| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1802000950058 |
| Дугаар | 2021/ДШМ/320 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/320
М.Т, М.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Очбадрах,
шүүгдэгч М.Т /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, Б.Балжидмаа,
шүүгдэгч М.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Б.Мэргэн,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/2079 дугаартай шийтгэх тогтоолыг прокурор М.Очбадрахын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Мэргэн, Д.Цэрэнханд, шүүгдэгч М.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн 1802 00095 0058 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д овгийн М-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа “V ...” онлайн дэлгүүр ажиллуулдаг, мөн Бүгд найрамдах Хятад ард улс руу оюутан зуучилдаг байсан гэх, ам бүл 2, охины хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./;
2. Б овгийн М-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;
М.Т нь 2018 оны 03 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хууль бусаар биедээ хадгалсан, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт,
мөн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,
мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ........ дүүргийн 14 дүгээр хороо, ........... хотхоны .. дугаар байрны .. тоотод оршин суух өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай 49 граммын жинтэй 0,4079 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
М.Б нь ..........дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 17-ны орой Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: М.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас М-н Т-н 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Д овогт М-г Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон бараа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг, мөн М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б овогт М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 01 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Т-д 3 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг, М.Б-д 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Т-н цагдан хоригдсон 211 хоног, М.Б-н цагдан хоригдсон 181 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 23-19 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураагдсан “№6” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл, “№ 22” гэж дугаарласан 2 ширхэг хагархай тарианы усны шил, /1 дэхийг №22-1 гэж, 2 дахийг №22-2 гэж дугаарласан/, “№7", “№7-1 “гэж дугаарласан хөвөн бамбар 2 ширхэг, шар өнгийн эвдэрхий асаагуур 1 ширхэг, 1 ширхэг “№7-2” гэж дугаарласан шаргал өнгийн эвдэрхий асаагуур 1 ширхэг, “№ 7-3” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, “№ 7-4” гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, М.Т-н биед үзлэг хийж хураагдсан “№ 79” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгах, 1 ширхэг СD болон М.Т-н гэх үсийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, “№3” дугаарласан саарал өнгийн гар жин, “№2” гэж дугаарласан мөнгөлөг өнгийн уутанд хийсэн “ОС” гэсэн бичиглэл бүхий гар жинг тус улсын орлого болгох, М.Б-н биед үзлэг хийж хураагдсан “№17” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 6.5 грамм жинтэй шинжилгээнд дээж явуулсны дараа 6.4 грамм болсон “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “№ 24” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 7.2 грамм жинтэй шинжилгээнд дээж явуулсны дараа 7.1 грамм болсон “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Б.Б нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, М.Т, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2079 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлтээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт болгон, гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчилсан.
Түүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон зохицуулалт биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул М.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Т-г хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэргийг ямар үндэслэлээр хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн болох нь тодорхойгүй, ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны
12 дугаар сарын 18-ны өдрийн 2079 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй
болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Шүүгдэгч М.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие амьдралын явцад наймаа эрхлэн даарч, хүнд юм зөөж байснаас бөөрний эмгэг, хууч өвчтэй болж, нөхөртэйгөө бага зэрэг зөрчилдөөн үүссэнийг асар хүндээр хүлээн авч өвдөлт, гомдлоо тайлах хэрэгсэл болгон найз нөхдийн зөвлөснөөр “мөс” гэх зүйлийг хэрэглэж үзсэн. Энэ нь багш, сурган хүмүүжүүлэгч миний ёс зүйд нийцэхгүйг ухамсарлан дахин огт хэрэглээгүй. Холбогдсон хэрэгтээ туйлын их гэмшиж байна.
Нийслэлийн прокурорын газраас надад оноосон зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж, тулгаж байгаа нь бодит бус шийдвэр юм. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, хамт үгсэн тохирч, үйлдсэн хэргээ санаатайгаар над руу гүтгэсэн, худал мэдүүлсэн байгаа нь илэрхий байтал энэ мэдүүлгүүдээр нотлох баримт болгож, ял тулгах нь зохисгүй юм.
Би энэ үед М.Б, Бб нартай уулзсан нь үнэн, хамт татаж хэрэглэсэн бодит байдлаа тогтвортой мэдүүлсээр байтал мөрдөгч, прокурор хэт нэг талыг барьсан зүйлчлэл тулгасан.
Гэрч Б мэдүүлэхдээ “... 2018 оны 3 дугаар сарын 14-нд Бб надад хандаж, найз М.Б Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас сэлбэг оруулах гэсэн юм, мөнгө зээлээс” гэсэн мэдүүлгээр М.Б, Бб нар үгсэн тохирч, өөрсдийн хэрэглэх “мөс” гэх зүйлээ авахаар “сэлбэгэнд явна” гэж зохиомол зүйл бий болгож мөнгөний хэрэгцээ хангасан байгаа нь нотлогдож байна. Гэтэл гэрч Бб-н “2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М.Б над руу залгаж хоёулаа ойрхон явж хүн тосоод ирье” гэсэн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэйгээс гадна 3 дугаар сарын 14-ний өдөр дүү Бц-с мөнгө авахдаа М.Б сэлбэгэнд явна гэж мэдсэн хирнээ 3 дугаар сарын 17-ны өдөр М.Б залгаж “хамт явъя” гэсэн гэх мэт санаатайгаар зохиомол гүтгэлэг бүхий мэдүүлэг өгсөн байна. Гэрч Бц нь “2018 оны 3 дугаар сарын 14-нд Бб ах М.Б-тай ханиндаа Эрээн яваад ирье гэсэн” гэх мэдүүлгээр М.Б, Бб нар эртнээс төлөвлөж, үйлдсэн хэрэгтээ намайг ашиглахаар санаатай замд уулзаж “мөс” татуулсан. Гэрч Бб мэдүүлэхдээ “2 ширхэг тарианы ус ашиглаж байснаа, байгаагүй, байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн нь өөрсдөө хэрэглэж байсан нь нотлогдсоор байтал нотолж өгөөгүйд гомдолтой байна. Мөн М.Б мэдүүлэхдээ “Машинаас хурааж авсан 2 ширхэг тарианы усны шил миний машинд байсан” гэсэн мөртлөө “М.Т-г Чойр дээрээс машиндаа суулгахдаа М.Т тарианы усны шилтэй мөс гаргаж ирээд хэрэглэсэн” гэж байхад, гэрч Бб “Багахангай дээр шилтэй, гуурстай юм өгч соруулсан” гэж олон янзаар мэдүүлсээр байтал, бас өөрсдөө хэрэглэж байсан нь нотлогдсоор байтал нотолж өгөөгүйд гомдолтой байна. Мөн М.Б, Бб нар нь нисэх гэж тийз захиалж, над руу 3 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн мөнгөн баримт зэрэг нь өөрсдийн хэрэглэх “мөс” гэх зүйлээ авахаар мөнгөний хэрэгцээгээ хангасан болох нь нотлогдож байна. М.Б мэдүүлэхдээ “Энхмаагаас авсан, миний халаасанд хийсэн байх, М.Т надад мөс өгөөгүй” гэх мэт олон янзаар мэдүүлэг өгсөөр ирсэн. Энэ хэрэгт нотлох баримт болж байгаа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дүгнэлт дээр намайг мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай шинж тэмдэг үгүй байна гэж дүгнэсэн нь намайг донтоогүйг илэрхийлжээ. Дараагийн нотлох баримт гэгдэх миний хилээр орж гарсан лавлагаа нь хилийн шалгах нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлож байгаа гэх нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний биед хийсэн үзлэгээр надаас “мөс” гэх бодис гараагүй байтал биедээ хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шийдвэрлэсэн атлаа бодисыг хэрхэн хилээр нэвтрүүлсэн талаар огт дүгнээгүй нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймээс шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдаалах зорилготойгоор тээвэрлэсэн, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр нэвтрүүлсэн гэх зүйлчлэлүүдэд хяналт хийж, бодит үнэнийг тогтоож өгч туслана уу. Тухайн хэргийн үед хэрэглэсэн байсанд минь тохирсон шийтгэл оноож өгнө үү. Маш их ойлгож, ухамсарлалаа, цаашид хуулийг дээдэлж, ажиллаж, амьдрах болно.
Миний нөхөр хорт хавдрын хагалгаанд орж Бүгд Найрамдах Солонгос Улсад ходоодоо 100 хувь тайруулах хагалгаанд орж, өсвөр насны ганц охиноо харж хандах хүнгүй үлдээгээд сэтгэл зүйн асар хүнд байдалд бөөрний хууч өвчин сэдэрч хүнд байдалтай байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/2079 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, намайг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргаж байна.
Миний бие өөрийн санамсаргүй, болгоомжгүйгээс машин жолоодож явахдаа хажуу талаас өгсөн зүйлийг сорж, мөс гэх бодисыг хэрэглэж үзсэндээ маш их гэмшиж, өөрийн бурууг ухамсарлаж байна. Хэрэгт холбогдох өдөр би өөрийн машинаар хүн дагаж явсан нь үнэн. Би Чойроос Баянзүрх дүүргийн товчоо хүртэл орон нутгийн замд машин барьж явсан бөгөөд Баянзүрх дүүргийн товчоон дээр саатуулагдахад миний өмсөж явсан цамцны /гадна/ халааснаас мөс гэх бодис хураагдсан нь хэрхэн яаж миний халаас руу орсныг мэддэггүй. Надад ямар нэгэн хар тамхи, мөс гэх зүйл огт байгаагүй. Анхнаасаа надад байгаагүй мөс гэх зүйлийг би худалдаж, борлуулах, авах үйлдэл хийгээгүй, хийж үзээгүй. Мөн миний халаас руу хэрхэн яаж орсныг хэлэх, тайлбарлах бүү хэл машин жолоодохдоо төвлөрч явсаар товчоон дээр хар хувцастай хуулийн байгууллагынхны ажиллагаанд цочролд орсон байсан тул анхнаасаа надад байгаагүй энэ зүйл яагаад миний халааснаас гарсан, хурааж авсан жижиг гялгар түгжээтэй ууттай зүйл мөс гэдгийг ч тухайн үед мэдээгүй. Нэгэнт миний халааснаас мөс гарсан нь намайг хуулиар хориотой бодис олж авч, хадгалсан гэж гэм буруутайд тооцож байгааг ухамсарлан гэмшиж байна. Гэвч ямар үндэслэлээр мөс худалдан борлуулах зорилготой байсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилснийг ойлгохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгөхийг хүсэж байна.
Миний бие өөрийн санамсар, болгоомжгүйгээс энэ хүнд хэрэгт холбогдсон бурууг ухамсарлаж, ихээр гэмшиж байна.
Миний бие чихрийн шижин өвчний хүндрэлээс нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний хэм алдалт, цөсний чулуут үрэвсэл, ходоодны олон байрлалт шарх өвчнүүдийн хавсарсан оноштой тул нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад тогтмол байдаг. 2020 оны 8 дугаар сарын 12-нд Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн тогтоолоор анх ял шийтгүүлснээс хойш 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байхад өвчний дэглэмүүд алдагдсанаас, мөн сэтгэл санааны тогтворгүй байдал, хямарснаас болж эрүүл мэндийн байдал огцом муудаж, удаа дараа хорих ангийн эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн ч биеийн байдал сайжрахгүй байна.
Миний бие 1-3 насны хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлийн хүн маань төрийн албанд ажилладаг бөгөөд цар тахлын онцгой байдлын үед 24 цагийн бэлэн байдалд дайчлагдан ажиллаж байгаагаас хоёр хүүхэд маань харгалзах хүнгүй хүнд байдалтай байна.
Би урьд ял шийтгэл эдэлж, гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хүнд итгэж, өөрийн болгоомжгүй, сонор сэрэмжгүйгээр хүнд тусалж явна гэж андуурч орон нутаг руу машинтайгаа явахдаа мөс гэх бодисыг хэрэглэж, энэ гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж, буруугаа ухамсарлаж байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн миний ухамсарлан гэмшиж, гарцаагүй байдалд байгаа ар гэр, 2 нялх хүүхэд, архаг өвчний хүндрэлээс шалтгаалж байгаа эрүүл мэндийн бодит байдлыг харгалзан үзэж надад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Б.Мэргэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 12-17 дахь талд “Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар” гэх хэсэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүнийг олж авах, хадгалах, тээвэрлэх гэдэгт ямар үйлдэл хамаарах болон эдгээрийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсдөг болохыг тайлбарлаад “Шүүгдэгч М.Т, М.Б нарын тээврийн хэрэгсэлд мөс гэх нэршилтэй бодис илэрсэн байх ба мөн шинжээчийн дүгнэлтээр М.Т, М.Б нар хэрэглэсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна” гээд бичмэл нотлох баримтуудыг дурдсаны эцэст 14 дэх талд “Иймд Б-г мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Тодруулбал, ямар нөхцөлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “худалдаалах зорилготой” байсан гэж үздэгийг тайлбарлаагүй, М.Б нь тээврийн хэрэгсэлдээ мөс гэх бодисыг авч явсан, хэрэглэсэн гэдэг нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэснээс биш “худалдаалах зорилготой” байсан гэдгийг нотлохыг зориогүй, тийм баримт ч дурдаагүй атлаа дүгнэлтдээ “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэж бичсэн байгаа нь хоорондоо уялдаа холбоогүй байх бөгөөд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” хамаардаг. Мөн тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхэд заавал худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан эсэхийг тогтоох шаардлагатай. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, яллагдагчаар татсан прокурорын тогтоолд худалдаалах зорилготой байсныг нотлох баримт байгаагүй. Түүнээс хойш хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн дараах 6 удаагийн саналд худалдаалах зорилгыг тогтоосон баримт байхгүй. Мөн худалдаалах зорилготой байсныг тогтоох шаардлагатай байсан тул прокуророос нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай дараах 5 удаагийн тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн шүүхэд шилжүүлэх саналыг хүлээж авахгүй гээд 5 удаа буцаасан байдаг. Мөн прокурор “Мөрдөгч нь прокурорын даалгавруудыг биелүүлээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн шалгалгүй зөвхөн хэргийг шүүхэд шилжүүлсэн тоон үзүүлэлтдээ анхаарч илтэд дутуу шалгаж, үндэслэлгүй санал гарган хэргийг шийдвэрлэх тал дээр санаачлагагүй хандаж байна” гэсэн үндэслэлээр мөрдөгчийг татгалзан гаргаж, хэргийг өөр мөрдөгчид шилжүүлэх тогтоол гаргасан боловч шинээр томилогдсон мөрдөгч мөн л худалдаалах зорилготой байсныг тогтоогоогүй. Улмаар прокурор 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болон 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр прокурор хоёр удаа яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэдгээрт мөн л худалдаалах зорилготой байсан тухай баримт байдаггүй. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор нь цагаатгах нөхцөл байдлыг ч эргэлзээгүй тогтоох үүрэгтэй учир М.Б-н өмгөөлөгчид худалдаалах зорилготой байгаагүй гэдгийг тогтоолгохоор нийт 9 хүсэлтийг гаргасан. Ийнхүү өмгөөлөгчид удаа дараа хүсэлт гаргасан боловч худалдаалах зорилготой байсан гэдгийг тогтоолгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх гэж байгаа тохиолдолд тухайн мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжээ гэх мэт онцлог эд зүйлсээс гадна тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлж, хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх шаардлагатай. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1361 дугаартай магадлалд “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан, тээвэрлэсэн гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх үндсэн шинж болох худалдаалах зорилготой байсан эсэхэд огт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд шууд хамаарч байна” гээд хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ мөн л худалдаалах зорилготой байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн “Ц-120” дугаартай нууц ажиллагааны магадлагааг нотлох баримтаар тооцсон. М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон нууц ажиллагааны магадлагаад “харилцаа М.Т байж болзошгүй” гэсэн байдаг бөгөөд утсаар ярилцаж байгаа хүмүүс нь М.Б, М.Т мөн болохыг тогтоохын тулд шинжээч томилсон нь 3 дугаар хавтас хэргийн 72 дахь талд байгаа мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай прокурорын тогтоол, 77 дахь талд байгаа Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн албан бичгээр нотлогддог. Гэтэл шинжээчийн дүгнэлт гараагүй, эсхүл гарсан ч хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, нууц ажиллагааны магадлагаа бичигдсэн объект болон эмэгтэй хүн хэн болохыг тогтоогоогүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн худалдаалах зорилготой байсныг тогтоосон нотлох баримтаар тооцох боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын хэлсэн шиг тухайн дугаар М.Б-н нэр дээр байдаг нь хүнийг яллах хэмжээний нотлох баримтад тооцох үндэслэл болохгүй. Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын М.Б-д холбогдох зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хэрэв хөнгөрүүлж зүйлчилсэн тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Учир нь, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон Монгол улсын Засгийн газарт хандаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн дээд комиссоос цар тахлын үед хорих ангийн ачааллыг бууруулж, хорихоос өөр арга хэмжээ авах хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар уриалж удаа дараа зөвлөмж хүргүүлж байгаа. Нийгэмд төдийлөн хор хохирол багатай, заавал хорих ял оногдуулахгүй хэрэгт өндөр настан, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдэд хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулахыг зөвлөсөн. “Ковид 19” цар тахал хорих анги ердийн нөхцөлөөс 5 дахин хурдацтай тархах эрсдэлтэй байгаа. ...” гэв.
Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор гэж түүнд гэм бурууг халдаан шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар М.Б-н халааснаас гарч ирсэн, хэрэглэсэн байсан гэдэг нотолгоонууд байхаас биш худалдаалах зорилгоор гэдгийг нотолсон баримтууд байдаггүй. Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт гэж Улсын Дээд Шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 225 дугаар тогтоолд тайлбарласан. М.Б-н халааснаас хураагдсан 13.7 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь дангаараа уг бодисыг бусдад худалдах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй. Мөн тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн баримт, хэргийн бусад нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг нэгтгэн дүгнэж цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдах санаа зорилгыг тодорхойлж, хэргийн зүйлчлэлийн талаарх бодит боломжийг тогтоох ёстой гэж заасан. Тэгвэл хэргийн материалаас үзэхэд М.Б нь хэн нэгэнд худалдан борлуулах гэсэн, хэн нэгнээс худалдаж авсан гэсэн нотлох баримт байдаггүй. Харин М.Т, М.Б, Бб нар нь бүгд нийлж уг бодисыг хэрэглэсэн, мансуурсан байдалтай байхдаа мэдүүлэг өгсөн тэмдэглэл, мөн хувцас, бие болоод автомашинд үзлэг хийсэн, шээсэнд нь шинжилгээ хийсэн зэрэг тухайн бодис байсан, илэрснийг нь нотолсон баримт бол хангалттай байдаг. Гэтэл шүүх Бб-т Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлэсэн атлаа М.Б-г худалдан борлуулах зорилгоор гээд түүний эрх зүйн байдлыг дордуулан хүндрүүлэн зүйлчилж, М.Т-г хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлэх гэж зүйлчилж байгаа нь ойлгомжгүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг тогтооно гэж заасан. Гэтэл М.Б-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг буюу мөсийг худалдаалах зорилгоор гэдэг сэдэлт, зорилгыг хэрхэн тогтоосон түүнийг нотолсон нотлох баримт байхгүй байхад худалдаалах гэж хүндрүүлээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд эргэлзээтэй байна. Хэрэв М.Б нь үнэхээр л мансууруулах бодисыг худалдан борлуулагч юм бол хэрэг явдал болсон цаг хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл буюу 2 жил гаруй хугацаанд нэг ч удаа энэ асуудалд холбогдохгүй байдлаас харагдаж байна. Хэрэгт авагдсан нууц ажиллагааны магадлагаа нь зөвхөн утасны яриаг сийрүүлсэн тэмдэглэл байх бөгөөд энэ нь М.Б, М.Т нар нь сэтгэцэд нөлөөт бодис мөсийг худалдаалах зорилгоор гэснийг шууд нотолсон баримт биш юм. Мөн иргэний нэхэмжлэгч Бц нь үнэхээр л Б-д мөнгө зээлүүлсэн байсан юм бол яагаад түүнийхээ араас нэхэл дагал болохгүй өнөөдрийг хүртэл дуугүй байгаад байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Бодит байдал дээр Бц-с М.Б мөнгө аваагүй Бц-н өөрийнх нь төрсөн ах Бб нь авсан учраас нэхэхгүй, нэхэмжлэхгүй байгаа. Харин Бб нь зөвхөн М.Б-н дансыг л ашигласан төдий байсан байх бөгөөд Б.Бц нь иргэний нэхэмжлэгч мөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүх тогтоолдоо “иргэний нэхэмжлэгч Б.Бц нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгч гэдгийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн, эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн хуулийн этгээдийг хэлнэ гэсэн байна. Гэтэл Б.Бц гэж хүн ямар хэргийн улмаас хохирч, хохирол учирсан болохыг нотолж чадаагүй. Тэрээр мэдүүлэгтээ “Бб ахтай буудалд байсан зардал, Эрээн ниссэн зардлыг хасаад үлдсэн мөнгийг нэхэмжилнэ” гэсэн байгаа. Тэрнээс би ийм гэмт хэргийн улмаас ингээд хохирчихлоо гэсэн зүйл огт байхгүй. Тиймээс М.Б-н үйлдэл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор гэдэг нь нотлогдохгүй, эргэлзээтэй байх тул худалдаалах зорилгоор гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж зүйлчилснийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж Эрүүгийн хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцдог. Иймд М.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлд хорихоос өөр төрлийн ял буюу сонгох санкцитай тул түүний хувийн байдал, өнөөдрийн байдлаар 226 хоног буюу 8 сар /энэ нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гомдол гаргасан хугацаагаар/ цагдан хоригдож байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн хувьд сахарын архаг дутмагшлын 2 дугаар зэргийн өвчнөөс болж зүрхний архаг дутмагшилтай, цусны даралт ихтэй, цөсний чулуутай, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, ходоодны шархтай, бөөр нуруу нь өвддөг өвчтэй, 1-3 насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүл мэндийн тодорхойлолтыг давж заалдах гомдол болон цахимаар шүүхэд хүргүүлснийг хүлээн авна уу. ...” гэв.
Шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан. Гэтэл тухайн гэмт хэргийн шинж нь худалдан борлуулах зорилготойгоор худалдан борлуулсан байх үйлдлийг шаардана. Гэтэл худалдан борлуулах зорилготой гэдгийг тогтоогоогүй. Мөн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн. Хэрэв Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсан. Хэргийн материалд гэрч М.Б, Бб нар нь М.Т-г ирэхээр өмнө хоёр өөр төрлийн бодис хэрэглэсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл М.Т-г “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис авчирсан, улмаар тэдэнд хэрэглүүлсэн гэж үзвэл тэдний шээснээс мөснөөс гадна хоёр өөр төрлийн бодис илэрсэн байдаг. Миний үйлчлүүлэгч хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрч, Хятад улсад 5 өөр төрлийн бодис хэрэглэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр илэрсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны магадлагаагаар нотлогдсон гэж мөрдөгч буруутгадаг боловч “Ц-120” дугаартай магадлагаа нь энэ хэрэг явдал болохоос олон хоногийн өмнө хэрэглэгчийн хувьд мөсөө эрж хайх байдлаар М.Б-тай харилцан ярьсан бичлэг байгаа нь худалдан борлуулах зорилготой байсныг нотлохгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. М.Т-н ар гэр, эрүүл мэндийн байдал, хувийн байдал, 14 настай бага насны хүүхэд асран хамгаалагчгүй хүнд байгаа.зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан огт нотлогдож тогтоогдоогүй үндэслэлээр буруутгаж байгаа тул хэрэгсэхгүй болгуулах саналаа дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг шалгахдаа мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу хуулиар зүйлчилсэн гэж үзэж байна. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцохдоо миний үйлчлүүлэгч М.Т-г хууль бусаар олж авсан мансууруулах бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэсэн үндэслэлээр буруутгасан. Гэтэл эдгээр үйлдлүүд бүгд хоорондоо шалтгаант холбоотой. Эхлээд олж авсан үйлдлийг гүйцэд тогтоогоогүй. Дараа нь түүнийг хилээр хэрхэн нэвтрүүлсэн, нэвтрүүлсэн үйлдэл нь тогтоогдсон бол яаж, хаанаас тээвэрлэсэн зэрэг бүх ажиллагаануудыг шалгаж тогтоох ёстой байсан. Замын-Үүдээс Чойр, Баянзүрх дүүрэг хүртэл тээвэрлэсэн гэж үзсэн бол гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэх ёстой байсан. 23-19 УНЯ улсын дугаартай “RAW4” загварын тээврийн хэрэгсэл болон шүүгдэгч нарын биед үзлэг хийхэд М.Т-н биеэс ямар нэг бодис илрээгүй. Ийм байхад биедээ хадгалсан, мөн өөрийнх нь тээврийн хэрэгсэл биш байхад тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Эдгээр үйл ажиллагаанууд бүрэн гүйцэд тогтоогдоогүй бөгөөд мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа буюу эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа орхигдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтгах бусад эд зүйлийг прокурор хууль ёсны эзэмшигчид олгох, эсхүл улсын орлого болгуулахаар зэрэг тухайн хөрөнгийг эцсийн байдлаар шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл цаг хугацааны хувьд 3 жилийн өмнө болсон хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн процесс болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж авна гэж заасныг ноцтой зөрчсөн. Түүнчлэн шүүх М.Т-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэж үзсэн. Гэтэл хууль бусаар олж авсан гэдгийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй. Тодруулбал хаанаас, хэнээс, хичнээн граммыг олж авсан байдлыг тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Т-н биеэс мансууруулах бодис илрээгүй нь хэрэгт авагдсан үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдсон байхад түүнийг хууль бусаар олж авсан гэдгийг юу гэж ойлгоод ялласан нь тодорхойгүй. Хууль бусаар авсан гэдгийг дээрэмдэж, залилж авсан гэх юм уу, ямар нэг гэмт хэрэгтэй хамт шийдвэрлэгдэх ойлголт юм уу гэдэгт дүгнэлт өгөх ёстой байсан. Мөн “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, үүнийг нотолсон баримт нь зөвхөн паспортын дардас, хилийн лавлагаа байдаг. Гэтэл Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад энэ төрлийн бодис нь “бодис, тэдгээрийн түүхий эдийг хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхийг хориглосон. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийн 13.1.5-д энэ бодис болон тэдгээрийн түүхий эдийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Гэтэл М.Т-н хувьд Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийг зөрчөөгүй. Учир нь, Монгол улсын гаалийн тухай хуулийн 3.1.8-д зааснаар мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ. Тухайн хэрэг болсон буюу хилээр нэвтрүүлсэн гэх өдөр М.Т гаалийн мэдүүлэг бөглөсөн эсэхийг Замын-Үүдийн боомтоос гаргуулан аваагүй. Энэ талаар тодорхой ажиллагаа буюу харьяаллын бус байгууллагаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгээгүй, хил гаальд саатуулагдсан эсэх, М.Т хилээр нэвтрэх явцдаа сэжигтэй байдал үүсгэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй. Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах заалт байдаг. Гэтэл бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхдээ хуулийн ямар заалтыг зөрчиж хилээр нэвтрүүлсэн болохыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, гаалийн хяналт шалгалтаар зөрчилгүй гарч, гаалийн хууль тогтоомж зөрчөөгүй байхад гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, хилээр нэвтрүүлсэн гэх үйлдэл нь нотолбол зохих байдлуудын хэмжээнд тогтоогдоогүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана гэж заасныг баримтлаагүй. Хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэх эх сурвалжаа бусад нотлох баримттай харьцуулж, магадалж, дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх, прокурор, мөрдөгч нь хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Гэтэл прокурорын ялласан нөхцөл таамаг төдий, эргэлзээтэй байдаг болохоос хөдөлбөргүй тогтоогдсон зүйл байдаггүй. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх гэсэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэлгүйгээр хэргийн ажиллагааг шалгаж явуулсан. Иймд энэ хэрэгт бүхэлдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо худалдаалах зорилготой байсан эсэхийг тогтоогоогүй. Мөн прокурорын эсэргүүцэлд дурдагдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хөнгөрүүлэн зүйлчилсэн бол хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт орсон ч гэсэн эрх зүйн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүндэрч байгаа. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн, эсхүл хуулийн буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэсэн аль нь болохоо дурдаагүй. Үүнийг тоо тооцоолол, техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй. Иймд миний үйлчлүүлэгчийн хилээр нэвтрүүлсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул уг үйлдлийг цагаатгаж, хууль бусаар олж авч биедээ хадгалсан, тээвэрлэсэн гэх үйлдлүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тогтоогдоогүй, өвс хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж хэргийг прокурорт буцааж өгнө үү. Мөн эрүүл мэнд, хувийн байдлуудыг нь харгалзан түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, прокуророос М.Т-г 2018 оны 3 дугаар сард метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хууль бусаар биедээ хадгалсан, тээвэрлэсэн, мөн уг бодисыг 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.
Эдгээрийг хянаж, хэргийн оролцогчийн байр суурийг тодорхойлох, тэдний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хуультай харьцуулан судалсны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог онцлогтой бөгөөд энэ нь шүүхээс ямар шийдвэр гаргах дотоод итгэлийг бий болгох гол хүчин зүйл юм.
Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтын бодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой.
Энэ нь хэргийн хүрээнд шүүхийг чухамхүү төвийг сахисан байр сууринаас буюу яллах эсхүл өмгөөлөх шинж чанартай бус, хараат бус бие даасан шийдвэр гаргасны илэрхийлэл болдог.
Монгол Улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.
Хууль зүйн ач холбогдлоор нь гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.
Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд тодорхойлох хэсэгтээ “... шүүгдэгч М.Т-н 13.7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа прокуророос түүнд энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “... хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлсэн ...” гэж хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний гадна хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч М.Т-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн үйлдэлд түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ хүндрүүлэх шинж буюу “худалдан борлуулах зорилго”-той байсан эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсаны гадна чухам аль шинжээрээ дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн үйл баримттай нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.
Мөн анхан шатны шүүх энэ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ бүрэн тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэв.
Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлүүдийг арилгуулахаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1361 дугаартай магадлалд маш тодорхой заасаар атал дүгнэлт хийлгүй, дахин алдаа, зөрчил гаргасан байх тул цаашид энэ талаар хатуу анхаарвал зохино.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан байх тул “...тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр. ...” бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Т, М.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Мэргэн, Д.Цэрэнханд, шүүгдэгч М.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/2079 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Т, М.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл М.Т, М.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР