| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0944/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1114 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1114
2025 05 01 2025/ШЦТ/1114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Амармөрөн,
шүүгдэгч Ц.С,
нарийн бичгийн дарга Х.Сүххуяг нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2509 000000 281 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц.С
Монгол Улсын иргэн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.С нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Дг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.С нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Дг гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун, зүүн зовхины цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр ажлын газрынхантай салхинд гараад тэмцээн, уралдаан зохион байгуулсан юм. Тэгээд дараа нь юм ярилцаж суунгаа архи, пиво ууцгаасан юм. Би Дг өөрийн дүүгээ гэж боддог учир элдэв хүмүүстэй нийлээд архи пиво уугаад хэрэг төвөгт орооцолдчих гээд байдаг болохоор нь ахын хувиар л ганц алгадчихсан. Тэгтэл хамрыг нь л оноод гэмтээчихсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дугаар хуудас/
- хохирогч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлын хамт олноороо салхинд буюу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "......." нэртэй цэргийн амралтанд очиж амарцгаасан. Тэгээд бүгд л архи дарс ууцгаасан, идэцгээсэн ба орой 20 цагийн үед бүгд явах гээд машин тэргээ халаацгаагаад байж байсан. Тэгсэн гэр дотор хоёр хоёроороо л юм ярьцгаагаад сууж байсан чинь ажлын ах С /С/ ах “Д ахын дүү нааш ир ээ” гэхээр нь надтай юм ярих гэж байгаан байхдаа гэж бодоод очоод хажууд нь суусан чинь шууд үгийн зөрүүгүй нүүр рүү цохичихсон. Тэгээд миний хамраас цус гарч байсан...миний нүүр рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
- гэрч М.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгтэл С ах Дг ахын дүү нааш ир дээ гэж гэж дуудаад Дг очисон чинь шууд цохиод авчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
- гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ажпынхан салхинд гарсан юм. Тэгтэл С ах бид 2 хоорондоо юм яриад байж байтал С ах Дг дуудаад шууд цохиод авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ЕГ0725/2349 дугаартай “...Ц.Дгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
- хохирогч Ц.Дийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Оргил эмнэлэгт үзүүлсэн толгойн томографикийн шинжилгээ /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Ц.С нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Дг тодорхой шалтгаангүйгээр шууд санаатайгаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Д нь гомдол саналгүйгээ илэрхийсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Ц.Соёл-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Сийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ