Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/203

 

2025       05         09                                           2025/ШЦТ/203

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

улсын яллагчаар Б.Цогзолмаа,

шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Г-ийн Ш-т холбогдох эрүүгийн 2434*** дугаартай хэргийг дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамтаар, Сэлэнгэ аймгийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Б овгийн Г-ийн Ш /РД: *****/;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:

Шүүгдэгч Г.Ш нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хотын чиглэлд *** улсын дугаартай цагаан өнгийн "Honda Fit" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчиж, Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг "Бяцхан сүүж" гэх газарт асфалтан зам дээр түр зогсолт хийсэн байсан иргэн Б.Г-ийн жолоодож явсан **** улсын дугаартай цагаан өнгийн "Алфард" маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөсний улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Ж.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Г.Ш нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хотын чиглэлд *** улсын дугаартай цагаан өнгийн "Honda Fit" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчиж, Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг "Бяцхан сүүж" гэх газарт асфалтан зам дээр түр зогсолт хийсэн байсан иргэн Б.Гансүхийн жолоодож явсан **** улсын дугаартай цагаан өнгийн "Алфард" маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөсний улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Ж.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-14 тал/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15-24 тал/, 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяагийн мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

-Гэрч Б.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/

-Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/8

-Гэрч Ш.А-ийн мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

-Гэрч Ж.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

-Шүүгдэгч Г.Ш-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-62 тал/,

-2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 516 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/,

-2024 8 дугаар сарын 27-ны өдрийн 517, 518 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78, 84-85 тал/,  

-2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 тал/,

-2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100 тал/,

-2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 543, 544 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-108, 115-116 тал/,

-2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 46/54, 24/302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-124 тал/,

-2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0225/284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 143-149 тал/,

-Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 153-156 тал/,

-Шүүгдэгч Г.Ш-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-н 213 тал/

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цогзолмаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дугаартай дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Г.Ш нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Шт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Шд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шийн хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Ш нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Г.Ш-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Хохирогч Ц.Б, Ж.Д нь “санал гомдолгүй” гэсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Ш нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2434**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г-ийн Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний биед хөнгөн, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн 2434*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ