Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 342

 

 Д.М, Ч.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Галбадрах, шүүгдэгч Ч.Д-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, П.Сарантуяа, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Энхбаяр,  нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар магадлалтай, 201503000455 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Галбадрахын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1990 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 төгрөгөөр торгох ял,

1991 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

1991 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ял,

1995 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сар хорих ял,

1998 онд Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 жил хорих ял тус тус шийтгүүлсэн,  Бор бургас овогт Д.М.

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Монгол овогт Ч.Д нар нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М, Ч.Д нарыг бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар тус бүр 16 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Галбадрахад 11.767.500 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-гаас 11.767.500 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Галбадрахад олгохоор шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Галбадрах гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хохирогч бидний цаг хугацаа, зардал мөнгийг үрж их эрсдэл гаргаж байна. Мөн гэмт хэрэгтэн нарын ялыг багасгах зэрэг хууль бус буруу үйлдэл гарах байх гэсэн хардалтыг төрүүлж байна. Тухайн үед Архангай аймгийн шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байсан учир хэргийг Өвөрхангай аймгийн шүүх шийдсэнийг хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Д-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн. Магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Энхбаяр хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч П.Сарантуяа хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу болон хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй, мөн анхан шатны шүүхийг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шийдвэр гаргасан газрыг буруу бичсэн алдааг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжтой тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Галбадрахын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Д, Д.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М, Ч.Д нарыг бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Дэнж хорооллын 2 дугаар гудамжны 1 тоот хашааны үүдэнд хохирогч С.Галбаатарыг зодож, биед нь гавал тархины амьдрах боломжгүй, хавсарсан хүнд гэмтлүүдийг учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 97/А тоот яллах дүгнэлтээр /4хх-227/ хэргийг харьяаллын дагуу Архангай аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь Сум дундын шүүх тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тул Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 тоот захирамжаар тухайн эрүүгийн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоохдоо гадна “Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг өөрийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилж, уг хэрэг гарсан орон нутгийн шүүхэд очиж хянан шийдвэрлэхийг уламжилсугай” гэжээ /5хх-19/.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч М.Мандахбаярын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 228 дугаар захирамжаар /хх-26/ шүүх хуралдаан даргалагчаар шүүгч М.Мандахбаярыг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Цэцэгээг тус тус томилж, улмаар шүүх бүрэлдэхүүнд нэг шүүгч хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тул Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 3 тоот захирамжаар /5хх-66/ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгаланг шүүх бүрэлдэхүүнд томилж, уг шийдвэрийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар захирамжаар /хх-68/ албажуулж 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 24 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан байна. /5хх-127/

Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон захирамжууд болон хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ тухайн хэрэгт шүүх бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хянаж үзэхгүйгээр “анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр шийтгэх тогтоол гаргасан” гэж илт үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Харин Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Архангай аймгийн Эрдэнбулган суманд шүүх хуралдааныг хийсэн атлаа “Өвөрхангай аймгийн Арвайхээр сум” гэсэн бичиглэл бүхий шийтгэх тогтоолын хэвлэмэл маягтыг ашиглаж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд энэхүү алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ба түүнийг дээд шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэв.

Иймд дээр дурдсан хоёр үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б, Ч.Д нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Цаашид Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан журмын дагуу прокурорын саналыг үндэслэн эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоосон шийдвэр гаргаагүй байхад анхан шатны шүүх өөрт нь харьяалал тогтоон шилжүүлсэн хэргийг оролцогчдын санал гаргасан эсэхийг үл харгалзан өөр аймгийн нутаг дэвсгэрт байрлах шүүхэд очиж шийдвэрлэх, ийнхүү өөр аймагт очиж хэрэг, маргаан шийдвэрлэхийг давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилсон захирамжиндаа “… уг хэрэг гарсан орон нутгийн шүүхэд очиж хянан шийдвэрлэхийг уламжилсугай” гэж заах нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон Шүүх байгуулах тухай хуулиар тодорхойлсон шүүхийн үндсэн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, түүнчлэн шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон заалтад нийцэхгүй болохыг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу адил шатны өөр шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилсны дараа шүүх бүрэлдэхүүн хэрэлцэхгүй нөхцөл байдал арилсан, өөрөөр хэлбэл адил шатны өөр шүүхийн шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилон оролцуулахгүйгээр тухайн шүүхийн шүүгчдээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болсон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилж, уг шийдвэрийг Ерөнхий шүүгч албажуулах эрхтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.

Хяналтын шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, Ч.Д нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Галбадрахын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, Ч.Д нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг давж заалдах журмаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.М, Ч.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН