Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/01362

 

 

 

 

 

 

 

 

2022 03 25

101/ШШ2022/01362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Н.Сарангүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,939,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагч Л.Б,

Иргэдийн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б миний бие Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн автобусны буудал болон офицеруудын ордны автобусны буудал дээр 2 ширхэг ТҮЦ ажиллуулдаг байсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 31-ний шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр офицеруудын ордны автобусны буудал дээрх ТҮЦ-ээ хулгайд алдсан тул цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаас хойш 7 хоногийн дараа ТҮЦ-ээ олсон. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 190606576 дугаар хэрэг нээж шалгахад зэргэлдээх ТҮЦ-ний эзэн иргэн Ц.Баярмаа нь орлого хаалаа гэх үндэслэлээр миний ТҮЦ-ийг өөрөө ачигч кран автомашины жолооч Л.Бд ажлын хөлсөнд 100,000 төгрөг өгч тээвэрлүүлж хаясан байсан нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримт болон гэрч нарын мэдүүлгээр Л.Б нь миний ТҮЦ-ийг ачих, тээвэрлэж буулгахдаа унагасан нь тогтоогдсон болно. Хохиролд ТҮЦ-ний хаалга, доторх эд зүйлсийн эвдрэл гэмтэл болох хөргөгч, жин хэмжүүр гээд зөндөө зүйлс эвдэрсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 3,878,460 төгрөгийн хохирол учирсан. Тус хэрэг нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5712 дугаар Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг агуулсан боловч учруулсан хохирол болох 3,878,460 төгрөг нь Эрүүгийн хуулийн 17.11 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй орхиж учирсан хохирлоо иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэйг дурьдаж нээлттэй орхисон болно. Миний бие орлого хаалаа гэж дуудлага өгч ачуулсан гэх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5712 дугаар Прокурорын тогтоолоор буруутай нь тогтоогдсон иргэн Ц.Баярмаагаас гэм хор учруулсаны төлбөрт 3,878,460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03052 дугаар шийдвэрээр учирсан хохирлын тал хувь болох 1,939,230 төгрөгийг Ц.Баярмаагаас гаргуулж Ц.Б надад олгуулахаар шийдвэрлэсэн. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03052 дугаар шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч хариуцагч нар нь давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээр давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно. Тус шүүхийн шийдвэрээр Ц.Баярмаа болон өөрөө ачигч авто машины жолооч Л.Б нар буруутай нь тогтоогдож байгаа тул учирсан хохирлын тал болох 1,939,230 төгрөгийг Ц.Баярмаагаас гаргуулах, үлдэх учирсан хохирлыг ТҮЦ-ийг тээвэрлэх явцдаа хохирол учруулсан жолооч Л.Баас гаргуулахаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д тээврийн хэрэгсэл гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг, 3.1.3-т жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул учирсан хохирлын тал болох гэм хор учруулсны төлбөрт Л.Баас 1,939,230 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд краны жолооч Л.Б нь дур мэдэн ТҮЦ-ийг ачсан учир 1,939,230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ТҮЦ-ийг ачсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс хулгай хийсэн гэж байна. Намайг манай найзын дүү зуучилсан, над руу яриад дүүгийн найз охины ТҮЦ байгаа юм, өргөөд хажуу тийшээ гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой ажлаа тарж байгаад больё гэж хэлсэн. Орой 10 цагт ажлаасаа буугаад 11 цагийн үед найз руугаа ярихад офицер дээр хүрээд ир гэж хэлсэн. Ц.Баярмаагийн дүү найз болон н.Заяа нар энэ миний ТҮЦ, эндээс холдуул гээд байна гэж надаар ачуулсан. Би сайн асууж тодруулсны үндсэн дээр ТҮЦ-ийг ачиж буулгасан. ТҮЦ-ийг хэрхэн ачихаа харж байгаад шөнө 1 цагийн үед ачсан. ТҮЦ-ийг ачиж буулгахдаа унагаагаагүй болно. ТҮЦ-н дотор хоёр шилэн лангуу л байсан, ачихад дОтоос болж дотор нь байсан хоёр шилэн лангуу хагарсан. Би дотор нь байгаа лангуу нь хагарчихаж байгаа юм бишүү гэхэд зүгээр зүгээр бид нар шинэ лангуу авчихсан гэж хэлсэн. Ингээд би 500-600 метр зайд замын хажууд тавьсан. Би тэр хүмүүст та нарын ТҮЦ мөн юм уу, хүний ТҮЦ биш биз дээ гэхэд манай ТҮЦ байгаа юм, чамд бензиний 100,000 төгрөг өгье гэж хэлсэн. Танд бол ямар ч хамааралгүй зүгээр, бид өөрсдийнхөө юмыг ачиж байгаа юм гэж хэлсэн. Би тэгж хэлснийг нь үндэслээд л ТҮЦ-ийг ачсан. Би эдгээр хүмүүсийг огт танихгүй болно. Цагдаа дээр байхдаа надаас 200,000 төгрөг гаргуулна гэж байсан. Би ачсан 100,000 төгрөгөө ав, надад өөр өгөх мөнгө байхгүй гэсэн. Ц.Баярмаагийн дүү найз болох н.Заяа бид нар араа 100 хувь даана гэсний үндсэн дээр энэ хэрэг надад хамаагүй гэж хэлээд хэрэг шийдэгдсэн юм. Гэтэл одоо ингээд намайг шүүхэд дуудсан байна. Ц.Баярмаа гэдэг хүнд би гомдолтой байна. нэхэмжлэгч талаас ТҮЦ-ийг унагаасан гээд байна, би унагаагүй, өргөж байхад дотор нь байсан хоёр шилэн лангууг л унагаасан, өөр эд зүйл байгаагүй, өөр буруутай үйлдэл хийгээгүй. ТҮЦ-нд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Одоо надаас нэхэмжилж байгаа 1,939,230 төгрөгийг би төлж чадахгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хариуцагч нь тухайн ТҮЦ-ийг эзэн нь зөөлгөж байгаа эсэхийг шалгаж болох байсан ч шалгаагүйгээс тухайн хэрэгт холбогдсон учир үнэлгээний газраас гаргасны дагуу үнэлгээг төлөх ёстой. Хувийн өмчид дураараа халдсан байна гэж үзэж байна. Хариуцагч гэм буруутай тул хохирлыг барагдуулах үүрэгтэй. Үнэлгээний газар ТҮЦ-ний үнийг 3,500,000 төгрөгт багтаасан байх тул үүнийг хасаж бусад эвдэрсэн хохирлыг барагдуулах нь зүйтэй гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5712 дугаар тогтоол /хх-5-6/, Дамно ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-7-8/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03052 дугаар шийдвэр /хх-9-11/,

Зохигчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт: Эрүүгийн 190606576 дугаартай хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.Бы мэдүүлэг /хх-48-50/, гэрч Э.Сайнжаргалын гэрчийн мэдүүлэг /хх-51-53/, гэрч А.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-54-56, гэрч Г.Эрхбилгүүний мэдүүлэг /хх-57-58/.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Л.Бд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түүний эзэмшлийн түргэн үйлчилгээний цэг /цаашид ТҮЦ гэх/-ийг бусад этгээд дур мэдэн зөөвөрлөсний улмаас учирсан хохирлыг Дамно ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 3,878,460 төгрөгийн тавин хувь болох 1,939,230 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг зөөвөрлөсөн үйлдлийн талаар маргаагүй боловч ТҮЦ-нд хоёр ширхэг шилэн лангуу байсан нь зөөвөрлөх явцад хагарсан тул уг хохирлыг хариуцахад татгалзах зүйлгүй, нэхэмжлэгчид учирсан бусад хохирлыг хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ц.Баярмаад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3,878,460 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцэж, 101/ШШ2021/00519 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Баярмаагаас гэм хорын хохиролд 1,939,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, үлдэх 1,939,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус шийдвэрт хэргийн оролцогчид хэн аль нь давж заалдах шатны журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээр дурдсан шүүхийн шийдвэрт тээврийн хэрэгслийн жолооч Л.Бы үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж дүгнэн гэм хорын хохирлын 50 хувийг хариуцагч Ц.Баярмаагаас гаргуулж шийдвэрлэсэн тул үлдэх 50 хувийг хариуцагч Л.Баас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/00519 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...тээврийн хэрэгслийн жолооч нь бусдын өмч хөрөнгийг ачиж тээвэрлэхдээ эвдэрч, устаж, гэмтэхээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах, нэхэмжлэгчийн түргэн үйлчилгээний цэгийг зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөхөд оролцсон бусад этгээдүүд мөн адил анхаарал болгоомжтой хандаагүй, хариуцагчтай хамтарч оролцсоноор нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул үнэлгээний тайлангаар тогтоогдсон 3,878,460 төгрөгийн 50 хувь болох 1,939,230 төгрөгийг хариуцагч Ц.Баярмаагаас гаргуулж Ц:Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,939,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв... гэжээ.

 

Тус шүүхийн шийдвэрээр 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Офицеруудын ордны автобусны буудалд байрлуулсан иргэн Ц.Бгийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийг хулгайд алдагдсан хэрэгт мөрдөн шалгалтын үйл ажиллагаа явуулж иргэн Ц.Баярмаа нь зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг байршуулснаар тус газар ТҮЦ ажиллуулдаг иргэдийн хооронд үл ойлголцол үүсч, улмаар орлого хаалаа гэх шалтгаанаар иргэн Ц.Бгийн эзэмшлийн ТҮЦ-ийг зөөвөрлөсөн, зөөвөрлөгдөх явцад эд хөрөнгөд хохирол учирсан нь болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч их хэмжээний хохирол учруулсан гэх шинжийг хангаж чадахгүй буюу хохирлын хэмжээ хүрэхгүй байгаа үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5712 дугаартай тогтоолоор хаасан талаар, тухайн хэрэгт Л.Б гэрчийн мэдүүлэг өгсөн талаар болон хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд хариуцагч Л.Б нь нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг зөөвөрлөсөн үйлдлийн талаар маргаагүй, тэрээр нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг ачиж тээвэрлэсэн болох нь эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Ц.Бгийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийг ачиж зөөвөрлөсөн үйл баримтын талаар дахин нотлох шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Дамно ХХК-аар түүний эзэмшлийн ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй зөөвөрлөсний улмаас учирсан хохирлыг тогтоолгосон гэх тайлбарыг гарган тухайн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан нийт үнэлгээний дүн болох 3,878,460 төгрөгийн 50 хувийг хариуцагч Л.Баас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан.

 

Хариуцагч Л.Б нь ТҮЦ-ийг ачуулсан хүмүүс буюу Ц.Баярмаа түүнийг хуурч мэхлэн өөрийн хөрөнгийг ачуулж байгаа гэх мэдээллийг өгсөний дагуу ТҮЦ-ийг зөөвөрлөсөн тул нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцахгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Л.Б нь нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг ачиж тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд бусдын өмч хөрөнгийг эвдэрч, устаж, гэмтэхээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй боловч түүний болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн захиалгаар хулгайд алдагдсан гэх эд зүйлсийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайланд:

-       180х90 харьцаатай төмөр бүргэд хаалга /2007 онд 100 айлын барилгын худалдааны төвөөс авсан/-ыг 100,000 төгрөгөөр,

-       Шилэн хаалгатай 2х80 харьцаатай босоо хөргүүр /Нарантуул захын арын хятад худалдааны төвөөс 2007 онд авсан/-ийг 200,000 төгрөгөөр,

-       40х130 урттай модон лангуу /2007 онд хийлгэсэн/-г 25,000 төгрөгөөр,

-       160х40 өргөнтэй лангууны шил /2007 онд хийлгэсэн/-ийг 21,120 төгрөгөөр,

-       30 кг-ийн даацтай хил /Нарантуул захын цахилгаан бараанаас авсан/-ийг 32,340 төгрөгөөр,

-       380х280 харьцаатай, гадна тал нь сайтник, дотор тал нь хөөс, гипс, рам нь квадрат төмөр, хар панерин шалтай паркет, дээвэр нь төмөр шинэ цагийн, ашиглаад 5 жил болж байгаа ТҮЦ-ийг 3,500,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт хөрөнгийн үнэлгээг 3,878,460 төгрөг гэж үнэлжээ.

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд нэхэмжлэгчийн хулгайд алдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үнэлж тогтоосон байх бөгөөд уг үнэлгээг нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тогтоосон үнэлгээ гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан 180х90 харьцаатай төмөр бүргэд хаалга, шилэн хаалгатай 2х80 харьцаатай босоо хөргүүр, 40х130 урттай модон лангуу, 160х40 өргөнтэй лангууны шил, 30 кг-ийн даацтай хил /жин/, 380х280 харьцаатай ТҮЦ-ний үнэлгээг үндэслэн шаардсан.

 

Мөн нэхэмжлэгч нь ТҮЦ-ний баруун талын булангийн дээврийн гарниз моднууд эвдэрч цөмөрсөн гэх тайлбарыг гаргаж учирсан хохирлыг гаргуулна гэж шаардаж байх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, уг эвдрэл гэмтлийн талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд ТҮЦ-ний үнэлгээг 3,500,000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь ТҮЦ-ийг өөрөө ашиглаж байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул ТҮЦ-ний мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Харин хөрөнгийн үнэлгээний тайланд тусган үнэлсэн 180х90 харьцаатай төмөр бүргэд хаалганы 100,000 төгрөг, шилэн хаалгатай 2х80 харьцаатай босоо хөргүүрийн 200,000 төгрөг, 40х130 урттай модон лангууны 25,000 төгрөг, 160х40 өргөнтэй лангууны шилний 21,120 төгрөг, 30 кг-ийн даацтай хил /жин/-ний 32,340 төгрөгийн, нийт 378,460 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь учирсан хохирлын 50 хувийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байх тул түүнд учирсан хохирол нийт 378,460 төгрөгийн 50 хувь буюу 189,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ТҮЦ-д хоёр шилэн лангуу л байсан, өөр эд зүйл байгаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

Шүүх хуралдаанд томилогдсон Иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ Хариуцагч нь тухайн ТҮЦ-ийг эзэн нь зөөлгөж байгаа эсэхийг шалгаж болох байсан ч шалгаагүйгээс тухайн хэрэгт холбогдсон учир үнэлгээний газраас гаргасны дагуу үнэлгээг төлөх ёстой. Хувийн өмчид дураараа халдсан байна гэж үзэж байна. Хариуцагч гэм буруутай тул хохирлыг барагдуулах үүрэгтэй. Үнэлгээний газар ТҮЦ-ний үнийг 3,500,000 төгрөгт багтаасан байх тул үүнийг хасаж бусад эвдэрсэн хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримт болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг тооцон шийдвэрлэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Л.Баас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд 189,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүн 189,230 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 6,327 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Баас гэм хорын хохиролд 189,230 /нэг зуун наян есөн мянга хоёр зуун гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 6,327 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

Т.ЭНХЖАРГАЛ