| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2108000270089 |
| Дугаар | 2021/ДШМ/350 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/350
Д.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхням,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/556 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Д.М-д холбогдох эрүүгийн 2108000270089 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-н М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Э ш ө” ХХК-д манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ....................... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................... ХХК-ийн хашаанд түр оршин суудаг гэх, /РД:.........../,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;
Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ, 2020 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн орчим .......... дүүргийн .. дугаар хороо, “Э Ш Ө” ХХК-ийн хашаанд байрлах гэртээ, хохирогч Г.О-г “хүүхдээ дуудлаа, хүүхдийнхээ гэрт очиж амьдар” гэж уурлан хаалга руу түлхэх, үснээс нь зулгаах, хаалганы тотго мөргүүлэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун зулайн хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн долоовор хуруунд цус хуралт, зүүн ядам, долоовор хурууны ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөх шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн хувьд, 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч Д.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гарган, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.М нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсоноо хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдаж байгаа эсэхийг хянах ба “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана" гэж мөн зүйлийн 6 дахь хэсэгт заажээ.
Шүүхээс “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг хянах хүрээнд шүүгдэгчийн гэм буруу тогтоогдож байгаа эсэхийг буюу тухайн үйлдэлд тохирох зүйлчлэлээр яллагдагчаар татагдаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн эсэхийг хамааруулан хянана. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй тохиолдолд шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой бөгөөд эсрэг тохиолдолд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр байна.
Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Д.М, хохирогч Г.О нар нь хамтын амьдрал бүхий гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, ..., хамтран амьдрагч, ... гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.
Гэтэл улсын яллагчаас шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг тохиолдлын шинжтэй, 1 удаагийн үйлдэл гэсэн үндэслэлээр гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан хохирогч Г.О-н 2020 оны 8 дугаар сард үснээс зулгаагаад түлхэж хөөгөөд, өшиглөж зодсон. Би урьд өмнө гэр бүлийн маргааны улмаас шүүх, холбогдох байгууллагад хандаж байгаагүй, ...” гэсэн мэдүүлэг. /хх 6/ мөн хохирогчийн “... 2020 оны 12 дугаар сарын 13-ны орой... нөхөр маань уг архиа ганцаараа уугаад нилээн согтож, эхлээд үг яриа нь олшроод байхаар нь би өөрийн төрсөн хүүхэд Б-г гэртээ дуудсан чинь манай хүүхэд Б ирээд хоол цай идэж ууж байж байгаад 22 цагийн үед гэр лүүгээ явахаар манай гэрээс гарсан чинь миний нөхөр Д.М нь надад “хүүхдээ дуудлаа, хүүхдийнхээ гэрт очиж амьдар” гэж хэлээд намайг гэрийн хаалга руу түлхээд хаалганы тотго руу мөргүүлэхээр нь би Б рүү утсаар залгаж дуудсан чинь миний хүү Б гэрт буцаж ирээд нөхөр бид хоёрыг салгахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ... Нөхөр маань намайг гэрээс хөөгөөд гар гэж хэлээд хаалга руу түлхэж байгаад хаалганы тотго 2-3 удаа мөргүүлсэн юм, өөрөөр бол нөхөр маань намайг цохиж зодсон зүйл болоогүй. ...” /хх 27-28/ гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Б-н “...21 цагийн үед миний ээж О надтай утсаар яриад ... хүрээд ирээч гэсэн, ...би хамт хоол идэж сууж байгаад 22 цагийн үед гэр лүүгээ харихаар гараад явж байсан чинь удалгүй ...ээж залгасан, ... надад хандан хэлэхдээ намайг гэрээс хөөгөөд байна гэж хэлэхээр нь би буцаад хойд аав, ээж хоёрын амьдарч байгаа гэрт очсон чинь хойд аав Д.М ээжийг маань гэрээс гар гээд түлхээд хаалганы тотго мөргүүлэхээр нь би тэр хоёрыг салгаад хойд аав М-д хандан “та яаж байгаа юм бэ” гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа цохисон юм. ...” гэсэн мэдүүлэг /хх 57-58/ зэргээс дүгнэхэд, тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл гэж үзсэн нь ойлгомжгүй, улсын яллагчийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалд тохироогүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлийн шинж байгаа эсэхийг тогтооход гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилгыг тогтоох шаардлагатай буюу гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг ашиглан хохирогчийг өөрийн эрхшээл, хараа хяналтад байлгах зорилгоор үйлдлээ хэрэгжүүлсэн эсэх, урьд нь ийнхүү хандаж байсан эсэхийг хянан үзсэний үндсэн дээр хэргийг зүйлчлэх нь зөв болно.
Түүнчлэн, хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой цагдаагийн АСАП сангийн лавлагаа /зөрчилд холбогдож байсан эсэх талаарх/ авагдаагүй, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааны талаар хөндлөнгийн этгээдээс тодруулаагүй нь нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх үндэслэл тогтоогдож байх тул холбогдох нэмэлт ажиллагаа шаардлагатай гэж дүгнэж, шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, 2021/ШЗ/556 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн.
Прокуророос шүүгдэгч Д.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэхдээ шүүгдэгч Д.М-с “Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр” гаргасан хүсэлтийн дагуу хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж хүсэлтийг нь хүлээн авч, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Д.М-д танилцуулан, шүүгдэгч Д.М зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулан шүүгдэгч Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хохирогч Г.О, гэрч Г.Б нарын мэдүүлэг, хохирогч Г.О-н эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар тогтоосон 52 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.М-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримтууд цугларсан, шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.О, шүүгдэгч Д.М нар нь хоорондоо эвлэрч гомдол, саналгүй, шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаараа мэдүүлсэн зэргээр шийдвэр гаргах боломжтой нөхцөл байдал тогтоогдсон байхад “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна.
Шүүхээс хохирогч Г.О, шүүгдэгч Д.М нарын хоорондын хамаарлыг тодорхойлохдоо, өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарласан нь хуульд нийцэх хэдий ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл” гэх заалтын үндсэн шинжүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр тайлбарлаж, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд гэрлэгчид болон бусад гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүдийн хооронд гарсан таарамжгүй харьцааны улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл болгоныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх нь энэхүү гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгод нийцэхгүй юм.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн орчим ........... дүүргийн ... дугаар хороо, “Э Ш Ө” ХХК-ийн хашаанд байрлах гэртээ согтуугаар хохирогч Г.О-г “хүүхдээ дуудлаа, хүүхдийнхээ гэрт очиж амьдар” гэж уурлан хаалга руу түлхэх, үснээс нь зулгаах, хаалганы тотго мөргүүлэх зэргээр зодсоны улмаас түүний биед баруун зулайн хэсгийн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн долоовор хуруунд цус хуралт, зүүн ядам долоовор хурууны ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хохирогч Г.О-н “... Д.М нь надад уурлаж хүүхдээ дуудлаа, хүүхдийнхээ гэрт очиж амьдар гэж хэлээд намайг гэрийн хаалга руу түлхээд хаалганы тотго мөргүүлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... бид хоёр эвлэрсэн, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 27-28/, шүүгдэгч Д.М-н /хх 48/ өгсөн мэдүүлэг, энэ талаар гэрч Г.Б /хх 58/ гэрчилдэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд тогтоогдсон, хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо хамаарал бүхий харилцаатай хэдий ч байнгын биш, тохиолдлын шинжтэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг зөрчсөн, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/556 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгчийн захирамжид заасан “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй тохиолдолд шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой бөгөөд эсрэг тохиолдолд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэнэ. Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Д.М, хохирогч Г.О нар нь хамтын амьдрал бүхий гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. ...” асуудлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх талаар зохилцуулсан ба энэ тохиолдолд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэргийг хүндрүүлэн зүйлчлэх асуудлыг хөндсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж заасан ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэх ойлголт нь нотлох баримтыг үнэлэх, хэргийн үйл баримт нотлогдсон байдал, уг үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар шүүх дүгнэлт хийх агуулгыг илэрхийлнэ.
Анхан шатны шүүх Д.М-н дээрх үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн эсрэг, гэр бүлийн хүрээнд явагдсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн шинжийг хангаж байна гэж дүгнэсийг үндэслэлгүй байна гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн шинжийг тодорхойлохдоо тухайн гэр бүлийн гишүүдийн харилцаа, хандлага, үйлдлийн давтамж зэрэгт дүгнэлт хийх бөгөөд гэр бүлийн гишүүдийн тодорхой нэг маргаан, зөрчлөөс үүдэлтэй нэг удаагийн хүч хэрэглэсэн үйлдэл бүрийг хүндрүүлэн авч үзэх нь Эрүүгийн хуулийн зарчим, тусгай ангид заасан тодорхой шинжийг буруугаар тайлбарлахад хүргэнэ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, шинжээч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.М-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэргийг шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн талаар эсэргүүцэлдээ дурьджээ.
Бүх шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх нөхцөл байдлыг хянадаг.
Гэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил нь аль шатанд үүссэнээс хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, процессын хуулийг ноцтой зөрчсөн тухайн ажиллагааны үе шат руу нь буцааж, тодорхой зөрчлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу арилгуулсаны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг бүрийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх талаар эсэргүүцэлд бичсэн нь үндэслэлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/556 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.М-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР