| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/02396/И |
| Дугаар | 101/ШШ2021/03928 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/03928
2021 11 30 101/ШШ2021/03928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох,
13,333,302 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Н.Б миний бие Д.Бтэй 2016 оны 7 сард танилцсан, түүнээс хойш хамтын амьдралтай байж ирж очдог байсан. Би тэр үед Дундговь аймгийн төвд Дундговь Ус ОНӨҮГ-т инженерээр ажилладаг, амралтын хугацаанд наашаа ирдэг, очдог байв. Д.Б нь Улаанбаатарт хувийн байгууллагад ажилладаг. 2016 оны 9, 10 дугаар сард надад хандан хэд хэдэн удаа би хувийн байгууллагад ажилладаг нийгмийн даатгал төлдөггүй, нийгмийн даатгал төлдөг байгууллагад ажиллаж байгаа юм чинь цалингийн зээл аваад өгөөч, зээлийн эргэн төлөлтийг нь сар бүрт нь асуудалгүй төлөөд явчихна гэж олон удаа гуйж нэхдэг байсан. Ингээд гуйгаад байхаар нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 25-ны өдөр Хас банкны салбараас 10,900,000 төгрөгийн цалингийн зээлийг авч Д.Бд 10,000,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 4,000,000 төгрөгийг 2016 оны 10 сарын 28-ны өдөр данс руу нь шилжүүлж, 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би өөрөө 900,000 төгрөгийг авч ойр зуурын хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. Д.Б нь зээл авснаас хойш 2016 оны 11 сараас 2017 оны 10 сарын хооронд 9 удаагийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Түүнээс хойш уг зээлийг огт төлөөгүй. Би Д.Бгийн зээлээ төлөхгүй болсон хугацаанаас зээлийн эргэн төлөлтийг хагас дутуу төлж яваад сүүлдээ тодорхой эрхэлсэн ажилгүйн улмаас төлөх чадваргүй болсон. Зээл, зээлийн хүүг нэхэмжилж Хас банк шүүхэд хандаж, 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 139/ШЗ2018/02457 дугаар шийдвэрээр надаас 9,893,855 төгрөгийг гаргуулан Хас банкны Дундговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Д.Б уулзахаар төлнө, данс хөдөлгөнө гэж явсаар өдийг хүргэлээ. Улмаар миний банкны данс хаагдаж картаар харилцах ямар ч боломжгүй болоод удаж байна. Банкнаас мөнгө зээлж аваад Д.Бд өгснийг хүү Б.Ганбат, Б.Баясгалан болон найз нөхөд бүгд мэдэж байгаа. Иймд Д.Бгээс 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би энэхүү мөнгийг банкнаас зээлж Д.Бд өгөөгүй байсан бол өдий хэмжээний мөнгөний өрөнд орохгүй байсан бөгөөд үндсэн мөнгөнөөс гадна зээлийн хүү, алдангид нилээдгүй мөнгө төлсөн, төлөхөөр болоод байна. Хас банкинд 2016 оны 10 сарын 25-наас 2017 оны 11 сарын 25-ны хооронд төлсөн зээлийн хүү 2,059,729 төгрөг, шүүхийн шийдвэрээр гаргуулсан мөнгөний хүү 1,273,573 төгрөг, нийт 3,333,302 төгрөгийг Д.Бгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс мөнгийг өглөг гэсэн утгаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Өглөг гэсэн утгаар шилжүүлчихээр буцааж өгөхгүй гэж ойлгож болохгүй. Нэхэмжлэгчийн Хас банкны зээлийн данс болох 5000140075 дугаар данс руу хариуцагчийн зүгээс мөнгө шилжүүлээд байгаа нь тухайн зээлээс тодорхой хэмжээний мөнгө авч хэрэглэсэн, талуудын хооронд ямар нэгэн харилцаа үүссэн байна гэдгийг нотолдог. Хавтаст хэргийн 39-63 дугаар талд хариуцагч талаас гаргаж өгсөн шилжүүлгийн баримтууд байгаа. Энэ баримтууд нь хавтаст хэргийн 81-99 дүгээр талд авагдсан Хаан банкны дансны хуулга, 101-103 дугаар талд авагдсан Хас банкны дансны хуулгатай давхцдаг. Тусдаа баримт мэтээр тайлбарлаад 7 сая төгрөг гэж яриад байна. Тухайн шилжүүлгийн баримтууд нь бүгд Хас банк, Хаан банкны дансны хуулгууд дотор орсон, давхардсан баримтууд байна. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны Хаан банк, Хас банкны дансны хуулгуудад үнэлэлт дүгнэлт өгөх нөхцөл байдалтай харагдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгад нэхэмжлэгч рүү хариуцагчаас гүйлгээнүүд орж ирсэн байдаг бөгөөд өдөр тутмын харилцааны шинжтэй буюу бэлэг, ном, баярлалаа гэсэн утга бүхий гүйлгээнүүд байдаг, нэхэмжлэгч мөн адил буцаагаад мөнгө шилжүүлсэн тохиолдлууд байсан. Хас банкны Дундговь аймаг дахь салбараас зээл авсан болохоос Хаан банкны салбараас зээл аваагүй. Зээлийн харилцаа зөвхөн Хас банкны дансанд орлогодож зээл татагддаг. Тийм учраас Хаан банкны дансны хуулгад зээл төлсөн гэх утга бүхий гүйлгээ байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хас банкны дансны хуулгаар тухайн данс руу Д.Б 22 удаагийн шилжүүлэг хийсэн байна. Хариуцагчийн нэр, утасны дугаар байгаа учраас бидний зүгээс тодорхой хэмжээний зээл төлсөн гэж үзэж байгаа. Хариуцагчийн 2016 оны 11 сараас 2018 оны 09 сарын хооронд шилжүүлсэн мөнгө нэхэмжлэгчийн цалингийн зээлэнд төлөгдсөн гэж харахаар байна. 2018 оны 09 сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр гарснаар зээлийн харилцаа үргэлжлэхгүй, зээлийн хүү зогсдог. Хариуцагчаас 1,622,962 төгрөг шилжүүлсэн, нэр, утасны дугаараа бичсэн байгаа учраас бид зээл төлсөн гэж харж байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн зээлийн дансанд мөнгө шилжүүлсэн гэж яриад байдаг. Тухайн дансанд мөнгө шилжүүлснээ тайлбарлахдаа CHO, 185 гэсэн утга бүхий шилжүүлгээр нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн гэж ярьдаг. Энэ талаар Хас банкнаас тодорхой хариу ирүүлсэн. Н.Бгийн Хас банкны данснаас автоматаар зээл татдаг, үүнийг Н.Б ч төлөөгүй, Д.Б ч төлөөгүй. CHO гэдэг нь төв салбар, 185 гэдэг нь моннис тооцооны төвөөс шилжүүлсэн утгатай гэсэн. Моннис тооцооны төвөөс хэн ч шилжүүлсэн байж болно. Д.Б эсхүл Н.Б шилжүүлсэн эсэх нь харагдахгүй учраас нэхэмжлэгчийн зээлийн дансанд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь зээлийн төлөлт хийгээд байгаа нь тодорхойгүй байгаа учраас уг баримтад үндэслэхэд эргэлзээтэй гэж үзэж байна. Гэрч Н.Улаанхүүхэн хариуцагч Д.Бтэй хамт эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан хүн бөгөөд Н.Б Д.Бд 10 сая төгрөгийн зээл авч өгөөд эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж хариуцагч ярьсан талаар дэлгэрэнгүй тайлбар мэдүүлэг өгсөн. Үүнээс харахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцан тохиролцсон ямар асуудал үүссэн, 10 сая төгрөгийн зээл авч өгөөд эмийн сангийн үйл ажиллагаа явуулахаар зарцуулсан гэдэг нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч зээлийн хугацаа хэтрүүлсний улмаас Хас банк шүүхэд хандаж шүүхээс шийдвэр гарч одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, Н.Б одоо болтол зээлийг төлж байгаа. Зээл төлж байсан хугацаанд үндсэн зээл 2,017,341 төгрөг, зээлийн хүү 2,059,729 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,518 төгрөг төлсөн. 2018 оны 07 сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн хүүнд 1,273,573 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд өгөхөөс өмнөх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нар хоёулаа зээл төлсөн гэж маргадаг. Зээлийн хүүнээс хэдэн төгрөгийг Н.Б төлсөн, хэдэн төгрөгийг Д.Б төлсөн гэдэг нь эргэлзээтэй, ойлгомжгүй асуудал гарч ирээд байсан учраас нэхэмжлэгч 3,333,302 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын 2,059,729 төгрөгөөс татгалзаж байгаа. Иймд хариуцагчаас нийт 11,273,573 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Н.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Н.Б нь Д.Бтэй гэр бүл болж хамтран амьдрахаар 2016 оны 7 сараас эхлэн Д.Бгийн гэрт ирж очин явдаг байсан бөгөөд хагас, бүтэн сайн өдөр буюу амралтын өдрөөрөө ирж байдаг байсан Д.Б Н.Бг ирэхэд нь хүний эхнэр хүн эр нөхөртөө тавьдаг бүхий л анхаарал халамжийг тавьж хоол цайг нь бэлдэж өгч, хиртэй хувцсыг нь хүртэл угааж өгөөд явуулдаг байсан. Н.Бгийн хувьд ганц бие эр хүн болохоор ая тухтай гэр оронд ирж эмэгтэй хүний хайр халамжинд байх нь таатай байсан байх. Тиймээс Н.Б цалингийн зээл аваад Д.Бгийн Хаан банкны 5450173580 тоот дансанд 2016 оны 10 сарын 28-ны өдөр өглөг нэрээр 4,000,000 төгрөг хийсэн байдаг. Хэдий өглөг гэж дансанд нь мөнгө хийсэн боловч Д.Бгийн хувьд Н.Бг цалингийн зээл авсан гэж бодон нэг гэр бүл болж байгаа учраас зээлээс нь төлөлт хийж байсан. Н.Бгийн нэхэмжлэлд дурдсан шиг зээл аваад өг гэж гуйж шахсан асуудал байхгүй. Д.Б нь тухайн үед буюу 2016 онд Гурван гал худалдааны төвд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулдаг, бусдаас эдийн засгийн хувьд хараат бус, хэн нэгнээс зээл мөнгө авах ямар ч шаардлагагүй байсан. Н.Б цалингийн зээл аваад Д.Бд 4,000,000 төгрөг л шилжүүлсэн, үлдсэн мөнгөө өөрөө захиран зарцуулсан байх, энэ талаарх нарийн тооцоог нь мэдэхгүй. Харин цалингийн зээлийн эргэн төлөлтийг нь Д.Б эхний саруудад байнга төлж байсан. Учир нь Д.Б Н.Бтэй хэдий нэг гэр бүл болж байгаа ч гэсэн эдийн засгийн хувьд бусдаас хараат бус байж өдий хүрсэн, амьдралаа бие даан авч явж сурсан хүний хувьд хүнээс зүгээр мөнгө авна гэдэг байж болшгүй гэж үзэн зээлээс нь төлөлцөж байсныг Н.Б ингэж ашиглан өөрийн ашигласан мөнгөө хүртэл төлүүлэхээр шүүхэд хандсан нь үнэхээр харамсалтай байна. Н.Б цалингийн зээл аваад Д.Бд 4 сая төгрөг өгсөн болохоос Д.Бд мөнгө өгөх гэж зээл аваагүй. Н.Б 2016 оны 10 сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг өглөг гэсэн утгаар, 2016 оны 10 сарын 28-ны өдөр 4 сая төгрөг өглөг гэсэн утгаар, 2016 оны 10 сарын 29-ний өдөр 800,000 төгрөгийг утасны дугаар бичиж шилжүүлсэн байдаг. Үүнээс харахад Н.Б, Д.Б нарын хооронд гэр бүлийн хүмүүсийн хоорондын өглөг, авлагын асуудал байгаа болох нь харагдаж байна, түүнээс бие биенийхээ өмнө зээл төлөх үүрэг хүлээгээгүй болох нь харагддаг. Харин Д.Бгийн хувьд гэр бүлийн хүмүүс нэгнийхээ авсан зээлийн асуудалд дэмжлэг үзүүлж байсан болох нь талуудын хооронд мөнгө өгч, авч байсан дансны хуулгаар тодорхойлогддог. Н.Б нь хамтын амьдралтай байх хугацаандаа Д.Бгээс сэтгэл санааны, эдийн засгийн олон дэмжлэг авч байсан атлаа банкны зээл болон өөр бусад байдлаар бусдад өглөг, авлагатай учраас Д.Бгээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж олон удаа оролдоод эцэст нь аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байгаа нь харамсалтай байна. Талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй нь Д.Бгийн дансанд 4 сая төгрөгийг шилжүүлэхдээ өглөг гэсэн утгаар шилжүүлсэн баримтаас харагддаг. 6 сая төгрөг бэлнээр өгсөн гэдэг нь худал болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогддог. Хэрэв Н.Б хэрэглүүлсэн мөнгөө эргүүлж авахаар хандсан гэж үзвэл өглөг нэрээр шилжүүлсэн 4,000,000 төгрөг, 100,000 төгрөг, 800,000 төгрөг, нийт 4,900,000 төгрөгийг Д.Б төлж барагдуулсан гэдэг нь өөрийн нэр, утасны дугаараар шилжүүлж байсан баримтаас харагдана. Д.Б Н.Бгийн зээлийн дансанд нь өөрийн нэрээр 2,074,400 төгрөг, Хас банкны төв салбар болон өөрт ойр байсан салбараас нэргүйгээр 1,706,171 төгрөг төлсөн баримт байдаг. Мөн Хас банкны харилцах дансанд нь 2,327,969 төгрөг, Хаан банкны дансанд нь 1,307,900 төгрөг, нийт 7,403,440 төгрөгийг Н.Бгийн дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулгаас тодорхой харагддаг. Гэтэл Н.Б өөрөө авч хэрэглэсэн, бусдад өгсөн, бусад байдлаар зарцуулсан мөнгөө Н.Бгээс шаардаж байгаа нь ёс зүйн хувьд болон хууль зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Д.Б өөрийн гэсэн тогтмол орлого, хөрөнгөгүй байсан учраас надаар зээл авахуулсан гэж яриад байна. Гэтэл Д.Б сар бүр тогтмол орлоготой байсан, хувиараа нийгмийн даатгал төлж байсан баримт болон Хаан банкны 5450175380 дугаар дансны хуулгаас тодорхой харагддаг. Мөн нэхэмжлэгч нь зээл аваад Д.Бд 4 сая төгрөгийг дансаар, 6 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэж байгаа боловч нэхэмжлэгчийн дансны хуулгаас харахад 10 сая төгрөгийн зээлээ Хас банкны данснаас зарлагаар авч Хаан банкны дансандаа хийж, уг мөнгөнөөсөө тодорхой хэмжээгээр зарлагдаж явсаар хариуцагчид мөнгө өгсөн гэх өдөр буюу 2016 оны 10 сарын 28-ны өдөр 5,484,451.01 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь Хаан банкны дансны хуулгаас харагддаг. Тийм учраас 6 сая төгрөг бэлнээр өгсөн гэдэг нь ор үндэсгүй худал. Н.Бгийн дансанд Д.Бгийн шилжүүлсэн мөнгө түүний өглөг гэсэн утгаар шилжүүлсэн 4,900,000 төгрөгөөс илүү байгаа нь бүх нотлох баримтаас харагдаж байна. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргана гэж байсан боловч Н.Бгийн хувьд өрөнд орсон асуудал байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргахаа болъё, би зөндөө мөнгө өгсөн, 6 сая төгрөг бэлнээр авсан зүйл огт байхгүй, яагаад худал яриад байгаа ойлгохгүй байна гэж хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас хэн нь хэдэн төгрөг авсан бэ гэдэг нь нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, Хас банкинд төлсөн зээлийн хүү 2,059,729 төгрөг, шүүхийн шийдвэрээр гаргуулсан мөнгөний хүү 1,273,573 төгрөг, нийт 13,333,302 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Хас банкинд төлсөн зээлийн хүү 2,059,729 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Бгийн бизнесийн үйл ажиллагаанд нь зориулж Хас банкнаас цалингийн зээл авч мөнгө зээлдүүлсэн тул зээл болон түүний хүүнд төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Н.Б нь Хас банктай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1190013590 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалж 10,900,000 төгрөгийг зээлсэн. /хх-15-18/
- Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2018/00639 дугаар шийдвэрээр Н.Бгээс зээлийн гэрээний үүрэгт 9,893,855.51 төгрөгийг гаргуулан Хас банкны Дундговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 139/ШЗ2018/02457 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. /хх-7-8, 4-6/
Нэхэмжлэгч нь банкнаас зээлсэн мөнгөнөөс хариуцагчид 4,900,000 төгрөгийг дансаар, 5,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбарыг гарган шаардсан бөгөөд хариуцагч нь дансаар 4,900,000 төгрөгийг шилжүүлэн авсаныг хүлээн зөвшөөрнө, харин бэлнээр 5,100,000 төгрөгийг аваагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Хаан банкин дахь Н.Бгийн 5450267726 дугаартай данснаас Д.Бгийн 5450175380 дугаартай данс руу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 800,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь өөрийн дансаар эдгээр мөнгийг авсан болон шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй. /хх-13-14/
Хариуцагч Д.Б нь өөрийн дансаар шилжүүлэн авсан дээр дурдсан мөнгийг хамтын амьдралтай байх хугацаанд хамтран амьдрагч Н.Бгээс өгсөн мөнгө, гэр бүлийн хүмүүсийн хоорондын өглөг, авлагын асуудал, мөнгийг нэхэмжлэгчтэй хамт амьдарч байх хугацаанд хамтын амьдралдаа зориулан хэрэглэсэн боловч авсан мөнгөнөөс илүү мөнгийг нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт төлсөн тул мөнгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргасан.
Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Д.Б нар 2016 оны 06 дугаар сараас 2018 оныг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байх бөгөөд тэд хамт амьдрах хугацаандаа мөнгө өгч, авах харилцаа байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Б хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлснээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбарт дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэвэл зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Зохигчид хамт амьдарч байх хугацаанд Н.Бгийн банкнаас авсан зээл 10,000,000 төгрөг, түүний эргэн төлөлтийг хийсэн мөнгөн шилжүүлгийн асуудлаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Д.Б нар гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдарч байсан нь тогтоогдож байх тул уг хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхгүй.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Н.Б 4,900,000 төгрөгийг буцаан авах нөхцөлгүйгээр түүний данс руу шилжүүлсэн гэх тайлбар гаргасан боловч хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч хариуцагчаас өгсөн мөнгөө буцаан шаардаж буй тохиолдолд нэхэмжлэгчийг хариуцагчид дээрх мөнгийг хариу төлбөргүй шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансаар 4,900,000 төгрөгийг шилжүүлснээс гадна 5,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, хариуцагчид бэлнээр 5,100,000 төгрөг өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийн дансанд өөрийн нэрээр 2,074,400 төгрөг, Хас банкны төв салбар болон өөрт ойр байсан салбараас нэргүйгээр 1,706,171 төгрөг, Хас банкны харилцах дансанд 2,327,969 төгрөг, Хаан банкны дансанд 1,307,900 төгрөг, нийт 7,403,440 төгрөгийг Н.Бгийн дансанд шилжүүлсэн гэх тайлбарыг гарган, өөрийн тайлбар, татгалзалтай холбогдуулан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлэн мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг түүний Хаан болон Хас банкин дахь данс руу мөнгөн шилжүүлэг хийж байсан талаар маргаагүй бөгөөд эдгээр мөнгөн шилжүүлгээс 1,622,969 төгрөгийг авсан зээлийн төлбөрт төлсөнийг хүлээн зөвшөөрнө, бусад мөнгөн шилжүүлгийн хувьд өдөр тутмын харилцааны шинжтэй гүйлгээнүүд тул зээлж авсан мөнгөний төлбөрт тооцох үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Зохигчдын данс хооронд шилжүүлсэн мөнгөнөөс амьжиргааны зардалд хэн нь хэдэн төгрөг зарцуулсан талаар зохигчдын хэн аль нь баримтаар нотлоогүй тул хамт амьдарч байх хугацааны зардлыг зохигчид тэнцүү хэмжээгээр зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй, хамтын амьдралтай байсан хугацаанд гарсан зардлыг тодорхой хуваарилах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Б нь өөрийн дансаар нэхэмжлэгчээс 4,900,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн дансаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгээс 1,622,969 төгрөгийг авсан зээлийн төлбөрт төлсөнийг хүлээн зөвшөөрч байх тул уг мөнгийг төлбөл зохих мөнгөн дүнгээс хасч тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Н.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу Хас банкинд төлсөн зээлийн хүү 1,273,573 төгрөгийг хариуцагч Д.Бгээс гаргуулахаар шаардсан бөгөөд түүний Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч хариуцан төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн хүүнд төлсөн гэх 1,273,573 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Бгээс 3,277,031 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,996,545 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгээс 3,277,031 /гурван сая хоёр зуун далан долоон мянга гучин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,996,545 /долоон сая есөн зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөг, 68,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 67,382.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
| 2021 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2021/03928 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: -, Н.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -, Д.Б-д холбогдох
10,000,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Б-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР