| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0075/э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
2025 05 15 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Б.Баттуяа,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Жадамба,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000290089 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, мод үржүүлгийн газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 19 дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд
1. Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
2. Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/750 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,
6. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, .
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Ерөнхий боловсролын Оюуны Эрин сургуулийн урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчим 0,73 хувийн согтолттой буюу согтуугаар “Митсубиши Оутландэр” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн шууд санаатай үйлдлийн улмаас уг зам дээр усны тэрэг түрж явсан *******ыг мөргөж, түүний эрүүл мэндэд баруун талын 10 болон 12 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн L2 нугалмын сэртэнгийн хугарал, толгойн ар дагз, баруун болон зүүн талын шагайн үений хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний буруу, хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Хохирогчид учруулсан хохирлоос зарим хэсгийг төлсөн байгаа. Нэхэмжилсэн мөнгийг нь төлнө.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Надад хэлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ******* нь надад нийт 3,180,000 төгрөг өгсөн. Одоо нэмж 7,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Иймд надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэв.
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54-р хуудас/,
- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-7-р хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 11-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 578, 579 дугаартай дүгнэлт /хх-ийн 41, 43-45-р хуудас/,
- Хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,
- Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 133-134-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13-р хуудас/,
- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 86-р хуудас/,
- “Хорин бугатын даваа” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 144-147-р хуудас/ зэрэг баримтууд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Жадамбаагаас шинжлэн судлуулсан баримт:
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
- Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 133-134-р хуудас/,
- Шүүгдэгч ******* болон хохирогч ******* нарын хохирол төлбөрийн талаар эвлэрэн хэлэлцсэн баримт /шүүх хуралдаанд өгсөн баримт/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Ерөнхий боловсролын “Оюуны Эрин” сургуулийн урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчим улсын дугаартай “Митсубиши Оутландэр” маркийн тээврийн хэрэгслийг 0,73 хувийн согтолттой жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн шууд санаатай үйлдлийн улмаас уг зам дээр усны тэрэг түрж явсан *******ыг мөргөж, түүний эрүүл мэндэд баруун талын 10 болон 12 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн L2 нугалмын сэртэнгийн хугарал, толгойн ар дагз, баруун болон зүүн талын шагайн үений хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч *******д учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:
- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-7-р хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай: “... Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт ...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хяналтын төхөөрөмжийн заалт 0,73 хувь” гэх тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 11-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаартай: “...1.*******ы биед баруун талын 10 болон 12 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн L2 нугалмын сэртэнгийн хугарал, толгойн ар дагз, баруун болон зүүн талын шагайн үений хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54-р хуудас/,
- Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замд байдаг хуурай дүү Эрдэнэбаяр гэх залуу “манайхаас ирж нүүрс аваарай” гэхэд нь тэргээ түрж очоод 1 шуудай нүүрс аваад буцаад гэрлүүгээ явсан. Шинэ замд цагдаагийн байрны урдаас хойшоо чиглэлтэй 5 дугаар хорооны зүгт нэг машин хурдтай давхиад, хурд сааруулагч дээгүүр үсэргээд гараад ирэхээр нь би замаар тэргээ түрж явж байгаад өөрөө машин замаас гараад тэргээ машин замаас гаргах гээд татаж байтал шууд ирээд түрж явсан тэрэг, нүүрсийг маань мөргөсөн. Тухайн үед би тэрэгнийхээ бариул дээрээс хоёр гараараа барьсан байсан тул тэргэндээ цохигдоод тэгээд яаснаа сайн мэдэхгүй байна. Миний 2 хөл дээгүүр ямар ч байсан хурдтай, хүчтэй хүнд юм гарах шиг болсон. 2 хөл халуу дүүгээд явсан. ...Баруун талын 2 хавирга хугарсан, нурууны сэртэн яс хугарсан, толгойн ар дагзны орчим хавдсан. 2 хөл хавдаж гэмтэл бэртэл авсан. ...Тухайн үед машины жолооч намайг өргөж бариад ойртоход амнаас нь архи, пивоны үнэр үнэртээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/,
- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн “... /ЛИ60122271/ Үнэмлэхний дугаар 993649, Ангилал В, Үнэмлэхний хүчинтэй хугацаа 2026/11/22” гэх лавлагаа, мэдээлэл /хх-ийн 86-р хуудас/,
- 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн 07 дугаартай: “...Тээврийн хэрэгсэл жолоодож явсан сэжигтэн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно 3.7-А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэснийг тус тус зөрчсөн” гэх магадалгаа /хх-ийн 133-134-р хуудас/,
- “Хорин бугатын даваа” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн: “... улсын дугаартай “Митсубиши Оутландэр” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд авто машины тоормосны удирдлага тоормосны базагч хүчлүүр хэвийн байна. Тоормосны дөрөө хэвийн байна. Урд хоёр дугуйнд байрлах тоормосны базагч хэвийн байна, урд наклад хэвийн, хойд хоёр дугуйны тоормосны наклад хэвийн байна. Тоормосны шингэн гүйх труп гэмтэж цоорсон зүйл байхгүй байна. Тоормосны шингэний түвшин хэвийн. Зогсоолын тоормос хэвийн, компьютер оношилгоо хийсэн, алдаа заасан зүйл байхгүй. Авто машины хойд амортизатор хэвийн, урд доод баруун, зүүн гар, гарны втулкууд хэвийн, өндгөн тулгуур хэвийн, урд тэвш хэвийн, босоо тэнцүүлэгч хэвийн, хөндлөн тэнцүүлэгч хэвийн, автомашины дөрвөн дугуй хэвийн, бүх дугуйны цап хэвийн, урд дугуйн таван бул, гурван бул, хагас гол хэвийн байна. Авто машины хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн хэвийн, тосны түвшин хэвийн байна. Баруун зүүн талын тяг, шарнер хэвийн, рулийн аппарат хэвийн, руль сул явалтгүй хэвийн. ...Ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл байхгүй. ...Үзлэг оношилгоо хугацаа дуусаагүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 144-147-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Улсын яллагч Б.Баттуяагаас шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч, хохирогч нар нь хохирол төлбөрийн талаар эвлэрэн хэлэлцсэн болохыг шийдвэрт дурдуулах саналтай.” гэв,
Хохирогч ******* шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Надад хэлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ******* нь надад нийт 3,180,000 төгрөг өгсөн. Одоо нэмж 7,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Иймд надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Жадамба шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч болоод шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хуулийн зүйлчлэл дээр маргахгүй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3,180,000 төгрөгийг төлсөн ба шүүх хуралдааны явцад хохирогч ******* нь 7,000,000 төгрөгийг хоёр сарын хугацаанд төлүүлэхээр *******тай харилцан тохиролцсон тул шүүгдэгчийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэж байна.” гэв,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 7,000,000 төгрөгийг төлж барагдуулна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, шинжилгээг шинжлэх ухаан, техникийн салбарт мэргэшсэн, тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч нараар хуульд заасан журмаар хийлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
Монгол улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 тоот тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5 дахь хэсэгт “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол, аваар гарах, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд нийт 3,180,000 төгрөгийг хохирогч *******д төлсөн нь баримтаар /хх-ийн 17-20-р хуудас/, мөн хохирогч *******ы шүүх хуралдаанд өгсөн “...******* нь надад нийт 3,180,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн талаар эвлэрэн хэлэлцсэн болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “Хохирогч ******* нь шүүгдэгч *******гаас хохиролд 2,180,000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Мөн шүүх хуралдааны өмнө 1,000,000 төгрөг авсан. 7,000,000 төгрөгийн хохирлыг 2025 оны 7 дугаар сарын 15-нд *******гаас авахаар тохиролцсон болно. Хохирол төлбөр тохиролцсон тул бага ял оногдуулж өгнө үү” гэх баримтаар тогтоогдож байх тул тус эвлэрлийг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд “...Хохирогч ******* нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 1,653,462 төгрөгийн зардал гарсан байх тул баримтаар хэрэгт хавсаргасан болно. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дасанд төлүүлж өгнө үү...” гэжээ/хх-ийн 64-р хуудас/.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 1,653,462 /нэг сая зургаан зуун тавин гурван дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Хохирогч *******аас: “Хохирол төлбөр тохиролцсон тул бага ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Жадамбаагаас: “...Шүүгдэгч ******* хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа. Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял, эсхүл хорих ял оногдуулахаар заасан. Манай үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн боломжит бүх аргаараа хохирлыг төлсөн, мөн хохирогчтой хохирол төлөхөөр харилцан тохиролсон. Энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн буюу хохирогч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар мөрдөгчийн магадлагаа гарсан. Иймд дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******аас: “...Гэм буруугаа ухаарч байгаа, хохирлыг төлж барагдуулсан, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн 07 дугаартай магадлагаанд: “...Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д “явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн гадна талын захаар цуварч явна. Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр яваад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна.”, 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайш хашлагагүй хэсгээр, ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” /хх-ийн 133-134-р хуудас/ гэжээ.
Иймд шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж дүгнэж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирол төлбөрийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн, мөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, түүнд 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, түүнд 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Чингэлтэй дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд нийт 3,180,000 /гурван сая нэг зуун наян мянга/-н төгрөгийг хохирогч *******д төлж барагдуулсан, мөн шүүгдэгч ******* нь 7,000,000 /долоон сая/ төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр хохирогч *******тай тохиролцож эвлэрэн хэлэлцсэн болохыг тус тус баталж, хохирогч нь гомдол саналгүй, цаашид эрүүл мэндийн болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 1,653,462 /нэг сая зургаан зуун тавин гурван дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН