2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1129

 

 

         

 

 

 

 

 

 

 

2025         05          02                                     2025/ШЦТ/1129

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Ш.Цэрэнханд,

шүүгдэгч Н.Д,

нарийн бичгийн дарга Х.Сүххуягт нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2509000000216 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Г ургийн Н.Д

           Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Н.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..........тоотод өөрийн төрсөн эх Д.Ттой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой хэсэгт сандлаар цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........тоотод  төрсөн эх Д.Ттой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой хэсэгт сандлаар цохиж, бие махбодид нь “зулай, зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Д.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шинэ жилээр өөрийн төрсөн охин Дгийн гэрт ирсэн юм. Шөнө 2025 оны 01 дүгээр сарын 18-наас 2025 оны 01 дүгээр сарын 19-ний шилжих шөнө охин болон түүний хамтран амьдрагч, өөр хоёр найз нь нийт дөрвүүлээ архи пиво уусан би ч бага зэрэг хамт уусан. Тэгээд хоол хийчхээд орон дээр сууж байсан чинь охин маань толгой руу сандал аваад цохисон. Тэгээд намайг гар зайл гээд хөөгөөд гаргасан. Тухайн үед охин Д над руу сандал авч шидэхэд оногдоод авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21, 35 дугаар хуудас),

- гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр хадам ээж Т гэрт байсан. Хамтран амьдрагч Д ажилдаа яваад оройн 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд бид хэд хамжаад будаатай хуурга хийж идсэн. Тэгээд хоол идээд хөргөгчид байсан Хараа нэртэй 0.5 граммын архийг хадам ээж Т, хамтран амьдрагч Д бид гурав хувааж уусан. Би тэгээд зурагт хараад хэвтээд өгсөн тухайн үед хоорондоо муудалцаагүй байсан. Тэгээд би зурагт харж байгаад унтаад өгсөн нэг сэрсэн хадам ээж Т орилоод толгой хагалчихлаа гэх шиг болсон. Хадам ээж гараад явсан тэгээд буцаж орж ирэхдээ цагдаатай ирсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2317 дугаартай, “...Д.Т-н биед зулай, зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын их эмч Б.Ггийн “...дангаараа зулайн хуйхны шарх нь хөнгөн зэргийн хохирол тогтоогдоно...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаар тэмдэглэл (хх- ийн 11) зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

  Иймд шүүгдэгч Н.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........тоотод төрсөн эх Д.Ттой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой хэсэгт сандлаар  санаатай цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Т нь гомдол санал байхгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Дг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г ургийн Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Дг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ