| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0929/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1128 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Цэрэнханд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1128
2025 05 02 2025/ШЦТ/1128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ш.Цэрэнханд,
шүүгдэгч П.С,
нарийн бичгийн дарга Х.Сүххуяг нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2509000000215 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б ургийн овогт П.С
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч П.С нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..............хохирогч Д.Г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой хэсэгт цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч П.С нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..............хохирогч Д.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт цохиж бие мөхбодид нь “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч П.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 хороо ............... гудамжинд байх танил ах Бийн гэрт төрсөн ах нар болох Э, Э, найз З нартай хамт очиж 0.75 граммтай Чанар нэртэй архи хоёр шилийг 5-лаа хувааж уусан юм. Ууж байгаад Э Э хоёр согтоод унтчихсан байсан. Б З бид 3 үлдсэн архиа уугаад байж байтал ард талаас нэг хүн цохисон би эргэж хартал өндөр хүн байсан, тухайн үед миний нүүр дагаад цус урсаад тэгээд ухаан алдсан юу болсныг санахгүй байна. Ухаан ороод сэрээд хартал эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
- хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би бодоод байсан чинь тухайн үед С гаднаас орж ирээд Б ах, С бид гурав нийлж Чанар нэртэй 0.75 гр архины талыг хувааж ууж дуусгаад С гарч явсан. Би тухайн үед зурагт үзээд сууж байх үед С гаднаас буцаж ууртай орж ирсэн, тэгээд мах чанадаг битүү чанагч барьж байгаад миний толгой хэсэг рүү нэгээс хоёр удаа цохих үед миний толгойноос цус гарч нүүр дагаад урсаж байсан. С тэгээд шууд гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
- гэрч Ч.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 18:00 цаг өнгөрч байхад СБД-ийн 12 хороо ................... дэлгүүрээс гарч яваад найз Г таараад тэгтэл Г 2-лаа урагшаа нэг айл руу орно гээд .......... тоот Б ороход Г төрсөн ах Э, Э нар үеэл ах Б тэр 3 нэлээн халамцуу сууж байсан. Тэгээд бид 2-г ороод удаагүй байхад ............... гудамжинд байрладаг эмийн сангийн эм зүйчийн нөхөр С орж ирсэн тэгээд 00-д байхад С Гын чи муу юу юм бэ гээд чанга чанга дугараад маргалдаад байсан ямар шалтгаанаас болж маргалдсан мэдэхгүй тэгээд буцаад ороод иртэл Г цус нь нүүр рүү нь гоожсон байдалтай байсан тэгээд би 00 цаасаар цусыг нь арчтал тогтохгүй байсан тул эмнэлгийн яаралтай тусламж 103 цагдаагийн байгууллагын 102 дугаарт 20:00 цагийн орчимд өөрийн ...... дугаараас дуудлага өгсөн тэр үед С гараад явсан. Цагдаа болон эмч нар 20:10 цагт ирсэн эмнэлгийн яаралтай тусламжийн Б гэрт Г толгойд оёдол тавьсан. С Г 2 маргалдаж байхыг 00-д сууж байхад л сонссон. 00 гараад буцаад ортол Гын толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2560 дугаартай “...Д.Г биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
- хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сээс сэтгэл санаа, эд материалын хохирол гомдол үгүй болно...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаар тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар хуудас) зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч П.С нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ тоотод хохирогч Д.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт санаатай цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч П.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн прокурорын санал, өөрийнх нь санал, орлого олох боломжыг нь харгалзан 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Г нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.С бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт П.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч П.С торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ