Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 00185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгч Х.Намхайг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Намхайд холбогдох эрүүгийн 1738000000002 тоот хэргийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хадны лам овогт Хишигбаярын Намхай, 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 1-19 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн. Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар  3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,  Регистрийн УП88050454 дугаартай,

Шүүгдэгч Х.Намхай нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг “Ирээдүй” сургуулийн урд талын Дэлгэрмөрөн голын эрэг дээр Н.Жавхлантын баруун талын гуя руу хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Х.Намхай нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг “Ирээдүй” сургуулийн урд талын Дэлгэрмөрөн голын эрэг дээр Н.Жавхлантын баруун талын гуя руу хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Н.Жавхлантын: “...Намхайтай маргалдаад түүнийг гараараа нэг удаа нүүр лүү цохьсон. Тэгэхэд Намхайгийн хамраас цус гарсан. Намхай хамрынхаа цусыг гол дээр угааж байгаад та яаж байгаа юм бэ гэж надтай маргалдаж байснаа хиам зүсэж байсан хутгыг аваад миний зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа дүрчихсэн. Би тухайн үед түүнд чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд таныг айлгах гэж байсан юмаа. Санамсаргүй зүйл боллоо, би таныг эмнэлэгт хүргээд өгчихье гэж байсан. Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

            Гэрч П.Уранбилэгийн:”Тэгээд бид нар гол руу явах замдаа дэлгүүрээс орж архи, пиво, талх, хиам зэрэг зүйлүүдийг аваад Ирээдүй сургуулийн урагшаа голын зах дээр очиж суусан. Бид нарын голын зах дээр очоод дэлгүүрээс авсан идэж, уух юмнуудаа идэж уусан. Би 2 дахь шил архинаас ууж байгаад тасраад уначихсан байсан. Нэг ухаан ороход нөхөр Намхай маань ус цацаж байсан. Ямар учраас над руу ус цацсаныг нь мэдэхгүй байан. Тэгээд дахиад ухаан ороод сэрэхэд эрүүлжүүлэхэд орчихсон байсан. Яаж явж байгаад эрүүлжүүлэхэд орсноо мэдэхгүй байна. Миний санаж байгаа зүйл энэ л байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

            Гэрч А.Ганчимэгийн: 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр намайг өөрийн гэртээ байж байхад 13 цаг 45 минутын үед миний найз Уранбилэг над руу залгаад би Гандангийн ард талд гол дээр байна хүрч ирээд авчих гэж байсан. Тэгэхээр нь би явж очсон. Би гэрээсээ гараад такс аваад Ирээдүй сургуулийн урагшаа голын зах орсон. Тэнд очиход Уранбилэг, танихгүй 2 хүүхэн голын зах дээр байсан ба нэг нь уйлчихсан, нэг нь утсаар ярьчихсан байж байсан. Танихгүй нэг ахын хөлнөөс цус гарчихсан машины хажууд зогсож байсан. Харин Урнаагийн нөхөр Намхай гол дотор нүүр гараа угаагаад байж байсан. Урнаа болохоор машин дотроо согтчихсон, шалба норчихсон сууж байсан. Би тухайн үед найз Урнаагаасаа юу болсон талаар асуухад юу болсон талаар мэдэж байгаа зүйл байхгүй л сууж байсан. Тэгээд би цаад талд байгаа утсаар ярьж байсан хүүхнээс энэ ах одоо яачихсан юм бэ, хөл гар нь зүгээрүү гэж асуухад манай ах байгаа юм л гэж хэлж байсан. Надтай өөр зүйл яриагүй. Тэгээд байж байхад хөлнөөс нь цус гарчихсан ах хөлөө чирээд гол дагаад явсан. Би тэгэхээр нь Намхайг дагуулаад машиныг нь дагуулаад машиныг нь бариад тэр ахын араас явсан. Тэр ахын араас явж байгаад суучих, хамт эмнэлэг явъя гэхэд уурлаад суухгүй байсан. Тэр ахыг суухгүй болохоор нь Намхай бид 2 машинд өргөж суулгасан. Тэгээд би машин бариад шууд тэр ахыг Нэгдсэн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Тэр ахыг эмнэлэг дээр хүргэгдэж очсоны дараа эмнэлгээс цагдаа дуудсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 416 дугаартай

 - Н.Жавхлантын биед гэмтэл тогтоогдлоо.

 - Н.Жавхлантын биед зүүн гуянд шарх, гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.

- Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Х.Намхайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Х.Намхай нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 25-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Эрүүгийн 1738000000002 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ: