Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01466

 

 

 

 

 

 

 

 

2022 03 31 101/ШШ2022/01466

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 100,000 ам.доллар буюу 284,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж,

хариуцагч Ж.А,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө ХХК нь Ж.Атай ажил хэргийн холбоотой байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани. Энэ хүрээнд 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 100,000 ам.долларыг хүүгүй, дараа төлөх болзолтойгоор зээлдүүлсэн. Ж.Аийн Хаан банкин дахь  тоот дансанд 20,000 ам.долларыг,   тоот дансанд 80,000 ам.долларыг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ө ХХК-ийн данснаас шилжүүлэн олгосон. Мөнгө шилжсэнээр зээлийн гэрээ байгуулагдаж буцаан төлөх үүрэг хүлээсэн. 2011, 2012 онд хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирсэн, Ө ХХК-ийн хувьд тодорхой хэмжээний эдийн засгийн чадамжтай байсан. Зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгө хүлээж авсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан, мөн хариуцагчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрсөн. Хөрөнгө оруулагчид БНХАУ руу буцах, дараа нь ковид гарсан нөхцөл байдлын улмаас энэ зээлийг шаардаагүй байсан. Тус компанийн гүйцэтгэх захирал М.Түвшинбаяр 2020 онд томилогдож компанийн төлбөр тооцоотой холбоотой асуудлуудыг гаргаж ирээд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр   утсаар мэдэгдэж, 100,000 ам.долларыг төлөхийг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн. Ө ХХК-ийн удирдлагатай уулзаж зээлийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн боловч ирээгүй. 100,000 ам.долларыг шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзнэ. Уг мөнгийг буцааж авах шаардлагатай болсон талаар хэлж, буцааж өгөхийг шаардсан боловч татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасны дагуу зээлийг гаргуулахаар шаардаж байгаа. Талуудын хооронд яг тэдэнд буцааж өгнө гэсэн тодорхой хугацаа тохироогүй, 2021 онд шаардахад өгөөгүй учраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбарт ажил гүйцэтгэж өгсөн гэдэг. Ажил гүйцэтгэсэн шүүхийн маргаантай холбоотой асуудал, тус компанийг төлөөлж тодорхой өмгөөлөгч нартай харилцаж байсан бусад ажил хэргийн харилцаа байсан, үүнтэй холбоотой төлбөр тооцоог нь тухай бүрт нь өгөөд явсан. Тухайлбал 2012 онд шүүхийн маргаан байсан тухай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг гаргаж өгсөн байсан. Тухайн цаг хугацаатай давхцаж байгаа буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 309,300 ам долларыг шилжүүлж авч байсан, мөн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 ам доллар шилжүүлж авч байсан. Тийм учраас хууль зүйн туслалцаа үзүүлэх болон бусад төлбөр тооцоотой холбоотой асуудал аль хэдийн шийдвэрлэгдсэн. Ж.А 100,000 ам долларыг шилжүүлж авсан, баталгаажуулж гэрээ байгуулагдсан. Тийм учраас зээлийн гэрээ байгуулагдсан тухайд маргаан байхгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч компаниас өмнө нь шаардаж байгаагүй, 2021 онд шаардсан. Талууд хугацаа тогтоогоогүй учраас шаардсанаас хойш хугацаа тоолж эхэлнэ. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, хүний мөнгийг авчихаад хугацаа өнгөрсөн учраас өгөхгүй гэж байна, гэхдээ төлөх үүрэг нь зээлдэгч буюу хариуцагчид байгаа. Иргэний хуулийн 283.1-т зээлийн гэрээгээр зээл буцааж төлөх үүргийг тогтоогоогүй бол ийнхүү шаардсанаас хойш төлөх тухай нарийвчлан зохицуулсан. Нэгэнт авсан бол зээлийг төлөх нь зээлдэгчийн үүрэг, шаардаагүй учраас төлөхгүй гэдэг зүйл байж болохгүй. Хариу тайлбарыг нь харахаар хугацаа өнгөрсөн учраас төлөхгүй, ажил хийсэн гэж байгаа боловч холбогдох баримтыг нь гаргаж өгсөн, ажил хийсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Хариуцагч мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ж.Ааас 100,000 ам доллар буюу 284,000,850 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.А миний бие Ө ХХК-ийн захиралтай БНХАУ-д явж байгаад танилцаж байсан. Би тухайн үед Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх байсан, Ө ХХК-ийн зүгээс надтай уулзаад Монгол улсад барилгын том том төслүүд хэрэгжиж байгаа, боломж юу байна гэдгийг судалж үзэх гэсэн юм гээд санал тавьсан. Би Монгол улсад буцаж ирээд нэхэмжлэгч талын тавьсан хүсэлтийн дагуу сайдад танилцуулаад цаг аваад албан ёсоор Монголд анх ирж уулзалт хийсэн. Уулзалтын дараа намайг орон тооны бус зөвлөх юм чинь чи манай компанид ажилла гэж санал тавьсан. Тэр үед надад Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт томилогдох юм уу, эсхүл Зам тээврийн яаманд төлөөлөгчөөр явах юм уу гэсэн санал тавигдсан байсан. Лонсин монголиа ХХК-ийн захирал Ли Ли надад бид бүх амьдралыг чинь шийдээд явъя гэдэг санал тавьсны дагуу би бодож үзсэн. Би олон улсын харилцааны мэргэжилтэй, олон хүн таньдаг, танил тал ихтэй, Ли ли захирал том том зүйл ярьчихаад, худал яриад явчихсан. Тийм учраас би баталгаа болгох үүднээс 100,000 ам долларыг надад урьдчилаад өгөөч гэсэн санал тавьсаны дагуу Ө ХХК миний дансанд 20,000 ам доллар, 80,000 ам доллар хийсэн, дараа нь надтай зээл гэж нөхөж гэрээ байгуулсан. Зээл гэж гэрээ хийе, дараа нь ажлын чинь хэрэгжилтээс шалтгаалъя гэж хэлэхэд нь би тухайн үед за гээд хүлээн зөвшөөрсөн. Ө ХХК-д ажилд орсоны дараа тус компани нь Хятад улсын Икс диф ХХК-тэй 16 сая юанаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн, 3 сая юаны урьдчилгаа төлсөн байсан, гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирж лацдаад, хүмүүс ирээд төлбөр мөнгө нэхэхэд асуудалтай газар гэдгийг ойлгосон. Надад энэ асуудлыг шийдвэрлээд өгөөч гээд хүсэлт тавьсан. Икс диф ХХК-аас ч гэсэн надад бичиг баримт янзлаад өгөөч гээд хүсэлт тавьсан. 16 сая юаны гэрээ байгуулсан. 3 сая юань нь бичиг баримтын зардал гэж бичигдсэн байгаа. Одоогийн ханшаар 3 сая юань 1 тэрбум төгрөг байгаа. Хоёр талаас хүсэлт тавьсны дагуу би энэ ажиллагааг нэлээн удаан хугацаанд хийгээд Монгол улс дахь төлбөр авагч нарын төлбөрийг төлөхөд хууль зүйн туслалцаа авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгээд дуусгасан, зардал нь 7 сая орчим юань болсон. Ийм байдлаар Икс диф ХХК-д нийт 10 сая юань өгсөн, тухайн компанид дахиад 3 сая юань төлөх ёстой, одоо болтол өгөөгүй гэж сонссон. Бичиг баримтын 3 сая юанаас надад ямар зардал өгөх вэ гэхэд өмнө нь өгсөн 100,000 долларыг суутгая гэсэн. Би өөр ямар ч мөнгө аваагүй. Би 2012 оноос эхлээд Хүнс хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажилд орсон. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс нэг ч удаа надаас мөнгө нэхэж байгаагүй, учир нь тохироод дууссан асуудал байсан. Шүүхэд өгөхөөсөө өмнө над руу залгаад 100,000 ам доллар нэхсэн, би энэ мөнгөнд ажил хийсэн гэхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ө ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 100,000 ам доллар буюу 284,850,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ө ХХК 100,000 ам.долларыг эргэн төлөх болзолтой зээлээгүй бөгөөд ажил гүйцэтгэсний хөлсөнд дээрх төлбөрийг авсан. Ө ХХК надаас энэ 10 жилийн хугацаанд нэг ч удаа төлөхийг шаардаж байгаагүй, гэтэл 10 жилийн дараа зээл олгосон гэж зээлийн төлбөрийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нь хүчинтэй юу гэдэг асуудлыг зайлшгүй авч үзэх ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон хуулийн зохицуулалтын ач холбогдол нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох цаг хугацааны хувьд нотлох баримтаа талуудаас гаргах боломжтой байдлыг харгалзан үзэх хөөн хэлэлцэх хугацааг тогтоож байгаа, мөн гэрээний оролцогч талуудын идэвхтэй байдлыг нэмэгдүүлэхээр хөөн хэлэлцэх хугацааг хуулиар тогтоодог. Нэхэмжлэгч талаас бид тухайн үедээ чадвартай байсан, гэтэл ковид гараад санхүүгийн чадваргүй байсан, компанийн удирдлага солигдоод баримтуудаа үзсэн чинь ийм баримт гараад ирлээ гэж хэлж байна. Гэнэт баримт гараад ирэхээр нь 10 жилийн дараа хугацаа тодорхой заагаагүй байна, үүнийг шаардах эрхтэй юм байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь шүүхэд хандаж шаардах хэрэгжүүлэх хугацаагаа алдсан байна гэдгийг харуулаад байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байгаа тул хуулийн дагуу надаас мөнгө нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар хэдийд ч шаардах эрхтэй гэж тайлбарлаж 10 жилийн дараа гэнэт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Шаардах хугацааг хэзээнээс тоолоод хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бэ гэвэл хугацаа тогтоогоогүй учраас шаардах эрх гэрээ байгуулсан өдөр үүсэж байна. 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөнгийг шилжүүлсэн, энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцох юм бол зээлийн хугацаа дуусаад 1 сарын хугацаанд шаардах хугацааг тооцоод 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 2848.5 төгрөгөөр тооцсон байна, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ам долларын ханш 1,256.72 төгрөг байсан. 10 жилийн хугацаанд мэдээж мөнгөний ханш өссөн, одоо бараг 3 дахин их болсон мөнгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-5/, бэлэн мөнгө зээлдүүлсэн гэрээ /хх-6/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-7/, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-8/, Хаан банкны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

Хариуцагч талаас: Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-19/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-20/, хариу тайлбар /хх-36/, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-50/, Тэгш уян ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/36 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан албан бичиг /хх-51/, Тэгш уян ХХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан албан бичиг /хх-52/, Лонсин монголиа ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх- 53-54/, Ө ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-55-56/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Ж.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000 ам.доллар буюу 284,850,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ажил гүйцэтгэх баталгаа болгох үүднээс 100,000 ам долларыг урьдчилаад өгөөч гэсэн санал тавьсаны дагуу Ө ХХК-аас мөнгө шилжүүлсэн бөгөөд компаниас зээл гэж гэрээ хийе, дараа нь ажлын хэрэгжилтээс шалтгаалъя гэж хэлэхэд нь зөвшөөрч гэрээ байгуулсан, сүүлд ажил гүйцэтгэхтэй холбоотой зардлын бичиг баримтын гурван сая юанийг суутган тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ө ХХК нь Хаан банкны   дугаартай ам.долларын данснаас 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ж.Аийн Хаан банкин дахь   дугаартай дансанд 20,000 ам.доллар,   тугаартай дансанд 80,000 ам.долларыг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч Ө ХХК-ийн захирал болон хариуцагч Ж.А нар нь дээр дурдсан 100,000 ам.долларыг шилжүүлсний дараа Бэлэн мөнгө зээлдүүлсэн гэрээ гэх баримтыг үйлдэн гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ж.А нь нэхэмжлэгчээс 100,000 ам.долларыг дансаар шилжүүлэн авсан, мөн энэ асуудлаар баримт үйлдсэн талаар маргаагүй боловч уг мөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй аваагүй, буцаан төлөх үүрэг хүлээгээгүй, ажлын хөлсөнд авсан мөнгө гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Ж.А нь нэхэмжлэгч Ө ХХК болон тус компанийн бизнесийн түншүүдтэй ажил хэргийн холбоотой байсан, тодорхой ажил гүйцэтгүүлэхээр хариуцагчийн данс руу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 100,000 ам.доллараас гадна мөнгө шилжүүлж байсан, тухайлбал 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20,000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 309,300 ам.доллар тус тус шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагчийн ажил гүйцэтгэхээр 100,000 ам.долларыг шилжүүлж авсан, түүний дараа ажил гүйцэтгэхтэй холбоотой зардлаас суутган тооцохоор тохиролцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч нь нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд зохигчдын хооронд ажил хэргийн харилцаа байсан, ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэхтэй холбоотой мөнгө шилжүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ө ХХК-ийн шилжүүлсэн 100,000 ам.долларыг хариуцагч Ж.А хүлээн авсан нь тогтоогдож байх боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болж хэлцэл хийгддэг ба хариуцагч Ж.А нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг дараа төлөх нөхцөлтэй буцаан өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагчийн өмчлөлд 100,000 ам.долларыг хариу төлбөргүй шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Ж.Ааас шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй, хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар заасан ба 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид мөнгө шилжүүлсэн тул тухайн хугацаанаас тооцоход хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 100,000 ам.долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Ат холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100,000 ам.доллар буюу 284,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,582,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Ат холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100,000 ам.доллар буюу 284,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,582,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР