж, ярьсан зүйлээ нотлох гэтэл сүүлийн 3 сарын хугацааны утсаар ярьсан мэдээлэл гарч ирдэг учраас тухайн Мобикомоос гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Алдангийг төлөхгүй гэсэн татгалзлаа дэмжиж байна. Гэрээний 3.7-д эд хөрөнгийн доголдолтой холбоотой хугацаа заах үүрэгтэй байсан, энэ үүргээ А ХХК биелүүлээгүй. тухайн цаг хугацаанд хэлсэн, гэтэл танайх бүтээгдэхүүн захисан гэж хэлээд буцааж өгөх боломж нөхцөл гаргаагүй. 2022 оны 05 дугаар сард төлбөрөө төлөөд өргөдөл өгөөд үүний дараа хариу ирснээс үзэхэд нэхэмжлэгч тал хүлээж авсан гэж үзэх үндэслэл байна. 2020 оноос хойш улс орон даяар ковидтой холбоотой онцгой нөхцөл байдал үргэлжилж байгаа, ялангуяа Г ХХК нь улаан бүсэд тусламжийн үйл ажиллагаа явуулсан учраас Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан учраас алданги тооцох үндэслэл байхгүй. Харин үндсэн төлбөр мөнгийг санхүүжилт орсны даруй бүрэн төлсөн, үүргээ биелүүлсэн. Иргэний хуулийн 253 дугаар зүйлд зааснаар худалдагч тал эд хөрөнгийн доголдлын талаар тухайн цаг үед мэдсэн бол өөр шаардлагатай бүтээгдэхүүнээр сольж өгөх үүрэгтэй, удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй, үүргээ биелүүлээгүй. Улаан бүсэд ажиллаж байсан учраас тэр болгон гараад явж чадаагүй. 900,000 орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл хэвээр байгаа, үүнийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, энэ талаар тусдаа нэхэмжлэл гаргах асуудал нээлттэй байгаа. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдалд хүү, алданги тооцож болохгүй, нөхцөл байдлыг ойлгож хараасай гэдэг үүднээс тушаал шийдвэр гаргасан, үүнийг заавал биелүүлэхгүй ч гэсэн эрүүл мэндийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг учраас үүнийг сахин биелүүлэх ёстой гэдэг үүднээс тайлбар гаргаж байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул алдангийг төлөхөөс татгалзаж байна гэв.

 

Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-5/, 2021.05.21-ний өдрийн УАТ/21/247 дугаартай Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа нийлүүлэх гэрээ /хх-6-9/, 2021.05.18-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-13/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-51/, 00СВ-033745 дугаартай зарлагын баримт /хх-62/, 00СВ-033684 дугаартай зарлагын баримт /хх-63/, 00СВ-036176 дугаартай нэхэмжлэх /хх-64/, 00СВ-035257 дугаартай нэхэмжлэх /хх-65/,

Хариуцагч талаас ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-24/, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /хх-25/, итгэмжлэл /хх-26/, 2022.04.05-ны өдрийн А/22/839 дугаартай албан бичиг /х-43/, хариу тайлбар, хүсэлт /хх-48/, итгэмжлэлээс татгалзах хүсэлт /хх-49/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-50/, 00СВ-039709 дугаартай зарлагын баримт /хх-66/, 00СВ-03*709 дугаартай нэхэмжлэх /хх-67/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөрийн үлдэгдэл 7,858,070 төгрөг, алданги 3,929,035 төгрөг, нийт 11,787,105 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл 7,858,070 төгрөгийг төлсөн учир алданги 3,929,035 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь төлбөл зохих төлбөрийг төлсөн тул алданги төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

А ХХК болон Г ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан УАТ/21/247 дугаартай Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээнд нийлүүлэгч А ХХК нь дараа төлбөрт нөхцөлөөр эм бараа нийлүүлэх, харилцагч Г ХХК нь эм барааг захиалж, хүлээн авах, худалдан авалтын төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах, төлбөрийг уг худалдан авалтын сард нь багтаан бүрэн төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-6-9/

 

Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт талуудын хооронд үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нотлох баримтаар авагдсан бөгөөд тус баримтад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн эм бараа болон төлсөн төлбөрийг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тулгаж, Г ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 7,858,070 төгрөг болохыг тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна. /хх-13/

 

Хариуцагч нь худалдан авсан эм барааны төлбөрийн үлдэгдэл 7,858,070 төгрөг байсан талаар маргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус төлбөрийг төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдэл төлөгдсөн болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч худалдан авсан барааны төлбөрийг төлөлгүй хугацаа хожимдуулсан үндэслэлээр төлбөрийн үлдэгдэл 7,858,070 төгрөгөөс алданги тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги 3,929,035 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээний 5.2-т харилцагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүргийг хүлээнэ гэж тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь алдангийг төлөхгүй гэх татгалзлын үндсэлэлээ цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн байгууллагууд өр авлагын асуудалд харилцан бие биенээсээ алданги тооцохгүй гэсэн эрүүл мэндийн сайдын тушаал гарсан тул үүнийг сахин биелүүлэх ёстой гэж тайлбарласан.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүдэд цар тахлаас сэргийлэх, тэмцэхтэй холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хилээр нэвтрүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийн хугацаа хэтрүүлсний торгуулиаас чөлөөлөх асуудлыг зохицуулсан бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хоорондын гэрээний алданги, торгуулиас чөлөөлөх асуудлын талаар тус хуулиар зохицуулаагүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн сайдаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хандан хоорондын үйл ажиллагаандаа алданги тооцохгүй байхыг уриалсан мэдэгдлийг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ХХК нь төлбөл зохих төлбөрийг төлсөн нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон гэрээний үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагчийн худалдан авсан барааны төлбөрийн үлдэгдэл 7,858,070 төгрөг байсан болох нь, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар төлбөр төлөгдөөгүй байсан болох нь тогтоогдож байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 3,929,035 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги 3,929,035 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч А ХХК нь ковидын эмчилгээнд шаардлагагүй, хугацаа нь дуусах дөхсөн 893,600 /423,200+470,000/ төгрөгийн үнэ бүхий сироп эм нийлүүлсэн, тухайн барааны хугацаа дууссан, нэхэмжлэгч нь доголдолтой барааг өөр шаардлагатай бүтээгдэхүүнээр сольж өгөх үүргээ биелүүлээгүй гэж гэрээний зүйлийн доголдолтой холбоотой тайлбар гаргаж, холбогдох баримтыг ирүүлсэн боловч уг асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 77,814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 3,929,035 /гурван сая есөн зуун хорин есөн мянга гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 77,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР