| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/01788/И |
| Дугаар | 101/ШШ2022/02100 |
| Огноо | 2022-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/02100
| 2022 05 05 | 101/ШШ2022/02100 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: К ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,192,209 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"К" ХХК нь манай байгууллагатай 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр MM60-16 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж холбогдох стандартыг хангасан бүтээгдэхүүнийг өөрийн нэрийн Соло супермаркетаар борлуулж тооцоог сар болгоны 25-ны өдөр манай байгууллагын дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд өр үүсэж 4,794,806 төгрөгийн өртэй болсон байна. Мөн бидний хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зуйлийн 6.1-д борлуулагч тал нийлүүлэгч талаас худалдан авсан бүтээгдэхүүн нь борлогдсон үед төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд борлуулагдсан бүтээгдэхүүний үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байдаг боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу үндсэн өр төлбөрийн 50 хувь болох 2,397,403 төгрөгийн алданги нэмж нэхэмжилж байна. "Корел" ХХК-аас дээрх өр төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандсан боловч тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/Ш32019/04095 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь хаягандаа байхгүй болохыг Засаг даргын тодорхойлолтоор тогтоосон бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 108/ШШ2021/03461 дугаар шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж "Корел" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Г.Батбаярын оршин суугаа хаягийг тогтоосон. Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч "Корел" ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,192,209 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
М ХХК-аас К ХХК-д холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн MM60-16 тоот гэрээний үүрэгт 7,192,209 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд дараах тайлбарыг гаргаж байна. К ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Алтай хотхонд Соло нэртэй супермаркетыг ажиллуулж байсан. Уг талбайн өмчлөгч нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээгээ дуусгавар болгосноор манай компанийн үйл ажиллагаа зогссон. Уг хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу 3 жил өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.02.11-ний 26ё2-3/1003 дугаартай албан бичиг /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5-6/, итгэмжлэл /хх-7/, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-8/, тооцоо нийлсэн акт /хх-9, 10/, бараа нийлүүлсэн баримтууд /хх-11-54/, 2016.03.10-ны 60-16 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-81-83/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.03-ны өдрийн 183/ШЗ2019/04095 дугаартай захирамж /хх-84/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.16-ны өдрийн 102/ШШ2021/03461 дугаар шийдвэр /хх-85-86/,
Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-58/, К ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар /хх-59, 60-61/, хариу тайлбар /хх-68/, 2022.05.05-ны өдрийн хүсэлт /хх-99/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 4,794,806 төгрөг, алданги 2,397,403 төгрөг, нийт 7,192,209 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч К ХХК нь гэрээний үүрэг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
М ХХК болон К ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнд худалдагч Мг ХХК нь эрүүл ахуй, ариун цэвэр, чанар, MNS2457:9002, MNS2456:9002, MNS5023:9002 стандартуудын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч К ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх, гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1 жил, гэрээгээр тогтоосон хугацааны дотор бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Хариуцагч К ХХК нь нэхэмжлэгч компаниас бүтээгдэхүүн худалдан авч байсныг хүлээн зөвшөөрч байх боловч хоёр компанийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гэрээний үүргийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.
Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан, 2017 оны 03 дугаар сар, 05 дугаар сарын 18-ны тус тус тооцоо нийлж акт үйлдсэн, мөн нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч К ХХК-аас гэрээний үүрэгт 7,192,209 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2019/04095 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргасныг 2021.12.16-ны өдөрийн 102/ШШ2021/03461 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ..бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан ба нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй дээр дурдсан үйл баримтаас үзэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, нэхэмжлэгч М ХХК нь гэрээний үүргийг хариуцагч К ХХК-аас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр М ХХК болон К ХХК-ийн нягтлан бодогч нар үйлдэж, гарын үсгээ зуран санхүүгийн тамгаа дарж баталгаажуулсан тооцоо нийлсэн актын дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4,794,806 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч К ХХК нь тус тооцоо нийлсэн актыг үйлдсэн болон төлбөрийн үлдэгдлийн мөнгөн дүнгийн талаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 4,794,806 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох үндэслэлтэй.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1-д гэрээгээр тогтоосон хугацааны дотор бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохирсон байх тул нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 1815 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 23,974 /4,794,806-ийн 0,5 хувь/ төгрөгөөр тооцвол 43,512,864 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 2,397,403 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч К ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,794,806 төгрөг, алданги 2,397,403 төгрөг, нийт 7,192,209 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 130,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч К ХХК-аас 7,192,209 төгрөг /долоон сая нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун есөн/-ийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 130,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/08965 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР