Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0902

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б*******би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н****-******

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н****-******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б******, М.Ц*********, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ө********, Э.М********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*****нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н****-*****-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2022.03.30-ны өдрийн 1** дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н****-******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Н****- *****-ээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н****-*****-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгаалан асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, Б.Н****-*****-ийг төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5*** дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага 2 дахь шаардлага болох "Б.Н****-*****-ийг төрийн нэхэмжлэгчийн гаргасан жинхэнэ албаны нөөцөд байгаа болохыг тогтоолгох тухай" Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл", 52.5.3-т заасан "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" гэж тус тус заасан шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэлийн ойлгомжтой, тодорхой тайлбарлах шаардлагатай гэж дурджээ. шаардлагын үндэслэлээ Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг Төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа болохыг тогтоолгох тухай" гэснийг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н****-******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" гэж өөрчилж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлийн 52.2.4-т заасан "нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл", 52.5.3-т заасан "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" гэж тус тус заасан нь тодорхой болох бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" 1** дугаартай тогтоолоор төрийн албаны нөөцөд байхгүй иргэн гэж дүгнэн тогтоолын хавсралтад Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлийн 25.1, 27-р зүйлийн 27.1, 33-р зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилогдсон гэж үзсэн. Ийнхүү нэр бүхий 27 хүнийг Төрийн албаны тухай хууль зөрчсөн тул ажлаас чөлөөлөх, зөрчлийг арилгах талаар дээрх 1** дугаартай тогтоолд дурдсан. Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн энэхүү тогтоолыг үндэслэн Б.Н****-*****-ийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй иргэний томилсон 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 1** дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н****-******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н****-*****-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н****-******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 төрийн албаны шалгалт өгч 2019 оны 04 сард тухайн үеийн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл ажилласан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар 2022 оны 02 сард томилогдож 03 сард төрийн албаны шалгалт авсан. Энэ шалгалтаар намайг төрийн албаны нөөцөд байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр халсан. Шалгалт явуулж байх хугацаанд Төрийн албаны зөвлөлийн Э.М******** гэдэг хүнтэй уулзахад нөөцөд байх хугацаа дуусаагүй, төрийн албанд ажиллаж байгаа хугацаанд нөөцөд байгаа хугацаа дууссан гэж үзэхгүй гэдэг тайлбарыг тухайн үед өгч байсан. Гэсэн ч 04 дүгээр сарын 19-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сонсох ажиллагаа явуулж 04 дүгээр сарын 29-ны өдрийн тушаалыг гаргасан. Энэ тушаалыг 04 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан. Миний хувьд хууль бусаар халсан гэж үзэж байгаа. Төрийн албаны нөөцөд байх хугацаа дуусаагүй, энэ хугацаа нь төрийн албанд ажиллаж байгаа хүнд хамаарахгүй гэж үзсэн учраас 06 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд хандсан. Үүнээс өмнө тушаал гарсны дараа 05 сард Төрийн албаны зөвлөлд хандсан. Маргаантай асуудлаар хууль бусаар халсан учраас тусгай шалгалт зарлаж тус орон тоон дээр хүн томилохгүй байхыг хүссэн хүсэлтийг өгсөн боловч Төрийн албаны зөвлөлөөс тусгай шалгалтыг явуулж одоо миний албан тушаалд хүн томилогдсон байгаа. Иймд шүүхийн зүгээс нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, тус албан тушаалд эргүүлэн томилж, энэ хугацааны нийгмийн даатгал, цалинг нөхөн олгуулахыг хүсэж байна. 2017 онд өгсөн. Төрийн албаны зөвлөлөөс 2020 онд нөөцийн хугацаа дууссан гэсэн. 2019 оны 04 сард орсон. Тухайн үед томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-т заасныг үндэслэж томилсон. Иймд хууль бусаар томилогдсон гэж үзэхгүй байна. Өнөөдрийг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамд Ковидын тухай хуулиар хүн томилсоор байгаа. Хэрвээ тусгай шалгалт өгөх ёстой гэж үзэж байгаа бол одоо ч хүмүүс Байгаль орчин, аялал жуулчлалын яамд тусгай шалгалт өгөхгүйгээр томилогдож байгаа. Тухайн үед 21 хүн чөлөөлөх шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн ч 2 хүнийг л чөлөөлсөн байдаг. Бусад хүмүүс ажлаа хийгээд явж байгаа. Энэ ковидын нөхцөл байдал арилаагүй, эдийн засгийн хүнд нөхцөлтэй үед зээлээс зээлийн хооронд явж байгаа иргэд биднийг хохироох шаардлагагүй байх. Төрийн албаны зөвлөлийг шийдвэрээ эргэж харахыг хүсэж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан ёсоор ерөнхий шалгалт, тусгай шалгалт, нөөцийн хугацааны талаар Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт байхгүй. Ковидын тухай хуулийн 3.2-т бүх шатны сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулиас бусад зохион байгуулалттай шалгалтыг энэ хуулийн үйлчлэлээр зохион байгуулахгүй гэсэн байгаа. Гэхдээ журмын дагуу тусгай нөхцөл шаардлагаа хангасан хүмүүсийг ерөнхий болон тусгай шалгалтыг авна гэсэн журмаар ерөнхий шалгалтыг зохион байгуулаад явж байгаа. 2017 онд батлагдсан хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа өмнөх хуулийн үйлчлэл байсан болохоор шинэ хуулийн үйлчлэл хамаарахгүй гэдэг асуудлыг яриад байна. Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш томилгоо хийгдээд ерөнхий болон тусгай шалгалтаар зохион байгуулна гэдэг агуулга юм. 2017, 2018 онд шалгалтаа өгөөд тэнцсэн хүмүүс нөөцөөс албан ёсоор томилогдоод явж байгаа. Томилогдоход ийм асуудал үүсвэл ерөнхий шалгалтаа өгсөн хүмүүсийг тусгай зохицуулалтын дагуу энэ албан тушаалд дэвшин томилогдох тохиолдолд тусгай шалгалтаа заавал өгөөрэй гэдэг агуулга юм. Гэтэл тэр заалтыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Орон тоо гарахад эхний ээлжид дотоодоосоо нөхөх боломжгүй бол шалгалт зохион байгуулах, энэ боломж байхгүй бол 27.1.3 буюу нөөцөд байгаа иргэнээс сонгох асуудал. Түүний дагуу энэ шаардлагыг хангасан нэхэмжлэгчийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолын дагуу нөөцөд байгаа иргэнийг хуулийн үйлчлэлийн дагуу томилсон асуудал. Ийм учраас хариуцагч нарын тайлбарлаад байгаа шиг хууль бусаар томилогдсон асуудал биш гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг авч үзэх хэрэгтэй. Энэ тушаалын хууль зүйн үндэслэлүүдийг авч үзэхээр гол эрхийн акт бол 1** дугаар тогтоол байгаа юм. 1** дугаар тогтоолыг авч үзэхэд тусгай шалгалтаа өгөөгүй учраас энэ албан тушаалтнуудыг чөлөөл гэсэн агуулгатай тогтоол гарсан байгаа юм. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч бол нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн актын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа тушаалынхаа хууль зүйн үндэслэлээс гадуур зөрүүтэй тайлбар хэлээд байна. Нэг бол тусгай шалгалтаа өгөөгүй болохоор ажлаас халах ёстой гээд байдаг. Харин шүүхийн шатанд тайлбараа хэлэхдээ тусгай шалгалтыг Ковидын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу түдгэлзүүлсэн учраас тусгай шалгалт нэхэмжлэгчид хамаагүй. Харин нөөцөд байх хугацаа дуусгавар болсон гэдэг зүйл яриад байна. Нөөцөд байх хугацаа дуусгавар болсонтой холбоотой 1** дугаар тогтоолд нэг ч өгүүлбэр байхгүй. Төрийн нарийн бичгийн даргын 130 дугаар тушаалд ч мөн адил ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 65.6 буюу Төрийн албаны зөвлөлөөс гарсан тогтоол чиглэлийг эрх бүхий албан тушаалтан заавал биелүүлнэ гэсэн заалтыг барьсан. Тогтоолд дурдсан яг аль үндэслэлээр томилсон тушаалыг хүчингүй болгоод байна вэ гэдэг тайлбар нь 2 өөр агуулгатай болж байна гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох уйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ..." гэж. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3-т "...иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох..." гэж заасны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/1** дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус яаманд хяналт, шалгалт хийсэн.

Тус Хяналт шалгалтын мөрөөр Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 16 дугаар хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайланг хэлэлцээд удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15, 16, 17 дугаар тогтоолоор тус тус баталсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам", Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам", "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам", "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам"-ын холбогдох заалтын тус тус зөрчсөнийг тогтоож, тус яамны 21 албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" 1** дугаар тогтоол гарсан.

Тус тогтоолын хавсралтын 12-т нэхэмжлэгч Б.Н****-******-ийн нэр ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" 1** дугаар тогтоолын 5-д энэхүү тогтоолын биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлж, уг тогтоолын хэрэгжилтийг танилцуулж, тайлагнахыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ..." гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" 1** дугаар тогтоолыг хэрэгжүүлэн Тушаал хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/130 дугаар тушаалаар Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны "Б.Н****-*****-ийг мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож, Б.Н****-*****-ийг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн.

Иймд: "Тушаал хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/130 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ гэж заасан. Мөн хуулийн 66.1.3-д иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрх нь Төрийн албаны зөвлөлд байдаг. Үүний дагуу тус яамд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 16 дугаар хурлын тогтоолоор тогтоол гарсан байдаг. Тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 031** дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамд томилогдсон 21 алба хаагчдыг чөлөөл гэсэн тогтоол ирсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоолын 12 дээр нэхэмжлэгч байгаа. Хууль бусаар томилогдсон албан хаагчийг чөлөөлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамд үүрэг болгосон. Тогтоолын хэрэгжилтийг тайлагнахыг Төрийн албаны зөвлөл үүрэг болгосон. Үүний хэрэгжилтийг хангаж ажилласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төрийн албаны тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн байгаа. Нэхэмжлэгчийг 2019 онд анх томилохдоо шууд жинхэлж томилоогүй, түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Түр орлон гүйцэтгэх тушаалтай нэхэмжлэгч тал маргаагүй гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөл шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/1** дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан хяналт, шалгалтын Ажлын хэсэг 2022 оны 02 дугаар сарын 17. 18-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажилласан. Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар Б.Н****-*****-ийг 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны нөөц. түүний ашиглалт, хамгаалалт, амьдрах орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж, томилсныг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 16 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" 1** дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн "Б.Н****-*****-ийг мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай" Б/64 дүгээр тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг, даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Тодруулбал, Б.Н****-****** нь төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөхгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны нөөц, түүний ашиглалт, хамгаалалт, амьдрах орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчин томилогдсон болно. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ" гэж заасан. Иймд төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон Б.Н****-******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажиллаж байгаа тохиолдолд нөөцийн хугацаа дуусахгүй гэж хэлж байна. Төрийн албаны тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Яагаад дагаж мөрдөх хугацаа тогтоосон бэ гэхээр хуучин 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуульд ерөнхий, тусгай шалгалт гэж байгаагүй, зөвхөн 1 шалгалт байсан. Удирдах албан тушаалтны шалгалт тусдаа байсан. Нэхэмжлэгчийн хувьд хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон бол нөөцийн хугацаа тоологдох боломжгүй байсан. Хууль хэрэгжиж эхлэхэд томилогдсон. Өөрөөр хэлбэл тусгай шалгалт өгч байж томилогдох байсан. Нэхэмжлэгч Дорнод аймагт шалгалт өгсөн байдаг. Нөөцийн хугацаа нь тухайн үеийн хуулиараа 2 жилийн хугацаатай байсан. Төрийн албаны зөвлөлөөс хууль хэрэгжиж эхлээд, эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн тулд 3 жилийн хугацаагаар тогтоож болно гэсэн агуулгаар 3 жил болгосон. Нэхэмжлэгч маань өөрөө 2017 оны 02 сард нөөцөд орсон. Гэтэл 2020 оны 02 сард хугацаа нь дуусаж байгаа.

Хууль хэрэгжиж эхэлсний дараа томилогдсон учраас тусгай шалгалт өгөх байсан болохоор түр томилсон байгаа юм. Нөөцөд байгаа иргэн түр томилогдон ажиллаад байгаа юм. Тэгэхээр нөөцийн хугацаа тоологдоно. Тусгай шалгалт өгөөд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч бол хугацаа тоологдохгүй. 27.1.3-т зааснаар томилсон гэдэг. Энэ 27 дугаар зүйл нь сонгон шалгаруулж томилох зохицуулалт байгаа. 27.1.2 бол шатлан дэвших байдлаар тухайн байгууллагад ажиллаж байгаа хүн шатлан дэвшээд шалгалтад орох эрхтэй. Тухайн байгууллагад ажиллаж байгаа хүн зарлагдсан шалгалтад орох боломжгүй бол бусад төрийн байгууллагаас орно. Бусад төрийн байгууллагаас байхгүй бол 27.1.3-т зааснаар шалгалтад бүртгэх зохицуулалт буюу сонгон шалгаруулж томилох зохицуулалт. Гэтэл 27.1-д зааснаар томилогдоно гэдэг нь сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчиж томилогдсон.

Ковидын хуулиар одоо хүртэл тусгай шалгалтгүй хүмүүсийг томилж байна гэж ярьж байна. Ковидын хууль одоо 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл ковидын хуулийн 3.2 дах зохицуулалт бол зөвхөн сонгон шалгаруулалтыг зарцаасан зохицуулалт юм. Энэ бол тусгай шалгалтыг хэлж байгаа юм. Тусгай шалгалтыг өгөх хүн шаардлага хангасан хүнийг Ковидын хуулиар томилох нь зөрчил гэж үзэхгүй. Яагаад нэхэмжлэгчийг Ковидын тухай хуулиар томилоогүй вэ гэхээр нөөцөд байх хугацаа дууссан. Хуучин хууль үйлчилж байсан бол маргаан гарахгүй. Тухайн үед нөөцөд байгаа иргэний томилдог, тусгай шалгалт гэж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч шинэ хууль хэрэгжиж эхэлсний дараа томилогдсон. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ч юм уу яг хууль хэрэгжиж эхлэхийн өмнө томилогдсон бол энэ асуудал байхгүй. Хууль тогтоогч жилийн дараа хуулийг мөрдүүлж байгаа нь энэ эрсдэл гарахаас сэргийлээд, энэ томилгооны асуудал байвал зөрчлийг арилгаарай гэдэг агуулгаар хугацааг ингэж тогтоож өгсөн. Ковидын тухай хуулийг уншвал сонгон шалгаруулалт гэдэг үг байгаа. Сонгон шалгаруулалт нь тусгай шалгалт юм. Ерөнхий шалгалт бол зөвхөн нөөцөд орж байгаа явдал. Дээд сургууль төгссөн ямар ч иргэн ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орох боломжтой. Харин тусгай шалгалт гэдэг нь тусгай шаардлага тавьсан сонгон шалгаруулалт юм.

Тус шаардлагыг хангасан хүн тусгай шалгалтаа өгнө. Ковидын тухай хууль бол зөвхөн тусгай шалгалтыг зогсоосон хууль. Ковидын тухай хуулийг үндэслэж томилбол заавал нөөцөд байх ёстой. Тухайн иргэн өөрөө болзол шаардлага хангасан байх ёстой. Ковидын тухай хууль бол яагаад гарсан бэ гэхээр тухайн үед бүх хүмүүс шалгалт зохион байгуулах боломжгүй байсан. Шаардлага хангасан хүнийг түр томилж болох зохицуулалт. Ерөнхий шалгалтаа өгсөн бол Ковидын тухай хуулиа үндэслээд томилогдох боломжтой. Ковидын тухай хууль дуусвал ерөнхий шалгалтаа ч өгнө, тусгай шалгалтаа ч өгнө. Анх батлагдахдаа л байсан. Ковидын улмаас сунгаж л байгаа. Нэхэмжлэгч ерөнхий шалгалтын нөөцөд байхгүй учраас Ковидын тухай хуулиар томилогдох үндэслэлгүй.

Тогтоолоос хальсан дүгнэлт хийгээгүй. Тогтоолын хавсралтын 12 дах хэсэг нэхэмжлэгчид хамааралтай. Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1, 33.3 дугаар зүйлийг зөрчсөн гээд хавсралтдаа байгаа. 25.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан иргэн, Монгол Улсын иргэнийг томилно гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн ерөнхий шалгалтын хугацаа дууссан учраас шаардлага хангахгүй байгаа юм. Мөн 27.1 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь сонгон шалгаруулах заалтыг зөрчсөн. 27.1.3 нь сонгон шалгаруулалтаар томилох зохицуулалт байгаа. Сонгон шалгаруулалт гэдэг нь тусгай шалгалтыг хэлж байгаа юм. Хууль хэрэгжиж эхэлчихээр тусгай шалгалтаар томилогдоно. Тусгай шалгалт, ерөнхий шалгалт аль алийг нь авч байгаа нь үнэн. Ковидын тухай хуулиар өгч амжаагүй хүмүүсийг түр томилоод явж байгаа зохицуулалт байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Б.Н****-****** нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н****-*****-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н****-******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/130 дугаар тушаалаар Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б.Н****-*****-ийг мэргэжилтний албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож, Б********-ын Н****-*****-ийг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар олгон чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Дээрх Б/130 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоол, 2022 оны 1** дугаар тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 72/1** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 1** дугаар тогтоолын хавсралтын 12-д[1][1] Б.Н****-*****-ийг түр орлон гүйцэтгэгчээр 2019 оны Б/64 дүгээр тушаалаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлийг заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 72/1** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлангийн 2.3.1.1-ийн хүснэгтийн 2-т[2][2] Б.Н****-****** ерөнхий шалгалтын нөөцөд бүртгэлгүй, 2017 онд Төрийн албаны шалгалт өгсөн бөгөөд нөөцөд байх хугацаа дууссан гэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Н****-*****-ийг тус яаманд анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр 17-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны нөөц, түүний ашиглалт, хамгаалалт, амьдрах орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн-ний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 34 дэх хэсгээр[3][3] нэхэмжлэгч Б.Н****-****** нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 4.1-д Энэхүү журмын 2.1.1, 2.1.2 болон 2.1.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам-ын 4.1-д Энэ журмын 2.1.2, 2.1.6, 2.1.7-д заасан иргэн, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байх хугацаа 3 жил байна. ... гэж заасан байна.

Дээр дурдсан үйл баримтууд, эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар авч үзвэл нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 2020 оны 02 дугаар сард дууссан байна.

2017 оны Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу тус хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба нэхэмжлэгчийг анх тус яаманд Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр 17-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилох үед 2017 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 33 дугаар зүйлийн 33.1-д Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна, 33.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна, 33.2.1-д ерөнхий шалгалт, 33.2.2-д тусгай шалгалт гэж тус тус заасан байна.

Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд, төрийн жинхэнэ албанд орох иргэн нь ерөнхий болон тусгай шалгалт өгсөн байх шаардлагатай байна.

Дээрх тайлбарласан үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгчийг анх 2019 оны 04 дүгээр 17-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар томилохдоо хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр томилоогүй буюу түр орлон гүйцэтгэгчээр томилсон, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 2020 оны 02 дугаар сард дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актууд болох яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны Б/130 дугаартай тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1** дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоолыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна., 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ, 66 дугаар зүйлийн 66.1.3-д иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, 66.1.6-д хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах гэж тус тус заасныг үндэслэсэн байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 30.3-д Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүргийн дагуу, хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоолыг гаргасан байх тул уг тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгөөгүй байх ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай 2002 оны хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, уг нөөцөд байх хугацаа 2020 оны 02 дугаар сард дууссан талаар дээр тайлбарласан.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон хүнд нөөцөд байх хугацаа хамаарахгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийг анх тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б/64 дүгээр тушаалаар томилохдоо тусгай шалгалтгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилсон, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 2020 оны 02 дугаар сард дууссан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1** дугаар тогтоол гарахаас өмнө ерөнхий шалгалт өгч тэнцсэн байсан бол асуудал өөрөөр яригдана, нэхэмжлэгч ерөнхий шалгалт өгсөн байсан бол Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийг тусгай шалгалт зохион байгуулах хүртэл түр томилох боломжтой байсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актууд болох Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1** дугаар тогтоол болон яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 130 дугаар тушаал гарахаас өмнө ерөнхий шалгалт өгөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дүгнэж үзвэл:

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1** дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул уг 1** дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1** дугаар тогтоолыг нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул уг 1** дугаар тогтоолыг шууд хэрэгжүүлэх, биелүүлэх зорилгоор гарсан тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны Б/130 дугаар тушаал мөн хууль зүйн үндэслэлтэй юм.

Тодруулбал, дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 65 дугаар зүйлийн 65.6 гэх мэт зохицуулалтуудаас үзэхэд, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэхээр, мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д төрийн албанд захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлахаар хуульчилсан тул захирах, захирагдах ёсны зарчмын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1** дугаар тогтоолыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга заавал биелүүлэх үүргийн дагуу 2022 оны Б/130 дугаар тушаалыг гаргасан байх тул уг 130 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн Б/130 дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор гаргасан байх тул уг 130 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн Б/130 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны Б/130 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг шаардлагатай шууд уялдаа бүхий нэхэмжлэгчийг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н****-*****-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1** дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н****-******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Б.Н****-******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н****-******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.********