Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/MA2017/0077

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

  Дугаар 221/МА2017/0077

         Улаанбаатар хот

 

 

Иргэн Д.Чинзоригийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Чинзориг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны    10 дугаар сарын 27-ны өдрийн 839 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Чинзоригийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын даргад /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 839 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр 11.1, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Чинзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалын Д.Чинзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх үндсэн цалин, нэмэгдэл нийт 5.613.998.82 /таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун ерөн найм/ төгрөгийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2016 оны “Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" 03 дугаар тушаал батлагдсан.

Зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэр бүхий арван нэгэн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж холбогдох албан тушаалд томилсон. 2016 оны А/195 дугаар "Зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай" тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын зохион байгуулалтын бүтэц орон тоог батлахдаа улсын ахлах байцаагчийн тоог 23 байхаар тогтоосон хэдий ч орон тооны хувьд илүүдэлтэй байсан. Улаанбаатар хот дахь гаалийн газрын ахлах байцаагчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр илүүдэлтэй байсан зарим ахлах байцаагчийг ажлаас нь чөлөөлөлгүйгээр хүн хүч дутагдалтай Гааль, татварын ерөнхий газрын харьяа холбогдох газруудад томилсон байдаг.

Гааль, татварын газрын дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тоонд багтаан ажилчдыг томилдог бөгөөд нэхэмжлэгч Д.Чинзориг нь тус гаалийн газар гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдоод удаагүй, хамгийн бага хугацаа буюу 8 cap ажилласан байсан тул тухайн үеийн Гааль, татварын ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан "...Хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна" гэх заалтыг үндэслэл болгосон юм. Д.Чинзориг дээрх шаардлагыг хангаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харж болно.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-д Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг заасан байх ба 8.3.5-д "хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах" гэж заасан байтал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт /5-р хуудас/ "...ангилал зэрэглэлийг ТТ-10-13 болгон бууруулсан нь удирдах албан тушаалтны эрх хэмжээг хэтрүүлж" гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд Гаалийн байгууллага төрийн тусгай алба нь хагас цэргийн статустай даргын тушаал гарвал доод шатны албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолд "...Шалгаруулж авна" гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэжээ.

Дээрх зохицуулалтаас үндэслэн Гааль, татварын ерөнхий газрын дарга нэхэмжлэгчийг тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагын хамгийн илүү хангаж байгаа улсын байцаагчийг сонгон томилсон байх тул шүүх хуулийг буруу тайлбарлаж түүндээ буруу дүгнэлт хийсэн. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 839 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Д.Чинзориг нь “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5 дахь заалт, 8.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.15 дахь хэсэгт заасныг үндэслэн Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар Д.Чинзоригийг Гаалийн ерөнхий  газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Гааль, татварын ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагчаар томилсон нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Учир нь,  Гаалийн ерөнхий газрын даргын “Зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/237 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар Гаалийн ерөнхий  газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, тус газрын гаалийн улсын ахлах байцаагчийн ангилал зэрэглэлийг ТТ-12, уг тушаалын 5 дугаар хавсралтаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын зохион  байгуулалтын бүтэц, орон тоо баталж, тус газрын улсын байцаагчийн ангилал зэрэглэлийг ТТ-10  гэж баталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”, 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцолгүй, өөрийнх нь зөвшөөрөлгүй өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглосон байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.Чинзоригийг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөхдөө өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр, түүнийг хүсэлт гаргаагүй байхад албан тушаал бууруулж Гааль, татварын ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагчаар томилсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон.

Нөгөөтэйгүүр, Гаалийн ерөнхий газрын даргын “Зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/237 дугаар, мөн даргын “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/115 дугаар тушаалуудаар Гаалийн ерөнхий  газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн бүрдүүлэлтийн алба нь “бичиг баримтын  бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч”-ийн хоёр орон тоотой байхаар баталсан.

Гэтэл нэхэмжлэгч Д.Чинзоригийн ажил, албан тушаалын орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад бүтэц зохион байгуулалтын орон тоо нь өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Д.Чинзоригийн албан тушаалын зэрэг дэв, цалин хөлсийг бууруулан Гааль, татварын ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагчаар томилсон хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн     4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж заасан зарчимтай нийцэхгүй байна.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчиж гаргасан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаал нь хууль бус юм.  

Эдгээр болон бусад үндэслэлээр нэхэмжлэгч Д.Чинзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх боловч шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт баримтлах хуулийн зүйл, заалтыг хассан, утга найруулгын зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Гаалийн байгууллагын системийн спортын аварга шалгаруулах “Гаалийн цом-2017” тэмцээний удирдамжийг хавсаргаж, “...шүүх хуралдаанд биечлэн оролцох болон шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтээ тус шүүхэд хүргүүлж, өөрөө шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан, шүүх хуралдаанд оролцох боломжгүй үндэслэл биш юм.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтүүд болон хавсаргасан баримтыг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж болох хэдий ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө 2017 оны 01 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Дархан хотод зохион явуулах байгууллагын цомын төлөөх тэмцээний ямар төрөлд оролцож байгаа нь тодорхойгүй, тийм баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 839 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.1, 28 дугаар зүйлийн 28.1” гэснийг хасч, “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1” гэж нэмж, “2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх үндсэн цалин, нэмэгдэл нийт 5.613.998.82 /таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 5.613.998.82 /таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгч Д.Чинзоригт олгож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР