Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/04008

 

 

 

 

 

 

 

 

2021 12 03 101/ШШ2021/04008

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага -д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.П, хариуцагчийн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ариунчимэгийн П би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2021 оны 01 дүгээр сард ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан. Гэтэл манай байгууллага Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа тасалдаж ажил эхэлтэл түр хүлээхийг хүссэн. Байгууллага ажилчдаа ажлаар хангах боломжгүй болсон учраас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 сар хүртэл ажилдаа орж чадаагүй. Тийм учраас 2021 оны 1 сараас 11 сар хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан. Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон. Бидний цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт жигдэрч, бичилтэндээ орох боломжгүй байгаа. Би 2021 оны 10 дугаар сараас ажилласан, гэхдээ цалингаа 11 сараас өгөх боломжтой байгаа.Тийм учраас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байгаа. Би өмнө нь 750,000 төгрөгийн цалин авдаг байсан, одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 420,000 төгрөгийн цалин авч байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

М нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх, хүүхдийн оролцоог бий болгох, далхийд өрсөлдөхүйц зөв монгол сурагчдыг бэлтгэх зорилготой хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг үндэсний хүүхдийн байгууллага юм. Манай байгууллага нь ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа тасалдаж, ажилтнуудаа ажиллуулах боломж муутай байсан боловч ажилчдаа хохироохыг хүсээгүй. Байгууллагаасаа цалин, нийгмийн даатгал зэргийг өгье гэж шийдвэрлэж байгаа. Манай байгууллагаас үйл ажиллагаа зохион байгуулж чадаагүй учраас ажилчдынхаа цалинг өгч чадаагүй, нийгмийн даатгалыг төлж чадаагүй. Байгууллага нийгмийн даатгалын санд их өртэй байгаа ч гэсэн албан бичиг бичээд бага багаар төлөөд явж байгаа. Ажилтан А.Пг 2021 оны 1 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сар хүртэл ажлаар хангаж чадаагүй нь үнэн болно. А.П багшийн хувьд жирэмсэн байгаа бөгөөд жирэмсний амралт, хүүхэд асрах амралтынх нь бичилтийг хийж болохгүй байгаа учраас заавал шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Байгууллага шийдвэрлэе гэсэн ч нийгмийн даатгалын байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийж өгнө гэж байгаа. А.Пгийн зүгээс хүүхдээ төрөхөд авах халамжийг олгож өгөөч гэсэн хүсэлт гаргаад байгаа. 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс ажилдаа орох байсан боловч ажлаар хангаж чадаагүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг олгох тул нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бичилтийг нөхөн бичилт хийн залруулга хийж засах боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.П нь хариуцагч М Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа тасалдаж, ажилтнуудаа ажиллуулах боломж муутай байсан шалтгаанаар нэхэмжлэгч А.Пг ажлаар хангах боломжгүй байсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч А.Пг ажлаас халаагүй боловч ажлын байраар хангаж, цалин хөлс олгоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

А.П нь М төрийн бус байгууллагад сэтгэл судлаач багшаар ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасан.

 

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч А.П нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг гаргасан, хариуцагч М төрийн бус байгууллага нь ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа тасалдаж, ажилтнуудаа ажиллуулах боломжгүй байгааг мэдэгдэж ажлаар хангаагүй боловч ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал үүсээгүй, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс А.Пг ажиллуулах боломжийг бүрдүүлэн ажиллуулж, 2021 оны 11 дүгээр сараас цалин олгохоор тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.П нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч М төрийн бус байгууллага нь нэхэмжлэгч А.Пгийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-д заасны дагуу Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Зохигчид нь энэ талаар маргаагүй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгч А.Пгийн сарын дундаж цалин хөлсийг 420,000 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,854,666.64 төгрөгийг хариуцагч М төрийн бус байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч А.Пгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч М төрийн бус байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М төрийн бус байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 76,624.66 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Ариунчимэгийн П /Регистрийн дугаар ГП92042700/-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,854,666.64 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч М төрийн бус байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Пгийн ажилгүй байсан бүх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч М төрийн бус байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч М төрийн бус байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 76,624.66 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР