Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгч Н.Ө-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ө-ад холбогдох эрүүгийн 1738000000012 тоот хэргийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Ө-,

Шүүгдэгч Н.Ө- нь 2017 оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд иргэн Э.Б-тай согтуу агсам тавьлаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж зүүн нүдний зовхи, алимны салст, хамрын нуруу хэсэгт цус хуралт, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Н.Ө- нь 2017 оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд иргэн Э.Б-тай согтуу агсам тавьлаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж зүүн нүдний зовхи, алимны салст, хамрын нуруу хэсэгт цус хуралт, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Э.Б-ын: “...Эрэгтэй хүн хашгираад агсам тавиад байх шиг болохоор нь яваад очсон тухайн үед би согтсон байсан зарим юмыг санахгүй байна. Нэг мэдсэн эрэгтэй хүн газарт миний хоолойг боогоод дарж байснаа нүүр лүү өшиглөөд байсан. Н.Ө- гэртээ агсам тавиад байхаар нь би түүнийг болиулах зорилгоор гэрт нь очоод түүнтэй маргал    даад зодуулчихсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

            Гэрч Ц.Б-йн: Тариалан сумын төвд 2017 оны 7 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед АНУ бааранд нөхөртэйгээ хамт очоод манай ажлынхан нэг шил архи ууцгаасан. Би жолоо барьж яваа гээд уугаагүй. Тэндээс 00 цаг өнгөрч байхад гараад хамт явсан хүмүүсээ гаргаж өгөөд гэртээ харихад 00 цаг 30 минут болж байсан. Удаагүй хашааны гадаа эрэгтэй хүний дуу гараад ална шүү пизда минь шооны амны атаман байна гээд хашгираад байсан. Тэр үед гэрээс манай нөхөр гараад явсан байсан. Би араас нь 2 дүүгээ гараад харчих гэсэн удаагүй 2 дүү орж ирээд ах тэр хүнтэй юм яриад зогсож байна гэж хэлсэн. 3-5 минутын дараа манай нөхөр орж ирээд намайг мөргөчихлөө гэсэн хамраас нь цус гарсан. Хамар нь хавдсан хувцсаа өмсөөд гаръя гэхээр нь би яах гээд байгаа юм гаргаагүй хамрынх нь цусыг угааж өгөөд унтуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

            Гэрч Б.Б-ын: Тариалан сумын төвд 2017 оны 7 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчим гэртээ унтаж байсан гэрийн хашааны урд эрэгтэй хүн гараад ир шооны аманд хэн томроод байна пизда гээд хашгираад байсан. Манай нөхөр байхгүй байсан. Тэгээд би гараад харсан  Н.Ө-ын тамбарын гэрэл нь асаалттай хаалга нь онгорхой манайхаас ил харагдаж байсан. Н.Ө- бие засаж явсан. Хашааны гадаа нөгөө нөхөр хашгираад байсан. Н.Ө- хаалгаараа гарч ирээд тэр 2 хашааны гадаа таараад нөгөө эрэгтэй хүн нь эхлээд Н.Ө-ыг мөргөчих шиг болсон. Тэгээд цохилцоод унахаар нь би очоод гудамжинд байдаг Энэбиш гуайн хүү Э.Б- согтуу хажууд нь манай нөхөр Н- газар согтуу сууж байсан. Гэртээ ор гэсэн орохгүй байсан. Н.Ө- гэр лүүгээ орсон гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

            Гэрч Б.Б-ийн: Тэгээд шөнө 02 цагийн үед манай нөхөр архи үнэртүүлсэн согтуу байхаар нь газар хажууд унт гээд унтуулсан. Хориод минутын дараа манай нөхөр хамар, нүд өвдөөд байна гэрэл асаагаад өгөөч гэхээр нь гэрэл асаагаад харсан чинь хамар нь хавдсан цус гарсан, нүд нь бас хавдсан байсан. Яасан юу болсон юм гэсэн чинь Н- гуайн урд дуу шуу болоод байхаар нь Н-гийн гэрт юм болоод байгаа юм боловуу гээд Н-гийн хашааны урд очсон Н.Ө- дуу шуугүй багалзуурдаж унагаагаад нүүр лүү өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

            Гэрч П.З-ын: 2017 оны 7 дугаар сарын 19-ний өглөө Э.Б- согтуу хүнд зодуулсан толгой руугаа өшиглүүлсэн зүүн нүд бүрэлзээд байна гэж хэлсэн. Үзлэг хийхэд зүүн нүдний ухархайгаар тэмтэрхэд эмзэглэлтэй, нүдний гадуур хөхөрсөн, хавдартай, хамрын таславч муруйсан, хаван хавдартай, тэр хэсэгтээ хөхөрч улайсан толгойн ар хэсгээр тэмтэрхэд эмзэглэлтэй байсан. Өвдөлт намдаах эм уулгахаар, жин тавих, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 459 дугаартай

  • Э.Б-ын биед зүүн нүдний зовхи, алимны салст, хамрын нуруу хэсэгт цус хуралт, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдэд няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Э.Б-ын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-р тал/зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Н.Ө- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 54-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1738000000012 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.Ө-ыг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ө-ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Ө-ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ө-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ